Өлзий тайжийн шарга

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 25 -нд

Энэ зууны эхэн үед Засагт Хан аймгийн Засаг хааны хошуунд /Одоогийн Говь Алтай аймгийн халиун Баян сум/ нутаг усандаа хүндтэй олон сайхан адуутай Өлзий-Баяр тайж гэж байжээ. Тайжийн адуунаас жороо шарга морь нутаг орчиндоо жороогоороо ихэд шагшигдсан бие том, согоо чихтэй, галбир сайхантай адуу юмсанжээ. Энэ үед шаргыг худалдаа эрхэлдэг Даашинхүүгийн пүүсийн данжаад хошуу ноёдтой хувилдан Өлзий тайжид төлбөр ноогдуулан, төлөөсөнд нь жороо шарга морийг нь тулгасанд тайж өврөө уудлан даалингаасаа үлэмж мөнгөн зоос гаргаж чулуудаад “шунахай илжгэнд өгч тамлуулснаас Хар азарганы нурууны долоон хөх чононд өгсөн нь дээр” гэж хэлээд жороолуулж одсон гэдэг. Хойтон жил нь домогт хар азарганы нуруун дахь Чингисийн морины туурайн мөр, уяаны чулуу бүхий газарт Өлзий гуай жороо шаргыг нутгийн өнөө цуут долоон чоно барьж идсэнийг үзэхдээ тайж гуай огт харамсаагүй гэдэг.
XIX зууны сүүлч, XX зууны эхээр аймаг, хошууны наадамд хэд хэд түрүүлсэн жороо шаргадаа Өлзийбаяр тайж сайхан мөнгөн хазаар хүндээс гадна том учир жороо шаргын удмынхнаас бусад хүлэгт таардаггүй байсан аж. Өлзий тайжийн хүү Батжаргал мөн сайхан жороо морьдтойгоос гадна сайн харваач учир дайчин мэргэн цол хүртэж, жороо шаргын минь удам тасраагүй шүү хэмээн гоё эмээл хазаартай сайхан хүлгээр холбилзуулж явдаг байсан ажээ.

Д.Эрдэнэхуяг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна