Эзний хийморийг тэтгэсэн ҮЙЗЭН ХОНГОР

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 16 -нд

Хүлэг, эзэн, хүүхэд гурвын хийморь цогцолж байж айраг амсдаг хэмээн мориныхон ярьдаг. Тийнхүү хүлэг эзэн хоёрын хийморь цогцлоон урамтай сайхан нааддаг эрхмүүдийн нэг нь УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал, “Агт-Эрдэнэ” галын гишүүн Яйчилын Батсуурь юм. Гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн Алдарт уяач Ажаагийнхаа хусуур сойзыг нь өвлөн, уяачийн эрдэмд шамдаж буй тэрээр бэлэгний адуугаар сайхан наадчихдаг хоншоортой эр.
Нутгийнхаа наадамд дархан айрагддаг халзан азарга нь ч гэсэн бэлгийн адуу. 2007 онд нутагтаа амарч байхад нь Сүмбэр-Овооны наадамд түрүүлсэн хязаалангаа “танай угшлын адуу байгаа юм” хэмээгээд хамаатны дүү нь бэлэглэж байсан гэдэг. Түүнээс жилийн дараа ургийн баяр хийх гээд нутагтаа оччихсон байхад нь багийн найз нь “Би чамд тээр жил нэг даага бэлэглээгүй юу. Энэ жил есөн настай сайхан морь болсон. Би ямар морь уях биш. Манай хүү цэргээс ирчихээд чиний хонгор морийг уяна гээд байх юм. Би чадахгүй байж хүний морины хөл авчихна гээд уяулахгүй байгаа” гэж. Я.Батсуурь хариуд нь “хүүгээрээ уяул. Хүү чинь ч морь уяж сураг, миний морь ч уралдаж сураг” хэмээгээд өнгөрч. Тэр ярианаас хойш хэд хоног өнгөрч хонгор морь нь овооны наадамд арав гарган давхихыг харсан эзэн нь “Долоо хоногийн дараа манай ургийн баяр болно, миний дүү уяад очоорой” хэмээн захижээ. Хүү ч хэлсэн ёсоор хонгор морьтойгоо очиж Дорноговийн данстай адуунууд тоосоо өргөсөн ургийн баярт холхон түрүүлгэсэн гэдэг. Ийнхүү эзнийхээ урмыг сэргээн ураг төрлийнхнийг нь баясгасан хонгор морь 2010 оны “Хутагтын хурд” уралдаанд аман хүзүүдэн, 2011 онд нь түрүүлж Дорноговийн даалуу адуунуудын нэг гэдгээ батлан харуулсан юм. Я.Батсуурь 2010 онд нутаг орны нэр дуурсган давхих хонгор морио халхын хурдуудтай уралдуулахаар Өлзийт хороонд авчирсан бөгөөд Манлай уяач Д.Оюунбилэг уяаг нь эвлүүлж Өвгөн ноён Хардэл жанжин бэйсийн нэрэмжит зүүн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдлуулж олноо Батсуурийн "Үйзэн хонгор" хэмээгдэх болсон билээ. Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэгчлэн ирсэн цагаасаа хойш айраг түрүүнээс сугараагүй хонгор морины угшил гарвалыг хөөвөл бас л сонин түүх.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул Т.Сансандоржийг “Саруул зам” нэгдлийн адуун сүргийг маллаж байхад /1980 оны эхэн үе/ давхар саран тамгатай бөгтөр нуруутай хээр гүү нэгдэл адуунд нь иржээ. Т.Сансандорж тэрхүү хээр гүүний төл хээр байдсыг авч үлдээд Пагжийн адууны угшилтай зээрд азарганд хураалган дундаас нь гарсан охин даагыг найз Даваажавт бэлгийн хариу болгож өгсөн гэдэг. Харин Даваажав найзын бэлгэний байдсыг Иххэтийн Сандагсүрэнгийн адууны угшилтай хонгор азаргандаа хураалган олон сайхан хурдтай болсны нэг нь Үйзэн хонгор ч  тэдний нэг юм. Үйзэн хонгорын эх хонгор гүү хааяа сувайрдаг ч эр голдуу унага гаргадаг байсан бөгөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Отгоннасан худалдан авч, үр төлөөр нь урамтай сайхан наадаж байгаа гэдэг юм билээ.
Хүлэг эзэн хоёрын хийморь цогцолно гэдэг энэ буй заа.
А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна