Ламын Гэгээний жоохон зээрд адууны удам

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 27 -нд

1991 оны хонин жилийн их наадмын хурдан морины уралдааны их нас будилж, Сүрэнхорын хээр азарга үрэгдэж, төр засаг хямран, ард олон идэвхжсэн бөөмс шиг ийш тийш үсчиж байлаа. Хот газрын будлиан, шуугианаас уйдаж, дайжин “хөдөөлж” Орхон голын хөндийг өгсөн хийморио сэргээн шогшуулж явахдаа энэ тэрийг эрэгцүүлэн бодож, айлаар бууж ухаант өтгөсийн үг, мэргэн ардын сургаалийг сонсож явлаа. Адууг эртнээс ойр зуур унаж хурга, ишиг хариулах, жилд ганц удаа уяж уралдуулах, айраг цэгээг нь хүртэх, алаг махыг нь хүртэх төдийгөөр хэрэгцээгээ хангах төдий болжээ. Эрт нэгэн цагт их эзэн богд Чингис хаан агуу гүрнийхээ зах хязгаар бүрт хүргэж татсан “Алтан аргамж”- аа эвхэж авалгүй орхидог нь нэн учиртай байж. Харин хаана тасарна тэнд хатуу цохилт өгч, эгүүлэн залгаж байсан гэдэг. Энэ бол төрийн алтан аргамж буюу төрийн нүд, чих, хэлийг бүрэн бүтэн байлгах хатуу зарлиг хууль болой. Үүнийг дагшин хүлгэдийн зоон дээр дамжуулан гүйцэтгэж байлаа. Эртний Хархорим хотоос зүг бүр татсан “Алтан аргамж” төрийн мөнгөн гадсанд аргамжаатай бөгөөд түүний үзүүрт “алагхан адуу”-тай ард түмэн маань холбоотой байдаг ажгуу. Эртний ийм нэг “Алтан аргамж”-ны үзүүрийг атган “Монгол элч”-ийн хуучирч бүдгэрсэн замаар Хархориноос баруун тийшээ Орхон голыг өгсөн Түйн гол хүрээ, Ламын гэгээний хийдийг чиглэн хуучны газрын зургаар чиг баримжаа авч мориор аялахдаа энэхүү нугалбарыг үйлдсэн билээ. Манзушир отгийн нутгаас мориор аялан гарсан Германы аялагч Карл Хайнц Маннсбард, “Монгол адуу” нийгэмлэгийн аялагч Сундуйн Энхболд нартай дөрөө харшуулж аваад Орхоны Улаан цутгалан хүрч, Хангайн нурууг Алтай даваагаар давж, Тамчийн гол, Эрхт хайрхан, Илбэх, Шаргалжуутаар дамжин Түйн гол хүрч дөрөө мулталж билээ. Төв аймгаас унаж гарсан цоохор халтар, зээрд морьд газрын холд цуцалгүй, эмээл сэлгэлгүй довтолсоор Баянхонгор хүрээд эргэж билээ. Шандаст хүлгийн минь туурай бат оршиг.
Ламын гэгээний наадмын нутаг. Орхон голын нэгэн эх салаа Улиастайн голыг өгсөж Хангайн нурууг Алтайгаар давж, Хавцал хэмээх үзэсгэлэнт зэлүүд нутаг орж билээ. Галт уулын дэлбэрэлтээс тогтсон өвөрмөц сонин тогтоцтой, уул, ус ургамал гоц сонин санагдана. Эртний их нүүдэл, аян жин, элчийн харгуй сүлжсэн Тамчийн гол, Эрхт хайрхан, Илбэхийн даваа аргал, хайнагийн даргар эвэртэй их овоо тахилгууд холын хүнийг сүрээр даран сэтгэл хөглөнө. Энэхүү бөглүү зэлүүд нутаг бол Ламын гэгээнтнүүдийн үе улиран наадамлаж асан нутаг аж. Ар халхын гурван баяны нэгд тооцогдож байсан Ламын гэгээний тавдугаар дүр Эрдэнэ бандида нутагт Пэрэнлэйтогмид (Чулуун 1862-1907 он) нь түмэн тэмээтэй болж мөнгөн буйл хийлгэсэн, адуунд их хорхойтой, морийг явган гүйж маш сайн уургалдаг, наймаа панз хийдэг, холын аянд олонтоо явж, юм үзэж нүд тайлсан, шашныг дэлгэрүүлэн, соёл урлагийг бадраагч, уламжлалт зан заншлыг сурталчлагч их соён гэгээрүүлэгч хувилгаан хүн байжээ. Шавь нартаа “өндөр” хэмээгдсэн Ламын гэгээнтэн багаасаа морь, бөх, найр наадам, дуу хуурт дурладаг байсныг багш нар нь шашин номын хүнд зохихгүй хэмээн үзэж таргалуулах  тан хүртээн суугаа болгосноор “тарган” дүр хэмээх зургаадугаар дүрийн хувилгаан Жамъяндорж богинохон насалж (1908-1912 он) үгүй болсон хийгээд ор залгасан долоодугаар дүр Цэрэндорж (1913-1937 он) 1930 онд 18 насандаа сайн дураар хар болж, 27 насандаа хэлмэгдсэн тэртээх ороо бусгаа цагуудаас эхлэн тэмээчин отгийнхон нь маллаж байсан тэмээнийхээ ихэнхийг  авч хил даван дүрвэж, нутаг нь эзгүйрэн хаягдаж, отрын зэлүүд нутаг гэгдэх болжээ.
Хангайн нугын адуу. Орхон голын дээд эх бие Хангайн нурууны зүүн биеэс бариуун биеийг хамарсан өргөн нутаг өндөр уулын бүсэд Ламын гэгээний жоохон зээрдүүдийн удам Монгол адууны генийн сангийн нэгэн нандин эрдэнэ унахад нэн сайн, шавилуухан биетэй Хангайн нугын шандаст адуун сүрэг хадгалагдан үлджээ.  Арьсандаа багтаж ядтал таргалсан, гоёмсог хүрэн, ухаа зээрд зүсмийн товир чанга, уртавтар биетэй, богино босоодуу тавилтай махлаг хүзүүтэй, дух магнай өргөн, согоон чихтэй, бахим бөх сарлаган туурайтай, уулын өндөр өгсүүр, эгц урууд буга шиг зүтгэн дүүлдэг, усны гүнд хун шиг сэлдэг адуу аж. Адуугаа хүндэтгэдэг эртний ариун ёсон махыг нь хүнсэнд хэрэглэхийг цээрлэдэг уламжлал тэр нутагт хүчтэй хэвээр байлаа.
Ламын гэгээний домог. Ламын гэгээний “өндөр” дүр алсын аян жинд явах үедээ зүс хувиргаж, энгийн хувцаслаж, хөсгөөс түрүүлж өдөрчийн газар тасран явж айл хэсэж, хурдан, жороо, гоё ганган адуу шинжин “морины наймаа панз хэлэлцэж” явдаг байжээ. Гэгээнтэн тийн явахдаа харийн хошууны айлд бууж, мэнд мэдэлцэж суутал гэрийн эзэн:
-  Ламын гэгээн гэж нэг “морины өвчтэй” амьтан маргааш үүгээр залрах сурагтай. Түүнд үзүүлж үнэ хүргээд зарчих санаатай хоёр морины дэлийг засаж, хөнгөрүүлэн янзлаад байна. Чи хө нэг үзээдэх гэж гэнэ. Үзэхүл аятайхан хул зүсмийн морьд байв. Маргааш нь тэднийд Ламын гэгээнтэн жинхэнэ дүрээр морилон ирж гэнэ. Гэрийн эзэд ихэд сандран балмагдаж, зүс үзсэн хүн байх тул ихэд барьц алджээ. Ламын гэгээн түүнд тал өгч ойртоод:
- Чи хө, над өгнө гэж хоёр хул морины дэл засч байна уу? Тэр чинь хаана байна вэ? гэж асуухад үнхэлцэгээ хагартал айсан зүрхгүй эр өвдөг сөгдөн өврөөсөө хадаг гарган:
- Жа тийм ээ. Танд тэр хоёрыг барьчихъя гэсэн гэдэг. Ингэж арилжааны ухаанд гаргуун гэгээнтэн наймаа хожиж, хоёр хул морийг сул авчихсан гэдэг. Ламын гэгээний тавдугаар дүр сур харваж, морь уургалах дуртай нэгэн байжээ. Хожим бие нь лагс хүндэрч, хэт таргалсан хойноо зугаагаа гаргахдаа жавдан дээрээ суугаад урдуураа адуугаа шахан гүйлгүүлж суугаараа уургалж зугаагаа гаргаж байсан гэлцдэг. “Тарга” дүрийн хувилгаанд түүнийг даадаг унааны ганц сайн номхон туулай бор гэдэг маш хурдан жороо морь байсан гэнэ. Унаж очоод хаа ч тавьсан хоногтоо хүлэг санж. Тэр нутагт Халтарын  Жаргал гэдэг морь шинжээч нэгэн ядуу гоонь эр байдаг байв. Тэрбээр Ламын гэгээний адууг үзэж яваад:
-  Энэ хонгор мориор л Туулай борыг хөөж барина даа гэж байсан гэнэ. Хонгор морийг уурганд гаргуун, сургахад ганц хөл дээрээ налж огцом хурц эргэдэг тонж хүлэг болов гэнэ. Адуучин Алтангэрэл хонгор морийг унаж Туулай борыг уургалахаар хөөх үед огцом эргэлтэд гар нь бугалгаараа хугарч гэмтэж байсан гэдэг. Халтарын Жаргал тэр хонгор морийг унаж Туулай борыг хөөж уургалдаг байсан гэнэ. Халтарын Жаргалын дүү их баян хүн байдаг байж. Нэгэн зун Жаргал дүүгийндээ айлчлан ирж, айраг уун суунгаа үе үе гарч гүйгээд байж гэнэ. Дүү нь ахыгаа шоолж:
- Манай ахын гэдсэнд юм тогтохоо байжээ гэж суув гэнэ. Тэгтэл Жаргал ам нээж:
- За дүү минь ахдаа гадаа уяатай байгаа навсгар хээр даагаа өгчих гэж гэнэ. Дүү нь дуу алдаж:
- Та чинь хүнээс ичихэд яадаг юм бэ. Хүн амьтан муу хэлнэ шүү муу даага хөтлөөд яаж буцах хүн бэ Та гэж гэнэ. Жаргал зөрж дүүгийнхээ уурыг хүргэн байж хээр даагыг хөтлөөд явчихжээ.
Хожим Халтарын Жаргалын хурдан хээр морь гэж дуулдаг болж, гүйцэгдэхгүй хурдалж эхэлснийг дүү нь сонсжээ. Тэгээд баян дүү нь тэр хурдан моринд нь санаархан эмээл хазаартай сайхан морь хөтөлсөөр ахындаа айлчлан иржээ. Тэгээд цууд гараад байсан хээр даага нь байсан гэдэг. Ах нь хурдан хээр морио ч өгөөгүй буцаажээ.. Чухамхүү дүү нь ичээд гуйж, шалж чадаагүй ч байж мэдэх юм гэж ярьдаг аж. Юутай гэсэн Ламын Гэгээнийхэнд Халтарын жаргал гэдэг морь таниач, сайн уяач байсныг дурсан хуучилсаар байдаг. 1904 онд Төвдийн 13 дугаар Далай ламыг айлчлан ирэхэд Ламын гэгээнийхэн 1000 жороо шарга морь унаж угтаж байсан, “Аварга бор” гэдэг наадам болгонд түрүүлдэг их хурдан морь байсан гэлцдэг.
Баянхонгорын хурдан хүлгэд, алдартай уяачид.  Монголын их хурдан хүлгүүд Ар халхын хаа ч төрсөөр байдаг эртний ерөөл тавилан байдаг билээ. Хонгор нутгийн хурдан хүлгүүд Номон хааны цагаан, Нарийний голын борлогууд, Гучингийн голын унага, Бөмбөгөрийн зээрдүүд, Цулын хондон, Бат-Очирын харлаг, Ядамын цагаан гээд хурдны хэдэн гал голомт болсон удам угсаатай холбоотой байв. ХХ зууны төгсгөл гэхэд нутагтаа Галуут сумын Жаргалант голын унага хурдаараа ноёлох талдаа байлаа. Нэгэн жилийн уралдаанд Жаргалантын 13 азарга завсаргүй түрүү, айраг, цээжинд ирж байжээ. Галуутын том чихт цагааныг нутаг усныхан нь “тэргүүн түмэн эх” хэмээн дурсан хуучилсаар байдаг. Баянхонгор нутгийн толгой хурдан энэ үзэсгэлэнт хүлэг 7-24 насандаа аймаг, сумын наадамд 11 түрүүлж, 43 удаа айрагдаж хосгүй хол тасран хурдалж байжээ. Том чихт цагаан товир том биетэй, гоёмсог төрхтэй, их агсан хангал тэнгэрлиг хүлэг байжээ. Тэр зангаа үхэн үхтэлээ орхиогүйн улмаас 19 настай томоо хүү унаж уралддаг байсан гэдэг. Баянхонгорын Галуут сумын ахмад уяач Нанжидын Ядам хэмээх нутаг усныхандаа хүндлэгдсэн эрхэм сайн хүлэгч байлаа. Алдартай уяач Н.Ядам аймаг, сумынхаа их бага наадмаас 100 орчим түрүү, айраг хүртжээ. 1948-1956 оны хооронд Ядамын цагаан азарга аймагтаа 6 түрүүлэн, 5 айрагдаж, хүрэн морь нь 2 түрүү, 9 айраг, хээр азарга нь сумандаа 9 түрүү, хээр морь 2 түрүү, 5 айраг гээд олон наадмыг ноёлж байжээ.
Баянхонгорын агсан жороо морьд. Айл саахалт, бүсдээ нэртэй, тэргүүн жороо хүлэг олонтой нутаг аж. Хурдан жороог тусгайлан үржүүлэх талдаа нутаг усандаа нэрд гарсан Өлзийт сумын адуучин Даваа адуугаа үзүүлж:
- Жороо азарганд жороо гүү хураалгаж удам дагуулан үржүүлдэг юм. Жороо явдал бол удамшдаг зүйл шүү. Удмын ийм жороог манай нутагт “хиймэл” жороо гэдэг юм. Манай нутагт тэмээн буюу хатуу явдалтай, алддаг хурдан жороог нэг ойшоохгүй л дээ. Хамгийн уран жороо, зөөлхөн чамин явдалтай гоёмсог төрхийг ихэд таашаадаг юм гэж ярьж билээ. Тэр нутгийн жороо морьдын явдлыг харахад улсын наадмын түрүү жороотой эн тэнцэхүйц болоод уран жороо явдлаараа илүү байлаа.
Сухай зандан ташуурын нутаг. Их говь руу шургасан их уст Түйн голын адаг Орог нуур, элсэн уулс, чихэр өвсний шугуй, Баянбүрд, Мөнх цаст их Богд уул, таана, хөмүүлийн ширэгт говийн сайр энэ бүгд нэгэн дор хослон тогтсон өвөрмөц үзэсгэлэн төгс тогтоцтой байгальтай зэрэгцэн хүний гараар бүтэж буй говийн цэцэрлэг жимсийг харсан нүд баясан, сэтгэл бадармой. Баянхонгорын Богд сумын ахмад уяач Хайдавын Цэрэн адуу гэхээр нүд нь сэргэж, гал дөл нь гялалзан хүд хүд инээж:
- Говиор ч би морьтой их хол явсан хүн дээ. Та нар хотоос мориор ирсэн нь “хоргой торгоноос” ч сонин байна. Бид бас эндээ “Монгол адуу” нийгэмлэг байгуулах санаатай. Сухай зандан мод дурсгая. Аянга цахилгаан буудаггүй мод гэдэг. Хурдан морины хүүхдэд ээлтэй. Ташуур хийж бариулаарай. Манай энд ургадаггүй мод, 200 км холоос авчирдаг юм. Манай энд Ганхуяг эрдэмтэн тарималжуулж байгаа юм. Энэ жил 10 мянган суулгац зарна. 10 мянган ташуур гэсэн л үг. Ташуурын сухайд яв гэвэл надыг л заана даа. Сухайг хамаагүй авдаггүй юм. Хаа ургадагийг тэр бүрий хүнд зааж өгдөггүй гээд манай говийн ёс журам хатуу шүү дээ гээд хуучилж байлаа. Тэгээд тэрбээр “говьдоо хурдан адуу үржүүлж, хангайнхантай ташуурын наймаа үүсгэх” саналаа илэрхийлж билээ.
Хархорин хотноо Даншиг наадацгаая. Баянхонгорын тэргүүн уяачид, гаргуун хурдаан хөтлөн хөөрхөн бор жаалуудаа дагуулан эртний наадмынхаа нутагт хурж Эрхэт хайрханаа тахьж, эрдэмт Гэгээнээ дурсан жоохон зээрдүүдээ уралдуулах хүслээ илэрхийлж байж билээ. Аян замын эхэнд бид Орхон голын эрэгт зусландаа гарсан Хархорины сангийн аж ахуйн даргаар олон жил ажиллаж байсан БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Гомбосүрэнгийн жижигхэн гэрт хоноглож, хууч хөөрч билээ.
Тэрбээр хоймортоо тухлангаа:
- Уг нь би чинь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул хүн л дээ. Манай нутаг адуутай, хурдтай. Би бие сэтгэлээрээ, үр хүүхэд маань мах цусаараа Хархорины унаган улс болжээ. Хархорин маань сэргэж мандан том хот болно гэдэгт итгэж явдаг гэж хөөрөв.
Би тэгэхэд нь:
- Хэрэв Монголын нийслэл энд шилжин ирвэл мянган морь уралдах замгүй болсон юмуу даа. Хархорины их талыг хагалаад тариа тарьчихсан хүн гэж Таны тухай дуулсан юм байна гэхэд:
- Тийм нь ч тийм шүү. Гэхдээ морь уралдуулах газар бас ч бий шүү. Том наадам хийхэд уужимхан багтана гэж байж  билээ.
Энэ ярианаас хойш олныг бодож Орхон голын хөндийгөөр шогшуулж өвгөд хөгшидтэй уулзан хуучилж, Хархорин хотын сэргэн мандалт, Өндөр Гэгээн Занабазар, Автай сан хаанд зориулан хөшөө дурсгал босгон “Даншиг” наадваас юутай сайхан бэ гэсэн бодол төрж нутгийн зон олонтой анх түрүүнээ сэтгэлээ хуваалцаж билээ. Үнэндээ тийм л дээ. Улаанбаатар хотод хийж болохгүй болчихсон наадам, уралдаж чадахаа байсан уяач, хүүхдүүдээс улсын наадмын хурдан морины уралдааныг салгаж нэгэн удаагийнхыг ч болтугай Хархоринд хийхсэн. Ингэж чадваас Монголын сүлд хийморь, сэргэн мандаж буй үйлст их хувь нэмэр болно гэдгийг түмэн олноо өргөн сонордуулахыг яаран байж билээ. Энэ буянт үйлс бол үл бүтэх зүйл биш ээ хэмээжүхэй (1991. 9.3.) хэмээн Үнэн сонины дагалт “Бодлын солбилцол” сонинд тэмдэглэсэн билээ. Үнэхээр бидний эхлэн сэдэн байсан эдгээр санаанууд хэрэгжиж 1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойг тэмдэглэх номын багахан наадмыг Хэнтий аймагт өргөтгөн их Даншиг, 1995 онд Завханы Дөрөлжин суманд Сартуулын сар хайрханыг тахиж  Морин эрдэнийн Баторшил наадам болгосноос хойш ММСУ Холбооноос Өвөрхангайн Есөн зүйл суманд Өндөргэгээний 360 жилийн сүүдэрт мандал өргөсөн Баторшил наадам, 1997 онд Говь-Алтайн Дэлгэр суманд “Адууны хишиг өлзий дэлгэр ” баруун бүсийн уралдаан, 1998 онд Хархорин хотод анхны “Их хурд” уралдаан, 1999 онд Баянхонгорын аймагт зохиосон Ламын гэгээний анхдугаар дүр Эрдэнэ бандида хутагт Лувсанданзанжалцан (Ханчинчойжил 1639-1703) –гийн 360 жилийн ойн баруун бүсийн хурдан морины уралдаан зэрэг олон арга хэмжээг салбаруудтайгаа хамтран зохион байгуулснаар “Монгол адуу” нийгэмлэгийн шугамаар боловсруулсан олон түмний хүсэл бодлыг тээсэн анхны хэтийн төлөвлөгөөнүүд мөрөөдөл бус жинхэнээрээ хэрэгжсэн билээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна