Уяач, хувилгаан Артын мэргэн бандид лам

Санжаадорж
2013 оны 1-р сарын 09 -нд

Сэцэн хан аймгийн Бишрэлтийн хошуу буюу олноо нэршиж заншсан Хардэл жанжин бэйсийн хошууны нутгийн зүүн хэсэг Хан уулаас урд чигт Хөвийн ширээгийн урд үзүүрт нар, сар гэрэлтсэн бор гэртэй Балбар тарвагачных намаржиж байв. Тэр намар орой болсон хойно Жүрмэд “хүлэгчийнх” гэж их баян айл Балбар тарвагачныхаас баруун хойш барааны газарт Булангийн ширээгийн хойд ард гүү барьж унаганы найр хийгээд шөнө орой тарцгаасан байна. Найрны халамцуу хүмүүс “зүүн урд гэрэл гараад байх юм. Балбарынх шатаж байгаа юм биш байгаа гэцгээж” байгаад гэрэл намдахаар тэгсхийгээд өнгөрчээ.
 Маргааш өглөө нь Балбар “урд шөнө эхнэр төрчихлөө. Шөлний хонь хайрла” гэсээр иржээ.Тэр шөнө Балбарын эхнэрээс хүү төрөх үед их гэрэл гарч, холоос харсан хүмүүст гэр нь шатаж байгаа юм шиг харагдсан юм гэдэг. Эрт үеэс хувилгаан төрөхөд их гэрэл гардаг гэсэн яриа өдий хүртэл яригдсаар иржээ. Гэрэл гаргаж төрсөн хүүг нутгийн малчин бүсгүй Бойдын Цагаан-Өвгөний ээж эх барьж Дамбийням гэж нэр өгчээ. Үүнээс хойш Галшарын Цагаан-Өвгөнийхөн Дамбийням хувилгаантай хамаатан садны холбоотой болсон гэдэг.
 Жинхэнэ хувилгаан мөн эсэхийг Богд гэгээнд сунтаг шүүлгэн шийдвэрлүүлэх ёстой аж. /Сунтаг шүүлгэнэ гэдэг нь шалгуулахыг хэлнэ./ Ер нь хувилгаан хүн ямар ч дүрээр төрж болдог. Заавал лам байх ёстой биш гэнэ. Ид шидтэй байдагт л гол учир оршдог. Өөрөөр хэлбэл өмнөх, хойд дүрээ мэддэг, элдэв нүглийг зайлуулдаг, зөн билиг, ид шидийн мэдлэгтэйгээ Богд гэгээтэнд үзүүлдэг журамтай. Богд гэгээнд Дамбийням хүү замаг бууны гол төмрийг хонины хошного шиг чихэж эргүүлж буцааж байранд нь оруулан үзүүлжээ. Ингэж Балбар тарвагачны хүү Дамбийнямыг Богд гэгээн таалж хувилгаанд тодруулан өргөмжилсөн байна.Таван настай Дамбийнямд Цэвэг захирагчийн хонин жороо саарал морийг унуулаад хоёр талаас нь хөтлөөд Хардэлийн хошууны Ганданшадавдаржаалан хийдийн үүдэнд урт цагаан эсгий дэвсэн залж авчирсан гэдэг.  Хүүг хийдэд заларснаас хойш Сүндэв Унзад өдөр ном заан сургах, шөнө өвөртөлж унтах зэргээр энэрэн халамжилж өсгөжээ. Шавь Дамбийнямын шүтээн нь Сүндэв багш, түүний бурхан сахиус байв. Сүндэв Унзадын төрсөн дүүг Галшар сумын дархан Лувсандагва гэдэг. Дархан Лувсандагва гуайнд Сүндэв Унзадын бурхан тахил өвлөгдөн үлдсэн байдаг.
 1962 оны намар хувилгаан ламтны нас 62 хүрч бие чилээрхэх болсон тул Унзад багшийнхаа бурхан тахилын дэргэд дархан Лувсандагвынд байсаар гэрийн нь зүүн хойд хойморт суугаагаараа өөд болжээ. Дархан Лувсандагвынх энэ үед Галшар сумын төвийн зүүн хажууд хүүхдийн овооны энгэрт байв. Сумаас эмч дуудан үзүүлэн эм тариа хийх гэсэнд Хувилгаан Дамбийням тэдэнд “эмчилгээ хийгээд хэрэггүй. Миний дараагийн хүн төрчихөөд нэхээд байгаа юм. Зовохын нэмэр” гэсэн гэдэг. Одоо Их Артын энгэрт байгаа дархан Лувсандагвын Мягмаржавынд бандид ламын багш Сүндэв Унзадын бурхан тахил уламжлагдан үлджээ. Бандид ламын дээл, эмээл, алчуур зэрэг эд зүйлүүд Мягмаржавынд хадгалаастай бий.Галшарынхан Артын мэргэн бандид лам гэж өргөмжлөн шүтэж зураг хөргийг нь тахисаар ирсэн. Тэд Их Артын уулын амьд сахиус гэж итгэдэг. Тиймээс өөр хоорондоо Артын лам бандид гэгээн гэх мэтээр нэрийг нь цээрлэн ярьцгаадаг юм. Бандид лам Их Артын уулан дунд өөрийн сүмийг бариулан тэндээ тахилч лам Гунгааноров,Унзад Норовын Гэндэн гэх мэт цөөхөн ламтай хурал хурдаг байжээ. Артын лам үнэг чоно авладаг. Түүнийг нь буг чөтгөр дарж байгаа юм. Алсан үнэг нь шүрэн соёотой байсан гэнэ гэх мэтчилэн итгэхэд бэрхээр ярих нь бий. Артын мэргэн бандид ламын өмнөх дүр нь гэлэн дүр,түүний өмнөх дүр нь бөгтөр дүр гэж байсан гэнэ.Бөгтөр дүр гэх хувилгаан нь – миний дараагийн дүр олбог элээнэ, түүний дараагийн дүр нь оломцог элээнэ гэж айлдсан гэдэг. Үнэндээ ч “Гэлэн дүр” нь насан эцэстлээ хийдэд суусан лам байсан гэнэ. / Олбог гэж ламын суудаг дэвсгэр. /Дараагийн дүр болох Артын мэргэн бандид лам Дамбийням нь эсэргүү гэгдэн баригдан, зугтаж Өвөрмонгол-Армонголын хооронд оломцогоо цоортол явсан хүн. /Оломцог гэж эмээлийн суудлыг бүрээсийг хэлдэг/
 1939 он төрийн том ноёд, тайж, хутагт хувилгаадыг хувьсгалт нам, засаг ардын дайсан, феодал хэмээн баривчилж буудан цаазалж байсан цаг. Дотоодын хоёр ногоон малгайт Хувилгаан Дамбийнямыг туслагч Алтангэрэлийн хамт баривчлан авч яваад Хэнтий аймагт ойртон харагдах үед улаачийг “аваад очоорой ” гээд түрүүлээд давхин оджээ. Хэрлэн голын модон гүүрний урд ирэх үед баривчилж явсан шийр Чойжамц гэгчийг морин дээрээс нь унаган морийг нь хөтлөн туслахын хамт зугтан буцаад Их Артад иржээ.Тэр хоёр шөнөдөө Их Артдаа ирж айлын гаднаас морь холбож аваад хамт явсан нөхрөө ..........Их Артын уулын ард орхисон газраа авахаар ирэхэд нөгөө нөхрийг нь машины мөр гарч аваад явсан байхаар нь цааш одсон гэдэг. Тэр чигээрээ хил даван Өвөрмонгол руу зугтан оджээ. Жилийн дараа эргэж ирэн ээжтэйгээ уулзан эхнэр Дунгарыг оргуулан авч явсан байна. Бас нэгэн сонин яриа байдаг. Их Арт дахь ламын хийдэд цамын шар ламын эхнэр Өнөр гэдэг авгай аргаль түлээ зөөн, хар бор ажил хийдэг байж. Өргөмөл ганц охинтойгоо хоёулаа болоод бандид ламд “өвгөн маань өнгөрлөө, ядуу дорой манийгаа мэдэж яваарай” гэж айлдахад хувилгаан лам ”хэн ядарсаныгаа мэдэж явъя даа” гэсэн гэдэг. Өнөр хөгшин дотроо ламтан надаар тоглож байгаа юм байхдаа гэж боджээ. Удалгүй Артын мэргэн бандид лам оргож зайлсанаас хойш Өнөр авгай өргөмөл охиноо дагуулан хот орж суурьшжээ. Хувилгаан ламтан маань Өвөрмонголд Ар Халхын Артын мэргэн бандид гэж алдаршин шүтэгдэж явсаар арав гаруй жилийг өнгөрөөжээ. Ар халхын цагийн байдлыг мэдэрсэн хувилгаан маань 1945 онд Армонголдоо ирж өөрийгөө илчлэхэд мөн эх орноосоо урвасан хэмээн 25 жилээр яллан шоронд хорьжээ. Өнөөх Өнөр авгай мэдээ авч улмаар ламыг эргэж нутгийнхан Өнөр хөгшнийд л очдог. Өнөр хөгшнөөр эргэлтийн хонь мал, эд зүйлээ дамжуулан өгүүлдэг болов. Эднийх хувилгаан ламыг эргэдэг буурчийн газар болж хувирсан байна. Бандид лам 10 гаруй жилийн дараа шоронгоос гараад нутагтаа ирсэн хойноо ч Өнөр хөгшнийг байнга харж ханддаг, идэш хоолоор таслаагүй гэдэг. Олон жилийн өмнө “хэн ядарсанаа харж явъя даа” гэсний учир энэ байжээ. Хувилгаан ламын эхнэр Дунгар Өвөрмонголд байхдаа нас барсан байна. Ер нь бандид ламтай сууж байсан, хамт  байсан гэх хүүхнүүд олон байдаг. Өвгөн ноёны ач охин Уртнасан авхайгаас эхлээд Пунцагдулам, Чалхаажав гэх мэт олон хүүхнүүдийг нэрлэдэг. Хувилгаан хүний бие рашааныг хүртэх гэх нь хөгшин залуу хүүхэн болгоны хүсэл байсан болов уу? Угаасаа ан ав, эмс хүүхэн, хурдан моринд дуртай бандид лам хувилгаан Дамбийням анх 1919 онд Сэцэн хан аймгийн наадамд тал хээр гэдэг морио аман хүзүүдүүлж байжээ. Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав “Сэцэн ханы дов өндөр, хэл ам хүрнэ” гээд ирж уралддаггүй байсан гэдэг. Ихэвчлэн хар цагаан хэл амыг даруулж Бандид ламыг авч явдаг байсан байна.
 1911 онд Богд гэгээн Сэцэн хан аймагт залран наадам хийхэд Өвгөн ноён Артын ламтай хамт их уяагаар иржээ. Энэ наадамд Сэцэн ханы монгол туслагчийн улаан азарга түрүүлэн үүний дараа Хардэл бэйсийн эсгэл хээр, номин цэнхэр, зандан хүрэн хоовон саарал, зул шарга азарганууд нь дараагаар завсаргүй орсон байдаг. 1919 онд Хардэл жанжин бэйс өөрөө үлдэн уяагаа Артын ламд даатган явуулсан байна.Сэцэн ханы энэ наадамд Сэцэн хан Навааннэрэнгийн Үүт хээр эмээлтэй түрүүлж бандид ламын жас хээр, Лодойн хээр, Зундуй гавжийн зээрд, алдарт гуулин хээр гэх мэт морьдууд дараагаараа орж айрагдсан байна. Энэ нь Артын мэргэн бандид лам л хар цагаан хэл амыг нь дарж түрүүлгэхгүй байсан юм гэдэг. Хувилгаан Дамбийням нь залуудаа хянган хамартай, шаравтар царайтай, битүү их үстэй, шовх харцтай, бараг инээмсэглэдэггүй хүн байсан гэдэг. Сүүлдээ нас ахисан үедээ нэлээд хөлчүүхэн байдаг болсон гэцгээдэг юм билээ.
 Жар гаруй насандаа шоронгоос гарсан хувилгаан Дамбийням 10 хүрэхгүй жил наслахдаа морь хурдлуулан наргисаар өнгөрөөжээ. 1957 онд улсын наадамд бор даага түрүүлгэж,1961 онд бор азарга гуравт хурдлуулж,1958 онд Хэнтий аймгийн наадамд их насны хээр морь, бор шүдлэн, цавьдар даага түрүүлгэн гурван түрүүг авсан нь урьд өмнө Хэнтий аймгийн наадамд байгаагүй амжилт байлаа.
 Эрдэмт уяач, шидэт хувилгаан Артын мэргэн бандид ламаа дээдэлсэн сүсэгтэн түмэн Их Артын хийдийн тууринд суварга босгон шарил юугий нь бунхлан мөнхөлж сүслэн биширсээр авай.     

 Намсрайцэрэнгийн  Санжаадорж   2005 он.       


 

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.