Ж.Мөнхбат аваргатай таарч, хөлийг нь аваад хөөрхөн сандаргаж явлаа
Манай сэтгүүлчдийн баг Өмнөговь аймгийн Ханбогдчуудын хоёр түмэн тэмээний баярыг сурвалжлаад ирсэн билээ. Өнгөрсөн сарын 29-нд болсон тус баярын тухай сурвалжлагаа хүргээд байсан бол энэ удаад Ханбогдынхонтой ярилцсанаа хүргэж байна. Бид тус баярын үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Ямпилын Шанжмятавтай уулзаж цөөн хором ярилцсан юм. Ханбогд сумын “Зууны манлай бөх” тэрээр аймгийн хурц арслан цолтой юм билээ. Аймагтаа хоёр түрүүлж, гурав үзүүрлэсэн амжилтын эзэн “Зууны манлай”-н яриаг уншигч танаа хүргэж байна.
-Та сайхан өвөлжиж байна уу? Нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-Сайхан өвөлжиж байна. Та бүхэн сайн явж байна уу. Өвлийн хүйтнийг ажралгүй замын уртыг туулан ирж, яриа өрнүүлж суугаад баярлалаа. Би нас сүүдэр 70 дөхөж байна. Улс, олон нийтийн байгууллагад 50 гаруй хөдөлмөрлөөд, гавьяаныхаа амралтанд гарсан. Одоо гэр зуураа л байна даа.
-Таныг аймгийн хурц арслан цолтой бөх гэж байсан?
-Тийм ээ, Өмнөговь аймгийн хурц арслан цолтой. Аймагтаа 2 түрүүлж, 3 үзүүрлэж, шөвгийн 4-т нэг удаа үлдэж байсан. Гэхдээ олон жил барилдаж байгаа бөхчүүдтэй харьцуулахад цөөхөн жил зодоглосон доо. Дээхэн үед тэгш тоотой жил нь сумд, сондгой тоотой жил нь аймаг наадмаа хийдэг байлаа. Би сондгой тоотой жилүүдэд аймгийнхаа наадамд арваад жил барилдсан. Хэрвээ жил бүр хийдэг байсан бол үүнээсээ илүү амжилт гаргах байсан болов уу гэж боддог юм. 1978 оноос хойш л манай аймаг жил болгон наадам хийдэг боллоо шүү дээ.
Миний хувьд Ханбогд сумын бөхчүүдээс энэ зууны аймгийн арслан цолтой нэг бөх нь байгаа юм. Тиймдээ ч сумаас “Зууны манлай бөх” болгосон.
-Хэдэн оны аймгийн наадамд анх зодоглож байв? Амжилтынхаа товчооноос ярьж өгөөч.
-Анх 1965 онд 21 настайдаа аймгийнхаа наадамд барилдаж, тав давж начин болж байлаа.Үүнээс дөрвөн жилийн дараа үзүүрлэж заан, 1970 онд энэ амжилтаа бататгасан. Харин 1971 онд Өмнөговь аймгийнхаа 40 жилийн ойн баяр наадамд МУ-ын начин Ламаажавд өвдөг шороодон үзүүрлэж, хоёр жилийн дараа дахин үзүүр түрүүнд үлдэж байлаа. Ингээд 1975 онд шөвгийн дөрөвт үлдэж, 1977 онд аймагтаа түрүүлснээс хойш дахин зүлэг ногоон дэвжээнээ гараагүй. Үндсэндээ чөлөөнд гарсан гэх үү дээ. /инээв/
-Тийм эрт зодог тайлсан хэрэг үү?
-Харин тийм ээ. Залуу насны ааг омгоор арваад жил сайхан барилдлаа. Одоо боллоо л гэж бодсон юм. Өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй л дээ.
-Улсын наадамд зодоглож байв уу?
-28 настайдаа анх улсын наадамд зодоглохоор нутгаасаа гарч байлаа. Улсын наадмын дов гэдэг бас л амаргүй юм билээ. Гурав даваад, дөрвийн даваанд Бээжин аваргад өвдөг шороодсон. Монгол бөхийн домог болсон өнөө л том том бөхчүүдийг нэг дороос харж, мөр зэрэгцэн зодоглоно гэдэг бахархалтай сайхан байсан. Түүнээс хойш дахин улсын наадмыг зүглээгүй ээ. Анхны бөгөөд сүүлийн чансаа өндөр барилдаан байсан юм. Тэгэхэд одоо шиг олон барилдаан болдоггүй байлаа. Одоо үндэсний бөх мэргэжлийн талдаа болоод байна шүү дээ. Залуучууд ч цолтой, цолгүй ялгаагүй сайн барилддаг болж.
-Таныг барилдаж байхад Өмнөговийн аймгийн дэвжээг чимсэн ямар ямар чансаатай бөхчүүд байв?
-Манай говийн Дэмүүл арслан, Ламаажав харцага, морин Пүрэвээ, Шоовдор начин нарын цуутай бөхчүүд бий. Эндээс миний үеийн гэвэл аймгийн арслан Бямбаа, Ваанчиг нарыг нэрлэх байна. Бямбаа бид хоёр аймгийн наадамд гурван удаа таарч, би хоёр үзүүрлэж, нэг давж байсан юм. Ер нь миний үеийн хэдэн сайхан арслангуудаас манай морин Пүрэв улсын цолонд нэлээд дөхсөн. Бас улсын начин Төмөрбаатар байна. Энэ мэт нэрлэж болох юм. Гэхдээ одоог бодвол бидний үед цолонд хүрэх амаргүй үе байлаа.
-Тэр үеийн бөхчүүд бэлтгэлдээ цаг гаргаж амждаг байв уу?
-Миний хувьд бэлтгэл хийж байгаагүй. Би чинь төрийн албанд насаараа ажилласан хүн. Цагдаад байхад өглөө жижүүрээс буугаад л наадмын талбай руу алхах жишээний. Харин 1972 онд улсын наадамд барилдахдаа хэрэг болгож, Сонгинын амралтанд долоо хоног бэлтгэл хийж байлаа. Дэмүүл арслан намайг их дэмжинээ. Тиймдээ намайг дагуулж улсын наадамд авч явж байгаа нь тэр. Дээхэн ажлын цаг хатуу байлаа. Улсын наадамд яваад барилдчихъя гэхээр чөлөө олдохгүй нэг зовлон бий. Явах бол ээлжийн амралтаа аваад яв л гэнэ. Ээлжийн амралт авчихаар ар гэр маань яах билээ. Тухайн үед манай аавын бие тааруу байсан болохоор амралтын хэдэн өдрөө аавынхаа дэргэд өнгөрөөдөг байсан юм. Тийм болохоор ээлжийн амралтын хэдэн өдрүүд их “үнэтэй” байсан. Наадамд явж байхаар муу аавдаа хэд хоног харагдъя даа гэж боддог байлаа. Хэрвээ чөлөө өгөөд явуулдаг байсан бол амжилт гаргаад сүйд болохгүй ч бөхчүүдтэй сайхан нөхөрлөх байсан байх даа гэж боддог.
Манай Өмнөговьд Даян аварга Цэрэн, Мөнхбат аварга, улсын заан Эрдэнэ-Очир нарын улсын цолтнууд ирж барилдаж байсан. Нэг удаа Мөнхбат аваргатай таарч, хөлийг нь аваад бас л хөөрхөн сандаргаж явлаа. Магадгүй надаас өөр хүн байсан бол унагачих байсан болов уу. Би чинь бие багатай болохоор тэр мундаг хүнийг ачаад бараагүй юм. Үзэгчид шуугиад л, би хэрэндээ унагачих гэж мэрийгээд л, Мөнхбат аварга өрөөсөн хөл дээрээ дэгээд л. Гэхдээ хүчтэй хүн гэдэг аргагүй л өөр юм билээ. Миний элэг бүс жаахан тааруухан байсан юм байлгүй дээ. Тэгсгээд тасарч, “амь мултарч” байлаа. Тэгээгүй бол би өөрөө бас эвгүйтэх байх байсан шүү. /инээв/
-Дэмүүл арслантай олон удаа учраа таарч байв уу?
-Олон удаа таарч байсан ч унагаж үзээгүй. Дэмүүл арслан 16-р баазад жолооч болохоор хөдөө гадаа их явна. Харин би суурин ажилтай. Гэхдээ хаа нэг барилдаанаар таарахад сэтгэл харамгүй зааж зөвлөнө. Энэ бөхтэй бол ингэж барилд гээд л хэлнэ. Зааснаар нь барилдаад нэг бол давна, үгүй бол нэлээн ядраана. Заримдаа хэлснийг нь хийхгүй байж байгаад уначихаар зодох шахуу юм болно. /инээв/ Ер нь барилдааны арга техникээр үнэхээр агуу хүн байсан шүү. Хэзээ билээ дээ. Манай нутагт Сугир начин ирж, Дэмүүл арслантай таараад барилдсан юм. Тэгэхэд арслан өвдөг шороодчихсон. Дараа нь би начинтай таартал Дэмүүл арслан “наадах чинь хамаг юмаа барсан, хурдан хая” гэх нь тэр. Үүнийг сонссон начин босоо бусгаад чулуудчихаж билээ.
-Бөхчүүд ихэвчлэн удамтай хүмүүс байдаг. Танай удамд бөхчүүд байдаг уу?
-Тийм шүү. Манай нагац ах Банзрагч гэж их тэнхээтэй, барилддаг хүн байлаа. Нутгийнхан ноорог Банзрагч гэж авгайлдаг юм. Яахав ноцолдсоор дээлний хоёр ханцуй нь байнга салбайчихсан явдаг байсан болохоор тэр л дээ. Нэг удаа ах сумын клуб барихад урд сайраас нэг том чулуу өргөж авчирсан ч “хундааманд” багтаагүй гэдэг. Одоо тэр чулуу сумын музейн өмнө бий. Миний хувьд ууц нуруу, цээжиндээ жаахан бяртай. Ямар ч байсан 200 кг юм өргөчихөөд байдаг юм. Саяхандаа 50 шахаж байхдаа нэг мөрөн дээрээ 25 кг шуудайтай гурил долоог өргөөд л явчихдаг байсан. Эндээс харахад ахын юм байх шиг байгаа юм. Даанч сүүлийн үед тав кг-аас дээш жинтэй юм өргөж, хэт их сэтгэлийн хөөрөлд автаж болохгүй гэж эмч зөвлөсөн.
-“Зууны манлай”-н Дархан мэхийг сонирхож болох уу?
-Би чинь бөхчүүд дундаа Тонгоон цагаан нэртэй хүн. Энэ нэрэндээ ч дуртай. Манай аймагт Даян аварга Цэрэнг ирж барилдахад хоёр ч удаа хаяж байлаа. Хожим нь аварга Өмнөговийн Тонгоон цагаанд хоёр удаа ойччихлоо гэж ярьсан гэдэг. Манайхан миний шуудганд хүрдэггүй байсан.
-Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн барилдааны тухай ярьж өгөөч?
-Мэдээж зодоглосон наадам бүхэн сайхан дурсамж үлдээсэн байна. Үүнээс онцлоход 1969 онд би аймгийн заан цол хүртсэн юм. Тэр жил аймгийн наадмаас хойно нэгдэлжих хөдөлгөөн ялсаны 20 жилийн ой манай суманд боллоо. Энэ наадмаар хүний эмчээр ажиллаж байсан аймгийн начин Нямаатай үзүүр түрүүнд үлдлээ. Тэгэхэд дотроо бас л эргэлзэж байлаа. Бид олон удаа таарч байсан ч нэг ч удаа түрүү өгч байгаагүй юм. Нямаагаа дандаа л унагаад байх хэцүү санагдаж байсан ч аймгийн заан цолыг аваад удаагүй болохоор батлах хэрэгтэй байдаг.
-Тэгээд түрүүгээ өгсөн үү?
-Үгүй ээ, би анх сумын наадамд барилдаж байхдаа нэг хүүд тахимаа өгчихсөн юм. Тэгсэн нагац ах маань “бөхийн хийморь унагалаа” гээд зөндөө их уурласан. Түүнээс хойш аймгийн наадамд хоёр ч жил үзүүрлэчихсэн. Өөртөө итгэлтэй байсан хэрнээ л ялихгүй юмнаас унаад байсан болохоор нагацын үг оройд орох шиг санагдаж билээ. Ер нь бөх хүн биенээ хайрлаж, өөрийгөө зөв үнэлэх ёстой. Манай зарим залуус уначихаад тахимаа өгөхгүйгээс эхлээд таагүй юм мэр сэр гаргаж байгаа харагдаад л байдаг юм. Цол дагаж бяр гэдэг дээ. Би арслан болчихоод цолгүй бөх, начин, заан гуравт унаж болохгүй шүү гэж өөртөө хэлж байсан. Минийхээр бөх хүн өөртөө их өндөр шаардлага тавих хэрэгтэй.
-Сүүлийн үеийн Өмнийн говийн бөхчүүдээс таны итгэл тавьж байгаа бөх хэн хэн байна вэ?
-Олон сайхан бөхчүүд байна. Би дээр хэлсэн дээ. Үндэсний бөх спорт тал руугаа хөгжиж байна гэж. Тиймдээ ч энэ салбартаа амжилт гаргахаар тэмүүлэн, бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг болж. Миний хувьд өнгөрсөн жил улсын начин болсон Одбаярыг их “тоогоод” байгаа. За тэгээд Сумъяа, аймгийн арслан Дарханбат, аймгийн залуу арслан Идэрсүрэн гээд удахгүй улсын наадмын дэвжээнээ аймгийнхаа нэрийг гаргах байхаа гэж найдаж байгаа залуучууд олон байна.
-Таны хүүхдүүдээс барилдаж байна уу?
-Одоогоор алга даа. Нэг нь овоо барилдмаар болж байсан ч ноцодож байгаад нэг гараа бугуй тохойгоороо хоёр ч удаа гэмтээчихсэн. Түүнээс хойш дахин барилдуулаагүй.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.
-Намайг аймгийн хурц Арслан болтол аваа, өгөөтэй барилдаж байсан бөхчүүд болон алтан нутгийн түмэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна