Р.Буянтогтох:Сүүлийн хоёр жилийн амжилтууд Өмнөговийн адуу сайжирсныг гэрчилж байгаа юм

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 04 -нд

“Өмнийн говийн хүлэг” уяачдын холбооны хүндэт Ерөнхийлөгч, аймгийн Алдарт уяач  Р.Буянтогтох:” Сүүлийн хоёр жилийн амжилтууд Өмнөговийн адуу сайжирсныг гэрчилж байгаа юм”

-Өдгөө эрийн цээнд хүрээд буй “Өмнийн говийн хүлэг” уяачдын холбоо үүсгэн байгуулж байх үеийн түүхээс яриагаа эхэлье гэж бодож байна?
-Миний амьдралын адуутай холбогдсон 22 жилийн түүх бүхэлдээ Өмнөговь аймгийн хурдан морь, уяачидтай холбоотой.1990 оны үеэр  “Монгол адуу” нийгэмлэг байгуулах аян орон даяар өрнөсөн шүү дээ. Тэр үеэр аймагтаа анхны салбаруудын нэгийг байгуулан нарийн бичгийн даргаар нь нэг хэсэг ажиллаж байлаа. Дараа нь 1995 онд уяачдын өргөтгөсөн зөвлөгөөнийг хийж, “Говийн хүлэг” холбоогоо анх байгуулж байсан юм. Холбооны анхны тэргүүнээр Улсын дээд шүүхийн шүүгч болчихсон Сумъяа,  дэд тэргүүнээр би сонгогдож, 16 хүний бүрэлдэхүүнтэй анх байгуулагдаж байлаа. Түүний дараа Сумъяа маань шилжиж би тэргүүний ажлыг нь авсан юм. Тэр цагаас хойш 17 жил өнгөрчээ. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд холбооныхоо тэргүүн, хүндэт тэргүүнээр ажиллан говь нутгийнхаа адууг, уяачдынхаа ур чадварыг сайжруулахын төлөө зүтгэж ирлээ. Биднийг холбоо байгуулах үед уяачийн хөдөлмөр үнэлэгдэггүй, нэр хүнд ч нь сайнгүй байсан. Тиймээс хамгийн түрүүнд уяачдаа үнэлүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг орныхоо нэрийг гарган уясан хүлгээ хурдлуулж явсан зургаан хүнийг Монгол улсын Алдарт уяач цолонд тодорхойлж, хуучин болзлоор 60 гаруй хүн аймгийн Алдарт уяач цолонд хүрсэн. Түүнчлэн уяачдаа малгайн тэмдэг, залаатай болгосон гээд яриад байвал юу эсийг хэлэхэв дээ.
-Ууган холбоодын нэг Өмнөговь аймгийн уяачдын холбоо “сайн” гэсэн тодотголтой салбаруудын нэг юм билээ?
-Ийм магтаал дуулах сайхан л байна. Ах нь төрийн байгууллагат, тэр тусмаа цагдаагийн байгууллагат олон жил ажилласан хүн. Төрийн ажлын завсараар л холбоогоо авч явдаг байлаа шүү дээ.  Гэсэн хэдий ч “Говийн хүлэг” холбоо маань 2005,2006 оны аймгийн шилдгийн шилдэг спортын холбоо, 2008 оны ММСУХ-ны шилдэг холбоогоор шалгарч байсан удаатай. Сүүлийн жилүүдэд хаа сайгүй морин спорт эрчимжиж байна. Тэр хэрээр холбоонд санхүүжилт шаардлагатай болж, хоёр жилийн өмнө буюу 2010 онд “Тавантолгой” ХК-ийн захирал Түмэнбаярыгаа тэргүүнээрээ сонгосон. Манай залуучууд бүрэлдэхүүнээ шинэчилж, өнөөдөр улсын хэмжээнд уралдаж байна. Дунд үеийн залуус маань адууныхаа удам угшлыг сайжруулах тал дээр ихээхэн анхаарч, морьд нь ч сайн давхиж байна. Бүсийн наадмуудаас манай залуучууд нэлээд хэдэн айраг, түрүү авчихсан. Энэ жил улсын наадмаас хоёр түрүү, нэг айраг авлаа. Энэ нь 84 жилийн дараа Өмнөговь аймгаас дээд нас түрүүлж байгаа бахдалт хэрэг юм шүү дээ. Хэдэн жилийн өмнө манай аймгийн Баяндалай сумын уугуул Р.Бадрахын шүдлэн улсад түрүүлж байсан. Дээд нас бол 84 жилийн дараа түрүүлж байгаа нь энэ жил. Тэр утгаараа манайхан говийнхон энэ жил их омогшиж баяртай байгаа. 1928 онд Манлай сумын хошуу ноён байсан Со сайд гэж хүний халзан азарга улсын наадамд түрүүлж байсан юм. Тэр халзан азарга өмнө нь улсын наадамд хоёр ч айрагдчихсан хурдан буян байсан юм билээ. Би үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр төрийн наадамд Өмнөговийн адуу түрүүлж байгаа нь бидний хэдэн нөхдийн холбоо байгуулж байсан гол зорилго биелж байгаа юм. Үүнд өвгөн ах нь туйлаас их баяртай байгаа. /инээв/
-Өмнөговийн адуу сайжрахад “Говьшанх” уралдаан ихээхэн нөлөөсөн гэж ярих юм билээ. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тэгэлгүй яахав. Цагаан морин жилийн ардчилал “Хонхны дуу”-нд сэргэж, хүчээ авсан шиг Өмнөговь аймгийн уяачдыг  “Говьшанхын хурд” уралдаан сэрээж ирлэсэн юм шүү дээ. Одоогийн Батлан хамгаалах яамны сайд Д.Бат-Эрдэнийн санаачлагаар 1999 онд Цогтцэций суманд анхны “Говьшанхын хурд” уралдааныг зохион байгуулж, би комиссын даргаар нь ажиллаж байлаа. Тэр уралдаанд миний ухаа даага айрагдаж, маш их баярлаж билээ.
-Тэр уралдаанд Өмнөговьчууд хэрхэн наадсан бэ?
-Манайхан 10 айраг авч байсан юм. 2003, 2007 оны  “Говьшанхын хурд-2,3” уралдаануудаас ганц ганц айраг хүртсэн юм.Тэр нь манайханд их хүнд туссан л даа. Говь чинь хэцүү шүү дээ. Нэг үе цаг хатуурч адуу их хорогдсон. Түүний дараа өнгөрсөн жил 2011 онд болсон “Говьшанхын хурд-4” уралдаанаас манайхан дөрвөн түрүү, 11 айраг хүртэж хотол олноороо хөөрч байлаа. Сүүлийн хоёр жилийн энэхүү амжилтууд ерөнхийдөө Өмнөговийн адуу сайжирсныг гэрчилж байгаа юм.
-Анхны “Их хурд” уралдаанд аймгууд зохион байгуулалттайгаар оролцож байсан юм билээ. Би андуураагүй бол танайхан ч гэсэн нэлээд хэдүүлээ очиж байсан дуулддаг юм?
-Тэгсээн. Анхны “Их хурд”-д манайхан их идэвхитэй оролцсон юм. 300 км алслагдсан Манлай сумын уяачид морьдоо хөлөөр нь сар гаруйн аян хийгээд очиж уралдаж байлаа шүү дээ. Сувд гуай, МУ-ын Алдарт уяач  Жанж гуай, Балжинням гуай гээд хэдэн сайхан өвгөчүүл, үр ач нараа авчихсан. Нутгийн сайхан буурлуудтайгаа мөн ч сайхан явж билээ. Хархоринд очсоны дараа “морьдоо хэрхэн уралдуулах вэ” гэдэг талаар хуралдсан юм. Тэгэхэд зарим нь “гарааны зурхай дээр очиж хононо”ч  гэсэн саналыг тавьж байсан юмдаг. Олон хүнээс янз бүрийн л санаа гардаг юм билээ. Нөгөө хэсэг нь түүхэн уламжлалаараа дунд хурдаараа очиж, дээд хурдаараа эргэж ирнэ. Уламжлалаа гажуудуулж болохгүй гээд л. Санал хоёр хуваагдчихаад нэг хэсэг юм болсон санагдана. Тэгсэн тухайн үед Дарханы уяачдын холбооны тэргүүн байсан Даваадорж /одоо бурхан болчихсон/ анхны гарааны төхөөрөмжийг хийж туршиж байлаа. Одоогийнхоос өөр нь дээшээ сугардаг. Түүний буянаар анхны “Их хурд” маш гоё зохион байгуулалттай, ямарч будлиангүй сайхан болсон. Нэг л гэм нь цаг агаар их хүнд байснаас болж олон сайхан хурдан буян эндсэн дээ.
-Танайхан яаж наадсан бэ?
- Манайхаас очсон морьдоос Совдын  хээр морь маань үсэргээнүүдэд тасархай хурдан байсан ч уралдааны урьд өдөр их бороо орж, цөмрөөд 70-н хэдээр орж, Жанж гуайн шарга морь 60 гаргаж давхисан. Хангайд анх удаа уралдаж байгаа болохоор уяачид маань мориныхоо хоол ундыг тохируулж чадахгүй. Эрт оччихсоныг ч хэлэх үү хангайн усан ногоонд морьд дасахгүй нэлээдгүй бэрхшээл гарсан л даа. Гэхдээ дараа жил нь нутагтаа болсон “Говьшанхын хурд-1” уралдаанд Совдын  хээр морь маань айргийн дөрвөөр хурдалж, хурдан гэдгээ нотолсоон. Тэр үед морины тухай сэтгүүлчид сонирхдоггүй байж. Зураг хөрөг наадмын мэдээ ч тодорхой гардаггүй байлаа. Хэрвээ тэр үед “Тод магнай” сэтгүүл шиг байсан бол их сайхан түүх үлдэх байж дээ гэж бодогддог шүү. Би танай сэтгүүлийг дугаар бүрээр нь цуглуулдаг. Сүүлийн 3-4 жилийн архив тэр чигтээ надад хадгалаастай байна шүү дээ. Зарим нэг юмыг санахгүй бол гаргаж ирээд л харчихдаг юм. Танай сэтгүүл яг энэ талаараа үнэхээр их ач холбогдолтой шүү.
-Баярлалаа. Сэтгүүлийнхээ байнгын уншигчтай уулзаж байгаадаа маш их баяртай байна?
-Тэтгэвэрийн өвгөн би “Тод магнай”, “Уяачийн алдар” хоёроо захиалчихвал бусдыг нь тоодоггүй юмаа. /инээв/ 1990-ээд оны сүүл 2000 оны эх гэхэд манай аймгийн адуу цус сэлбэгдээгүй, нутаг адуугаараа нааддаг байсан хэдий ч манайхан энд тэндхийн наадмуудад сайн явдаг байсан юм шүү. 1999 оны Боржигоны зүүн бүсийн даншиг наадамд гэхэд очиж, туршлага судлан, комиссын нөхдүүдтэй ярьж хөөрч байлаа.
-“Говьшанхын хурд-4” буюу Өмнөговь аймгийн 80 жилийн ой монголын морины түүхэн дэх томоохон бай шагналтай наадмуудын нэгэнд зүй ёсоор нэрлэгдэнэ. Анхны бүсийн наадмын бай шагналыг хэрхэн бүрдүүлж байсан бэ?
-Моринд элэгтэй түмнээсээ хандив тусламж авч л бүрдүүлж байсан юмдаг. Одоо бас нарийн сайн санахгүй байнаа. Ямар ч байсан айргийн дөрөвт давхисан адуунд систем хөгжим өгч байсан нь тэр үедээ л муугүй байнд тооцогдож байсан. /инээв/ Тэр үеэ бодвол “Говьшанхын хурд-4” уралдаанд түрүүлж айрагдсан адуундаа 30 ачааны машин эгнүүлж тавьж байгаад өглөө. Их насны морьд гэхэд арай том оврынх, бага насны морь бол арай бага оврынх байх жишээтэй. Тийм бай шагналтай наадам би үүнээс өөрийг сонсоогүй. 30 ачааны машин жагсаагаад, 60 наадмын асар  барьчихаад зогсож байх бас л сайхан л юм билээ. Залуучуудаараа бахархаж л байлаа.
-Холбооны тэргүүний тухайд бус хусуур бүсэлж, хөхөл боосон уяачийн тухайд өнгөрсөн он жилүүдэд ямархан амжилт гаргасан болоо?
-Загасчны морь усгүй гэдэг шиг холбооны ажил гэж яваад өөрийнхөө морьдыг сайн анхаардаггүй  байж дээ. Гэхдээ буурлын буян байна, адууны хийморь байна. Говьшанхын хурд-1 уралдаанд ухаа даагаа айрагдуулж байсан. Ухаа үрээ маань Манлай сумын унаган адуу байгаа юм. 170 гаруй даага мордоход дөрвөөр давхиж, анхны бүсийн наадмын айргийг ахад нь авчирч өгсөн дөө. Шүдлэн,хязааланд нь цаг муудаад уяж болоогүй. Соёолонд нь аймгийн наадамд нэг тасархай тавлуулаад, хойтон жил нь Цогтцэцийд оторлож байхад нь малын хулгайч аваад байхгүй болгочихсон.
-Аймгийн Алдарт уяач байхаа?
-2000-гаад оны эхэн үеийн аймгийн Алдарт. Ах нь аймгийнхаа наадамд азарга түрүүлгэж, зургаан айраг хүртсэн байдаг юм. Нэг үе зуд турхан болоод адуу малаа алдаж үрэгдүүлсэн тал бий. Гэсэн хэдий ч дуртай юм болохоор үлдсэн хэдээ нааш цааш болгож уяад л байна. Энэ жил ар гэрийн гачигдал гараад уяа морьдоо тавьсан. Ганцхан их насны морио хүнд өгөөд явуулсан чинь Хүрмэн сумын наадамд хол түрүүлсэн байна лээ. Ирэх жил бас хэдэн юм уяна даа.
-Уясан хүлгэд нь хурдан, унасан хүүхэд нь цовоо байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж явахын өрөөл өргөе.
-Баярлалаа. Та бүхэнд “Тод магнай” сэтгүүлийн маань хамт олон говийн уяач биднийг зорин ирж сайхан ярилцлага өрнүүлж байгаад өвгөн ах нь их баяртай байна. Та бүхний ажилд амжилт хүсье.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна