А.Батсүх: Онож хэлэхийн аргагүй сайхан энергийг адуунаасаа авчихдаг би азтай хүн

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 21 -нд

ММСУХ-ны рейтингийн зөвлөлийн шийдвэрээр тодорсон шилдэг уяачидтай “Тод магнай” сайтын хамт олон чин сэтгэлийн хууч дэлгэн хөөрөлдөж буй. Цуврал ярилцлагын есдүгээрх буюу Төв аймгийн Сэргэлэн уугуул, Монгол улсын Манлай уяач А.Батсүхтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг өнөөдөр хүргэж байна. 15 оноогоор 2012 оны шилдэг уяачдын есдүгээрт эрэмбэлэгдсэн тэрээр луу жил гарсаар улс, бүсийн наадмаас хоёр түрүү, дөрвөн  айраг хүртсэн бөгөөд сар шинийн босгон дээр МУ-ын Тод манлай уяач хэмээх эрхэм цолыг гардан авах юм. Ингээд түүний “Тод магнай” сэтгүүлийн 25 дахь дугаарын зочноор уригдахдаа хуучилсан дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэе.
Жил дараалан чансаа өндөр уяачдын эхний тавд багтаж яваа Манлай туулай жилийг ч олз омог дүүрэн үдэж байгаа болов уу?
-Тийм шүү. Туулай жил түүхийн шаргал хуудсанд тодоор үлдэх сайхан жилүүдийн нэг болж өнгөрлөө. Улс хувьсгалын 90 жилийн ойгоор их насны бор морь аман хүзүүдүүлж, хээр даагаа түрүүлгэн, халтар даагаа дөрөвлүүлсөн амжилттай сууна даа. Энэ нь үндсэндээ улсынхаа наадмаас нэг түрүү, хоёр айраг хүртсэн гэсэн үг. Мөн “Говь шанхын хурд" бүсийн наадамд их насны морь дөрөвлөж, Дундговьд хул үрээ айрагдсан. Архангайн наадамд улсад аман хүзүүдсэн хонгор үрээ маань шүдлэнд уралдах байсан ч харамсалтай нь хасагдсан.
-Улсын наадмаар аман хүзүүдсэн бор морь таны унаган адуу юу?
-Манай унаган адуу. Бор морь бид хоёрын түүх гээд яривал нэлээд урт юм болно шүү.
-Цагт баригдсан биш, сайхан хууч хөөрье л дөө?
-Бор морио айлын хүүхдийн үсний найрнаас эхлээд л том жижиг гэж ялгалгүй уралдуулж байлаа. Бүр улс, Дүнжингаравт ч уяна. Гэсэн ч тэр бүрт айргийн тавд орж үзээгүй гээд бод доо. Гэхдээ би шантраагүй ээ. Яагаад гэвэл бор моринд маань хурд байна гэдгийг мэдэрч байсан учраас зөн совиндоо итгэсэн хэрэг. Тэр нэг тийм далд уруу татаад байсан бодол маань яван явсаар, төрийн наадамд их морь айрагдуулчихлаа. Бүр битүү адуу шүү. Аман хүзүүнд тарлаад ороход нь ямар сайхан санагдаж байсан гээч. Ёстой нөгөө магнай хагартлаа баярласан. Монгол төрийн наадам, бүсийн наадам, Их хурдад хурд хүчээ гайхуулсан энэ цагийн их насны хурдан алтан тууртуудтай уралдаж аман хүзүүдэнэ гэдэг бахтай байсан шүү. Үнэхээр хүн адуугаа таньж чадвал амжилт байдаг л юм билээ гэдгийг биеэрээ энэ зун мэдэрсэн дээ. 
-Найдлага тун бага байжээ дээ?
 Наадмын өмнөх сунгаануудад таван адуун дотроо гарч ирснээ төдөлгүй суугаад, эсвэл үзүүр рүүгээ шахуулаад л эхний арав дотор давхиад байсан даа. Тэгсэн наадмын өглөө “Омо”-гоор угаачихсан юм шиг л цэмцийгээд, цаанаа л өнгөтэй болчихсон байсан. Ямар сайндаа “өө хэлэхээргүй адуу гэвэл их насны моринд миний бор морь л байна даа. Энэ өдрийн тэнгэр мэдэж дээ” гэж дотор хүнтэйгээ ярьж байхав. Ер нь хурдална гэдгийг нь мэдэж л байсан л даа. Шөнө их амар амгалан унтаж амраад л, өглөө ус ундаа ч их сайхан уусан. Би ер нь хоолыг нь хасдаггүй юм.
-Оролдлого сайт оройд нь гарна гэдэг л болж дээ?
-Миний бор морь жинхэнэ монгол адуу. Эцэг, эх нь хоёулаа манай  унаган адуу. Тийм болохоор л юм байгааг нь мэдээд уйгагүй оролдож байхгүй юу. Багаас нь оролдоно, тэгснээ нэг л гавьдаггүй болохоор буцаагаад тавьчихна. Зун болгон л ажил болгож уяна. /инээв/ Бор морь маань уг нь 89 жилийн ойгоор мордсон ч хүүхэд нь ойччихсон юм шүү дээ.
-Танай адууны угшил удам гээд ярихаар хөвөрсөөр яваад л Эмгэн хүрэн гүүн дээр хүрчихдэг. Бор морины хувьд ч ялгаагүй Эмгэн хүрэнээс эхтэй юу?
-Тийм шүү. Эмгэн хүрэний охиных нь охиноос гарсан гээд л ярина шүү дээ. Эмгэн хүрэний тухай ярихын тулд эжий аавынхаа тухай бас дурьдах болдог юм. Миний аавыг Цанлигийн Агваансамдан, ээжийг Наваанцэдэнгийн Алтангэрэл гэдэг.  Богд уулын энгэрээр нутагтай хонгор голдуу адуутай Наваан хээ лам байсан нь манай ээжийн өвөө. Аав ээж хоёрыг айл гэр болоход инжинд нь өөрийн чинь асуусан Эмгэн хүрэн гүүний удам ирсэн юм билээ. Өвөөгийнх хүн хүч муутай учраас адуу нь эг хангал талдаа. Лам хүний адуу гэдгээр нь нутгийнхан мал ахуйдаа явахдаа эргүүлж тойруулж байдаг байж л дээ. Дээр нь Богд уулын энгэрээр идээшилж өссөн болохоор тарга хүчтэй байлгүй яахав. Харин аав талаасаа яривал бид чинь Манзушир хутагтын шавь нар болж байгаа юм. Манай аав их урт уургатай, адуунд их эрэмгий, сайн уургалдаг хүн байсан гэдэг юм.  Бас эмнэг сайн булгиулдаг байсан гэдэг.
-Нээрэн Агваансамдан гуайг чинь барилддаг байсан гэдэг бил үү?
-Тэгэлгүй яахав. Цэргийн арслан цолтой хүн шүү дээ. Ингээд аав ээж хоёрын адуу нийлснээс хойш мал хоёроос гурван ч удаа нийгэмчлэгдээд, цөөн хэдэн юмтай  үлдэж л дээ. Гэтэл дахиад л тэгшитгэл гээд аваад явчихсан юм билээ. Олон хүүхэдтэй залуу гэр бүлийн амь зуулгын хэдийг нь авчихаар өөр л арга зам хайх хэрэгтэй болно биз дээ. Ингээд л эжий аав хоёр минь Налайхад ирж. Аав уурхайд, ээж гал тогоонд нь тогоочоор ажилд орж, бидний амьдрал Налайхтай холбогдсон юм билээ.
-Цөөн ч гэсэн хэдэн малаа аваад ирсэн хэрэг үү?
-Налайхад ирэхдээ цөөн хэдэн адуугаа нутгийн ах дүү нар дээрээ орхисны дотор Эмгэн хүрэн гүүний өвөг дээдэс байж тааран бидний үед ирсэн юм. Эмгэн хүрэн гүү маань ийм л түүхтэй адуу даа. Энэ удмаа л барьж явах ёстой гэж захисаар бидний үед ирсэн учраас тахин шүтэж, үр төлийг нь хамаагүй гадагшлуулахгүй, охин төлийг нь аль хурдан азарганд хийж, олон сайхан охин төлтэй болсон. Ер нь Эмгэн хүрэнээс маань гарсан эр болгон нь хурдалж, охин болгоноос нь хурд төрүүлдэг юм шүү дээ. Бид охин төлийг гаргадаггүй юм. Хурдыг нь авъя гэвэл савыг нь ав гэдэг шүү дээ. Дээдсийнхээ тэр сургаалийг дагаж байсных буруудаагүй л байна.
-Ганц гүүнээс ийм олон хурдан буян төрнө гэдэг үржил селекцид нь сайн анхаарсаных биз? Эмгэн хүрэн хэд хүрсэн гэдэг билээ.
-Үнэхээр үржлийн бодлогыг сайн барьсан. Нэг үе хөдөөнийхөн нэгдлээс малаа хувьчилж авч, бид ч ах дүү нар дээрээ тавьсан хэдэн малаа очиж авахад 10 гаруй адуу цугларсан юм. Тэрэн дунд Эмгэн хүрэн маань ирсэн. Өөр бас хэдэн гүү байсан ч Эмгэн  хүрэн шиг байгаагүй. Нэг айлд хурд гаргадаг гүү олон байдаггүй юм шүү дээ. Нэг азарга адуунд ч хурд гаргадаг гүү олон байдаггүй. Азарга гүүний тохироо гэж бас байна. Гүүний ч, азарганы ч аль аль талын дээд удам угшил их нөлөөтэй. Тийм нарийн юм зэрэгцэж байж азарга гүүний тохироо бүрдснээр хурдан адуу төрөх магадлал өндөр болдог юм билээ. Эмгэн хүрэн гүү аль аль талаасаа хоёроос гурван үедээ муу цус ороогүй. 13 төл өгсний зургаа нь эр, долоо нь охин. Нэг охиныг нь Тогоруу халтар азарганд тавиад хонгор гүү гарч, хонгор гүүг Тэсийн халтар азарганд тавиад Мөлгөр хул гарч улсад түрүүлж байгаа юм. Олон сайхан хурдан буян хайрласан Эмгэн хүрэн маань 23 хүрсэн. Одоо охидоос нь гэхэд Мөлгөр хулын эмээ 23 хүрчихээд байна гээд бод доо.
-Яагаад Эмгэн хүрэн гэдэг юм бэ?
-Нас нь яваад ирэхээр нь хөгшин гүү гэхээс цээрлээд эмгэн гэсээр байгаад эмээ болчихсон юм.
-Аав ээжийнхээ адууг цуглуулахад 10 гаруй л юм ирсэн гэж та ярилаа. Одоо хэд болсон бэ?
-Одоо 600-гаад адуу байгаа.
-Сайн үржүүлсэн байна шүү?
-Адууныхаа удам генийг сайжруулаад, аль л хурдтай гэсэн газраас азарга гүү авсан. Бүр Оросоос сайхан үйлдвэрлэг гүүнүүд хүртэл авчирч үржил селекц хийсэн.
-Та хэдэн оноос яг гардан адуугаа уяж эхэлсэн бэ?
-Би 1985 онд адуугаа ах дүү нар дээрээсээ авчирч уяад, намар нь буцааж тавиад л эхэлсэн дээ. Тэр жил аав маань бурхан болсон юм. Тийм учраас энэ айлын нэгээхэн хэсэг миний нуруун дээр ирсэн хэрэг. Өөрөө ч морь маланд их сонирхолтой. Машин хөлслөөд хадсан өвсөө ачиж болох байтал бага багаар нь морин тэргээр зөөнө. Энэ нь адуутай ойрхон харьцах сонирхлоос үүдэлтэй байсан юм болов уу даа. Тэгэхэд би арван хэдтэй байсан юм  байх даа.
-Та чинь нээрээ айлын том бил үү?
-Тухайн үедээ том нь байхгүй юу. Бусад  маань тусдаа гарчихсан. Тэгээд  адуунд их сонирхолтой гэдэг нь нөлөө болсон байх. 1989 оноос хойш долоон жил хөдөө адуу малласан. Тэгж байтал хүүхэд том болоод сургууль соёлын мөр хөөх болоод дүү нартаа адуугаа даатгаад хот суурин бараадан хэсэг явлаа.
-Оролцогчдын маань ихэнх нь ном эрдмийн мөр хөөсөн ч адуу гэдэг амьтан санаанаас холдоогүй гэх юм билээ?
-Тэгэлгүй яахав. Адууныхаа удам угшилд нэлээд анхаарал хандуулсан. Цаашдаа  ч адууныхаа удам угшлыг сайжруулах тал дээр анхаарна гэж бодож байгаа.
-Өөрийн гэсэн хурдан удмын адуу гаргаж авах холын бодолтой байгаа юмаа даа?
-Яг зөв. Монгол адууны хэв шинжийг хадгалсан. Хурдлах чадвар сайтай адуу бий болгох алсын бодолтой яваа. Өөрөөр хэлбэл Монгол ген хадгалсан өөрийн үүлдрийн адуутай болъё гэж зорьж байгаа. Монгол адууны генд тодорхой хэмжээний нэмэх үзүүлэлт өгөхөөр. Богд хан үүлдрийн адуу гэж /инээв/
-“Богд хан” галын үүлдрийг ямараар төсөөлж байгаа вэ?
-Ерөнхийдөө хурдны шинжийг агуулсан. Хэлбэр хийц, давхил, хурд, зориг зүрх, тэвчээр сайтай адуу л бий болгох гээд байгаа юм. Зах зухыг нь харъя гэвэл өнөөдрийн манай энэ адуунууд. Энэ хэдэн адуугаа л цааш нь хэдэн үед нь зөв цус оруулаад, зөв бодлого баримтлах юм бол их аятайхан том жижиг нь таарсан, хэлбэр хийц сайтай, өндөр зэрэглэлийн хурдлах чадвартай адуу гарах боломжтой. Үүнийг би өнөөдөр өсгөж уяж байгаа адуунаасаа харж байгаа учраас  мэдээд  байгаа юм шиг яриад байгаа юм шүү дээ. /инээв/ Сүүлийн жилүүдэд адууныхаа цусыг сайжруулахаар олон газраас хурд цуглууллаа. Хурдны өлгий Галшир, Сүхбаатарын Уулбаян, Сүхбаатараас олон сайхан хурдан буян авлаа. Галшир суманд манай эжийгийн ах дүүс одоо ч амьдарцгааж байна. Манай ээжий чинь Хэнтий аймгийн хуучнаар Буянт, одоогийн Галшир сумын хүн юм шүү дээ.
-Тийм үү, ээжийг тань Төв аймгийн уугуул гэж боддог байсан юм байна?
- Наваан хээ гэгч Хэнтий аймгийн Мөрөнгийн хийдэд лам байгаад бариа тавианы үеэр охин хөгшин хоёроо аваад Богд уулын энгэрт ирж, хар болон мал маллаж амьдрах болсон юм билээ. Тэгээд ганц охин нь хадамд гарч, өрх тусгаарласныг түрүү би ярьсан шүү дээ. Миний хүү аавдаа зориулж “Цэцэн ханы ээжтэй, цэргийн арслан аавтай” гэж шүлэглэсэн байдаг юм. Амьдаар нь сонсъё бол “Олимп” сургууль дээр очоод миний хүүгээр уншуулаарай. /инээв/  Би ер нь боддог юм. Монгол хүн бол бүр генээсээ таван хошуу малаа тэр дундаа адуугаа гэсэн сэтгэлтэй гэж.
-Зочид маань нэгэн дуугаар таны хэлсэнтэй санал нэгддэг юм?
-Өнөөдөр Оросууд, Африкууд, Солонгос, Япон хүн адуу уралдаад ороод ирэхэд Монгол хүн шиг самсаа нь шархираад, нүднийх нь нулимс гүйлгэнээд зогсох уу, үгүй шүү дээ. Бүүр эр эм, хөгшин залуугүй баярын нулимсаа барьж дийлэхгүй догдолж зогсоог нь хараад энэ чинь л Монгол ген гэж өөрийн эрхгүй бодогддог юм. Бид Монгол цустай ард түмэн учраас адууг ингэж  ойроос мэдэрдэг юм уу даа. Сүүлд би Халимагаас очиж адуу авсан. Тэд ч ялгаагүй бидний ахан дүүс учраас буруу зөрүү юм гаргахгүй гэж итгэсэн болохоор бардам явсан л даа. Очоод Жангар гэж залуутай танилцаж хэдэн сайхан адуу авлаа. Хаанаас нь ч харсан сайхан Монгол залуу. Харамсалтай нь “Сайн уу” гэхээр “Здрово компани” гэнэ. Монгол үг чамд үлдэв үү гэсэн “Чоно, чоно” гэж байна. Өөр юу байна гэсэн “Борц, борц” гэх жишээний. Гэхдээ адуу нь бол ярих юмгүй сайхан амьтад, гайхамшигтай. Яг л миний хайж явсан. Тэр адуу манай  адуутай нэгдээд төр түмний наадамд түрүүлж айрагдсан сайхан хурд төрүүлж байна.
-Шинэ Монголд уралдаад байгаа адуунууд тань Халимагаас авчирсан адууны үр төл үү?
-Тийм ээ. Халимагуудаасаа авсан азарганы төл байхгүй юу. Хүн өөрөө их сайхан итгэл үнэмшлээр итгэж найдан, сайхан сэтгэлээр авч өгсөн юм эзэндээ ч ээлтэй байх юм даа.
-Наадмын өмнөх таамагт бага насанд Тангаагийн даага ч тодорхой доо гэж хурдан морь сонирхогчид ярьцгаадаг. Бага адууны Батсүх нэр ч эндээс л үүдэлтэй болов уу?
-Тийм шүү, миний  амжилтанд бага нас давамгай байдаг юм. Тийм болохоор л олон түмэн маань намайг бага адууны Батсүх гэж байхгүй юу. Бэлгэшээлтэй санагддаг. Одоо бодохнээ би ер нь бага адуун дээрээ их анхаардаг хүн юм билээ. Хавар гүү унагалчихсан хойно адуун дээрээ очих шиг сайхан юм ээ дээ энэ хорвоод байхгүй шүү дээ. Унага болгоныг  ийш тийш нь туугаад л, эсвэл бэлчиж яваа бол дундуур явж шинжээд л, зургийг нь дараад, энэ ч иймэрхүү адуу болох нь дээ, харин энэ хурд дагуулах нь дээ гэж бодож явтал дөрөв таван цаг өнгөрчихсөн байхыг яана. Цаг өнгөрч байгааг ч анзаарах сөхөөгүй “орчихсон” явдаг юм шиг байгаа юм. Тэр тэрийгээ уяна гэж хуваарь гаргана. Ажлын маань хамгийн  амттай хэсгүүдийн нэг гэж болохоор ч юм шиг. Шал ондоо орчинд орчихож байгаа болохоор юун ажил төрөл, авгай хүүхэд болно шүү. /инээв/ Монгол эр хүний жаргал гэж тэр болов уу. Тэр аяараа босоо цагаан хийморьтой амьтдын дунд орохоор сэтгэл тархи амарна, ажиллах урам зориг сэргэнэ гээд л .
-Зуны гурван сард бол байгалийн хувцсаа өмсчихсөн Манлайг л хардаг гэдэг биз дээ?
-Ах нь зун цамц өмсөхөөр халууцаад дээрээс нь биед наалдаад хэцүү байдаг юм. Тэгээд л зундаа байгалийнхаа хувцсанд орчихож байгаа нь тэр. Нэг том сахиус зүүчихээд цээж нүцгэн л явж өгнө шүү дээ. Морины уяа эхлэлээ, байгалийн хувцсаа өмсөнө. Зундаа түлэнхий боорцог шиг л юм болно. Манай тэр хавийнхан намайг сахиустай уяач л гэдэг болсон байна лээ. Ээжийн маань өгсөн сахиус байгаа юм. Одоо ч зүүчихсэн л явж байна. 
-Морь ороод ирэхэд ямар ч  эр хүн нулимсаа барьж дийлдэггүй. Танд ч тийм баяртай агшин олон тохиож байсан байх даа?
-Тийм шүү олон бий. Улсын хоёр түрүү авчихаад итгэхгүй өөрийгөө чимхэж үзэж байлаа шүү дээ. Түүний араас магнай тэнийлгэж, цээж огшоосон олон ч айраг түрүүг хүртлээ. Эднээс Монгол түмнээ говийн гэж хүндлэгдсэн багшийгаа баярлуулах бас л сайхан байсан даа. Далай зээрдийгээ би багаас нь л уясан. Далай зээрд маань  Сүхбат аваргыг Далай аварга болдог жилийн намар төрсөн юм. Ингээд Далай аваргаа бэлгэшээн шинэ төрсөн унагандаа Далай зээрд гэж нэр өгсөн юм. Харин аварга Далай зээрдээ Говийн багшид сайхан сэтгэлийн өглөг болгон бэлэглэж билээ. Багш дээр очоод “Дүнжингаравын хурд”-д соёолондоо түрүүлээд, Сэлэнгэд очиж аман хүзүүдээд, азаргандаа Дүнжингаравт айрагдан, улсын наадамдаа аравлаад, дараа нь их хурдаа айрагдаж халхын цуутай хурдан буянгуудын нэг гэдгээ батласан ажнай даа. Тэр жил улсын наадмаар Далай зээрд аравлаад, аваргын “Хишиг хүрэн” гуравлачихлаа. “Хишиг хүрэн” айрагдсан сайхан мэдээг багш дуулаад баяр хүргэж үнсэхэд нь миний дотор багшийгаа баярлуулж чадсангүй гэсэн гуниг сэтгэлийн гүнээс чангаагаад болдоггүй. 10 хоногийн дараа “Их хурд” болох гэж байдаг. Далай зээрд маань нэлээн зүтгэчихсэн, ядраад уяан дээрээ хорчийгоод хэвтэж байгааг харсан хэнд ч “Их хурд”-д уралдана гэдэг төсөөлөл тун хэцүү санагдаж байсан. Гэхдээ би Далай зээрдийн  дотоод эрчим хүч, өөрийнх нь байгалиас заяагдсан хат, зориг тэвчээр, уяа даах чадварыг мэдэж байсан болохоор өөртөө итгэлтэй байлаа. Дотоод хүн маань  “За Батсүхээ Далай чинь одоо л болчихлоо доо” гээд байх шиг мэдрэмж төрөөд л байсан юм. Зөн совиндоо итгээд уяан дээрээ Далай зээрд “Их хурд”-д уралдана, бараг айрагдчих байхаа гээд хэлчихлээ. Тэгээд Далай зээрдийгээ “Их хурд”-ыг хөтөлж байгааг зурагтын өмнө хараад суух гэтэл халгаад болдоггүй дээ. Гадаа гарч үзлээ дээрддэг юм биш. Гэрт ороод ирэхээр дэмий л холхиод л. Үрээ байхаасаа айрагдаж түрүүлж багшийгаа баярлуулж байсан ч улсын наадамд оруулж чадаагүй. Тэгтэл “Их хурд”-д оруулнаа гээд ам гарчихсан байдаг. Дараа нь бодохнээ би их хичээсэн юм билээ. Ингээд айрагдсан Далай зээрдээ  хөтлөөд л явж байтал сурвалжлагчид гүйж ирээд түмэн асуултаар булаад л. Дотор нэг их юм хуримтлагдсан хүнд үнэндээ хэлэх үг олдоггүй гэж. Өөрийн эрхгүй л нулимс урсчих гээд мөн ч аюултай юм билээ шүү. Тэгэхэд багш маань “Миний хүү багшийгаа олон жил сайхан баярлууллаа. Үүнээс хойш баян ходоод болгосон ч багш нь загнахгүй ээ. Морины олимпод данстай адуу гэдгээ харууллаа” гэж хэлж билээ. Ингэж багшийгаа баярлуулсан би сэтгэл сайхан тавирч, уртаар амьсгаа авахтайгаа болсон юм. Тэр үед “Их хурд” болохоос тав хоногийн өмнө “Хишиг хүрэн”-ээ алдчихаад хоёр хоноод оллоо. Жаахан алдарчихсан байсан ч засал хийгээд тавьж, “Их хурд”-д долоолсон юм.
-Арав хоногийн хугацаанд та ямар ажил хийсэн юм бэ?
-Сайхан амраасан. Биеийнх сэргэлтэд нөлөөлөхөөргүй хөнгөхөөн ажилтай байлгаж байгаад сүүлийн тав хоногт жоохон ачааллыг нь нэмээд л байсан. Бас Хишигтэй хоёрхон азарга хооронд нь сунгахад хоёр биендээ гүйцэд ажил өгч байсан. 
 -Таны даага бол сайн давхина шүү?
-Даагыг бүгдээрээ л сайхан уяж байна. Хүн болгон л өөрийн уяаны аргатай. Миний дааганууд цаанаасаа сэтгэлд минь хүрсэн удам гентэй. Үүнд би хамгийн нэгдүгээрт итгэл үнэмшил найдвараа тавьж уядаг. Уул адууны үндэс угсаа удам ген бол том юм. Үүнийг мэдэхгүй морь уяна гэвэл хэцүү шүү дээ. Нүдэнд аятайхан адуу болгоноо уяад байна гэвэл бэрхтэй юм болно. Зардал мөнгө гэж бас байна. Адууны өвлийн тэжээл, сургалт, уяа гурвыг маш сайн тохируулах хэрэгтэй. Шинэ Монгол даага чинь яг Монгол даагаа бодвол арай хэврэг юмаа. Эцэг талын цус арай хэврэгшүүлж байна. Хурдыг нь бол нэмж байна. Өндөр хурдыг даах дөрвөн чацны бат бөх тал дээр Монгол даагыг гүйцэхгүй юм. Шинэ Монгол адуу чинь ядахдаа л биенийх нь нийт анатомийн яс нарийхан, хөнгөн. Судас шөрмөс нь нарийхан байна. Харахад гоёмсог хөнгөн мөртлөө бат бөх чанараараа Монгол дааганд хүрэхгүй байна. Тэгж төрөхөөс ч аргагүй юм. Зарим Монгол талынхаа генийг илүү татсан нь чац нь арай бадриун ачаалал дааж байна. Зарим нь ч зэгзэгнэсэн зээрийн хөл шиг байна.
-Тийм зэгзгэр адууг яаж уях уу?
-Тэр заяагдсан эд эрхтэнд нь тохируулж мориныхоо уяа ачааллыг зөв өгмөөр байна. Тэгэхгүй бол шинэ Монгол адууны хөл олон жил тэсч уралдах магадлал тун хэцүү. Хөлийг л гамнасан  уяа хийхгүй бол Монгол даага шиг ташуур битгий салгаарай гэж мордуулах юм бол хөл нь тэсэхгүй. Шинэ Монгол адууг жаахан сүүтэгнээд мэзэгнүүлээд байхад нь мордуулбал бүр хөлгүй болж байна лээ. Би ч бас хэдэн адууны хөл дуусгалаа. Амьдралын гашуун туршлагыг биеэрээ үзлээ. Олон олон хүн бас над шиг алдаж магадгүй шүү, сэрэмжлээрэй л гэж хэлж байгаа юм. Монгол адууг сүүтэгнүүлээд, мэзэгнүүлээд байхад нь явуулаад айраг түрүү авч л байсан. Шинэ Монгол адуу бол ёстой тэгж болохгүй юм билээ. Ганц би ч биш мэзэгнэсэн, доголсон даага явуулсан уяачид байна л даа. Тэгэхэд шууд л шилбээрээ хугарчихдаг, аюултай юм билээ.
-Та ХАА-н их сургуульд сурч номын дууг нь сонсож ногоотой шөлийг нь уусан хүн. Уяаны эрдэмд номын дуу их нөлөөлсөн үү?
-Ер нь сургуульд нь сурдаггүй юмаа гэхэд болж өгвөл өөрийнхөө хичээл зүтгэлээр ном товхимолыг нь уншаад судлачих хэрэгтэй юм билээ. Номын дуу сонссон маань нөлөөлөлгүй яахав. Гэхдээ өмнө нь огт мэдэхгүй ч байсан юм биш л дээ. Наад зах нь адууныхаа эрүүл мэндэд хяналт тавиад сурчихаж байна. Амьсгал, зүрхний цохилт ямар байна, биеийнх нь халуун хэвийн үү гэхчилэн ойр зуурын юм мэдэж байна. Уяач хүн бол байнга л адууг ажиглаж байж уяа явагддаг. Ажиглаад байхад их юм хэлж өгнө шүү. Тэрийг өөрийнхөөрөө зөв тайлж уншаад, зөв ойлгоод явах  нь адууны амжилтанд их нөлөөтэй.
-Шавийн эрдэм багшаас гэдэг дээ. Багшийнхаа тухай манай уншигчдад ярьж өгөөч?
-Монгол улсын Тод манлай уяач, Гавьяат малчин Дамбадаржаагийн Онон миний багш байгаа юм. Морь сонирхогчид бүгдээрээ энэ хүнийг мэднэ дээ. Би багшийнхаа сүүл үеийн шавь нь. Багшийн маань шавь нараас Манлай, Тод манлай уяачид олон бий. Тэдний нэг нь би болж Монгол улсын Манлай уяач болсондоо баяртай явдаг. Миний адууг ойлгож мэдэрч уяж яваа нь багштай  минь салшгүй холбоотой. Миний багш байгалиасаа заяасан дэндүү мэдрэмжтэй хүн шүү дээ. Адууг үнэн мэдэрнэ дээ. Би багштайгаа цуг гурван жил морь уясан юм. Тэр гурван жилийн хугацаанд би хөлс авахааргүй адуунаас хөлс авах гээд л нэмнээгээ бариад явж байхад багш дуудаад “Чи наад адуугаа сайн харчихаад ир дээ. Хөлс авч болохоор адуу байна уу, болохооргүй адуу байна уу” гэнэ. Очоод хэчнээн харсан ч олж харахгүй дээ. Миний бодлоор нэг гөвөөд л хаячихмаар юм. Болохгүй гээд байгаа нь ямар учиртай юм бол доо гээд л харж харж буцаад очиход “За хөлс авахаар байна уу. Үгүй юу” гэхээр нь “Ёстой мэдэхгүй юм байна” гэнэ. Багш тэгэхэд “Чи наад адуугаа сайн хараач ээ. Хийсэн ажлаа бод. Уяа авсан байдлыг нь хар. Цаашид өгөх ачааллаа тооц. Тэгж байж ажлын чинь зөв буруу харагдана. Тэгэхгүй өнөөдөр л бодогдсоноороо ажил хийгээд байвал уяач биш шүү дээ. Энэ адуу өнөөдөр уяан дээр яаж зогсож байна. Чамд юу гэж хэлж байна. Энэ болгоныг чи мэдэрч ойлгож байж хөлс авах авахгүйгээ шийднэ. Үүнийг л мэдрэхгүй бол чи уяач болоход хэцүү шүү” гэж сургана. Манай багш чинь өөрөө адууг хөлс нь дутуу байна уу, ажил нь дутуу байна уу, давхил нь ямар байна, тар нь ямар байна гэдгийг хараад л мэднэ. Үнэхээр байгалиас заяагдсан хурдан адуу гэж байдаг. Би бол багшийгаа байгалиас төрчихсөн, заяагдчихсан уяач гэж боддог. Үнэхээр аугаа хүн дээ, мэдрэмж бол маш өндөр. Сүүлийн үед Америкт морь уяад байна. Ямагт биднээс түрүүлж явдаг хүн. Байгалиасаа заяагдсанаараа ч хөдөлмөрлөснөөрөө ч, биднээс толгой өндөр. Хүн хаана ч сурч болдог гэдгийг багш маань л харуулсан. Судас хатгахдаа бол энгүй хүн дээ. Бусад хүмүүсийг хамаагүй хэлж болохгүй байх. Гэхдээ миний багш бол их л өндөр зэрэглэлтэй хүн шүү дээ.
 Олон олон айраг түрүү авахдаа хамгийн түрүүнд багшдаа үнсүүлэх гээд гүйж очдог хүн шүү дээ би чинь. Багш ч “За боллоо миний хүү” гээд үнсэнэ. Магтаалын хажуугаар зөвлөнө. Өнөөдөр би Монгол улсын Тод манлай уяач Ононгийн шавь гэдгээрээ үнэхээр бахархдаг. Энэ бахархал багшийнхаа нэрийг өндөр өргөж явах юмсан гэсэн хичээл зүтгэл үүрэг хариуцлага болж байгаа юм. Багшийнхаа эрдэм мэдлэгийн 100 хувьд нь хүрдэггүй юмаа гэхэд надад бол 50 хувь нь “хаваасиг”.
-Тэгвэл хэзээ багшаасаа урмын үг сонсож байв. Тэр бас их үнэтэй үг байсан болов уу?
-Намайг Далай зээрдийг “Их хурд”-д оруулж, Төгсбатын бор морийг аман хүзүүдүүлэхэд “Миний хүү дээд насыг эвлүүлж эхлэж байна шүү. Цаашдаа улам сайн  хичээгээрэй” гэж билээ. Өөрийнхөө үр хүүхдэд хэлж заадаг үгээ бидэнд ч харамгүй л хэлдэг юм. “Үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй” гэж үг байдаг даа. Багш маань биеэрээ л бидний үеийнхэнд үлгэр болж яваа хүн. Бас их хатуу зарчимч шаардлага тавина. Өнөөдөр Онон багш маань намайг бэлтгэлээ. Би бас дараачийн үеээ бэлдэнэ гэхчилэн хөвөрсөөр л байх бизээ.
-Таны шавь нар гэвэл хэн хэн байна?
-Одоо хурдан морь унаж буй хүүхдүүдээс миний шавь болно доо. Одоо надтай адуу малтай харьцаж байгаа 10 гаруй залуучууд байна. Сүүлд Өмнөговиос Батаа гээд залуу ирсэн. Шавьтай болж байна аа. Шавьтай болно гэдэг чинь Онон багшийнхээ дайнд хүрэх хэмжээнд л үзэхгүй бол болохгүй шүү дээ, амаргүй.
-Таныг яагаад Тангаа гэдэг юм бэ?
-Тангаа гэдэг чинь их чухал нэр ээ. Миний албаны нэр Батсүх шүү дээ. Аав минь дүү бид хоёрын нэрийг өгсөн. Бат, Сүх гэдгийг хойно урд нь оруулаад нэр өгчихсөн. Би багадаа гурайсан хар юм гүйж явсан юм байгаа биз. Тэгээд эмэг ээж маань Тангадын хар гэж хочилдог байсан юм билээ. Тэгээд Тангад нь явсаар байгаад л Тангаа болчихгүй юу. Харин Аварга дүү маань улаан хүүхэд гарсан юм билээ. Тэгээд л Улаанаа болчихгүй юу. Одоо болтол бид  аваргыг Улаанаа л гэнэ. Утсан дээрээ хүртэл Улаанаа гээд тэмдэглэчихсэн.
-Таны аав цэргийн арслан хүн. Дүү тань Даян аварга. Та ч багадаа барилдаж явсан биз дээ?
-Би чинь багаасаа барилдаж байсан. Барилдаж байсан гэдэг нь гэрийн нөхцөлд шүү. Гэрийн нөхцөлд ямар барилдаан явагддаг байсан бэ гэхээр ширээгээ зайчлаад тавьчихаар хойморьт сайхан талбай гарнаа даа, тэр чинь л аварга бид хоёрын спортын заал байлаа даа. Аав ойр зуурын мэх зааж өгнө. Тэрийг нь хийгээд л хоёулаа хөлсөө гартал ноцолдоно. Хоёр насны ах юм болохоор би голцуу аваргыг чулуудчихна. Тэгээд аавыг юу гэх нь вэ гэхээр “За яахав ах юм болохоор бярдаад байна. Тэгэхдээ дүү нь илүү юм байна шүү Алтангэрэлээ” гэхээр л шар гозойгоод л явчихна. Дараагийн барилдаан дээр аваргыг магтсаных нь төлөө чулуудаж өгнө дөө. Санаагаараа чулуудах гэхээр нөгөөдөх чинь хөл гар ээдрүүлээд энд тэндээс зуураад олигтой шидүүлэхгүй ээ. Ээж болохоор “Чи усны дусал шиг хоёр хар юм чинь илүү дутуу гээд ялгаад байхдаа яадаг юм” гэж миний талд орно. Аав болохоор “Дүү нь арай илүү юм даа. Тэр хурд, харц энэ тэрийг нь хар л даа. Түүнээс биш би хоёр хүүгээ яалаа гэж алаглачилах вэ” гэнэ. Аав биднийг шинжээд байсан нь тэр юм билээ. Өөрөө барилдаж ноцолддог, адуу малтай эртэй бяртай явсан хүн чинь.
-Аавыг тань эмнэг хангалыг чихдээд номхруулдаг энгүй бяртай хүн байсан гэсэн?
-Манай нутгийн Монгол улсын тод манлай уяач Хэнмэдэх гуай бол манай аавын ид залуу адуу малтай ноцолдож явахыг нь бол сайн мэднэ. Хэнмэдэх ах их хууч хөөрдөг юм. Хэмээ ахтай хааяа аавынхаа тухай ярьж суухад сайхан байдаг юм. Манай аав адуунд их эрэмгий, сайхан уургын морьтой, сайхан ч уургална. Наадамд сайхан ноцолдчихдог. Ер нь их бярлахуу. 185  орчим өндөртэй хүн байсан. Хуруу гар нь том, яс үс бүдүүн их мундаг хүн байсан юм. Би л бага байхдаа айлын аав нар манай аав шиг л байдаг байлгүй гэж боддог байлаа. Аав ажлаасаа ирээд цээж нүцгэн цайгаа уугаад сууж байхад булчин шөрмөс нь зангираад одоогийн бодины хүмүүс шиг л харагдана. Гарын булчин нь овойсон, хавирганых нь булчин харагдаад л цээж нь урагшаа түхийсэн, гэдэс нь тээр цаана нуруугаараа хотойсон, жаахан маажигдуухан хүн байсан. Нэг удаа найзынхаа гэрт орсон чинь аав нь хоолоо идчихсэн яг манай аав шиг сууж байна аа. Харсан чинь шалчийсан юм. Тэгэхэд би их гайхаж билээ. Жаахан байхад аав болгон л ийм байдаг юм байх л гэж боддог байсан шиг байгаа юм. Аав ээжийтэй Өлзийт нуурын Хужирт тэмээтэй яваад тэр үеийн 70-ын шуудайнд ус нь гоожсон нойтон хужир тэмээн дээр ачаад явахад замд нь залуухан ингэ ачаа нь хүндээд явахгүй болохоор явуут дунд нь нөгөө нойтон шуудайтай хужираа аваад л бүдүүн атын нуруун дээр шидчихдэг байсан гэдэг. Ээж тэрний ачаа нь хүнддэж байна гэхэд аав аваад л чулуудчихдаг байсан юм билээ. Тэр үед ээж эр хүн ийм байдаг гэж миний айлын аав ийм байдаг гэдэг шиг юм боддог байсан шиг байгаа юм. Одоо л ээж ярихдаа “Энгүй тамиртай хүн байжээ. Тухайн үедээ санаанд ч ордоггүй байж. Та нар одоо тэгж чадах уу” гэж асууна. Би яаж тэгж чадах вэ дээ. Наадам болоход аав адуунд хайртай, сонирхдог ч дандаа л бөх дээр очоод суучихна. Бөх дууссаны дараа аварга бид хоёртой ярина. Бид хоёр ч тэр тэгж барилдсан. Тийм мэх хийсэн. Тэрийг одоо яаж хийдэг юм гэж асуунаа. Аав тэрийг тэгж хийдэг юм, ингэж хийдэг юм гэж бид хоёрын сонирхсон зүйлийг зааж өгнө. Нэлээн сайн бөхчүүд ирчихсэн байвал аавын нас залуу болно. Аав нь 25-тай байсан бол энд барих хүн алгаа гэнэ. Муухан юмнууд ирвэл 35-тай байхад энд барих хүн алгаа гэж бөхчүүдийг өөрийнхөө насаар жишиж ярина. Тэгж бөхчүүдийг нүдэндээ, сэтгэлдээ багтааж суудаг  байсан байх нь. Аавын ярьж хэлж байсан нь 10 хэдэн жилийн дараа ярьсанаар болох жишээтэй. Амьдралын алс хэтийн зүйлийг тэгж бодоод хэлчихсэн байдаг, тийм л уужуу ухаалаг, алсын хараатай хүн байж.
-Аавыгаа өөд болоход та хэдтэй байсан юм бэ?
-16-тай байсан.
-Та эхээс хэдүүлээ билээ?
-11-үүлээ. Би дээрээсээ долоо дахь. Миний дээр таван эгч, нэг ах бий. Дороо гурван эрэгтэй, нэг охин дүүтэй.
-Аварга та хоёрын бөхийн бэлтгэл хэр явсан бэ? Хоёулаа л ноцолдоод байх уу?
-Арав төгстлөө аварга бид хоёр хоорондоо голдуу барилдсан. Сум оронд гаднаас барилддаг хүүхэ? хот хүрээнээс ирлээ гэхэд л бид “Танайд барилддаг хүүхэд ирсэн гэнэ. Дуудаад өгөхгүй юу”  гээд хаалгыг  нь нүдээд зогсчихно. Тэгээд нөгөө хүүхдүүд чинь гараад ирнэ. Хотод бэлтгэл хийдэг хүүхдүүд нь мэхтэй гэж жигтэйхэн. Мэхтэй хүүхдүүдэд нь хоёулаа арчуулж өгнөө. Буцаад явж байхдаа энэ чинь эндээс барьж аваад л ингэчихээд л байдаг хүүхэд байна даа. Хоёулаа ингэхэд нь ингэчихье гэж яриад жаал бэлдэж  байгаад маргааш нь очно. Мэхнийх нь нэрийг мэдэх ч үгүй. Маргааш нь очоод л учрыг нь олчихно. Иймэрхүү маягаар л хоёулаа учир зүйг нь олоод л очсон хүүхдэд ойчсон ч буцаагаад давчихдаг л байлаа. Зун бол хөх юм уу хар даалинбаар шарваар хийж өгнө бид хоёрт.
Дээгүүрээ резинтэй тэр нь. Тоглодог газар нь Богд уулын Төр хурх. Цэцээ гүний энгэрээс урссан хага ташсан хүйтэн булгын усан дээр л зунжингаа өнжинө дөө. Голыг боож байгаад сэлнэ. Тэнд байдаг есөн зүйлийн загас жараахайг барина. Консервоны лаазанд хийж консерволоно. Буцаагаад голд нь тавина. Даалимбан шарваарнаас өөр хувцас өмсөхгүй. Цээж нүцгэн л зунжина. Хувцас өмсөхөөр халууцаад байгаа юм чинь. Уул руу ороод гүзээлзгэнэ, хад түүгээд идчихнэ. Тийм сайхан эрүүл орчинд өссөн болохоор аваргыг аугаа их хурд, хүчтэй байдаг байх гэж би боддог. Гэтэл одоо бид үр хүүхдээ тийм сайхан экологийн цэвэр орчинд өсгөж чадаж байгаа билүү. Би бол буруугаа хүлээнэ. Байранд компьютерийн өмнө хамаг цагийг нь барж байна. Өөрийнхөө өссөн орчноо бодохоор одоо хүүхдүүдээ өсгөж байгаа орчноо бодохоор заримдаа өөртөө буруу өгдөг.
-Та хэдий үеэс аваргыг дийлэхээ больсон бэ?
-1987 онд бид хоёр улсын аваргаар хоёулаа орсон. Политехникийн дээд сургуулиас Даминшарав багш намайг сонгож бэлтгэл хийлгэж байгаад улсын аваргад барилдууллаа. Аварга Найрамдлын районоос барилдсан. Хоёулаа улсын аваргад барилдахад аварга надаас арай олон давсан юм шиг байгаа юм. Лав талаас нь илүүг давсан юм билээ. Би бол талыг хусаад талд нь унаад таарсан. Тэр үед Баянмөнх аварга барилдааны явцад хүүхдүүдийн нэрийг тэмдэглээд аваад байсан юм билээ.  Тэр арван хэдэн хүүхэд дотор нь бид хоёр орчихож. Тэр хүүхдүүдээ үлдээгээд 14 хоног чөлөөтийн бэлтгэл хийсэн. Тэгээд л чөлөөтийн анхны мэдэгдэхүүнтэй болоод Орос руу автын сургуульд явсан. Намайг Орос руу явсан хойно нөгөө хүүхдүүдээ цуглуулаад Шонхор клуб байгуулсан юм билээ. Тэр клубын анхдагчууд нь аварга, Буманбаяр заан, Гантогтох нар байхгүй юу. Тэндээс л миний хувь заяа шийдэгдсэн хэрэг. Орост очоод яахав дуртай юм болохоороо чөлөөт бөхийн тэмцээнд нь яваад орчихно. Нөгөө 14 хоногт заалгасан юмаараа Оросуудтай үзэж тарна даа. Орос багш бэлтгэл хийлгэж мэх тактик заагаад овоо дээрдээд төгсч ирэхдээ чөлөөтийн мастер цолтой, бас областный аварга нэлээд хэд хийгээд ирсэн. Ирсэн чинь цэрэг аваад явчихлаа.
Цэрэгт тангарагийн баяраар барилдаж үзүүрлээд цэргийн баяраар үзүүрлээд ротын баяраар түрүүлж байлаа. Ерөөсөө дуртай юм чинь хаа ч явсан барилдаад л явна. Нэг удаа “Хүч” нийгэмлэгээс чөлөөтийн тэмцээнд орлоо. Орос шигээ санаад л үзчихсэн чинь Монголчууд чинь шал ондоо юм билээ. Адуу шиг л тачигнаад байсан. Намайг дор нь эд бад хийчихдэг юм байна. Нэг мэдсэн чинь нөгөө мастер чинь даруулчихсан үгээ хэлчихсэн байна. Тэгээд л бэлтгэл сургуулилтгүй чөлөөтөөр барилдаж болохгүй юм байна гэдгээ мэдсэндээ. Цэргээс халагдаад ирэхэд “Хэдэн дүү нарын ажил төрөл амьдралд миний хүү зохих үүргээ гүйцэтгэж энэ хэдэн малаа хариуц” гээд ээж хэдэн малаа сайхан цуглуулчихсан байж байна. “Энэ амины малаа маллахад чинь цалин пүнлүү байхгүй юм байна шүү дээ ээжээ” гээд аминдаа хот руу орж ажил хийх санаатай байсан чинь ээж “Тэр санаа зоволтгүй ээ миний хүү ээж нь чамайг цалинжуулна” гэж байна. Тэгээд цэргээс ирсэн хөдөөний залуу морин дэлэн дээр давхиж явсан чинь нэг харсан манай хонь аймаар олон болчихож. “Юун олон хоньтой болчихвоо” гэсэн чинь ээж “Ус сувгийн 130 хонь нэмсэн. Цалин нь 100 төгрөг ч билүү нэг тийм тоо хэлээд. Одоо миний хүү амины мал чинь байна. Цалин чинь байна. Ингээд ажиллаад байж дээ” гэв. Надад ч хэлэх үг олдоогүй. Тэгээд л хэдэн дүү нараа ингэ тэг гэж зохицуулчихаад өөрөө гэртээ голдуухан байж байсан чинь ээж “Чи чинь залуу хүн байж гэрээс гарахгүй хэвтээд байдаг нь ямар учиртай юм. Найз нөхөдтэйгээ гараач” гээд байна. Ээжийг яв тогло гэхээр нь ямар сайн юм гээд л мордож аваад давхиад явчихлаа. Давхиж явж байгаад авгайтайгаа танилцлаа. Авгайтайгаа танилцсанаа ээжид ч хэлсэнгүй, гэрлэх бараалах ч юм бодсонгүй тууж явлаа. Тэгсэн ээж хэзээний нутаг орныхноосоо манай хүү хаагуур яваад байна хэнийхээр яваад байна гэж сураг тавьж мэдчихсэн байсан. Бүр болоогүй нэг удаа найз охинтойгоо уулзах гээд яваад очлоо. Тэгсэн чинь танай ээж чинь ирсэн. Бурханд хадаг тавьчихсан шүү дээ гэж байна.
-Таньтай яриагүй бэр гуйчихаж байгаа юм уу?
-Тийм. Очино барина гэж яриа ч үгүй. Ээж та яагаад ингэчихвээ гэсэн чинь “Зүгээрээ миний хүү жил мэнгэ нь таарах юм билээ, ээж нь мэдэлгүй яахав” гээд л шийдчихсэн дээ. Эхнэр бид хоёр чинь тэгээд суусан. Манай эхнэр дөнгөж 10 төгссөн охин байлаа. Тэгсэн чинь манай хүн 7 настай сургуульд орсон 17-той байсан юм билээ. Миний том хүү эхнэрийн маань 18-д гарсан юм ш дээ. Одоо миний хүү 19-тэй данхайсан эр бий. Манай гэр бүлийн хамгийн жижиг нь манай эхнэр. Хүүхдүүд маань ээжээсээ өндөр, хажуугаар нь сүнгэнээд л байна шүү дээ.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Таван хүүхэдтэй. Хоёр хүү, гурван охинтой.
-Хөвгүүд тань таньтай уян дээрээ л өнжих үү?

-Эрчүүд нь аавтайгаа явна. Өнгөрсөн жил манай бага хүү аавтайгаа морь уясан.
-Олимп сургуульд сурдаг хүү чинь барилддаг уу?
-Тэгнэ. Аварга ахынхаа Олимп сургуульд сурдаг. Чөлөөтөөр барилдана. Яаж барилдахыг нь бурхан л мэдэж дээ.
-Та тэгээд аваргыг хэдий үеэс барахаа больсноо ярьсангүй?
-Нээрээ тэгж. Оросоос эхний курсээ төгсчихөөд ирлээ тэгсэн чинь аварга “Шонхор клуб байгуулагдсан би бэлтгэлтэй байгаа. Ах гаръя барилдъя” гээд л цай ууж байхад яаруулаад л суулгадаггүй. Тэгэхээр нь гараад л барилдлаа. Пээх. Ямар хурдан чангардаг юм бэ. Арав барилдахад арав тэнгэр хардаг байна ш дээ. Тав тэнгэр харчихаад “За  үлдсэн тав дээр нь ёстой үзье ганц хоёр хаячих байлгүй” гээд бас шар гозойгоод үзээд л байхад л яалт ч байхгүй 10 уначихаар хувь заяатайгаа эвлэрдэг юм билээ. Тэгээд л “За би чамайг барахаа болисон юм байна. Та цаашаа явах нь чухал байна” гэсэн.
-Та хоёр  их адилхан андуурах тохиолдол олон уу?
-Андуурдаг юмаа. Энд тэнд явж байхад “Аварга сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу” гэнэ. Тэгээд жаахан цаашлуулаад байхаар нөгөө хүн маань ер нь явж өгнө шүү. Тэгээд аварга бишээ ах нь байна гэхээр “Өө тийм үү яасан адилхан юм” гэдэг.
-Аварга их хөдөлмөрч шаргуу хүн. Тиймээ?
-Манай дүүгийн хамгийн мундаг чанар тэр. Нэг эхэлсэн ажлаа дуусгаж үр дүнг нь үзэж байж санаа нь амарна даа. Дуусгахгүй, дутуу орхино гэж үгүй. Бидний хүмүүжил тийм. Хүнд худлаа хэлэхгүй юмсан, ямар нэг буруу сэтгэлээр амьдрахгүй юмсан гэж ээж шашин талаас нь биднийг сургамжлаад өсгөчихсөн. Гэгээлэг, буянсаг, үр сайтай үйл эрхэлж явах хүмүүжлийг яг хүүхэд төлөвших насанд бидэнд ээж суулгаж өгсөн юм билээ. Ямар бизнес эрхлэхэд үр нь ямар байх вэ гээд, үйлийн үрийн ойлголтыг багаас нь сургамжилж өсгөсөн.
Модны өт байлаа гэхэд тэр өт мод нүхэлж орохгүй бол шувуу идчихнэ. Өт хорхой хүртэл амьдрахын тулд үйл хийгээд үрээр нь өөрөө амьдарч байна. Тэгвэл та нарын хийж байгаа ажил бол амьдрахын тулд хийж буй үйл. Үйлийн чинь үр бол цалин нь. Ямар ажил хийгээд ямар цалин авахаа тооц гэж ээж сургадаг. Морь уяна гэдэг бол ээж нь баярлана, гэр бүл чинь баярлана, үр хүүхдүүд чинь баярлана Монгол түмэн баярлана. Тэр олон хүнийг баярлуулна гэдэг чинь ямар сайхан үйл вэ, ямар буянсаг ажил вэ гэнэ. Миний хүүхдүүд морио уя, сайн барилд гэнэ Ээж нь сүүгээ өргөөд л байж байя гэнэ. Аварга бид хоёр чинь ээждээ үнсүүлчихээд нэг нь Хүй долоон худаг руу, нэг нь Төв цэнгэлдэх рүү хоёр тийшээ явна. Ээж араас сүү өргөөд л, миний хүүхдүүд тийм сайхан байна шүү гээд сэтгэл зүйн их сайхан хүч өгнө. Өөрөө их гоё сайхан утлага хийнэ. Шашны дэлгүүрүүдэд байдаг үнэртэн болгоныг нэгтгэсэн сайхан утлага бэлдчихдэг. Адуундаа, бөхдөө нөгөө утлагаа үнэртүүлээд л явна. Наадам бол тэр аяараа манай Богд хан овгийн компанит ажил. Наадамд бид хамаг хүч бололцоогоо дайчилна  шүү дээ.
-Аварга гэнэт зодог тайлах шийдвэр гаргахад Монголчууд их хүнд хүлээж авсан. Танд бүр их  хэцүү байсан байх?
-Тийм шүү. Монгол түмэн их хүнд хүлээж авсан. Улсын наадамд морио мордуулчихаад айрагдсан ч бай айрагдаагүй ч бай орж ирээд л дүү минь хаана байгаа бол гэж харна. Аварга барилдаж байхдаа манай адуу айрагдана гэж итгэж байдаг бол би дүүгээ үзүүр түрүү булаалцана л гэж итгэж байдаг. Морио айрагдуулчихаад орж ирээд л харахад миний дүү барилдаж байдаг. Түрүүлж байдаг. Адуу нь ч айраг түрүү х?ртэж, дүү нь ч үзүүр түрүү авсан сайхан наадам нэлээд олон жил үргэлжилсэн. Энэ бол манайхны хамгийн том баяр бахдал. Бид ард түмнээ баярлууллаа. Ээж дээрээ очиж сайхан үнсүүлээд баяраа тэмдэглээд их сайха? байдаг юм. Тэр жил би айрагдсан морио аваад стадионд орсон чинь цагаан хоолойгоор дүү нэг юм зарлаад л байна. “Миний шавь нар сайхан барилдана. Аварга нь зодог тайлах гэж байна” гэж байна. Тэрийг сонсоод нүд харанхуйлаад явчихлаа.
Тэгсэн чинь нөгөө сурвалжлагч нар чинь гүйж ирээд хоолой зангируулаад л уйлуулаад тавьчихлаа. Энэ сурвалжлагчид хүнийг хүнд хэцүү үед нь ирж уйлуулаад байдаг хэцүү хүмүүс. “Дандаа намайг уйлуулдаг чамайг аавд хэлнэ дээ” гэдэг эвгүй хүмүүс шүү. Хүн тэвчээд байхад чинь уйлуулчихаад яваад өгнө. Уул нь би эр хүнийхээ хувьд тэвчээд байж байгаа байхгүй юу. Тэгээд байж байхад сурвалжлагч нар ирээд тэр тэвчээрийг задлаад хаячихна. Уйлуулаад л тавьчихна.
-Аварга шийдвэрээ хэнд ч хэлээгүй гэл үү?
-Миний дүү ганцаараа тийм шийд гаргасан. Хэнтэй ч яриагүй. Би дүүгийнхээ гаргасан тийм шийдвэрийг хүндэтгэж үзэх ёстой. Тэр чинь ямар жаахан  хүүхдийн шийдвэр биш. Бөх гэдэг чинь ганцаарчилсан спорт. Өөрийнхөө алдаа оноог өөрөө л үүрдэг. Хүнтэй барилдаж байхад нь би хөлийг нь давхар хамаад өгч чадахгүйгээс хойш юу хэлэх вэ. Спортын характер гэж бас байгаа.
-Юунаас болоод  тийм шийдвэр гаргасан гэж та боддог вэ?
-Тийм юмнаас болоод ийм шийдвэр гаргачихлаа гэж ярих нь илүүц. Хүн хүн өөр өөрийнхөөрөө ойлгоод л яриг. Тэр цаг ард үлдчихсэн. Гол нь хүн гэгээлэг сайхнаараа Монгол түмнийхээ сэтгэлд үлдэх сайхан. Өнөөдөр Сүхбат аварга адуу шиг тачигнасан сайхан барилдаанаар ард түмний сэтгэлд хоногшсон. Тэгээд л болоо ш дээ. Бид ер нь болсон гэж үзвэл ямар ч үед цэг тавьж чаддаг хүмүүс. Миний аав ч бас тийм цэгцтэй, эрсхэн шийдвэртэй хүн байсан. Аавын хүмүүжил зан араншин, ген ч бас нөлөөлсөн байх. Манай аав бол за бол за, үгүй бол үгүй л хүн. Ямар ч шийдвэр гаргаж магадгүй. Тэрийгээ түс тас л гаргана. Дүүгээ би аав шиг л  түс тас шийдвэр гаргасан гэж би боддог.
-Ах дүүс нэг нь Даян аварга, нөгөө нь Манлай уяач болно гэдэг бас их хувь зохиол шүү?
-Маш олон хүчин зүйл нөлөөлж бид яваа гэж би боддог. Хамгийн гол нь хүн зөв сайхан сэтгэлтэй амьдрах ёстой. Юмыг гэгээлэг, буянсаг талаас нь харж, зөв сайхан бодолтой явж, төр түмнийхээ буян хишигт залбирч, алтан тууртны буян хишигт залбирч хоёргүй сэтгэлээр зүтгэж ирснийг бурхан харсан. Төр түмэн, аав ээжийн минь хайр нөлөөлж л байгаа энэ бүхэнд. Энэ бүхнийг зөв бодож явбал нөгөө зөөлөн зөөлөн замбуулин гэдэг чинь дээ.
-Аварга моринд хорхойсох болжээ дээ?
-Аварга адуунд их дуртай хүн шүү дээ. Өөрийнх нь их мундаг удам гентэй адуу байгаа. Хэдэн дүү нарын ч бас адуу бий. Нэг үгээр хэлэхэд би хэдэн дүү нарынхаа уяач нь. Дүү нарын адуунаас орж байвал ах хүний үүрэг, баяр бахдал юм даа.
-Танайхаас сумод барилддаг бил үү?
-Манай том ахын хүү Баярбат барилдаж байгаа. Сая жүрюд түрүүлсэн гэж байна. Одоо дээд зиндаад орж магадгүй л юм. Манайхны эрчүүлд нь ер нь барилдах гээд байдаг юм. Ген нь болдоггүй юм байлгүй. Аварга бид хоёр ч тийм байсан. Ид өсөлтийнхөө насан дээр гараад л ноцолдоод л орж ирээд л идээд байна. Тэр үед л үндсэн суурь тавигддаг байх. Би жүрюд барилдаж байгаа дүүгээ тэр үедээ л яваа юм байна гэж бодоод байгаа.
-Та чинь сайхан дуулчихдаг биз дээ?
-Аварга л их хөөрхөн дуулдаг. Би ч үгүй шүү.
-Телевизээр дуулаад л байсан даа?
-2005 он билүү дээ би аймгийн Алдарт уяач болсон юм. Тэр жил Дүнжингаравын хурд боллоо. Наадам дээр цол тэмдэгийг гардууллаа. Тэгсэн чинь “Макс”-ын Ганбаа,  Цэрэнжигмэд ах хоёр наадахыг чинь ингэж тэмдэглэдэг юм гээд л виски задлаад мөнгөн аяганд хийгээд өгсөн. Наадахыг чинь татвал ах нар шигээ л болно шүү дээ гээд л татуулчихлаа. Тэгээд Онон багш дээр ирсэн чинь ахиад л мөнгөн аяганд виски хийгээд л өглөө. Тэгээд л нэлээн больчихсон сууж байсан чинь бас л нөгөө сурвалжлагчид чинь хүрээд ирлээ. Сурвалжлагч нар хүнийг ямар байхад нь очих ончийг нь тааруулах бол янзтай. Нэг мэдсэн чинь хөдөө суучихсан морио яриад л дуулж байна аа. Нөгөө сурвалжлагч чинь намайг дуулуулаад яриулаад бүх асуудлыг шийдчихсэн яваад өгч. Орой нь гэртээ сууж байсан чинь шар мэдээгээр “Аваргын ах шаггүй дуучин гэдгээ харууллаа” гээд авч байна. Би ч шүр  шиг улаан хүрэн болчихсон “Малчин заяа”-г авч байна аа. Энэ сурвалжлагч нар оночийг нь олох юмаа. Намайг бол уйлах юм уу дуулах асуудал л болгох юм.
-Танай овог тань Богд хан билүү?
-Богд хан бөх овог.  Бид хэдэн  үеэрээ Богд хайрхныхаа халуун суганд амьдарлаа. Богд уулын энгэрээс 1734 онд Хундага гэдэг шонхор  цолтой бөх Даншиг долоон хошуунд ирж барилдаад түрүүлчихээд явсан юм билээ. Тэрний долоо дахь үе нь манай Сүхбат аваргыг гэж бөх судлаач Н.Зоригтбаатар хүн архиваас судлаач хэлсэн байдаг юм.
-Өвөөгөөс тань бурхан шүтээн ээжид тань ирж, ээж тань шаггүй уншлагатай гэдэг?
-Өвөө нь ээжид алсдаа чи эх хүн болно. Цагаан дарь эх, ногоон дарь эхийг мэддэг байх ёстой. Үр хүүхдийнхээ төлөө энийг уншиж байвал ийм ач тустай гээд л сургадаг байсан юм билээ. Манай өвөөгөөс уламжилсан бурхан шүтээн ээжид уламжлан ирсэн. Ээж тэр бурхан шүтээнээ мундаг  хадгалж ирсэн. Манай ээж жирэмсэн хүний хүүхэд гажих, хүүхдийн тархи хөдлөх, яс гэмтэх ойр зуурын юмыг хөдөөд нь л зохицуулна. Социализмын үед бариач тавиач гээд ээжийг минь цагдаа сэргийлэх нь зовооно. Манай хашаанд харуулын бутик барьчихаж байгаа ш дээ. Манайхаар хүмүүс орж гарахыг хорьж байгаа нь тэр. Тэгэхээр нь манай аав хашаагаа зараад өөр газар нүүчихэж байгаа юм. Ээж маань хүмүүст тус болж байснаараа тухайн үеийн цагдаа  сэргийлэхээс дарамт ирж байсан. 
Гэтэл тархи хөдлөчихсөн хүүхдийг эмнэлэг нугасных нь усыг аваад эвгүйтүүлчихдэг байсан. Гэтэл ээж эмнэлэг рүү хүүхдээ аваад гүйж байхад нь гэртээ оруулаад тархийг нь оруулаад “Харь маргааш зүгээр” гээд явуулна. Маргааш нь хэлснээр нь зүгээр болно. Эх хүн чинь нялх амьтныг хараад өөрийн эрхгүй л өрөвдөнө. “Хүнд битгий хэлээрэй” гээд байхад л нөгөө хүний чинь ойр дотны хүн гээд л аваад ирнэ. Ингэсээр байгаад Баянзүрх дүүргийн цагдаагаас гурван удаа муу ээжийг минь баривчилж билээ. Тэгсэн мөртлөө улаан номертой хар 24 шөнөөр ирээд л ээжийг суулгаад эмнэлэгийнхнийг бүгдийг нь өрөөнд нь гаргахгүй байлгаж байгаад сэхээнд байгаа хүүхдийнхээ толгойг нь бариулна. Маргааш өглөө нь нугасных нь усыг авах гээд ороод ирэхэд өнөөх хүүхэд нь хоол идье гээд л сууж байгаа юм чинь.  Дарга сайд ч гэсэн хүн шүү дээ. Миний ээж бол олон түмэнд мөн их буян үйлдсэн. Одоо ч гэсэн тархи хөдлөх энэ тэр бол ээжийн  гарын үзүүрийн ажил. Одоо 80 гарсан хөгшин тачигнаад л байгаа.
Ээж маань өвөг дээдсээс уламжилж ирсэн бурхан сахиусаа авдарныхаа мухарт нуучихна. 15, 25-нд жижигхэн зул өргөөд хашаагаа цоожлоод нохойгоо тавиад ном сангаа уншдаг байсан. Манай ээжид өвөг дээдсээс уламжилж ирсэн бурхан тахил маш олон жил авдарны мухарт байсан. Одоо бол юм сайхан болж. Ээжийг мэдэх нэг нь мэднэ дээ.
-Та нар тэрсхэн. Дээрээс нь барилдаж ноцолдоно. Хувцас хунараа ч тэсгээхгүй. Ээж тань ааваас тань хойш хэцүү л байсан байх?
-Тэгэлгүй яахав. Хөвөнтэй куртик эсгий гутал л жаахан тэсдэг байсан. Хөвөнтэй куртикаа зөрүүлж бүсэлчихээд эсгий гуталтайгаа гараад л барилдчихна даа. Гаднаа гэрэлтэй болохоор хашаан дотроо үзээд байна. Хоёулаа баахан барилдаж байгаад ядраад ирэхээр дүү нараа дуудна. Төгсөөг аварга, Батааг би ноолно. Төгсөө аргатай. “Нөгөө хоёр чинь бид хоёрыг дуудлаа. Та намайг орилохоор дуудаад оруулаарай” гэж ээжид захидаг байсан байгаа юм. Төгсөөг орилоод ирэхээр ээж гарч ирээд л “Хөөе Төгсөө ор” гээд аваад явчихна.
-Та ямар бизнес эрхэлж байна?
-Жаахан газар тариалан, жаахан хүнсний үйлдвэр, тэгээд л адуу малаа гээд л сууж байна.
-Илэн далангүй сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна