40 хүрэхээрээ унаган адуугаараа наадна

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 29 -нд

Энэ цагийн  бяртай бөхчүүдийн нэг нь Архангай аймгийн Хашаат сумын харьяат Монгол улсын Заан Ч. Санжаадамба билээ. Анх 15 настай жаахан хүү улсын Заан З.Дүвчинд шавь орж байсан тэр цагаас эхлэн Монгол бөхийн зүлэг ногооноо дэвжээнээ хүчийг үзэх болсон түүнд бөхийн хорхойтнууд өндөр итгэл найдвар хүлээлгэдэг юм. Анх 2006 онд Дорноговь аймгийн наадамд 5 давж аймгийн Начин цол хүртэж байсан тэрээр үүнээс гурван жилийн дараа Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн Арслан цол хүртсэн аж. Харин 2010 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Хурц чимэг, 2011 оны Улсын баяр наадамд долоо давж Монгол улсын Заан цолыг хүртсэн билээ. Сүүлийн жилүүдэд заалны барилдаануудад тун ч одтой наадаж байгаа тэрээр 2011 оны 11 сард Монгол бөх Гиннессийн номд бүртгүүлэхэд зориулсан 6002 бөхийн барилдаан, Монгол туургатны  дөрвөн удаагийн наадам, сүүлд Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн барилдаанд түрүүлж, 11 сарын 26-нд бүгд найрамдах улс тунхаглаж, анхдугаар үндсэн хууль баталсны 88 жилийн ойд барилдаанд үзүүрлэсэн амжилтыг үзүүлээд байгаа юм. Энэ мэт олныг энд дурдаж болох ч оршлоо хойш тавин Заантай ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.

-Зааны  нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ?
-Бэлтгэлдээ шургуу орсон байгаа болохоор зааланд л цагийг өнгөрөөж байна даа. Өглөө 8 цагт босоод 9 гэхэд бэлтгэлээ эхэлдэг. Үдийн алдад харьж хооллочихоод үдээс хойш дахин үргэлжлүүлнэ гэхчилэн нэг өдөр өнгөрөх жишээний. Ер нь тамирчин хүн жилийн дөрвөн улиралд л бэлтгэлтэй байцгаадаг. Миний хувьд бэлтгэлийн хажуугаар морь мал гээд алгуурласан ч энэ жилээс зөвхөн бэлтгэлээ хийхээр шийдсэн. Ид бэлтгэлийн үед морь уяна гэдэг амаргүй юм билээ.
-Та сүүлд “Бахархлын өдөр”-ийн барилдаанд түрүүлсэн. Ойрын хугацаанд ямар барилдаанд зодоглох вэ?
-Ирэх сард “Хантайшир” бөхийн дэвжээний 20 жилийн ойн нэрэмжит улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанаас эхлээд олон тов гарсан байгаа. Бүгдэд нь оролцоно гэж бодож байна.
-“Монгол туургатны наадам” таван удаа зохиогдсоноос дөрөвт нь та түрүүлсэн. Ямартаа л бөхийн хорхойтнууд “Монгол туургатны босоо аварга” гэлцэх болсон байна лээ.  Түүх сөхөж энэ барилдааныхаа тухай ярьж өгөөч?
-Монгол туургатны их наадам 2009 онд Аса циркэд болж байлаа. Энэ жилийн хувьд хоёр дахь удаагаа Монголд зохиогдсон нь энэ юм. Би түрүү жил Тува улсад болоход нь оролцож амжаагүй. Монгол туургатны наадам сугалаагаар барилддаг учраас тун шударга болдог. Тийм болохоор том цолтой бөх бага цолтноо амлан авахгүй, нэгийн даваанд ч хоёр том цолтон таарах жишээтэй.  Нөгөө талаар үндэс угсаа нэг Өвөрмонголчууд, Тува, Буриад, Халимагаас бөхчүүд ирж оролцдогоороо онцлогтой сайхан наадам байгаа юм.
-Хэдийгээр Монгол туургатны дор нэгдэж байгаа ч барилдааны онцлог гэж байдаг биз дээ?
-Тэгэлгүй яахав. Өвөрмонгол, Тува, Буриад, Халимагт гар газар хүрсэн бол унасанд тооцдог. Манайд бол өвдөг тохой газар хүрвэл унасанд тооцдог шүү дээ. Гэхдээ тус наадмын тухайд  Монгол үндэсний бөхийн дүрмийг баримталдаг.
-Өнгөрсөн таван удаагийн наадмаас дөрөвт нь та оролцож түрүүлсэн байгаа. Эдгээрээс хамгийн чансаа өндөр болсон наадам гэвэл алийг нь онцлох вэ?
-Мэдээж анхны гэдэг утгаараа 2009 онд Аса циркэд болсон барилдааныг онцлох байна. Чансаатай ч болсон. Тэр үед урьд өдөр нь 256 бөх барилдуулаад хоёр давсан бөхчүүдийг ялгаж байгаад Монголоос 64, гаднаас 64, нийт 128 бөхийн барилдаан болсон. Жингийн ялгаа гэж байгаагүй, үнэхээр  тамир тэнхээ, сэтгэлийн хат шаардаж байсан даа. Би ер нь хүндхэн учрааг сугалдаг л даа. Тэр жилийн нэгийн даваанд Лу.Батбаяр начинг сугалж, шөвгийн дөрөвт Азжаргал, үзүүр түрүүнд Ганхуяг арслантай тунаж үлдэн түрүүлсэн. Хоёр дахь наадам нь Өвөрмонголын Шилийн хотод болоход 128 бөх жингийн ялгаагүй барилдаж, Ганхуяг арслантайгаа шөвгийн дөрөвт үлдэж, үзүүр түрүүнд Эрхэмбаяр арслантай барилдаж түрүүлсэн. Харин ОХУ-ын Улаан-Үдэд болсон гурав дахь наадамд нэмэх, хасах жинд 64 бөх барилдаж, Рагчаа гарьд үзүүрлэн, би түрүүлсэн. Энэ жил Мөнхбат начинтай үзүүр түрүү булаалдан түрүүллээ.
-Морь мал гээд хэсэг бэлтгэлээ завсарласан гэж ярилаа. Та өөрөө уядаг хэрэг үү?
-Аав ах нартаа даатгачихсан байгаа.
-Нутаг адуугаараа наадаж байна уу?
-Таньдаг уяач ах нарын бэлэглэсэн хурдан удмын адуунуудтай. Газар газрын хурд байна. Нас нэмээд дөч хүрээд ирэхээрээ унаган адуугаараа наадна даа.
-Энэ хугацаанд адуугаа уяж, уралдуулав уу?
-Энэ жил анх удаа улсын наадамд азарга мордуулсан. Анх удаа гэхэд дажгүй шүү, 17-оор давхисан. Миний найз Дорноговийн Номунзул гэж залуу уяач  бий. Тэр найз маань намайг заан болоход хүрэн азарга бэлэглэсэн нь энэ  байгаа юм. Долоодугаар сарын 12-ны өглөө азарганы уралдааныг гэртээ үзчихээд, дуусангуут нь барилдахаар гарсан даа.
-Зааны хувьд төрийнхөө наадамд зургаа дахь жилдээ зодоглож байгаа байхаа?
-Тиймээ зургаан жил болж байна. Мэдээж анхны наадам гэдгээрээ 2006 он сэтгэлд их тод үлдсэн байдаг юм. Тэгэхэд би аймгийн начин цолтой байлаа. Хоёрын даваанд Төв аймгийн Эрдэнэсантын уугуул Монгол улсын Начин Бадам-Очирт унаж байсан. Харин үүнээс жилийн дараа дөрвийн даваа хүртэл явж, Бат-Эрдэнэ аваргад өвдөг шороодсон. 2008 онд болохоор цэргийн арслан цолтой зодоглож, Ганбат арсланд 4-ын даваанд уначихсан. Дараа жил нь цол авчих болов уу гэж битүүхэн горьдож байсан л даа. Бөхийн хорхойтнуудын тааварт багтаж байсан ч Говь-Алтай аймгийн арслан Суманчулуунд хоёрын даваанд уначихдаг байгаа. Хүссэн амжилтандаа хүрэхгүй болохоор гонсойх үе гарч байсан ч илүү их хичээх хэрэгтэй юм байна гэдгийг сайн ойлгосон. 2010 оны хувьд бэлтгэл сайн байсан л даа. Тэр жил болсон  27 заалны барилдааны 15-нд түрүүлсэн болохоор итгэлтэй байлаа. Гэтэл улсын наадмын 4-ын даваанд Говь-Алтайн Лхагвадорж начинд уначихсан. Гурван удаа 4-ын даваанд уначихаад “би болоогүй байна даа” л гэж бодсон. Харж байхнээ зарим нь уначихаад нулимс унагаж харагддаг. Миний хувьд бэлтгэл муу байж дээ л гэж бодогддог юм. Өөрөөсөө алдаагаа олж харахыг  хүсдэг. Ингээд 2011 онд сайхан наадсан даа. Гэхдээ тухайн үед Мөнхбатад уначихаад арай л яарчихлаа даа гэж битүүхэн харамсаж байсан. Гэхдээ түрүүлэх бөхийн од нь гийчихсэн байдаг гэдэг үнэн үг шүү.
-Тэр жилийн наадмын долоогийн даваанд Содномдоржтой барилдсан барилдаан нэлээн маргаантай болсон. Түүнээс хойш та хоёр  олон таарсан уу?
-Тэр тухай хүмүүс өөр өөрийнхөөрөө ярьцгаадаг. Түүнээс хойш бид олон удаа таарч барилдсан. Тэр барилдааны дараа Геннисийн амжилтын барилдаанд 9-ын даваанд тунаж барилдан хайнаа хагалсан гэж боддог шүү.
Би ч сэтгэлийн хөөрөл багатай хүн л дээ. Гэхдээ 6000 бөхийн барилдаанд түрүүлээд үнэхээр их баярласан шүү. Өөрийн мэдэлгүй гүйж харайгаад л. Улсын цол авснаасаа илүү баярласан.
-Санжаадамба зааныг бөхийн хорхойтнууд олон амжилтын анхдагч гэдэг юм билээ. Гиннесийн амжилтанд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаанд түрүүлнэ гэдэг амаргүй байсан болов уу?
-Тийм шүү, үнэхээр том барилдаан болсон. Жишиж үзэхэд 512 бөх барилдсан улсын наадмын 12 жилийн барилдаантай тэнцэх бол 1024 гэвэл зургаан  жилийн наадамтай тэнцэнэ гэсэн үг шүү дээ. Дээрээс нь Монгол улсын 21 аймгийн 300 гаруй сумдаас төлөөлөл болсон бөчхүүд ирцгээсэн. Энд улсын, аймгийн, сумын, цэргийн цолтой бөхчүүд олон байсан гээд онцлог их бий. Мэдээж бас дэлхийн түүхэнд хамгийн олон бөх бүртгүүлэн барилдаан болсон гэдгээрээ түүхэнд үлдэх үйл явдал юм. Тийм болохоор түрүүлсэндээ баярладаг.
-6002 бөхийн барилдааны 13 даваанд таарсан хамгийн хүнд учраа хэн байв?
-Бүгд л өрсөлдөгчид. Тэр утгаараа даваа болгон амаргүй байсан. Тэр тусмаа 9-ийн даваанаас эхлээд. Есийн даваанд Содномдоржтойгоо, 10-ын даваанд Даваабаатар, 11-ийн даваанд Мөнхбаатар арслантай, 12-ын даваанд Эрхэмбаяр арслантай, үзүүр түрүүнд Мөнхбат аваргатай барилдаж түрүүлсэн дээ. Эндээс харахад амаргүй учраанууд таарсан болохыг төвөггүй харж байгаа бизээ. Тэр тусмаа үзүүр түрүүний барилдаан үнэхээр их хариуцлагатай барилдаан болсон. Би заан, Мөнхбат маань аварга  болчихсон. Улсын наадмаар би наймын даваанд уначихсан байлаа шүү дээ. Тийм болохоор даагаа нэхэх боломж олдсон гэх үү дээ. Санаснаараа сайхан барилдсан.
-Тухайн үед үзүүрлэж, түрүүлсэн бөхчүүдэд шагнал урамшуулал, цол медаль олгох тухай яригдаж байсан ч  тэгсхийгээд  нам жим болсон?
-Тийм ээ энэ тухай  ганц нэг хүн ярьдаг л юм. Үндэсний бөхийн цол олгоно гэж байгаад больсон. Ядахдаа төрийн шагнал, одон медаль олгоё гээд л шуугисан. Үнэндээ би энэ тухай бодож байгаагүй юм байна. Үүнийг манай үндэсний бөхийн холбоо л мэдэх байх даа.
-Аймаг, цэргийн цолтой бөх байхдаа хоёр өдөр дараалан түрүүлж байсан санагдана. Аймаг цэргийн цолтой хэдэн жил барилдсан юм бэ?
-2008 оноос эхлээд гурван жил барилдсан. Тэр үед миний хувьд бэлтгэл сайн байсан л даа. Эхний өдөр нь аймаг, цэргийн цолтой үе тэнгийн залуучуудтайгаа  барилдаж түрүүлээд, яг маргааш цагаан сарын барилдаан дээр нутгийн ах Өсөхбаяр аваргатай үзүүр түрүү булаалдаж түрүүлсэн.  Миний дараа Мөнгөнбаатар бас аймгийн цолтой цагаан сарын барилдаанд түрүүлж байсан юм.
Ерөнхийдөө нутгийнхаа бөхчүүдтэй бэлтгэл сургуулилтаа базаадаг. Манай Архангайн хоёр дүү Эрдэнэмандал сумын харьяат аймгийн начин Эрдэнэбаатар, Тариат сумын харьяат аймгийн начин Ганбат гэж бий. Тэдэнтэйгээ бэлтгэлээ хийдэг. Бас хувийн бэлтгэл гэж байна. Байнгын бэлтгэлтэй байхгүй бол амжилт гарна гэдэг амаргүй шүү дээ. Нэг хэсэг бэлтгэлээсээ хөндийрөөд морь мал гээд явангуут барилдаанд унах тоо олшроод ирэх жишээний. Өнөөдөр манайд үндэсний бөх мэргэжлийн спорт чиглэл рүү явж байгаа болохоор амжилт гаргая гэж бодож байгаа бол бэлтгэл сургуулилтаа л сайн хийх хэрэгтэй гэж боддог.
-Бат-Эрдэнэ аварга бол нэгэн үеийн босоо бөх. Харин сүүлийн үеийн бөхчүүдээс түүн шиг жил дараалсан амжилт харагдахгүй юм. Та үүнийг юу гэж бодож байна?
-Янз янзын л шалтгаан бий болов уу. Гэхдээ одоо харин ч боломжтой болсон шүү дээ. Нутгаас нэг сайхан бөх төрлөө гэхэд дэмжих хүмүүс олон болсон байна. Тамирчин хүн олон зүйлд сатааралгүй бэлтгэлдээ анхаарал хандуулж байж л амжилт гаргана. Мэдээж үүний цаана олон хүмүүсийн оролцоо бий. Багш дасгалжуулагчаас эхлээд л. За тэгээд цолонд хүрсэн бол илүү их хичээх хэрэгтэй болдог юм. Гэхдээ амаргүй л дээ. Бэртэл гэмтлээс эхлээд бэрхшээл бас бий. Энэ жил гэхэд Мөнхбат аваргын бэлтгэл сайн байсан ч бэртчихсэн. Бэртэл гэмтэл бол тамирчин хүний хамгийн аюултай зүйл. Харин Бат-Эрдэнэ аваргын үед цаг хэцүү байсан санагддаг. Зах зээл дөнгөж эхэлж байсан болохоор дээр дооргүй л үймж байсан цаг. Тийм ч болохоор барилдчих олон сайхан залуучууд амьдралаа хөөгөөд өөр салбарт урвачихсан болов уу. Тэднийг дэмжиж туслах хүн ховор байлаа шүү дээ.
-Та бол бөхийн гал тогоонд байгаа хүн. Тийм учраас асууж байгаа юм. Сүүлийн үед Бөхийн холбоо, Мөнхбаатар арслантай холбоотой шуугиан гараад байгаа. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Энэ тухай нарийн ширийнийг  өөрсдөөс нь асуусан нь дээр байхаа. МҮБХ-ны тэргүүн Нямдорж болон Мөнхбаатар арслангийн хувьд аль аль энэ энэ салбартаа нэр хүнд бүхий хүмүүс. Тийм болохоор олон нийтийн өмнө бодлогогүй алхам хийх нь зохисгүй санагдаж байгаа. Үүний цаана Монгол бөхийн нэр хүнд явж байгаа шүү дээ.
-Мөнхбаатар арслан 70 саяыг өгье гэсэн гэж яриад байгаа. Таны хувьд иймэрхүү санал ирж байсан уу?
-Надаа хэзээ ч ийм санал ирж байгаагүй. Жил бүрийн наадмын дараа иймэрхүү яриа гардаг. Энэ бол харамсалтай юм. Ингэж хамаагүй худлаа ярьж болохгүй л дээ. Бөхчүүд наадамд бэлтгэж ямар олон сар нойр хоолоо умартан бэлтгэж байгаа билээ. Харамсалтай нь ард түмэн үүнийг ойлгодоггүй. Хурдан морийг ч гэсэн хар л даа. Хурдан адуу худалдаж аваад л эсвэл адуунаасаа барьж аваад тариа хийгээд давхиулаад түрүүлгэчихдэг юм шиг ярьдаг.  Магадгүй энэ бүхний дунд ядаж нэг хоноод үзвэл төсөөлж байснаасаа өөрийг харах  байх аа. Хүн чинь бусдын  зовлонг биеэр үзээгүй цагт ойлгодоггүй шүү дээ.

15 настайдаа Дүвчин багшдаа шавь орж байлаа
-Анх таныг бөхийн ертөнцөд хөтөлж оруулсан хүн хэн бэ?
-Манайх бөхийн удамтай айл. Манай аавын ээж, улсын арслан Мижиддорж нар төрсөн эгч дүүсийн хүүхдүүд. Ээжийн талд ч аймаг, цэргийн цолтой мундаг бяртай хүмүүс байсан гэдэг. Ээж маань над шиг өндөртэй, хөл гар томтой, эмэгтэй хүн гэхэд 41 размерын гутал өмсдөг хүн байсан. Би гэрийнхээ хамгийн жижиг биетэй нь байгаа юм. Бид эцэг эхээсээ тавуулаа, би айлын бага нь. Намайг багад аав маань “наадуул чинь чадахгүй, миний хүү л бөх болно” гэдэг байлаа. Хөдөөгийн бид чинь багадаа дээлээ уртал ноцолдоно. Үеийнхэн дотроо бас л биерхүү байсан юм шиг байгаа юм. Сүүлдээ үеийнхэн маань зугтаад ноцолдохоо байгаад ах нартай л барилддаг байлаа.
Бөхийн барилдааны анхны А үсгийг Дүвчин заанаар заалгаж багш шавь болсноос хойш өдийг хүртэл хамт байна. Унаж босоход ямагт дэргэд минь байж, хатуу зөөлөн үгээр дэм хайрлаж явдаг хүн дээ. Анх 2001 онд 15 настайдаа анх Дүвчин багштайгаа танилцаж байлаа. Тэр жилээ улсын наадмын хүүхдийн бөхийн барилдаанд 3-ын даваанд уначихсан. Түүнээс гурван жилийн дараа хотод ирж, эрчимтэйгээр хичээллэх болсон. Мэдээж амаргүй зүйл их гарна. Чөлөөтийн бэлтгэл хийдэг болохоор үндэсний бөхөөр барилдах анхандаа хэцүү байсан. Хоёр гурвын даваанд л уначихна. Гэсэн ч шантралгүй хичээллэж байсан болохоор бага багаар амжилтын амтыг мэдрээд л байсан. Ингээд 2006 онд аймгийн начин болж ирээд, намар нь аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд үзүүрлэсэн. Харин дараа жил нь улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн маань анхны томоохон амжилтууд байгаа юм. Сайн байж байгаад уначихсан тохиолдол бас байж л байдаг юм. 2009, 2010 оны наадмуудад би их сайн байсан. Бараг л өөрийгөө түрүүлэх хэмжээнд барилдах байх гэж бодож байтал  эхний даваануудад л уначихсан. Хэцүү л дээ.
-Харин улсын цолонд хүрснээр илүү их үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй болно биз?
-Тэгэлгүй яахав. Монгол улсын Заан гэдэг том цол. Тэр утгаараа үеийнхэндээ, шинэ залуу бөхчүүдэд үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Монгол үндэсний бөхийн ёс жаягийг сайхан мэддэг, ядаж л тахимаа зөв өгчихдөг, бай шагналаа зөв авчихдаг байхсан гэж боддог юм. Тэрнээс би том цолтой бөх хүн гээд аархаад, онгироод байвал ямар юмны бөх байхав дээ. Нэгэн үе бөхчүүдийг гүндүүгүй эрчүүд гэж дүгнэдэг байлаа. Харин одоо энэ ойлголт ард үлдсэн гэж хэлнэ. Саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг хар л даа. Манай бөхчүүд олноор нэр дэвшсэн байна лээ.  Гэхдээ миний хувьд бөхөөр  амжилт гаргах зорилго тавьсан тамирчин хүн. Яахав үзэгчдийн хувьд янз бүрээр л ярьдаг юм. Үнэндээ барилдаан гэдэг бол тэмцэлдээн, өрсөлдөөн. Хоёр бөх өрсөлдөж байхдаа нэгийгээ хайрлана, хамгаална гэж яриад байгааг би ойлгодоггүй. Манай ахмад бөхчүүд ч ярьдаг даа, өрсөлдөгчийн тухай. Барилдааны үед омогтой, дайчин байж нэгнийгээ ялна, сайн барилдаан гарна.
-Санжаадамбын хувьд барилдааны өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Мэдээж сэтгэл зүй гэдэг тамирчин хүний хувьд хамгийн чухал. Үнэхээр сайн барилдаж байгаа залууг гартаа хүргэхгүй хаячихаар, үзээд сууж байгаа бөхчүүдэд юу бодогдох вэ. Нэг хүн хаяхдаа л цаана нь сэтгэл зүйгээр нь хоёр гурван хүн хаячихаж байгаа юм. Зарим хүмүүс үүнийг ойлгодоггүй. Би нэг бөхийг гуд татаад ширүүхэн хаячихаж байгаа нь үзэгчдэд таагүй сэтгэгдэл төрүүлсэн байх нь бий. Харин миний хувьд дараагийн өрсөлдөгчөө буулгаж байгаа хэрэг юм. Даваа өгсөх тусам урдаа байгаа хүнээ хаях сэтгэл зүйтэй л байдаг. Манай томчууд ярьдаг ш дээ. Байнга хаядаг бөхтэйгээ таарсан ч хаячихна гэж бодохгүйгээр өмнөө байгаа учраагаа л мэдэрч барилдаж байгаарай гэж захидаг даа.
-Барилдааны өмнө залбирдаг уу?
-Би ч бүдүүн тоймын хүн дээ. Гэхдээ төрсөн нутаг, ээж аав гээд сүсэглэн дээдлэх юм байлгүй яахав. Ээж маань “Миний хүү хүнтэй эвтэй найртай явдаг юм шүү” гэж байнга захидаг байлаа. Тийм болохоор ээжийнхээ захиасыг байнга санаж, шударга байхыг илүүд үздэг. Ямартаа ч ээж маань тэнгэрээс хүүгийнхээ сайн сайхан явааг хараад баярлаж байгаа байхаа. Ээжийгээ өнгөрсөн хойно Заан цолыг хүртсэн болохоор хааяа “ээж минь амьд байсан бол” гэж бодогддог л юм.
-Та барилдааныхаа тэмдэглэлийг хөтөлдөг үү?
-Хөтөлнөө. Жилдээ олон барилдаанд зодоглож байгаа болохоор тэмдэглэл маань их хэрэг болдог юм. Дараа нь алдаа оноогоо харахад дөхөм байдаг юм.
-Ахмад бөхчүүдээс зэмлэл хэр хүртэж байна вэ?
-Гайгүй шүү. Гэхдээ алдаа оноог хамгийн шударгаар хэлдэг хүн Дүвчин багш маань байгаа юм. Хатуухан үгээр зэмлэхгүй атлаа нэг тийм ёжтой  цөөхөн үг хэлнэ. Тэрийг нь тайлж унших гэж нэг хоёр өдөртөө л бодол болно шүү дээ. Сая олимп гээд багш маань олдохоо байгаад байлаа. Би ч хоёр жил хэртэй толгой мэдэж явлаа. Одоо харин багштайгаа бэлтгэлдээ гараад байна.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг бага гарна. Гэхдээ зав гарвал морь руугаа явах дуртай. Хааяа найз нартайгаа караокед орж дуулдаг юм. Нөгөө найранд гурван дуутай, наадамд гурван даваатай гэдэг шиг караокед бол ганц хоёр дуутайгаа. Гэхдээ түүнээс илүү гарахгүй ээ. За тэгээд бусад эрчүүдтэй адил ан ав сонирхдоггүй. Багадаа тарваганы анчин явлаа. Тийм болохоор боодогний тарвагаа өөрөө агначихдаг байсан ч сүүлийн жилүүдэд амьтан алахыг хүсэхгүй байгаа.
-Зодог шуудгаа хаана хийлгэдэг вэ?
-Анх барилдаж байхдаа өөрийн зодог шуудаг гэж байсангүй. Мижиддорж арслангийн төрсөн ахынх нь хүү Монхор ахынхаа зодог шуудгийг өмсдөг байсан. Одоо бол Ганбаатар арслангийн гэр бүлийн хүнд захиалан хийлгэдэг.
-Тэгвэл ямар хөөрөг барьдаг вэ? Асашёрюү аваргын хөөрөгийг буцаасан гэдэг шүү дээ?
-Манан хөөрөг барьдаг. Аваргын хөөрөгний тухайд гэвэл 2010 онд Хэнтий аймагт даншгаар Асашёорюү “ирэх жил улсын наадамд түрүүлж аварга болоорой. Аварга болно гэдэг амаргүй. Энэ хөөрөг аваргыг дагах хэл амыг дарна. Аварга болоод миний хөөргийг өөрийн болгож аваарай. Харин чадахгүй бол ахдаа буцааж авчирч өгөөрэй” гэсэн юм. Би аваргын хүссэнээр тэр жил аварга болж чадаагүй болохоор намар нь “Нийслэлийн өдрийн барилдаан”-ы өглөө аваргатай ярьж байгаад хөөргийг нь буцааж өгсөн. Тэр үед аварга надад оронд сайхан хаш хөөргөө бэлэглэж билээ.
-Тамирчин хүний амжилтанд гэр бүлийн нөлөө чухал үүрэгтэй.  Гэр бүлийнхээ танилцуудаач?
-Манай эхнэрийг Солонго гэдэг, сэтгүүлч мэргэжилтэй. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат хүн бий. Дээд үедээ бөхийн удамтай байсан юм билээ. Эмээ нь Булган аймгийн Сайхан сумын Адъяа гэж хөгшин байдаг. Тэр хүн Намхай аварга, Лувсанжамбаа аваргын садангийн хүн Аваргын Дорж гэдэг хүний хүүхэд юм билээ. Намхай аварга хүүхэдгүй хүн байсан гэсэн. Тэгээд эгчээсээ Дорж гуайг үрчлэн авч, хүмүүс Аваргын Дорж гэж нэрлэдэг байсан гэнэ лээ. Манайх нэг хүүтэй. Сахилагагүй нөхөр бий. Зурагтаар бөхийн барилдаан гарахаар үзчихээд  “Чи гарсан ш дээ” гэдэг юм. /инээв/
-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.

П.Ундраа

 

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна