2012 оны шилдэг уяач Т.Батзориг: Унаган адуу анх удаа улс бүсийн чанартай наадамд түрүүлэх нь эр хүнийг огшоодог юм билээ

Тэлмэн
2013 оны 1-р сарын 04 -нд

Дорнодын их тал нутгаас тодорсон энэ цагийн шилдэг уяачийн нэг бол  Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзориг юм. Гийнгоон дуу хадаан хурдан хүлгийн нуруун дээр дарцаглах үеийнхнээ харж битүүхэн санаа алддаг байсан өсгөлүүн биетэй  шар хүүг хожмоо Монгол төрийн наадмыг чимэх чансаа өндөр  уяачийн нэг болно чинээ зүүдлээгүй байсан бизээ.
Адуунд хорхойтой багын зандаа хөтлөгдөн 1990-ээд оны эхэн үеэс хурдан морины уяа эвлүүлэх болсон бөгөөд өөрийн бодол өөртөө зөв гэх зарчмаар уяж, өдөр шөнөгүй нухасны хүчинд гурван жилийн дараа сумын наадмаас анхны айргаа авах нь тэр. 1995 оны Цагаан-Овоо сумын наадам Т.Батзоригийн дурсамжит наадмуудын нэг. Учир нь ирээдүйн Алдарт тэр наадамд өөрийн унаган адууг айрагдуулсан билээ.
Унаган адууны амжилтанд урамшсан Т.Батзориг морь уях төрийн их хэрэгт уйгагүй шамдсаар 11 жилийн дараа буюу 2006 онд төрийн зарлигт наадмаас анхны хишгээ хүртсэн аж. Магнай тэнийн баярласан тэр наадам бол Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой буюу төвийн бүсийн даншиг наадам байлаа.  Тэр наадамд айргийн дөрвөөр хурдалсан хүрэн хязаалан, хэдхэн хоногийн дараа Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд болсон бүсийн наадамд амжилтаа ахиулан аман хүзүүнд хурдалж байсан билээ. Хүрэн үрээ Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын уугуул Л.Нэргүйн  адуу бөгөөд Т.Батзориг уяач уяаг нь тааруулсан нь энэ юм.
Мөн Архангай аймгийн Батцэнгэл сумнаа зохиогдсон “Тамирын хурд” бүсийн наадамд Т.Батзоригийн унаган бор шүдлэн нь зургаад хурдалж байсныг морь сонирхогч та бүхэн санаж буй бизээ. Айраг амсах хувь дутсан бор үрээ дараа жил нь “Боржигон -2007” бүсийн наадамд түрүүлж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж байлаа.
Нохой жил нээгдсэн Т.Батзориг уяачийн өм удаах онуудад улам бүр арвижин Нэргүйбаатарын саарал даага  2008 оны төрийн наадамд эрлийз үрээнүүдтэй эн тэнцүү уралдаж, хэдхэн хоногийн дараа болсон төрийн тахилгат Алтан-Овооны наадамд аман хүзүүдэн, уяачийнхаа чансааг илтгэсэн билээ. Тэр наадамд айргийн тавд хурдалсан Н.Хүрлээгийн хүрэн халзан азарганы уяаг Т.Батзориг мөн тааруулаад байв. Энэ цагийн хурдан буянгуудын нэг Н.Хүрлээгийн хүрэн халзан азарга тэр жилээ Булган аймгийн 70 жилийн ойд айргийн таваар хурдалж, 2009 оны “Дүнжингаравын хурд”-д гуравлан, Сэлэнгийн бүсийн наадамд дөрвөлсөнийг уншигчид санаж буй биз. 2009 он Т.Батзоригийн хувьд амжилтаар дүүрэн байсан бөгөөд улсын наадамд Мөнхбатын бор даага аман хүзүүдэн, Энхболдын хүрэн халзан шүдлэн тавлаж, Дорнодод болсон зүүн бүсийн уралдаанд Нэргүйбаатарын саарал шүдлэн тавлан Төмөрбарсын саарал шүдлэн дөрвөлж, Г.Мөнхсайханы хээр даага аман хүзүүдэн, Мөнхбатын бор даага /улсад аман хүзүүдсэн/ дөрвөлсөн билээ. Ийнхүү 2009 оныг одтой хийморьтой үдсэн Т.Батзориг уяач 2010 оны Эрдэнэтийн бүсийн наадамд бор шүдлэн /Мөнхбатын/ гуравлуулсан бол 2011 он гарсаар 1000 долларын бооцоот “Ирээдүйн түмэн эх” уралдаанд халтар даагаа түрүүлгэж, улсын наадамд хүрэн даагаа / Энхболдын/ дөрөвлүүлэн, Архангай аймгийн Тоглохын талд болсон “Тамирын хурд-3” бүсийн наадамд хул шүдлэнгээ /Мөнхсайханы/ аман хүзүүнд хурдлуулсан билээ.
Харин 2012 онд Т.Батзориг уяач бүсийн наадмын хоёр  түрүү, дөрвөн айраг хүртэн шилдэг есөн уяачийн дөрөвдүгээрт эрэмбэлэгдлээ. Ингээд түүнтэй уулзаж хөөрөлдсөнөө хүргэж байна.
 -Оны шилдэг уяачид нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-Баярлалаа. “Тод магнай” сайтаараа дамжуулаад монголынхоо нийт ард түмэнд шинэ оны мэнд хүргээд, гарч буй 2013 онд та бүхний уясан хүлэг хурдан байхыг ерөөе. 2012 онд гаргасан амжилтаараа шилдэг есөн уяачийн дөрөвдүгээрт шалгарлаа. Хийснээ үнэлүүлэх сайхан байлгүй яахав. Баяртай байна.
-Хаврын бүсийн уралдаанд Батзориг уяач их сайхан наадсан. Гараа сайн бол бариа сайн гэж аргагүй үнэн юмаа?
-Өндөр бооцоот уралдаанд Мөнхсайханы халтар азарга зургаалаад, “Дүнжингаравын хурд”-д Шагай хул арав гаргаж давхисан. Дүнжингаравт манайхаас цөөн адуу мордсон л доо. Тэгээд дараа нь Өмнөговьд аймагт болсон хаврын бүсийн уралдаанд Мөнхсайханы халтар азарга түрүүлж, Шагай хул тавлан, бас нэг хээр соёолон дөрвөлсөн.
-Эрдэнэбулганы нэр дээр үү?
-Тийм.
-Халтар азарга танай нутгийн адуу гэдэг билүү?
-Тиймээ, манай Дорнод аймгийн Цагаан-Уул сумын Төмөр гэж хүний унаган адуу байгаа юм. Соёолондоо нутагтаа болсон өвлийн наадамд түрүүлээд байхад нь авсан юм. Тулгаа гэдэг залуу уядаг байсан юм билээ. Тэр жилээ улсын наадамд ирж уралдсан ч төдийлөн амжилт гаргаагүй.
-2011 онд гэсэн үг үү?
-Тиймээ. Харин 2012 онд бараг уралдсан болгондоо орсон. Дүнжингаравын өмнө бооцоот уралдаанд зургаалаад, Өмнөговийн бүсэд түрүүлсэн. Харин улсын наадмаар Цагаан хөтөл дээгүүр гурав, дөрвөөр гарч ирээд хадуурчихсан. Түүнээс хойш уралдуулаагүй ээ. Халтар азарга ер нь удамтай адуу. Цаашдаа олон сайхан уралдааныг үзүүлэх байх. Эцэг нь сумынхаа наадамд айрагдаж байсан бас ч үгүй хурдан адуу юм билээ. Манай тэр хавьд гайгүй давхиж байгаа адуу гадагшаа гараад үнэлэгддэг юм.
-Нээрэн анзаараад байсан та чинь дандаа нутаг адуугаар нааддаг юм байна. Шагай хул бас Цагаан-Уулынх байхаа?
-Тийм ээ, Балжирын Түмэнжаргал гэж хүний унаган адуу. 2010 онд аймгийн өвлийн наадамд хавчиг азарга аман хүзүүдээд байхад нь авсан. Тэр зунаа улсын наадамд 16-аар давхиад, “Их хурд”-д арав гаргаж ирсэн. Дараа жил нь буюу 2011 оны өвөл нь 1,5 саяын бооцоот уралдаанд тавлаад, “Нүүрэнтэйн хурд”-д хальтирч унаад уралдаж чадаагүй. Тэр зундаа нь уягдалүй өнжөөд Өмнөговийн бүсэд тавлаж байгаа нь тэр.
-Улсын наадамд мордсон уу?
-Мордуулаагүй ээ. Бүсийн уралдаануудад ч уралдуулаагүй.
-Голдуу хаврын уралдаануудад уралдуулаад байна уу?
-Адууныхаа байдлаас л шалтгаална. Уяа нь зөв бол манай хоёр азарга өвөл зунгүй уралдана л даа.
-Азаргануудаа өнжөөсөн ч гэсэн төрийнхөө их баяр наадамд шүдлэн үрээ түрүүлгэсэн. Хүрэн үрээ хоёр жил дараалаад улсад орчихож байгаа билүү?
-Тиймээ. 2011 онд даагандаа улсын наадамд дөрөвлөөд, энэ жил шүдлэндээ түрүүлж байгаа юм. Ж.Энхболдын нэртэй бас нэг хүрэн халзан шүдлэн 2009 онд улсын наадамд тавлаж байсан. Улсын наадмын эрлийз дээд насны ангилалд Г.Мөнхсайханы хээр азарга гуравт ороод, бүсийн наадамд аман хүзүүдсэн.
-“Дорнын унага” галынхан дор бүрнээ амжилттай наадсан юм биш үү?
-Тэгсэн байх шүү. “Дүнжингаравын хурд”-д Б.Цэндбаатарын уясан Улс халзан азарга тавлаж, эрлийз дээд насны ангилалд нь Бандгаагийн уясан Г.Тэмүүлэнгийн зээрд халзан азарга тавласан. Зээрд халзан азарга дараа нь бас Өмнөговийн бүсэд очиж дөрөвлөсөн.  Улсын наадамд Улс халзан азарга түрүүлээд, бор морь тавлаад, эрлийз дээд насанд Тэмүүлэнгийн хар түрүүлээд, Мөнхсайханы хээр азарга гуравт орсон. Түүний дараагаар төвийн бүсийн уралдааны эрлийз дээд насны ангилалд хээр азарга аман хүзүүдэн, Яруу саарал гурвалж, Бандгаагийн хул даага таваар давхисан. Төв аймгийн засаг дарга байсан Энхбатын нэр дээр мордсон. Тулгамдаад мартсан байж магадгүй шүү.
-“Дорнын унага” гал уяанд ямар ямар хүмүүс харьяалагдаад байна вэ?
-“Дорнын унага” гал үндсэн гурван уяачтай. Бандгаа, Цэндбаатар, тэгээд би. Гишүүд гэвэл Хүрлээ, Мөнхсайхан, Тэмүүлэн, Мөнхбат (том), Галбадрах Нэргүйбаатар, Энхболд гээд нэлээд хэдэн хүн бий. Нээрэн бодоод байсан манайхнаас улс бүсийн наадамд морь оруулаагүй хүн байхгүй  юм байна. Анх  2008 онд сэтгэл санаа нэгдсэн бидний хэдэн нөхөд гал уяа байгуулж байлаа. Түүнээс хойш манай галынхан ямар ч наадмуудад сайхан л наадчихаад байна.
-Дорноддоо уяа сойлгоо тааруулаад байна уу?
-Тийм. Тэндээ тааруулчихаад наадам дөхүүлээд ирдэг. Сүүлийн хоёр жил замдаа Хэнтий аймгийн наахна буугаад, дунд сунгаагаа хийчихээд байгаа.
 -“Дорнын унага” галынхан үржил селекцийн тал дээр нэлээд анхаарал хандуулдаг. Түүнийхээ үр шимийг хүртэж эрлийз ангиллын адуу аль ч насанд амжилт гаргаж байна?
-Хурдан морь мэргэших хандлага руу нэгэнт орж, өрсөлдөөн өдөр ирэх тусам ширүүсч байна. Тэр утгаараа уяачид адуугаа сайжруулах тал дээр дор бүрнээ хичээл зүтгэл гаргаж байгаа. Манай хамт олон тэдний л нэг хэсэг. Манай галынхны  шинэ монгол адуу буюу бидний хэлж заншсанаар эрлийз адуу сүүлийн жилүүдэд амжилттай сайн уралдаж байгаа. Бандгаагийн ногоон үрээ, Тэмүүлэнгийн Дөлгөөн хар гээд та бүхэн надаар хэлүүлтгүй мэдэж байгаа шүү дээ. Галынхан маань үржил селекцийн тал дээр анхаарал хандуулан сүүлд ч гэсэн хэд хэдэн азарга авчирсан.
-АНУ-аас онгоцоор ирсэн үү?
-Тийм, тэр адуунуудаас чинь хоёр азарга нь манайд бий. Мөн ОХУ-аас авчирсан  гээд ер нь үржлийн 8-9 цэвэр азарга бий.  Манай дээр 500-гаад адуу байдгийн 300 гаруй нь гүү.
-Тэгвэл жилдээ их олон төл авдаг юм байна?
-Байгаль цаг агаар гайгүй бол чамлахааргүй ээ.
-Олон эрлийз адуу маллах амаргүй биз?
-Нэгдүгээр үеийн эрлийз адууг бэлчээрийн нөхцөлд маллахад мэдээж амар биш. Монгол адууг бодвол тэсвэр муутай. Олон эрлийз даагатай бол өвс тэжээлээс эхлээд зардал ихтэй. Гэхдээ шүдлэнгээсээ хойш ажирдаггүй юмаа. Монгол талынх нь нөлөө бас байх шиг байгаа юм. 2010 онд манай нутагт зуд болж, олон даага адуундаа өвөлжсөн. Тэглээ гээд монгол адуунаас түрүүлж үхээгүй, жаахан ядрах маягтай л орчихдог юм билээ. Эрлийздүүхэн гүү цэвэр азарга хоёрын төл бол хэврэгдүү талдаа байж магадгүй. Тиймээс гарсан төлийг нь нутгийн монгол адуутайгаа нийлүүлчихээр арай томируу, тэгсэн хэрнээ гоёмсог бас хурдтай адуу гараад байх шиг санагдаад байгаа.
-Танай нутгийн адуу тийм ч давжаа биш. Ер нь Дорнодын адуу монгол адуундаа бие томируунд орох байх шүү?
-Манай Цагаан-Овоо, Баян-Уул сумд ОХУ-ын хилээс 120-130 километрт байдаг. Газар нутгийн давуу талаа ашиглаад манай хөгшчүүл ганц үрээ нааш цааш нь болгож нутгийн адууны цусыг сэлбэж байсан гэдэг юм. Нээрэн ч манай адуу арай л өөр шүү. Зах цух нь гэвэл Мөнхсайханы халтар, миний Шагай хул, Галбадрахын ногоон соёолон байна. Дээхэн үедээ манайхан энд тэнд очиж уралддаггүй л байсан болохоос биш явсан бол юм дуулгах л байсан. Манай авга ах МУ-ын Алдарт уяач Даш гэж өвгөн байсан. Түүний хонгор халзан азарга 11 жил уралдахдаа ес түрүүлж, хоёр айрагдаж байсан гэдэг юм. Тэрний үр удам нутгийн адуунд дуртай хөгшчүүлийн цуглуулж үржүүлсэн угшил удамтай адуунууд цөөнгүй. Одоо залуучууд нь шинэ монгол адуугаар цус сэлбэчихээр бүр илүү сайжирч байгаа байх.  Нэг жишээ дурдъя л даа. Бид жил бүрийн хавар аймгийнхаа хойд сумдыг хамарсан доод гурван насны морьдын уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Тэр уралдаанд Тугал ухаа хязааландаа аман хүзүүдээд тэр жилээ улсын наадамд түрүүлж байлаа. Галбадрахын ногоон бас хязааландаа манай наадамд түрүүлээд, улсын наадамд зургаалж, дараа жил соёолон айрагдаж байсан. Мөн Ж.Энхболд ахын хүрэн үрээ шүдлэндээ энд гуравт ороод, зун нь улсын наадамд айрагдсан. Ер нь манай тэр уралдаанаас олон адуу улс бүсийн наадамд орсон.
-Улсын бүсийн наадамд айрагдаж байсан Галбадрахын ногоон үрээ танай нутгийн адуу юм уу?
-Тийм. Би ер нь нутаг адуугаар голдуу нааддаг. 2009 онд улсад аман хүзүүдсэн Мөнхбатын бор, даагандаа зүүн бүсэд аман хүзүүдэж, энэ жил улсад гурвалсан хээр азарганаас бусад улс бүсэд айрагдаж түрүүлсэн морьдын ихэнх нь Дорнодын адуу.
-Адуутай нөхөрлөөд 20 гаруй жилийн нүүр үзэж байгаа гэсэн. Таныг уяач болоход Даш авгын нөлөө их байсан байх?
-Байлгүй яахав ээ, байсан байх. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж багын л адуунд дуртай. Морь харахаараа гүйгээд оччихдог, дэл сүүлийг нь боож тоглодог дэггүй хүүхэд байсан. Том биетэй байсан болохоор бусад шиг олон жил хурдан морь унаагүй. Мориноос хасагдчихаад өөрөө морь уяж айлын хүүхэд гуйж байгаад унуулдаг байлаа. /инээв/
-Сурагч хүүгийн уясан морь тэгээд яаж давхихав?
-Нэг их дээгүүр давхиагүй санагдана. Гэсэн хэдий ч шантралгүй уясаар байгаад эхлээд сумандаа, дараа нь аймагтаа, тэгээд улсад нааддаг болсон доо. 2000 оны үеэс аймгийнхаа наадмаас айраг түрүү авч эхлээд л тэрэндээ урамшаад бүсийн наадамд уралддаг болсон. Тэгээд 2006 онд буюу Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Цэндбаатарынхаа хамт улсын наадмыг зорьж ирж байлаа. Анхны жил шүдлэн үрээ аравлаад, хязаалан үрээ есөлсөн. Тэндээсээ Эрдэнэтийн 30 жилийн ой, төвийн бүсийн наадамд очиж, хязаалангаа гуравлуулж, Хэнтий аймгийн Дэлгэрхаанд болсон даншиг наадамд Эрдэнэтэд айрагдсан хязаалан үрээгээ аман хүзүүнд хурдлуулж байлаа.
-Түүнээс хойш ер нь айраг түрүү тасраагүй байх шүү?
-2007 онд Боржигон зүүн бүсийн наадамд бор хязаалангаа түрүүлгэж, 2008 оны улсын наадамд Нэргүйбаатарын саарал даагыг дөрөвлүүлж, төрийн наадмын анхныхаа айргийг хүртэж байлаа. Тухайн үед эрлийзүүдтэй уралдсан ганц монгол даага  гээд л шуугиж байсан. Дараа нь Алтан-Овооны даншигт Хүрлээгийн халзан азарга тавлаж, Нэргүйбаатарын саарал даага аман хүзүүдсэн. Тэрнээс хойш улсын наадамд жил өнжилгүй ирж уралдаж байна. 2009 онд шүдлэн тавлаад, даага аман хүзүүдсэн.
-Уясан адуу түрүүлж айрагдан, урам нэмсэн наадмуудаас аль нь сэтгэлд хоногшсон бэ?
-Уяач хүнд ямар ч наадам байсан уясан морь нь сайхан давхиж амжилт гаргаж байвал сайхан санагддаг. Овооны наадмыг ч бага гэж чамлалгүй хүүхэд, морио сайхан үгээр мялаан урамшуулах нь дараа дараагийн наадмын амжилт болдог гэж би хувьдаа боддог. Олон сайхан наадмуудаас хамгийн ихээр сэтгэлд хоногшсон нь 2007 оны Боржигоны хурд юмуу даа. Холоос зорьж очоод хязаалан үрээ маань түрүүлэхэд үнэхээр их баярласан. Нөгөө дээлэндээ багтахгүй баярлана гэдэг нь болсон байх. Унаган адуу анх удаа улс бүсийн чанартай наадамд түрүүлэх адуунд дуртай эр хүнийг огшоодог юм билээ. /инээв/
-Тэр ч тийм шүү. Тань шиг баяр бахдал омогшлыг мэдэрмээр байгаа залуустаа юуг сургамжлах вэ?
-Адуугаа хайрлаж, зорилгодоо тууштай бай л гэж захих байна даа.
-Алтны дэргэдэх гууль шарлана гэдэгчлэн хүүхдүүд тань уяаны эрдэмд  шамдаж байна уу?
-Манайх нэг хүү, хоёр охинтой. Охид маань зуныхаа амралтаар ээждээ туслаад наадам дагаад явчихдаг. Ганц хүү маань адуунд дуртай. Таван настайгаасаа эхэлж морь унасан. Одоо 17-18 хүрсэн том залуу бий. Туслах уяач хийгээд гар хөлийн үзүүрт зарагдаад л явж байна.
-Алдартынх энэ жил хичнээн адуу тэжээж байгаа вэ?
-Даага, сарваа, өвөл уралдах үрээ, морьд, цэвэр цусны азарга нийлээд 100 гаруй адуу тэжээгдэж байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч, манай редакцид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг өнө мөнхөд ивээж болтугай.
-Баярлалаа. Мориныхны тухай сайн сайхан мэдээллийг түгээж байдаг “Тод магнай” сэтгүүл, сайтын хамт олондоо ажлын амжилт хүсье.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна