Ламын гэгээний жороо хар

Эрдэнэхуяг
2012 оны 12-р сарын 04 -нд

Эрдэнэ Бандид Хутагт буюу Ламын гэгээний шавь нутгийн /одоогийн Баянхонгор аймгийн Баянговь, Баянлиг сумын нутаг/ Хөх-сум хэмээх “шилийн сайн эр” нутгийн баян Гомбоос унаа гуйх үедээ би Ховд,арван Баядаас адуу тууж ирнэ, аян даахаар дөмөгхөн унаа хайрлаач гэжээ. Гомбо тамхи нэрэн нилээд бодолхийлж сууснаа адууны хүнээ дуудан “хонины загал”-ыг бариад өг гэжээ. Тэр даруй  Хөх-сум ч мөнөөх загалыг унаад нутгаас гарахад, эхний хоёр өдөр шогшиж цогихоос хэтрэхгүй байснаа гуравдахь өдрөөс хазаар даран ам булаалдаж эхэлжээ. Хэлсэн ёсоор  Хөх-сум Ховдын хязгаар нутаг хавиас гуч орчим морьд голдуу шигшмэл адууг шөнө нь хөөн, өдөр нь бүгсээр нутгийн захад ирээд адуугаа услаад мордох үед морьдны дунд туугдсан жороо боос гүүнээс эр хар унага төрж тэнцэн жороолоход, морьд ч түр хүч сэлбээ биз. Жороо хар унага ийнхүү чавхарсан морьдтой цуг нутгийн гүн рүү зуу гаруй километр туугдан, аргагүй эцсэн гэдэг. Хөх-сум ч тэр хар унаганы тухай баян Гомбод өгүүлээд, муу адуу гарахгүй сайн морь болгож аваарай гэсэн аж. Энэ цагаас хойш Ламын гэгээний хар морины тухай хошуу дамжин яригдах болжээ. Жил бүр болдог Майдар дом хэмээх шашны баяраар Баянзүрх уулын Хөшөөтийн хөндийд арав орчим км газар, нутгийн ардууд дөмөгхөн морьдоо унаж очин уралдуулдаг уламжлалтай. Энэ уралдаанд бусад морьд давхилын хурдаар уралдахад, хар морь жороогоороо хол тасархай ирдэг байжээ. Нэгэн удаагийн уралдаанд жороо  харын ард ойрхон сүүл даран хонгор зүсмийн морь ирэхэд, хүмүүс ..энэ морь, хар морьтой өрсөлдсөн яасан хурдан морь вэ? Гэж сураглаваас үхэрчин залуугийн ганц морь байсан бөгөөд морины хорхойтнууд хонгор моринд үнэ хаяж байсан гэдэг. Хар морь ийм л эгэлгүй хүлэг аж.Тэрбээр хар морийг Богд Жавзандамба хутагтад өргөх тухай яригдахад, Ламын гэгээний нэгэн томоохон зэрэгтээ лам зүс нь хар юм гэж арга зааж, төлөөнд нь бор зүсмийн есөн жороо адууг Дээрхийн гэгээнтэнд хүргүүлж байсан гэнэ. Хожим нь хар морь болон Гомбо гуай мөнх бусийг үзэж, түүний өргөмөл ганц хүү “Хөлмөн” Цэрэнгив эцгийн хөрөнгийг хоёр ч удаа хураалган бусдын жишгээр цөөхөн хэдэн малтай амьдарч байсан тухай тэмдэглэж авсанаа нэгдлийн дарга олон жил хийсэн С.Банди гуай дурсаж билээ.    

Д.Эрдэнэхуяг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна