Ч.Ганзориг: Монголын хурдан морины өнөөгийн хөгжил сайн муугаар гоочлуулдаг адуунд хорхойтой бизнесменүүдтэй салшгүй холбоотой

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 31 -нд

Цаг үеийн асуудлаар яриагаа эхэлье. Улсын баяр наадамд нэгдүгээр үеийн эрлийз цусны адууг ялгаж уралдуулах тухай ММСУХ-ны Ерөнхийлөгчийн шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн талаар ямар бодолтой байгаа вэ?

-Энэхүү шийдвэрийг М.Энхболд гэдэг хүн хувь хүнийхээ хувьд гаргаагүй байх гэж бодож байгаа. Яагаад гэхээр энэ бол аль ч талаас нь харсан сайн үр дагавартай бус. Би хувьдаа эсрэг саналтай байгаа. Бид адуугаа сайжруулж, чанаржуулах ёстой. Бас үржил селекцийн ажлыг шинжлэх ухаанчаар явуулах ёстой. Аливаа шинэ зүйл эхлээд янз бүрийн бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгарч л байдаг. Анх морь тэжээж байх үед бас л ингэж ярьж хэлдэг байлаа. Цагаан өвсний адуу, тэжээлийн адуу хоёр яаж уралдах вэ энэ тэр гээд ... Одоо хот, хөдөөгүй бүгд л тэжээдэг болчихсон байгаа биз дээ. Эрлийз энэ тэр гээд ярих юм бол “Амгалан төрийн ажнай хүлэг” алдарт хурдан шарга азарганы угшил нь “Тогоруу” шүү дээ. Жаргалантын морин завод гэхээр бүгд санаж байгаа байлгүй. “Соёмбо” хүрэн, “Гуулин” зээрд гээд олон алдарт хүлгүүд бүгд л энэ угшлын адуу. Эднийг эрлийз биш гэх үү. Эсвэл эрлийз гээд тусад нь ялгаж уралдуулах юм уу цаашдаа. Энэ мэтчилэн олон асуулт гарч ирнэ л дээ.

-Эрлийз адуу буюу шинэ Монгол адуу дийлж уралдсан сүүлийн жилүүдийн наадамд жирийн уяач уралдах боломжгүй боллоо. Энэ чигээрээ явбал Монгол наадам, үндэсний их баяр цэнгэл гэдэг утгаа алдана гээд байгаа. Нээрэн ч сүүлийн жилүүдийн улсын баяр наадмын морьдын тоо цөөрч байгаа шүү дээ?

-Өмнө нь улсын наадам нэртэй болохоос биш Төв аймгийн хэдэн сумын морьд л уралддаг байсан. Тэндэхийн уяачид л алдар цол хүртдэг байсан ш дээ. Харин одоо өөр болсон. Дүнжингаравт гэхэд 300 гарч уралдаж байна. Үндэсний наадам гээд ярих юм бол япончууд сумо бөхөө хөгжүүлэх гээд харин ч гадны бөхчүүдийг урьж, улам хөгжүүлж байгаа биз дээ. Гэтэл бид ийм байдлаар үндэсний баяр, Монгол морь, Монгол бөх гээд яриад байх юм бол казак хүн барилдахгүй болох уу. Цаашлаад Монголын өмнөөс их спортод манай зарим тамирчид маань орохгүй болох нээ. Ний нуугүй хэлэхэд би энэ шийдвэрийг улс төрийн шийдвэр, сонгууль ойртож, малчид уяачдад таалагдах гэсэн улс төрчид л энэхүү шийдвэрийг гаргаж байна гэж үзэж байна. Түүнээс биш нарийндаа Монголын хурдан морины хөгжилд санаа тавьж гаргасан шийдвэр биш. Хөдөөгийн малчид тэр бүр адууныхаа цусыг сэлбэж сайжруулах боломж байхгүй учраас мэдээж эрлийз адуутай уралдах дургүй байгаа нь нууц биш. Тиймээс улс төрчдийн энэхүү шийдвэр одоохондоо тэдэнд таалагдах нь гарцаагүй. Гэвч энэ шийдвэр яг үнэндээ эрлийз адуутай хүмүүст гэхээсээ илүү алсдаа малчдад, Монгол морины хөгжилд сөрөгөөр тусна.

-Яагаад?

-Эрлийз адуутай улсуудад бүгдэд нь л сайн хурдан Монгол адуу байгаа. Энэ бол тодорхой шүү дээ. Тэд 10,11,12-ндоо монгол адуугаа уралдуулаад, 13-ндаа эрлийзүүдээ уралдуулна. Тэгэхээр харин ч эсрэгээрээ энэ нөхдүүд алдар цолонд хүрэх боломж нь хоёр дахин өсч байгаа биз. Нөгөө талаар, энэ шийдвэрээс үүдээд алсдаа Сүхбаатар, Дорноговийн Монгол адуу өнөөдрийнх шигээ өндөр үнэд хүрэхээ болино.

-Харин ч эсрэгээрээ улам үнэд орох юм биш үү?

-Ойрын 2 жилдээ бага зэрэг үнэд орох байх л даа, түүнээс цааш бол унана. Учир нь нөгөө эрлийз гээд байгаа шинэ Монгол адууны дээд тал нь одоо азарга болж байна. Тэдний үр төл нэг жилийн дараагаас уралдана. Шийдвэр ёсоор хоёр түүнээс дээш үеийн эрлийз уралдана. Тэгэхээр их сайндаа 2-3 жилийн дараагаас өнөөдөр ялгуулсан эрлийзүүдийн чинь үр төл давхиад эхлэхээр алсдаа дахиад л Монгол адууны үнэ бууна шүү дээ. Уг нь ийм шийдвэр гаргаж байхын оронд харин аймгийнхаа сум бүрт цэвэр болон эрлийз азарга өгөх тухай ярьсан бол хэрэгтэй байсан байх даа. Зүүн талд сайн гүүнүүд нь байгаа юм чинь. Тэгвэл зүүн талын адуунууд үнэд орсон хэвээрээ л байна. Энэ мэтчилэн олон зүйлээс ялгаж уралдуулах тухай уг шийдвэр явцуу эрх ашгийн төлөөх улс төрийн шийдвэр байсан гэдэг нь харагдаж байгаа юм. Би яг тэр хуралд нь суугаагүй л дээ. Уяачдын ярих нь зарим эрхэм гишүүд л энэ асуудлаар түлхүү ярьж, бусад нь сонсох үүрэг гүйцэтгэсэн гэсэн. Тэгээд нэгэнт гарчихсан шийдвэр юм байна л гэж ойлгосон гэж ярьж байна лээ. Хөдөөгүүр явж байхад малчид ярьдаг л даа. “Монгол адуу, эрлийзүүдтэй уралдахад хүндрэлтэй байнаа” гэж. Гэхдээ тэр нь огт уралдуулмааргүй байна гэсэн санаа биш. Харин эрлийз адуутай болж чадахгүй байна гэдгээ л хэлж байгаа хэрэг. Тиймээс эрлийз азарга бэлэглэхэд дуртай л байдаг биз дээ. Боломж, гарцаа л олж чадахгүй байгаа болохоос биш бүгд л адууныхаа цусыг сайжруулъя, хурдан хурц болгоё гэж бодно биз дээ. Би хувьдаа бол харин цэвэр үүлдрийн адууг уралдуулахгүй байхыг дэмждэг. Энэ бол зөв. Аливаа зүйл хоёр талтай. Асуудал гээндээ ч гоондоо ч гэдэгчлэн энэхүү шийдвэрийг гаргахад манай уяачдын ч гэсэн өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаа бий. 2009 оны хязаалангийн түрүү өнгөрсөн жилийн улсын наадмын шүдлэн, соёолонгийн түрүү цэвэр цусны адуу байсан гэдгийг бүх хүн мэдэж байгаа. Харваас илт байхад морины комиссынхон явуулж л байдаг. Үүнд нь хүмүүс дургүйцэж, энэ мэт асуудал даамжирсаар өнөөгийн ийм хүнд байдалд оруулж байгаа юм.

-Хүнд байдал үүсэх нь тодорхой болоод байх шиг байна. Хамгийн наад зах нь адуугаа хэрхэн ялгаж таних талаар тодорхой шийдэлд хүрээгүй байна шүү дээ?

-Харин тиймээ. Цусаар нь ялгаж чадахгүй нь тодорхой. Сэрвээний өндрөөр л ялгана гэх байх л даа. Гэтэл жижигхэн биетэй эрлийзүүд бас зөндөө байгаа ш дээ. Жишээлбэл, миний нэг хээр үрээ бий. Бүсийн наадамд гурван удаа айрагдчихсан. Харахад Монгол адуунаас ерөөсөө ялгагдахгүй. Тийм үрээнүүд зөндөө байгаа. Та бүхэн харж байгаарай. Үүнээс хойш наадам бүхэн будлиантай болно. Эрлийзүүдээ хасаад уралдуулсан ч айргийн таван моринд ядаж л хоёр нь цус холилдсон адуу байна. Энэ жилийн Дүнжингаравт айрагдсан Батхүү гишүүний соёмбо зээрд азарга гэхэд л 2 дахь үеэс нь буцаагаад нийлүүлсэн, 50 хувийн эрлийз цустай адуу гээд л мэдэх хүмүүс ярьж байна лээ. Тэгээд л маргаан болно. Ер нь хэл ам хэрүүл шуугиан таталсан их л хэцүү наадмууд болно доо. Морь дутуу эргэх тухай будлиан арай гэж цэгцрэв үү үгүй юу дахиад бөөн маргаан дэгдэх нь. Ер нь сүүлийн үед л эрлийз адуу уралддаг болсон юм биш. Өвгөн ноён Хардал бэйсийн үеэс эхлээд Жаргалантын морин заводад хурдны эрлийз адуу бэлтгэсэн. Одоо хурдан байгаа адуунууд бүгд л аль нэг талаараа цус орсон байдаг.

-Наадам будлиантахын жишээ Булганы бүсийн уралдаан боллоо. Та тэр уралдааныг үзсэн үү?

-Үзээгүй ээ. Гэхдээ хүмүүсээс сонссон. Энэ асуудлыг нэг мөр цэгцлэхгүй бол энэ мэтээр маргаан үүсгэж, будлиан тарьсаар байх болно. Үүний тод жишээ нь Булганы саяын уралдаан. Ер нь тийм шаардлагатай гэж үзээд байгаа юм бол бүсийн уралдааны зохион байгуулалтыг өөрчлөх хэрэгтэй. Уг нь бүсийн уралдааны анхны зорилго чинь тухайн бүс нутгийн уяачдыг алдар цол авах боломжоор хангах шүү дээ. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ болчихоод байна. Наад зах нь улсын наадамд айрагдсан адууг бүсийн наадамд уралдуулдаггүй болгож болно. Улсад айрагдсан адуунууд бүсийн наадмуудад тойрч уралдаад хамаг айраг түрүүг нь авч байгаа нь үнэн. Түүнээс болоод жирийн уяачдын алдар цол авах боломж хумигдаж, бухимдал дагуулж байгаа гэж болно шүү дээ. Мөн бүсийн наадамд ямар адуу уралдуулах эрхийг нь орон нутагт нь өгөх хэлбэрээр зохицуулж болно шүү дээ.

-Ялгагдсан нэгдүгээр үеийн эрлийз адуунууд 13-нд уралдахаар болсон. Та жишээлбэл оролцох уу?

-Монгол хүн төрийнхөө наадамд тоосоо өргөж хийморио сэргээе гэсэн зорилготойгоор л морь уядаг. Ганц би ч биш ер нь уяачдын дийлэнх нь ийм бодолтой наадамд очдог. Аз байгаад айрагдаж түрүүлбэл төв цэнгэлдэхэд түмэн олныхоо өмнө нутаг усныхаа нэрийг дуудуулъя гэж. Гэтэл төрийн наадам албан ёсоор дуусчихсан байхад уралдаад яах юм бэ. Өвөг дээдсээс уламжилж ирсэн ёсоор нутаг усны нэрийг морь, бөх л гаргаж, нутгийн олноо баярлуулдаг биз дээ. Тэгж нутаг усаараа дуудуулж, цоллуулахгүйгээс хойш хаа сайгүй болдог жирийн уралдаанаас ялгаа юу байгаа юм.

-Бай шагналын хувьд адилхан, тэр бүү хэл улсын алдар цол авахад ч гэсэн адилхан тооцогдоно гэсэн шүү дээ?

-Миний хувьд бай шагнал, цолны төлөө уралддаггүй гэдгээ хэлсэн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд хүү бид хоёр улс, бүсийн наадмаас 20-иод айраг түрүү авсан байдаг юм. Хэрвээ өөрийн чинь хэлсэн зүйлийг чухалчилдаг байсан бол Алдарт байтугай л болчихсон явж байгаа.

-Алдар цол гэснээс гардан уяж байгаа уяач, морины эзэн хоёрт ялгамжтай цол олгодог болох талаар хүмүүс санал дэвшүүлдэг юм л даа? Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Болохгүй юм байхгүй л дээ. Моринд хүч хөдөлмөр, хөрөнгө чинээгээ зарцуулж байгаа хүний зүтгэлийг үнэлэх учиртай. Нөгөөтэйгүүр, уяачийн хөдөлмөр бас хамгийн чухал. Тэгэхээр уяач, морины эзэн хоёр тохироод нэг нь авч болохоор журамлах нь зүйтэй.

-ММСУХ-ны тэргүүлэгчээр олон жил ажилласан. Өнгөрсөн 15 жилийн алдаа онооны тухайд яривал мэдээж урт түүх болох байх?

-ММСУХ өнгөрсөн хугацаанд морины хөгжилд их зүйлийг хийсэн. Олон шинэ дэвшил гарлаа. Морь будлихгүй, уралдаан төгөлдөршсөн гээд олон давуу талыг хэлж болно. Нөгөөтэйгүүр Монголын хурдан морины хөгжил дэвшилд өнөөдөр сайн муугаар хэлүүлж байгаа адуунд хорхойтой бизнесменүүдийн хичээл зүтгэлтэй холбоотой гэдгийг зориуд хэлмээр байна. Тэр хүмүүс өөрсдийн хөрөнгө хүчээр Монгол адууг үнэд оруулж, зүүн аймгуудаас, хурдтай газруудаас адуу өндөр үнээр авч, малчдын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэснийг хэн ч үгүйсгэхгүй байх. Гадны хурдан үүлдрийн азарга, гүүнүүдийг оруулж ирэн үржил селекци явуулж, Монгол адууныхаа цусыг сэлбэж байна. Одоогоос 15 жилийн өмнө хурдан морь ямар ханштай, уяачийн хөдөлмөр хэрхэн үнэлэгддэг байсныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тэгвэл өнөөдөр зүүн талын захын адуу саяар үнэлэгдэж байна. Овооны наадамд гайгүй давхисан л бол 10 саяд хүрч байна. Жирийн нэг малчин нэг үрээ зараад л суурин газарт жил ажилласнаас илүү хэмжээний орлого олж байна. Энэ бол нөгөө л моринд дуртай залуучуудын л гавьяа. Түүнээс энэ тал дээр төр засгийн зүгээс анхаарч дэмжээд байсан зүйл байхгүй. Зөвхөн хурдан морины үнэ өсөж, малчдын амьжиргаа дээшлээд зогсохгүй Монголын өв соёл, уламжлал сэргэж байна. Энэ бол эдгээр залуусын оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт. Мориор дамжаад үндэсний өв соёл сэргэж байна. Үндэсний хувцсаараа гадныхныг гайхуулж, гоёж байна. Та бүхэн Дүнжингаравын хурд уралдааны үеэр хардаг л байх. Бүгд л сайхан дээл хувцсаа өмсчихсөн явж байдаг шүү дээ. Сайхан дээл өмссөн хүн сайн эдлэл хэрэглэхийг бодно. Тэгэхээр сайн эмээл, хазаар, ташуураас эхлээд цаашилбал түүхийн үнэт бүтээлүүдийг ч гадагш нь гаргалгүй хамгаалж дотооддоо авч үлдэж байна. Энэ мэтчилэн моринд сэтгэл зүрх, хөрөнгө хүчээ зориулж яваа залуучуудыг юм л бол чимхэх гээд байдгаа болимоор байна. Тэр хүмүүс нэг л өдөр болилоо гэхэд миний саяын дээр хэлсэн бүхэн үгүй болно. Тэгэхээр энэ залуучуудаа гоочилж байхын оронд харин хааяа ч гэсэн урам өгч хийсэн зүйлийг нь үнэлж байх хэрэгтэй юм шиг санагддаг шүү. Тэгэхгүй Монгол наадам хэдхэн мөнгөтэй хүнийх боллоо гэх мэтчилэнгийн зүйл яриад байвал энэ хүмүүс удаан тэвчихгүй ш дээ. Би нэг удаа хөгжмийн зохиолч Жанцанноров гуайгаас “Монголын хөгжмийн урлаг дэлхийн ямар түвшинд байдаг юм бэ” гэж асуусан юм. Тэгсэн “Монголын эдийн засгийн хөгжил дэлхийн түвшинд ямар хэмжээнд байна, бусад салбар тийм л түвшинд байдаг юм ш дээ” гэж хариулж билээ. Их гоё тодорхой хариулт байгаа биз. Яагаад үүнийг ярьж байна гэхээр Монгол улс зах зээлийн системд шилжиж, Монголын эдийн засаг тодорхой хэмжээнд өсөж хөгжлөө. Түүний хэрээр үндэсний компаниуд хөгжиж, үндэсний хөрөнгөтнүүд бий болж байна. Тэр хирээр моринд хөрөнгө хаяж, үндэсний наадам хөгжиж, үндэсний гэсэн бүх юм сэргэж байна. Зөвхөн морь биш бүх спорт сайхан хөгжиж байна шүү дээ. Түүгээр зогсохгүй, “Макс”-ын Ганбаатар, Цэрэнжигмэд нарын залуучууд дэлхийн томоохон морин уралдаануудад оролцоод эхэлчихсэн байна. Энэ бол том дэвшил.

-Бизнесменүүдээс гадна улс төрийнхний нөлөө нэмэгдэж байгаа нь мэдрэгддэг. Үндэсний өв соёл гэдэг утгаараа улс төрөөс ангид байх нь чухал болов уу? Таныхаар яавал тэрхүү оролцоог багасгаж болох вэ?

-Хэцүү асуулт байна. Улс төрөөс ангид байлгахын тулд гэдэг чинь улс төрийн зорилгоор моринд орж байна гэсэн үг үү?

-Тийм хэсэг байгаа нь үнэн шүү дээ?

-Гаднаас нь хараад улс төрийн зорилгоор морь уралдуулж байна уу, хоббигоороо морь 11 уралдуулж байна уу гэдгийг ялгахад хэцүү. Тэрнээс чи улс төр хийх гэж байна. Морь уяхаа боль гэж хэлэх боломжгүй шүү дээ. Энэ бол хүний эрх. Тэр хүнд үндсэн хуулиар олгогдсон эрх нь байгаа. Харин нэр хүндээ өсгөх зорилгоор орж ирж байгаа ч гэсэн тэр хүмүүс хөрөнгө хаяж л байгаа. Тийм хүмүүсийн хөрөнгийг хурдан морины хөгжилд зөв ашиглах илүү давсан алхам болох болов уу л гэж бодож байна.

-Ингэхэд та ер нь яаж яваад моринд орчихсон юм бэ?

-Зарим хүмүүс бас өөрийн чинь асуусан шигээр бодоод сурагласан юм билээ.

-Би таныг тийм зорилгоор орж ирсэн гэж хэлээгүй шүү дээ?

-Ерөнхийдөө хүмүүст нэг тийм хар байдаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд сураглаж байгаад мэдчихээд “та чинь бүр сургуульд байхаасаа морь уяж байсан юм байна лээ шүү дээ” гэдэг. Одоо ч намайг мориныхон бүгд мэднэ дээ. Манай аав, ээж хоёр багш хүмүүс байсан. Тэгэхээр мэдээж манайд адуу байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ хүмүүсийн бэлэглэсэн адуу байсан. Түүнийг нь би ангийнхаа хүүхдүүдтэй нийлээд уянаа. Ямар сайндаа л аав, ээж маань “хоёр мориныхоо нэгийг уячихаад нөгөөг нь наадамд унадаг” хэмээн шоолж байхав. Адуу цөөнтэй болохоор нэг морио олон хоног аргамжиж унаад байх боломжгүй, айлын уяан дээрх морь луугаа сумын төвөөс зарим үед явган л гарч өгнө шүү дээ.

-Тэгээд сурагч хүүгийн уясан морь яаж давхисан бэ?

-Миний уясан морь яаж олигтой давхихав. Гэхдээ л шантралгүй уяад л байдаг байсан. 10 төгстлөө уясан шүү. Тэгээд хойшоо сургуульд явж, ирээд төрийн ажил алба гэсээр нэг хэсэг нэлээд завсардсан. Эргээд морь сонирхох болсон шалтгаан нь 2000 онд билүү манай нэг найз надад битүү морь бэлэглэсэн юм. Тэгсэн тэр бор морь маань надад ирээд бараг уралдсан болгондоо айрагдсан даа. “Дүнжингаравын хурд”-д Ононгийн хээртэй хоёул тасарч уралдаад аман хүзүүдсэн. Харамсалтай нь зургаан морь уралдаагүй хоцорлоо, будлиантай боллоо гээд тэр өдрийн уралдааныг тооцолгүй хоёр өдрийн дараа дахиж уралдуулахад Аварга хээртэй мөн л зуузай холбосоор хоёулаа тав, зургаагаар орж билээ. Бор морь маань бүсийн наадам болон бусад уралдаануудаас олон айраг авчирсан даа.

-Сайн морь эзнээ хайж явдаг гэсэн үг бий?

-Найзууд маань сайн морь эзнээ хайж явдаг гэдэг үнэн юмаа л гэлцэж байсан. Бор морь маань миний багын “өвчнийг” сэдрээж, түүнээс хойш мориноос холдож холдож чадахаа больсон доо.

-Хүүхэд насны мөрөөдөл биелсэн анхны айргаа хүртэх тэр мөчөө эргээд дурсвал?

-Морь айрагдахад наадам том бага ялгаагүй санагддаг юм билээ. Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрнө дөө.

-Товч бөгөөд тодорхой хариулт байна. Аварга хээртэй ана мана уралдсан бор морины уяаг хэн тааруулж байсан бэ?

-Манай тэр найзын дүү нэг залуу бий. Аймгийн алдарт уяач Батхуяг гэж одоо ч гэсэн миний зарим морьдыг тэр залуу уядаг. Өнгөрсөн жил “Их хурд”-д арваар давхиж, Эрдэнэтийн бүсийн наадамд аман хүзүүдсэн хонгор морины уяаг тэр залуу тааруулсан. Мөн Багануур, зүүн талд олон түрүүлсэн саарал морийг мөн л Батхуяг маань уядаг.

-Бэлэгний бор морь өнөөдөр хэр өнөр болсон бэ? Удам угшил сайт адуу нэжгээд цуглуулаа биз?

-Эхнээсээ л өөрийн гэсэн аятайхан угшлын адуу гаргаад авчихъя гэсэн зорилготой цуглуулсан. Тодруулж хэлбэл, Хэнтий аймгийн Өлзийт сумын Шаарийбуу гуайгаас хэдэн сайхан үрээ, гүүнүүд авсан. Мөн Онон Тод манлайгийн адуунаас ч авсан. Гэхдээ манай адууны дийлэнх нь Хэнтий, Сүхбаатар зүгийнх болов уу. Тэр дундаа гүүнүүд. Өөрийн унаган адууны түрүүч одоо азарга болчихсон байна. Дүнжингаравт айрагдсан хээр азарга манай унаган адуу. Түүнээс гадна унаган адуугаараа уржнан Эрдэнэтийнхээ наадмаас гурван түрүү, дөрвөн айраг авсан даа.

-Араб, Англи азаргатай байхаа?

-Тиймээ, Араб болон цэвэр Англи цусны азарга бий. Энд нэг зүйлийг хэлмээр байна л даа. Манайхан гадны азарга гэхээр л дааж давшгүй үнэтэй юм шигээр ойлгодог. Үнэн хэрэгтээ эрлийз азарга дунджаар 7000-8000 долларын үнэтэй. Гэтэл Сүхбаатарын сум, аймгийн наадамд гайгүй давхисан захын адууг л 15-30 саяар үнэлж аваад байх юм. Тиймээс эрлийз бага адуунаасаа цус сэлбүүлэх үүднээс нутаг орныхон найз нөхөддөө бэлэглэдэг.

-Сайхан дурсамжийг сэдрээх таатай байдаг. Хамгийн их сэтгэлд үлдсэн наадмаа дурсаач?

-2000 онд төрсөн нутагтаа “Тамирын хурд” наадмыг Монхангайн Сэргэлэн бид 2 анх санаачлан зохион байгуулсан маань хамгийн сайхан санагддаг даа. Улсын наадмын түрүү Эрдэнэчулууны хоёр шаргаас эхлээд олон сайхан хурдан хүлгүүд тоосоо өргөсөн маш том уралдаан болсон. Түүний дараа газар газрын хурдан хүлгүүдийг нэг дор харсан нутгийнхан маань адууныхаа удам угшлыг сайжруулахад ихээхэн анхаарч эхэлсэн. Өнөөдөр Архангайн морьд улс, бүсийн наадамд дээгүүр давхиж байна шүү дээ. Их хурдын түрүү Мөнхтөрийн хээр, Тамирын хурдын түрүү Дашцэрэнгийн хээр гээд олон сайхан хурдан буянг тоочиж болно. Нутагтаа хөдөөгүүр явж байхад “бүсийн наадамд газар газрын хурдан буян уралдах нь сайхан дугаартай. Жишээлбэл, 11-19 дугаартай бол Их тамир сумын морьд байна гэдэг нь шууд л танигдана. Тэр дундаа 11 бол сумын наадмын түрүү, 13 бол айргийн гурав, 19 бол есөд хурдалсан гэдэг мэдээллийг өгч байгаа юм. Үнэхээр шигшмэл хүлгүүд цугларсан гэсэндээ айргийн тавын морьд бүгд нэгээр төгссөн номертэй байна лээ. Сум сумаар нь байр эзлүүлээд. Түрүүлсэн суманд нь цэвэр үүлдрийн азарга бэлэглэсэн.

-Энэ тухай манай сэтгүүл тухайн үед нь мэдээлж байсан юм байна. Уралдаанаа цаашид уламжлал болгон хийхээр болсон гэсэн үү?

-Өнгөрсөн жилийн уралдааныг хүүгийнхээ улсад хоёр айрагдаж, бүсэд хоёр түрүүлсэн хар үрээний мялаалга болгож зохион байгуулсан. Тэгсэн нутгийн хүмүүс их сайхан хүлээн авч, дэмжсэн болохоор нь цаашид хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байсан болохоор тал талын л гүү азарга ч гадны уяачид ирээд айраг түрүүг нь хамаад аваад явчих юм” гэсэн хүмүүстэй цөөнгүй таарч байсан л даа. Тэгээд ноднин “Арын хангайн шигшмэл хурд-2010” уралдааныг нутагтаа зохион байгуулсан. Сумынхаа наадамд эхний есөд давхисан морьдод мандат өгсөн. Дээд гурван нас бүрт 20 сумын 180 морьд уралдсан. Хэдийгээр нэг аймаг ч гэсэн бүх сумдын уяачид нэг дор тэгж бүгдээрээ цуглардаггүй юм байна. Сайхан наадам болж уяачид, наадамчид үнэхээр сэтгэл хангалуун байсан. Зохион байгуулалтын хувьд ч гэсэн арай өвөрмөц байсан л даа. Сум болгон өөр өөрийн тугтай байгуулаар болсон. Энэ бол зөвхөн Архангай аймгийн хувьд ч бус улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдсан уралдаан болсон юм.

-Хүү тань моринд танаас дутахааргүй дуртай байх шүү?

-Гэр бүлийн гишүүдийн нэг нь ороход л бүгд уруу татагддаг юм шүү дээ. Манайхан тэр чигээрээ орчихсон. Гэр бүлээс гадна найз нөхөд хүртэл уяач болчихсон явж байна цаана чинь. Анх миний морийг үзээд хамт явдаг байсан найз нар маань одоо бүгдээрээ моринд орчихсон.

-Унаач хүүхдийн амь нас эрүүл мэндийн асуудал анхаарал хандуулах сэдвүүдийн нэг. Та энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ?

-Анхааралгүй яахав. Миний хамгийн их сэтгэл зовниж явдаг зүйлийн нэг нь энэ. Жаахан хүүхдийнхээ хөлийг даруулж уяачихаад мордуулчихсан хүнийг хараад өөрийн эрхгүй сэтгэл эмзэглэдэг. Мэдээж хэдэн зуун жилийн түүхтэй Монгол наадмыг нэг л өдөр өөрчилж, морь унуулахгүй болгоно гэхэд хэцүү л дээ. Тэгэхээр хүн бүр унаач хүүхдийнхээ амь нас, аюулгүй байдалд анхаарал хандуулж байх учиртай. Миний хувьд аль болох том хүүхдээр унуулахыг хичээдэг. Манай унаач хүүхдүүд бүгд 12-аас дээш насныхан. Том хүүхэд мориндоо хүнд байх хэдий ч илүү туршлагатай эрсдэл багатай шүү дээ. Ер нь унаач хүүхдийн насны доод хязгаарыг жаахан нэмэгдүүлбэл яасан юм бэ гэж боддог. Насыг юм уу. Тодорхой заачихвал хаа хаанаа зүгээр нь 10-аас дээш, жинг нь 35 кг-аас дээш гэдэг ч байх болов уу. Дээр нь мэдээж хамгаалалтын хувцас хэрэглэлийг сайтар хангасан байх ёстой. Нэг үе овоо тэр тал дээр анхаараад байсан. Түүнийгээ сэргээх хэрэгтэй л дээ. Үүнээс гадна миний бодож явдаг бас нэг зүйл бол Монгол адуундаа зохицуулж байгаа нь энэ гээд газрыг нь сунгадгаа болимоор байгаа юм. Түүнээс болоод зарим нь уралдааны замд эндэж, зарим нь шогшиж гэлдэрсээр л барианд орж байна. Өнгөрсөн жилийн “Их хурд”-ын их насны уралдааныг санаж байгаа биз дээ. Бид ийм л наадам үзэж байгаа ш дээ. Уг нь үзүүр дээрээ тарлаад иртэй орж байгаа морьдыг харахад аль ч утгаараа урамтай сайхан. Гэхдээ ингээд хэлчихээр нөгөө л эрлийзүүддээ эвтэй байлгах гэлээ гээд хардаад эхэлнэ л дээ.

-Мориноос өөр хобби бий юу? Жишээлбэл ан ав?

-Ан ав сонирхдоггүй ээ. Харин багаасаа спортоор хичээллэсэн болохоор тэр талдаа сонирхолтой. Сагс, гар бөмбөгөөр аймгийнхаа шигшээд тоглодог байлаа. Одоо бол зав л гарвал адуу руугаа явчихдаг юм даа.

-Нээрэн та чинь нэлээд хэдэн холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг байх шүү?

-Чөлөөт бөхийн холбооны ажлаа өгсөн. Одоо газрын теннисны холбоо болон боксийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай.

-2012 оны олимпиос Монголчуудын медаль хүлээх төрлийн нэг нь яалт ч үгүй бокс. Тэр утгаараа танд өндөр хариуцлага оногдож байгаа байх?

-Харин тийм. Цаг хугацаа тулчихсан гэдэг утгаараа анхны удаад санал тавихад нь татгалзсан л даа. Гэсэн хэдий ч боксийн хамт олон маань дахин санал тавьж, ерөнхийдөө нэлээд хүчилсэн учраас яах ч арга байгаагүй. Уг нь олимпийн цикл дөнгөж эхэлж байсан бол гадаад харилцаанаас эхлээд асар олон зохион байгуулалтын асуудлуудыг шийдэх байлаа. Гэхдээ одоо ухрах зам байхгүй л дээ. /инээв/

-Нээрэн ч олимп хаяанд ирсэн байна шүү?

-Гэхдээ бокс надад цоо шинэ зүйл биш л дээ. Эртнээс холбоотой байсан. 2008 оны Бээжингийн олимпийн бэлтгэлийн бүх зардал, витаминжуулалтыг нь манай “Эрдэнэт” үйлдвэр даагаад, өөрсдийн баазад байрлуулж, бэлтгэж байсан. Түүнээс өмнөх эрх авах тэмцээнүүдэд нь ч ивээн тэтгэгчээр оролцсон. Олимпийн дараа Италид болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын багийг ахалж очсон гээд яриад байвал олон л доо. Тэр утгаараа боксийнхон маань намайг илүү ойр гэж үзсэн байх.

-Ажил хэргийн шугамаар олон оронд явж байсан байх. Тэдгээрээсээ дурсгал болгож юу авдаг вэ?

-Тухайн орныхоо онцлогийг харуулсан сувинерыг авдаг. Бүр цуглуулгатай. Аль болох давтагдахааргүй загвартай байхыг чухалчилдаг даа. Жишээлбэл, Мексикийн малгай, Туркээс бол нүд, Швейцарийн бол хонх гэх мэт.

-Тэгвэл Монгол эр хүний чимэг болсон эд зүйлсээс юунд илүү ач холбогдол өгдөг вэ?

-Морь малтай ойр байгаа хүн дээл хувцас, эмээл хазаар, ташуураас эхлээд хөөрөг даалин гээд байлгүй яахав.

-Та ямар хөөрөг барьдаг вэ?

-Хэд хэдэн төрлийн хөөрөг бий. Гангарч чамирхана гэдэг утгаараа бус Монголын өв соёл, түүхийн нэг хэсэг болсон эд зүйлийг дотооддоо авч үлдэх нь чухал гэдэг утгаараа авдаг юм.

-Зочид маань өөрийн хамгийн хайртай хурдан хүлгийнхээ тухай хуучилдаг уламжлалтай?

-Хайртай гэвэл анх моринд оруулсан бор морь маань. Харин унаган адуунаас гэвэл хээр азарга маань байна. Унаган адуугаараа наадна гэдэг уяачийн нэгэн бахдал байдаг гэдэг утгаараа 15 хээр азарганыхаа тухай ярих нь зүйтэй байх. Даагандаа улсад зургаалаад, Боржигоны бүсийн наадамд гурвалсан. Шүдлэндээ улсад мөн л зургаалаад, Булганы 70 жилийн төвийн бүсийн наадамд гуравласан. Хязааландаа улсад 11, Баянхонгорын бүсийн наадамд Тод манлай уяач Цэрэнжигмэдийн улсад айрагдсан зээрд үрээтэй хөтөлсөөр байгаад үзүүр дээрээ сууж бас л зургаалсан. Зургаа, зуу хоёр үнэндээ адилхан шүү дээ. Олон удаа улс бүсийн наадамд зургаалсан даа. Тэгэхээр Монгол наадам хатуу шүү. /инээв/ Тэгээд өнгөрсөн жилийн “Дүнжингаравын хурд”-д гуравласан хурдан буян даа.

-Олон удаа урдуураа таслуулах хэцүү биз?

-Бас л амаргүй шүү. Бодохоос л юм огшоод байдаг юм. /инээв/

- Хурдан мориныхон гэх өнөр бүлийн гишүүн болсноос хойших өөрчлөлтүүд гэвэл?

-Зэрэг зиндаа, нам, улс төр гэлгүй чөлөөтэй байж, сайхан найзууд болдог нь мориныхны хамгийн том давуу тал юмуу даа. Жирийн уяачаасаа эхлээд төрийн сайд хүртэл морь ярихаараа ямар нэг хил зааггүй болчихдог. Гэхдээ энэ нь ахас ихэсийн хүндлэл байхгүй гэсэн үг биш л дээ. Наад зах нь айлд ороод суухад цолны эрэмбээрээ сууна. Том цолтон ярьж байхад үгийг нь таслахгүй, дэргэд нь архи дарс уухгүй гээд олон зүйл бий. Дуламсүрэн Тод манлайн хэлсэн “Морь уях төрийн хэрэг” гэдэг үг үнэн шүү. Мориор дамжин олон зүйл сэргэж, тэр бүү хэл нийгмийн асуудлууд ч шийдвэрлэгдэж байна ш дээ.

-Цаг зав гарган, илэн далангүй ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа. Та бүхнийг морины босго цагаан хийморь ивээх болтугай

"Тод магнай" сэдгүүл №15

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна