Моринд жороо сургах уламжлалт аргаас

Эрдэнэхуяг
2012 оны 11-р сарын 28 -нд

Сайвар, хатиргаа дээшлүүлж
Хурдан, жороо болгодог
Сааль татуугаа дээшлүүлж
Хувин бялхам сүүтэй болгодог
                          “Монгол жангар” туулиас
Удамшиж чадсан унаган жороо морины явдлыг нь ахиулан тогтоож, гүйн хар алхаатай болон сайвар явдалтай бага залуу адуунд жороо явдал оруулж сайхан унаж эдлэх мэдлэг авъяасаараа олондоо хүндлэгдэж ирсэн нутаг нутгийн олон буурлуудын арга ухаанаас тэмдэглэж байсан маань сургалт судлагаанд хамгийн үнэтэй гарын авлага байсныг хэлэх хэрэгтэй болов уу. Манай ард түмэн моринд жороо сургаж буй хүнийг хүндэлж үг сургаал ёсыг нь үр ачтаа уламжлуулан ирсэн байдаг. Жороо сургаж буй тохиолдолд замд нь байгаа адуу малыг холдуулж замыг нь саадгүй болгох гэрийн ойр гарахад нохойгоо хорьж морийг нь үргээхгүй байх зэргээр аль болох саад болохгүйг хичээн аль хир жороо морь болохыг нь дүгнэн багтан ярилцдаг байна. Мэдээж хэрэг саадгүй тал хөндий, орчинд жороо явдал сурж байгаа морь явдалдаа дуртай байж унаачийн аясаар явах нь ойлгомжтой. Хуучнаар цэнхэр мандал уул аймгийн Хотонт уул хошууны /архангайн хотонт сум/ Мэнбаяр тайж моринд жороо сурган зөв сайхан эдэлдэг байсныг өдгөө нутгийн өвгөд ам дамжин дурсан ярж байсан. Баруун хязгаар нутгийн Ховдын Булган сумын Булган гуай моринд жороо явдал сургахдаа өдөр нь уяж өнгөрүүлээд үдшийн бүрий цагаар адуу залсан зүг рүү нь бартаа бага тэгш замаар хол саахалт орчим явж аажмаар зайг нь уртасгаж жороо оруулах ньэртнээс уламжилж ирсэн түгээмэл арга юм. Тэгвэл өвөрлөгч нутагт сартай шөнө их нуурийн хөвөөнгөөр моринд өөрийн нь дүрсийг нь усанд харуулан жороо явдлыг нь ахиулдаг байжээ. Ийнхүү чимээ аниргүй орчинд нууриын усанд дүрмээ харсан морь их урамшин явдал нь ахидаг гэдэг байна. Харин одоо үед бол зарим төвлөрсөн суурин газарт овъёос тэжээл өгч дасгасан цэг адууны жүчээ уруу нь жороолуулж сургах нь бий. Ер нь морь жороолохдоо уг явдалдаа дуртай байх, дургүй буюу зүрхшээж алдаа хийж байгаа нь илт мэдрэгддэг. Тэжээл, орчны таагүй нөхцөлөөс хамаарч морь нэг л хулгаж аль болох өөр явдлааар явах гээд байдаг. Цаашид ийм морийг сайн амрааж тусгайлан тайван орчинд албадалгүйгээр цагийн хуваарийн дагуу сургуйллахад тодорхой үр дүнд хүрнэ. Жороо сургагч буюу унаач нь жин ихтэй байвал тохиромжтой гэдэг яриа байдаг. Мөн Өвөр Монголд жороо сургах, явдлыг ахиулахдаа хоёр талдаа ижил хэмжээний шуудайтай элс мэтийг ганзгалаж аажимдаа жинг нь нэмэх зэргээр дасгадаг байна. Энэ хоёр аргыг жороо морин дээр туршиж судласны хувьд дүгнэхэд жин ихтэй хүн, хүнд ачаатай байснаараа морийг ядраатал нь хол явуулахгүй гундаахгүй эдлэх ёстой байсан. Учир нь моринд бяд суулгах ёстой юм. Бяд гаргаж  тэнхээгээрээ жороолж байгаа морь андашгүй явдал их үнэнч харагдаж байдгийг сургалтанд анхаарууштай. Ахмад уяачид, адуучид ярихдаа жороо морь явдалдаа бусад морийг бодвол хүч их царцуулаад байх шиг байдаг гэсэн нь тэнхээгээрээ жигд жороолж байгааг хэлсэн болов уу. Жороо морийг аянд унах нь бараг үгүй гол төлөв баяр наадам, гоёлд чамирхан унаж эдлэх нь харьцангүй ойр зайд уралдуулж сорьж байсан нь дээрх яриануудтай холбоотой. Үүнээс гадна жороо явдлыг оруулах үед анхаарах зарим нэг тохиолдол гардаг. Морины амаар хэт оролдон агсруулах болон хургадаг зан суулгах нь буруу. Мөн хөлд нь хол зайтай өрөөл хийж өрөөл хийж унах, тэр байтугай хавсанд нь шагай хийн эмээллэж морьдоод явдлаа өөрчлөн эрэгцэх үед нь жороо тулгах, жолоог нь тугтчин албаддаг зохисгүй үзэгдлүүдийг сонсож байсан. Ийм тохиолдолд морио ч гэмтээж, согог сулгах муу талтай юм.
Зарим ном товхимолд дурьдахдаа жороо морийг  арав хоног сойхдоо гурван удаа хөлөргөөд, дөрвөн удаа жороо тулгаж байх хэрэгтэй гэж бичсэн байна. Харин Ховд, Увс зэрэг эрт үеэс жороо морьдоороо алдартай нутагт бол маш нарийн дэг, аргаар  нэг сарын хугацаагаар ч уяж сойн явдлыг ахиулан уралдуулдаг байна. Бага үрээ насанд нь уяж сойж уралдуулах үед жороо явдал орох тохиолдол байдаг. Ийм үрээний хувьд давхил үзсэж амьсгаа нь задарсан тууш явдалд ахицтай, суга нь тэнийсэн зэрэг сайн талтай ч цаашид давхил хийлгээд байх нь жороо сургалтанд тийм ч сайн биш ээ. Учир нь жороолох явцад алдаа хийгээд сурчихдаг байна. Ер нь адуу сулдаа давхих, унаад давхиулсан хоёрын ялгаа жороо сургалтанд асар мэдрэгддэг. Монгол жороо морины тойргын болон байгалийн саадтай уралдааны бэлтгэдсэн мэргэжлийн унаач нь морио мэдэрч жороо явдлаар нь амьсгааг нь задлан хөлсөлдөг. Жигд хурдтай жороолуулах аргад гаршисан байх шаардлагтай юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна