С.Алтангэрэл: Жинст хонгор манай хонгор азарганы гурав дахь үеийн төл

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 10 -нд

Манай өнөөдрийн зочноор Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Алтангэрэл уригдан оролцож байна.
-Таныг нутаг адуугаар сайхан нааддаг уяачийн нэг  гэж ярих юм билээ. Дорнодын тэр тусмаа танай Баянтүмэн сумын адуу ямар онцлогтой вэ?
-Манай сум чинь дээхэн үедээ Аравжаргалант нэртэй олон сайн адуутай, олон  сайн уяачидтай байлаа. Манай сумаас А.Дондов,  Ц.Чойжинжав, О.Шадав, Б.Хүрлээ, С.Гантөмөр, Д.Дугарсүрэн  нарын МУ-ын Алдарт уяач цолтнууд төрсөн. Мөн Гэлэг-Осор, Сүхээ гээд сайн сайн уяачид байлаа. Тэр улсууд аймгийн наадмаас байнга айраг, түрүү хүртдэг байсан. Би багадаа тэдний морийг унахыг нь унаж, дагахыг нь дагаж  өссөн хүн. Ер нь би багаасаа л моринд дуртай хүүхэд байсан. Тэр хүсэл сонирхлынхоо дагуу цэргээс ирээд нэгдлийн адуу малласан.
-Морь унадаг байсан үеийнхээ дурсамжаас хуваалцаач? Тэр үеийн унаач хүүхдүүдэд ямар үүрэг оногдохов?
-Одоогийнх шиг амар байгаагүй. Уяаны бүхий л ажилд оролцоно. Дорнод аймгийн наадамд Сүхбаатараас морь ирээгүй бол манай Аравжаргалантын адуу л толгой цохино. Ихэнх айраг, түрүүг нь авчихдаг байсан. Хүүхэд байсан болохоор сайхан дурсамж нь л сэтгэлд үлдсэн байдаг юм билээ. Морь унаж байх үеийн дурсамж гэхээр өөр юм санаанд ордоггүй юм. /инээв/
-Тэгвэл тухайн үед тогтмол амжилттай сайн давхидаг ямар хурдан хүлгүүд байв?
-МУ-ын Алдарт уяач Ойдовын Шадав гэж хүний нэг хүрэн морь байлаа. Тэр морь аймгийн наадамд их олон түрүүлсэн. Хамгийн сүүлд АХ-ын 50 жилийн ойгоор түрүүлсэн гэдэг юм. Тэр үед нь би цэрэгт байсан. Мөн Сүхээ, Бямба, Гэлэг-Осор гээд удмын хурдан адуутай улс байлаа. Бас Дугарсүрэн гэж хүний олон хурдан хүрэн адуу байсан. Одоо ч ач зээ нар нь адуутай улсууд бий.
-Хэзээнээс бие даан хурдан морь уях болсон бэ?
-1976 онд цэргээс халагдаж ирээд морь уяж эхэлсэн.Эхлээд нэг шарга адууг төмөр замын наадамд таваар оруулж байлаа. Манай эндхийн төмөр замын баяр аймгийн наадмаас дутахааргүй өргөн болдог юм. 1981 онд АХ-ын 50 жилийн ойгоор анхан манай адууны даага аймагт түрүүлсэн. Тэрнээс хойш 1995 он хүртэл жил алгасахгүй адуу оруулсан даа. 1985 оны аймгийн наадамд миний даага, шүдлэн хоёр айрагдаж, 1986 онд даага, шүдлэн хоёроор аймгийн наадмын түрүү авч байлаа. 1987 онд хязаалан аман хүзүүдүүлж, их морь таваар давхиулж байлаа. Ерөнхийдөө би аймгийн наадмаас зургаан түрүү, долоон айраг авсан байдаг юм. Харин сумтайгаа нийлбэл 20 гарнаа. Төмөр замын наадамд  олон морь айрагдуулж, түрүүлгэсэн. Соёолон түрүүлгэж, гурван их насны морь мордуулахад нэг нь түрүүлж, нэг нь гурвалж, нөгөө нь тавлаж ч байлаа.
-Энэ жил аймагтаа түрүүлсэн хязаалан чинь Гачууртын Батмөнхийн хүрэн азаргатай эцэг нэгтэй гэсэн үү?
-Тиймээ. Эх тал нь манай адууны угшилтай. Эцэг хүрэн азаргыг би хүнээс авсан юм. Даагандаа уягдаагүй. Шүдлэндээ аймгийн наадамд арав гаргаж давхиад  хязааландаа  түрүүлээд байгаа нь энэ. Ер нь энэ жил их хурдан байгаа. Том жижиг нийлсэн зургаан уралдаанд түрүүлсэн. Хамгийн сүүлд хүндэт тэргүүн Ганбаатарын Алтангадас одонгийн мялаалга наадамд түрүүлсэн.
-Таныг их хурдан хонгор морьтой гэж сонссон?
-Олон сайхан хурдан буянгууд байсан. Тэдний нэг нь миний хонгор морь байгаа юм.1986 онд даагандаа аймагт түрүүлээд, шүдлэндээ зургаалж, хязааландаа аман хүзүүдээд, соёолондоо түрүүлсэн.Түүнээс хойш уралдаагүй.  Хонгор морины төрсөн ах нь шүдлэндээ аймагт түрүүлсэн. Ер нь удамтай хурдан адуу л даа.  
-Сонсож байхнээ унаган голдуу адуугаар нааддаг юм даа?
-Тиймээ. Ах нь нэг үе азарга их цуглуулсан. Хөл нь суларчихсан хурдан азаргануудыг авч адууныхаа цусыг сэлбэдэг байлаа. Түүний ачаар манай адуу их сайжирсан шүү. Хүнд өгсөн адуу нүүр улайлгалаа гэж дуулддаггүй. Лхагва гэж хүнд нэг ухаа даага өгсөн юм. Тэр хүн тэрүүгээр азарга тавьж, үр төл нь улс даяар нэр нь цуурайтсан хурдан хүлэг болсон. Та бүхэн анхны “Их хурд”-ын түрүү Жинст хонгор азаргыг манай нутгийн адуу гэдгийг мэдэх байлгүй дээ. Буяндэлгэрийн  “Жинст хонгор” бол манай адууны гурав дахь үеийн төл байгаа юм. Дээд угшил хонгор азарга нь Сүхбаатар чигийн адуу юм гэнэ лээ. 1977 онд туувраар ирсэн адууг би авч байсан юм. 1980 онд тэр хонгор азарганы анхны төл ухаа даага аймгийн наадамд түрүүлж, түүнийг нь Лхагва авч азарга тавьсан. Түүнд нь бор Базарсад зээрд халзан гүү хураалгаж Жинст хонгор гарсан. Аймгийн Алдарт уяач Чимэддоржийн хурдан саарал азарга бол  “Жинст хонгор”-ын эцгийн эцэг хонгор азарганы төл. Саарал азаргыг дааганд 1986 оны хавар найздаа өгч байсан юм. Мөн 1985 онд аймгийнхаа наадамд гурвалсан даагаа би Хэрлэн сумын Ваанчинпүрэв гэж найздаа өгсөн нь их олон түрүүлж айрагдсан. Энэмэтчилэн яриад байвал миний хүнд өгсөн адуу нэр гаргаад л байдаг юм.
-Хүнд өгсөн адуунууд гадагшаа гараад сайн давхиж байгаа юм чинь өөрөө гарч уралдъя гэж боддог уу?
-Цагаан өвсөөр уралдуулж байгаа цөөн хүний нэг нь би. Цагаан өвсний адуу хол явж олон уралдаж чадахгүй шүү дээ. Миний хамгийн хол явж наадсан наадам гэвэл Монголын нууц товчооны 750 жилийн ойн даншиг юм даа. Тэр үед залуу ч байж, Лхагва,  Чимэддорж, С.Жадамба гээд найзуудтайгаа нийлээд нэлээд олуулаа явж байлаа.Тэр наадамд манайхнаас Сүхийн Жадамбын хонгор халзан үрээ дөчин хэдээр орж, МУ-ын Алдарт уяач Б.Хүрлээгийн хар шүдлэн үрээ гурван км хэртэй есөөр явж байгаад жаахан доошлоод орж байсан. Тухайн үедээ тийм олон морь уралдсан тийм том наадам үзээгүй байсан болохоор олон морины давхианд газар доргих шиг болж кино шиг л санагдаж билээ. Тэр даншгаас гадна Сүхбаатар аймгийн 50, 60 жилийн ойн наадмуудад явж байсан. 2002 онд Сүхбаатар аймгийн 60 жилийн ойн наадамд азарга, хязаалан хоёртой очоод 600 азарганаас 39-өөр давхиулж байлаа.
-Дорнодод хоёр ч удаагийн бүсийн уралдаан зохион байгуулагдсан. Оролцож байсан байлгүй?
-Аль алинд нь оролцож чадаагүй. Адуу чинь бас давхихгүй байх үе байна. Эхний удаад нь морьд сайнгүй, хоёр дахь удаад нь хөлөө бэртээчихээд чадаагүй.
-Хүүхдүүд тань аавынхаа уяаны ажилд тусалж байна уу? Алдартын удмыг залгаж уяа эвлүүлэх нь хэн бэ?
-Ах нь хүү охин хоёртой. Хүүгийнх энэ хажууд. Охин маань айлын хүн болоод хол явсан. Хоёр ачийгаа морь уях болов уу гэж горьддог. Одоогоор бага болохоор морио нутгийн сайхан дүү нарт өгч уяулж байна. Ач нар томроод уяна биз дээ.
-Эргэлзэхгүй байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд танд баярлалаа. Эрүүл энх байж, урт насалж удаан жаргаарай.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Өвлийн хүйтэнд тэр холоос ирж бидний сэтгэгдлийг хуваалцаж байгаад. Ингээд моринд дуртай Дорнодынхоо ард түмэнд болон Монголынхоо ард түмэнд удамт хурдан хүлгэдээ сайхан хурдлуулж явахыг ерөөе.

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.9.43.72

    Хайртай аавдаа үр хүүхдүүд ач зээ нараас нь эрүүл энх урт наслаж удаан жаргаарай сайхан бүхнийг хүсье

    Reply