Би адуугаа нэг бол бэлгэнд, эсвэл их үнэтэй өгдөг хүн

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 23 -нд

Манай энэ удаагийн зочин Сүхбаатар аймгийн Уяачдын холбооны тэргүүлэгч, аймгийн Алдарт уяач М.Амгалан байлаа. Өөрийн унаган адуугаар тун ч одтой нааддаг уяач эрхмийг морины хорхойтнууд анддаггүй юм билээ. Ялангуяа 2011 онд болсон Зүүн бүсийн даншиг наадмын дааганы түрүүгээр нь. Түүний унаган адуу болох шарга даага тэр жилээ Дарьганга сумынхаа наадамд түрүүлээд, залгуулаад Сүхбаатар аймгийн баяр наадам болон Зүүн бүсийн даншигт магнайдаа тоосгүй хурдалсан хурдан ажнай билээ. Тиймдээ ч  аргагүй хурдан шарга даага Хаммер жипний үнэд хүрч байсан гэдэг. Ингээд оршлоо хойш тавин, Амгалан аймгийн Алдартын яриаг хүргэж байна.

-Хэдэн оноос эхлэн морь уяж байна вэ?
-Миний  аав Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн даргыг олон жил хийсэн хүн. Их насны морины уяа сойлгыг тун сайн тааруулна гээч. Аавын хурдан хээр, зээрд гээд нутаг орондоо нэртэй алдартай хүлгэд байдаг байлаа. Хурдан хээр нь нутагтаа 18 түрүүлсэн ажнай байгаа юм. Тийм ч болохоор хүүхэд байхын л аавыгаа дагаж гүйсээр адуу маланд дуртай болж, томроод ирэхийн үестээ хамт адууны наймаа хийдэг болсон. Эжий аав маань найман хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүл. Би зургаа дахь нь. Айлын дунд хүүхдүүд их эрт биеэ даагаад сурчихдаг даа. Тэр жишгээр их биеэ даасан хүүхэд байсан санагддаг. Манайх 1973 онд аймгийн төвд шилжин амьдрах болсноор аав морины ажлаас хөндийрсөн. Харин би хурдан морины уяа сойлго тааруулаад хэдийнэ гуч гаруй жил болсон байна. Унаган адуугаараа л наадаж байна. 

Сургууль төгсөж ирээд аймгийн төвөөс таван км зайтай Амгалан хошуунд амьдардаг байлаа. Эхнэр маань эмнэлэгт, би өөрөө зам ангид ажилладаг байсан юм. Өглөө хоёулаа морио унаад гарна. Эхнэрээ эмнэлгийн гадаа буулгачихаад морийг нь хөтлөөд зам анги руугаа явдаг байлаа шүү дээ. Ажил тарахаар эхнэрээ аваад хоёулаа гэр рүүгээ морьтой уралдана. Залуу ч байж дээ. Ажлаа ч хийнэ, адуугаа ч маллана. Өглөө зургаан цагт босоод аймгийн урд уулнаас адуугаа хурааж усалчихаад, найман цагт ажилдаа гарна. Бас “Иж 5”-ыг мөн ч олныг унасан. Аавын буянд бас л тоглодог байж дээ.

- Эхнэр тань бас моринд дуртай хүн байх нь ээ.
-Тийм шүү. Мэдээж эмэгтэй хүн болсон хойно хааяа ундууцах юм гарна, гэхдээ олон биш. Бид хоёр чинь залуудаа  таван адуу нийлээд уяж байлаа. Би өөрөө хөлсөлж ирээд, эхнэртээ хөтлүүлээд дараагийнхыг нь унаад хөлслөх гээд л явдаг байлаа.

-Мэдээж уяаны эрдмийг ааваасаа өвлөж байв уу?
-Миний уяаны эрдмийн багш Халзан сумын Алдарт уяач Энэбиш гэж хүн байдаг. Мориныхон азарга гүүний тохироог бүрдүүлсэн Халзангийн Энэбиш гэхээр андахгүй дээ. Бас нэг багш маань Уулбаян сумын Арал Чулуунбаатар гэж хүн бий. Насан туршдаа хүндэтгэж, хайрлаж явах хүмүүс байгаа юм. Мэддэг чаддагаа сэтгэл харамгүй зааж зөвлөдөгсөн. Багш маань өөрөө их олон морь уяхгүй, азарга, их нас л уяна. Намайг морины наймаа хийж байгааг мэдээд их дэмждэг байсан. Би ер нь багын  моринд хорхойтой нэгэн явлаа. Ямар сайндаа л аавынхаа алтан бөгжийг ээжээсээ нууж байгаад морь авч байхав. Энэ үед аав маань  хэзээ ч уурлаж байгаагүй. Харин ээж хааяа уурланаа, хүүгээ дээд мэргэжилтэй дарга болгоно л гэнэ. Тэгэхэд аав “алтан тууртанд өгөөд хувхайрдаггүй юм” гэдэгсэн. Адуу мал дагаад ам тосдоно, миний хүү лут уяач болно доо гэхээр нь үнэхээр их догдолдог байж билээ.

-Анх морь уяж уралдуулаад ямар амжилт гаргаж байв?
-Залуу байхад уясан болгоноо түрүүлэх юм шиг л горьдоно. Олон ч сайхан хурдан амьтныг зовоосон доо. Хүн чинь  нас явахын хэрээр амьдралд суралцах юм. Ер  нь хор гарч байж л морь хурдалдаг юм билээ. Сунгаандаа түрүүлээд байдаг хэрнээ наадамд очихоор л хоцорчихоор урам үнэхээр хугардагсан. Тэгэхээр аав “өрөөлийнх түрүүлэхэд өөрийнх түрүүлсэн юм шиг чин сэтгэлээсээ баярлаж чаддаг хүний морь давхидаг юм” гэнэ. Үнэхээр л үнэн. Энд нэгэн түүх сонирхуулахад 1988 онд Монгол улсын номер нэг уяач Донойн Цэгмидийнд зургаан сар амьдарч дадлага хийх завшаан тохиосон. Тэгэхдээ Цэгмид гуайгаас хээр үрээгээ 2500 төгрөгөөр авч, хожмоо азарга тавьсан. Хээр азарганы төлүүдээс олон хурдан буян төрсөн. Өөрөө тийм хурдан байгаагүй л дээ. Ээж тэр  үед оюутан хүүхэд байж аятайхан хослол аваад өмсчихгүй хэмээн зэмлэж байхад аав адуу хийморьтой амьтан, зүгээр ав л гэж байлаа. Сүүлдээ ээж маань “бууж өгсөн” л дөө.  Дараа нь 1996 онд Хэнтийн Баянхутагаас ягаан эмнэг үрээг 10 бодон дээр 100 мянган төгрөг өгч авч байлаа. Миний гүүнүүд Халзан, Асгатын угшилтай.

-Гуч гаруй жил адууны дэл сүүл боожээ. Олон айраг түрүү хүртэж байсан байх даа?
- Ах нь морины дэл сүүл боодоггүй. Хүүхэд байхдаа морио услах гээд хөтлөөд явж байхдаа сүүлнийх нь боолтыг хаячихаж билээ. Тэгэхэд аав маань хэзээ ч уурлаж байгаагүйгээр уурласан даа. Заавал олж ир гээд өдөржин дэрсэн дотор өнжсөн ч олоогүй. Тэгсэн аав “мориныхоо дэл сүүлний боолтыг хямгадаж чаддаггүй хүн уяач болдоггүй юм” гээд уяа мориныхоо хазаарыг мултлаад тавьчихсан. Тухайн үедээ нарийхан сур хаясны төлөө юун сүртэй юм гэж бодоод үнэхээр их гомдсон. Эргээд бодоход аавын сургааль ёс юм даа. Одоо би наадмын өглөө л дэл сүүлийг нь бооно уу гэхээс бусад үед боодоггүй.

Саяхан номонд оруулах гээд тоолсон 128 айраг түрүү хүртсэн байна билээ. Энэ амжилтаараа аймгийн Алдарт уяач цолыг 2011 онд хүртэж байсан. Би боддог юм. Хүн дагаж байгаад, аль эсвэл хүний хурдан удмын адууг үнэ цохиод авчихаж болж байна. Гол нь хурдан адууны генийг авч үлдэнэ гэдэг чухал юм. Би гүү тэжээсэн бол заавал нэг охин унага авч үлддэг. Адуучин хүний зан юм даа. Хавар гүү унагалах цагаар нойр хүрэхгүй. Эр унага төрж гэвэл заавал очиж харна. Заримдаа ч “чамайг ингэж уяна” гэхчилэн өөрөө өөртэйгээ ярьж зогсоно гээч. Нэг үеэ бодвол ч морь шинжинээ.

-Та хаагуур хаагуур наадаж байв? Улсын наадмыг зорьж байв уу?
-1998 онд “Их хурд”-д уралдаж байсан. Үүнээс 13 жилийн дараа буюу өнөө жил Халхын өндөр довон дээр уралдъя гэж бодоод наадамд очиж уралдсан. Дөрвөн бага адуутай очиж, гайгүй сайхан давхисан. Ер нь цагаан сараас хойш арав гаруй наадамд явлаа. Асгат суманд болсон аймгийн аварга тодорхойлох наадамд саарал даагаа аман хүзүүдүүлсэн. Энэ даага маань улсад 43-т давхисан.

Олон сайхан хүмүүсийн дэмжлэгтэйгээр  болж л байна. Ах нь уяач биш, өөрийнхөө хэмжээнд л тааруулан морь уядаг хүн шүү дээ. Гаднаа уясан морьдоо хооронд нь давхиулчихаад, энэ нь наадамд давхих морь байна л гэж танина. Мэдээж хоцрох гэж хүн наадамд явдаггүй. Монгол наадамд таван хүн баярлаж, зургаа дахь нь уйлдаг юм. Манай аав хэлдэг байсан, миний хүү томоохон мөрийтэй тоглоомд орлоо доо гэж.

-Одоо хүүхдүүдээс тань морь уяж байна уу?
-Ах нь ганц хүүтэй. Хар нялхаасаа л адууны захад өссөн болохоор моринд их дуртай. Хичээлийн завсраар зав л гарвал наашаа гүйчихнэ. Анх аймгийн наадамд гурван настайд нь ганзагаар нь даруулаад даага унуулж байлаа. Хөөрхий эхнэрийнхээ сэтгэлийг их зовоосон  доо. /инээв/ Ямар сайндаа л тэр жилийн дааганы уралдааныг үзээгүй. Хүү маань сургуулиа төгсөөд мал дээр гарна гээд л байгаа. Би болохоор аялал жуулчлалын мэргэжилтэй хүн болгох санаатай. Өөрөө л мэдэх байх даа.

-Та сүүлийн үед адууныхаа цусыг хаанаас сэлбэж байна вэ?
-Хэдэн азарганыхаа төлийг сайжруулаад л явж байна. Дээхэндээ адуугаа чанаржуулахын төлөө их юм хийсэн. Гол нь гүү сайтай байх хэрэгтэй. Адуу бүхэн хурдан биш. Гоц гүүнээс л хурдан адуу төрдөг гэж багш маань хэлдэг байсан. Тэгээд намайг адуу шинжээд энэ гайгүй адуу юм уу гэхээр “аваад ир. Ах нь өртгийг нь өгье” л гэнэ. Багшийн хурдан буянгуудаас ахад нь их олон адуу байсан. Хөгшин халтар азарганых нь төл одоо 21-тэй цоохор гүү байна. Гарсан эр төл болгон нь хурдан байгаа.

Миний унаган адуунаас авсан хүмүүс ч олон бий. Өвөрхангайд гэхэд Лхагвасүрэн гэж залууд бэлэглэсэн адуу маань их хурдан байгаа дуулдсан. Ер нь Өрөвхангайд миний олон сайхан адуунууд очсон. Тиймдээ ч тус аймгийн “Арвагар хээр” холбооноос надад хүндэтгэл үзүүлээд буцсан. Би адуугаа нэг бол бэлгэнд өгдөг. Эсвэл их үнэтэй зардаг хүн. Учир нь би энэ хурдан буянгуудыг гаргаж авахын тулд олон жил нойр хоолгүй зүтгэсэн болохоор өөрийхөө хөдөлмөрийг хямд үнэлэх дургүй. Ямартаа  л хааяа эхнэртээ “би нэг том адууны үүлдэр байгуулсан хүн шүү дээ” гэж онгирдог юм.

-Таны ажиллуулдаг “Талын агуй” жуулчны бааз хэзээ байгуулагдсан юм бэ?
-Манай “Талын агуй” жуулчны бааз 2006 оны зургаадугаар сарын 15-нд нээгдэж байлаа. Олон жил хүн нутаглаагүй Сүхбаатар аймгийн Дарьгангад “бүтээн байгуулалт” өрнүүлэхээр ирж байлаа шүү дээ. Хэдэн адуугаа бэлчээрт гаргаж морь уяхаар гарсан нь энэ. Баян хангайд олон төрлийн эмийн ургамал байдаг юм.  Анх эхнэр маань жаахан дургүй байсан л даа. Тэгээд ч аймгийн эмнэлэгт ажилладаг болохоор эхнэр  үлдээд, би ганцаараа энд ирж байлаа.

-Яагаад талын агуйг сонгосон юм бэ?
- Би 2003 оны сүүлээр мотоцикльтой явж байгаад осолд орж, хоёр жил хэртэй хүний гарт орсон. Энэ хугацаанд юу эс тохиолдохов. Хоёр жил дээшээ хараад хэвтэхэд амьдрал ямар хуурамч байдаг юм бэ гэсэн бодол өөрийн эрхгүй л төрдөг юм билээ. Олон сайхан найз нөхөдтэй байсан ч энэ хугацаанд шалгарсан хэд нь л үлдсэн байна. Тэр үед багын найз Амартайван маань өдөр болгон сонин зөөж ирдэг байлаа. Тэгээд нэг өдөр сонин гарчиглаж хэвттэл “Талын агуй” бол дэлхийд ганц. Түүнийг  түшиглээд аялал жуучлалыг хөгжүүлэх юм бол ирээдүйд асар их үр өгөөжтэй байх тухай нэгэн эрдэмтний тэмдэглэлийг олж уншсан. Тун сайхан санаа санагдсан болохоор хөл дээрээ босдог л юм бол “Талын агуй”-д очиж, үүнийг ажил хэрэг болгоно доо гэж өөртөө амласан. Ингэж л аялал жуучлалын газар нээнэ гэж усгүй газар амьдрал зохиохоор зүтгэсэн хүн дээ.

-Та инженэр мэргэжилтэй хүн байхаа?
-Тийм ээ. 1990-2002 он хүртэл зам ангийн инженер хийж байлаа. Харин 2003 онд манай аймагт газрын алба байгуулагдсанаар геодизийн инженерээр ажиллаж байгаад аваарт орчихсон.

-Мэдээж амаргүй байсан болов уу? Тарвагагүй газар тарвага хүртэл үржүүлсэн гээ биз дээ?
-Манай энэ газрыг Гөрөөстийн дов гэдэг байсан юм. Ах нь өдий наслатлаа эр хүний хийдэг ажлаас ан хийж, мөрийтэй тоглож үзсэнгүй. Хүн бол байгалийн амьтан шүү дээ. Тийм болохоор би их шүтлэгтэй.

2006 онд найзтайгаа 14 хоног хээр хэвтэж байгаад 10 тарвага авчирч нутагшуулсан юм. Одоо үржээд овоо болсон шүү . Би чинь бас энэ хавийнхаа улсын байцаагч хийдэг. Манай энд чинь үе үе аюултай шуурга болно. Энд ирсэн жил ямар ч нөмөр байхгүй учраас цас их орж гэрээсээ ч гарч чадахгүй тийм зудыг үзэж байлаа. Шантраад хавар болохоор гэрээ ачаад буцах тухай олон удаа бодсон доо. Гэхдээ  хүний муухай арилдаггүй, тэнгэрийн муухай арилдаг гэдэг дээ. Хавар болж цас ханзрахад тэр бодол хэдийнэ ор мөргүй алга болчихно гээч.

-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. “Тод магнай”-н уншигч уяач нарын маань унага бүхэн нь босоо төрж, уясан болгон нь хурдан байх болтугай.

А.Мөнх-Эрдэнэ


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна