2012 оны шилдэг уяач Ц.Цэнд-Аюуш: Сэтгэл нийлсэн залуустайгаа хамтраад шинэ гал байгуулсан

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 15 -нд

-Өнгөрч буй луу жил танд хайр хишгээ харамгүй хүртээлээ. Оны шилдэг уяачаар шалгарсанд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Хурдан морины төлөө сэтгэл зүрхээ зориулж явдаг танай хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье. Өнгөрөгч 2012 он миний хувьд одтой сайхан жил байж, улс бүсийн наадмаас нэг түрүү, зургаан айраг хүртсэн.
-Луу жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд” уралдаанаас нэг түрүү, нэг айраг хүртэн өм нээгдсэн?
-Тэгсэн. Дүнжингараваас өмнө “Портер”-ийн байтай нэг уралдаан болсон. Тэр уралдаанд Ерөөлтийн зээрд түрүүлсэн юм. Тэгээд 2012 оны анхны бүсийн уралдаанд дахин түрүүлж, Мэндсайханы халтар морь дөрвөөр давхисан.
-Өмнөговийн бүсэд яаж давхилаа?
-Ерөөлтийн сартай зээрдийг мордуулаагүй. Мэндсайханы халтар аравласан.
-Улсын наадамд соёолон үрээ айрагдуулсан?
-Тэгсэн Ганболдын хонгор соёолон дөрвөлсөн. Улсын наадмын дараа Дундговь аймагт болсон “Ихмандал-2012” говийн бүсийн уралдаанд их морь аман хүзүүдэж, шүдлэн үрээ гуравласан бол отгон бүс Өндөр Гэгээний даншигт соёолон тавласан даа.
-Ерөөлтийн зээрд хаанахын адуу юм бэ?
-Сүхбаатар аймгийн Онгон сумын Очир гэж хүний унаган адуу юм билээ. Сум орон нутагтаа давхиж байсан ч түрүүлж, айрагдан нэр цууд гараагүй байсан адууг  2011 оны намар долоо настайд нь авсан. Тэгээд өвөл нь тэжээгдэж, Дүнжингаравын хурдад хол тасархай түрүүлж түмэн олноо цэнгүүлсэн.
-Улсын наадамд хэдээр давхисан бэ?
-Хаврын уралдаанд  ч хоёр түрүүлчихсэн. Тэгээд ч тарган талдаа байсан болохоор нь зун ямар ч наадамд моруулаагүй. Сайн адууг гамнаж уралдуулъя гээд нэг их хүчилсэн ч үгүй. Одоо тэжээгдэж байгаа. Дүнжингаравтаа тоосоо өргөх байх.
-Мэндсайханы халтрын тухайд?
-Халтар морь улсад 20 гаргаж, Дундговийн бүсэд арав гаргаж давхисан. Сүхбаатарын Дарьгангын адуу байгаа юм.
-Таныг шинэ гал уяа байгуулсан гэж сонссон?
-Тэгсээн. “Авзага трейд” компанийн захирал  П.Мэндбаяр, халтар морины Мэндсайхан, Манлай, Баатарзориг, Эрдэнээ, Төмөрөө нарын моринд дуртай залуустайгаа хамтраад
“Авзага” нэртэй гал байгуулсан.
-Ерөөлтийн хүрэн тань дээр уягдахгүй байгаа гэсэн үг үү?
-Сайн адуутай залуусаа бие даалгаж тусад нь гаргасаан.
-Сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадаж байгаа  Цэнд-Аюуш уяач могой жилийн босгон дээр Манлай уяач болж магадгүй дуулдсан?
-Олон жил буцаагдаж байгаа болохоор тоохоо ч больчихож дээ. Төр өгөх ёстой гэж соёрхвол тэр л биз. Болоогүй гэвэл тэр л биз.
-Болзол нь уг нь биелсэн биз дээ?
-Тодорхойлолт гаргахад амжилт хэрэгтэй байна гэхээр тоолсон 1974 оноос хойш хүний өөрийн морийг уяж улс бүсийн наадмаас 58 айраг, түрүү авсан байна лээ.
 -Олноо “дааган” гэж алдаршсан Цэндээ уяач сүүлийн үед бага нас гэлтгүй дээд насуудыг сайхан давхиулж байгаа. Морь уяад хичнээн жил болж билээ?
-Олон  түмэн намайг “дааган” Цэндээ л гэдэг юм. Төрийн наадамд даагыг хоёр хоёроор нь хоёр удаа оруулж байсан болохоор тэгдэг байх л даа. 25 жил морь уяхдаа улсын наадамд найман даага айрагдуулсан байдаг юм. Сум аймгийн наадамд бол олоон олон. Нэг жилийн сумын наадамд дөрвөн даага оруулж байсан үе ч бий. Бие томтой учир 14 хүрээд мориноос хасагдаж, дараа жил нь сумыхаа наадамд даага түрүүлгэж байлаа.  Түүнээс хойш морины хөхөл боож, хусуур бүсэлж явна. Алаг морины Түвдэн Манлайг би багшаа гэж хүндэтгэж явдаг. Тэр хүнтэй нэг галд цуг явж сургаал, номыг нь дуулж явлаа. Буурлуудын тэр үед хэлж ярьж байсан болгон одоо бол алт шиг санагдаж байна. Тухайн үедээ үнэ цэнийг нь гүйцэд ухаардаггүй, зарим нэгийг нь тоодоггүй байж дээ. Чи тэжээлийг сүүлийн үед л гарч ирсэн гэж боддог уу, тийм биш ш дээ.
-Хүмүүс ихэнх нь тэгж л боддог?
-Морь тэжээнэ гэж мэддэггүй байхад Партизаны САА хавийнхан тэжээдэг байлаа. Тэгэхээр тэжээх технологийн тал дээр бага сага юм мэднэ шүү. Газар тариалан хөгжсөн Сэлэнгэ зүг рүүгээ 40-50 оны үеэс  морийг тэжээж байсан байгаа юм. Гантай жил Туулын хойд талын адуу сайн давхиж, эрт ногоо ургасан жил урд талын адуу сайн давхидаг гэж буурлууд ярьдаг байсан. Үнэхээр ч бодоод байхад үнэн байдаг. Сүүлийн үед  хүмүүс хурдтай газар гээд ярих болж. Таньж л чаддаг бол хурд хаа сайгүй л байдаг. “Хангай” зах гэж ярьдаг шүү дээ. Тэнд нэг явж байтал тэргэнд хөллөчихсөн морь байна. Хараад байсан хурдан юмаа, тэгэхээр нь хажуудаа явсан хүнд “уг нь хурдан амьтан юм, зовлонгоос нь салгачихвал” гэж хэлсэн. Энэ ч ёстой л гэж бодсон байх. Дараа нь тэр морио хайгаад олоогүй.
-Зүүн зүгийг хурдны өлгий гэдэг?
-Хурд бол хаа сайгүй бий. Гэхдээ Сүхбаатар, Хэнтийн Галшар, Тэсийн гол, Жаргалантын адуу үнэхээр онцгой хурдан. Яагаад гэхээр бодлогын чанартай үржил селекцийн ажил хийгдэж байсан учраас. Ний нуугүй хэлэхэд ах нь битүү адууг сайхан давхиулж байгаадаа уяачийн хувьд жаахан омогшдог юм. Тэрнээс 30 саяар авсан үнэтэй морийг давхиулж чадахгүй бол  хэцүү ш дээ.
-За тэгвэл улсын наадмын түрүү “Зоос” борын тухайд?
-“Зоос” бор давхар уяанд даацтай адуу. Наадмаас наадмын хооронд ханасан ажил хийлгэнэ.
-Дорждэрэмийн одоо бол Буяндоржийнх болсон гэсэн хонгор морины тухайд?
-Сүхбаатарын Мөнххааны адуу. Багануурын Амгалан гэдэг залуугаас авч байсан юм. Жижиг наадмуудад айрагдаад ирхээр нь Олонбаяр авч, Олонбаяраас Дорждэрэм авч хэд хэд айрагдсан. Одоо бол Буяндоржийн нэр дээр уралддаг. Хонгор морины хувьд их хатуу уяатай адуу.
-Цэндээ уяач уяаны тухайд ямар зарчмыг баримталдаг вэ?
-Морь айрагдуулах ганцхан шалтгаан бий. Тэр бол унаач хүүхэд. Би унаач хүүхдээ төрснөөсөө илүү хүндэлдэг. Тэгж байж би өнөөдөр морь айрагдуулж, түрүүлгэж байна. Одоо цаг үе сайхан болоод хүүхдийн хөдөлмөрийг сайн үнэлдэг болж, бай шагналыг нь хүртэл хуулиар заагаад өгчихсөн байх жишээтэй. Морины эзэд маань хүүхдийн ач холбогдлыг мэдэрч байгаа нь амжилтын бас нэг хэсэг.
-Унаач хүүхдүүдээ та өөрөө сонгох уу?
-Тэгэлгүй яахав. Морины хүүхэд сонгох чинь их нарийн ажил шүү дээ.
-Жишээлбэл?
-Хүүхдийн сэтгэл, санаа хамгийн чухал. Үнэхээр морь унах хүсэлтэй, унасан морио айрагдуулчих юмсан гэсэн сэтгэлтэй байж л амжилт гаргадаг. Тэрнээс уначихгүй л бол яахав гэсэн сэтгэлтэй бол морь нь давхихгүй шүү дээ. Сэргэлэн цовоо, богино хугацаанд шийдвэр гаргадаг. Адууныхаа чадлыг баримжаатай тооцоолж чаддаг тийм хүүхэд л морь унана. Ер нь 8-12 насны хүүхдүүд л моринд их тохиромжтой. Түүнээс бага бол балчирдаад, том бол хүнддээд байдаг юм. Унаач болгоно гэсэн хүүхдээ анх морь унуулж сургахдаа ааштай догшин морь унуулж зүрхийг нь үхүүлж болохгүй. Энэ бол их чухал сайн морь унадаг хүүхэд ирээдүйн уяач болдог. Миний морийг унаж байсан хүүхдүүдээс томдоод ирэхээрээ туслах уяач болоод ойр зуурын  ажилд тусалсаар уяач болчихсон зөндөө хүмүүс бий.
-Уяачид ихэнх нь удам дагадаг. Хүүхдүүдээс чинь аавынхаа уяачийн эрдмийг өвлөж байгаа нь?
-Манайх гурван хүүхэдтэй. Хоёр нь охин, нэг хүү. Хүү маань моринд дуртай ч, намайг дагаад явбал замарсан юм болно гээд төмөр замын сургуульд оруулж тэнд нь ажилд оруулсан. Би хүүгээ генинд нь байгаа учраас хэзээ ч сумын наадамд морь айрагдуулах чадвартай гэж боддог шүү.
 -Илэн далангүй яриа өрнүүлсэн танд баярлалаа.         

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна