27 настай морины “хүүхэд” Д.Баярхүүтэй хөөрөлдсөн нь

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 29 -нд

Хурдны морь унаач гэдэг зөвхөн бага насны л хүүхдийн ажил юм гэж бодсон, үгүй бололтой. Өдгөө 27 настай унаач “хүүхэд” байна гэж сонсоод өөрийн эрхгүй уулзаж сонирхмоор санагдлаа. Түүнийг Д.Баярхүү гэдэг бөгөөд наадмын хурдан морины уралдаанд жолоо өргөөд удаагүй, бас ч гэж чамлахааргүй олон айраг түрүү хүртчихсэн амжилттай морь унаач ажээ.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу
-За би Хөлөнбуйр сумын харъяат Дамдинжавын Баярхүү гэдэг хүн байнаа. 1985 онд төрсөн. 2002 онд сумынхаа дунд сургуулийг төгсөөд аймгийн төвд ШСТТС-д суралцан, алт мөнгөний дархан мэргэжил эзэмшсэн.

-Ямар ажил төрөл эрхэлж байна даа?
-Хавар намрын цагтаа наадмын хурдан морь унадаг ажилтай. Мөн мэргэжлийн дагуу, өөрийнхөө хэмжээнд ганц нэг сийлбэр, хайчилбар, дархны ажил хийчихнээ.

-Хурдны морь унаач хүүхдүүд багаасаа морь унасан байдаг. Чиний хувьд, хэдэн настайдаа уралдаанд оролцож эхлэв?
-Монгол хүн байна даа, багаасаа морь унаж өсөлгүй яахав. Харин яг хурдан морины уралдааны хувьд их хожуу эхэлсээн. 2003 онд ШСТТС-д сурч байхдаа өвлийн амралтаар гэртээ харьсан юм. Замд тааралдсан машины ахтай танилцсан нь Цагаан-Овоо сумын сайн малчин Д.Мөнхчулуун гэдэг хүн байж. Ингээд л энэ хүнтэй ярьж хөөрөөд явж байтал ерөөсөө чи хурдны морь унаж үзээч гэсэн санал тавьсан. Тэр жилээ Булганы Туг уулын тахилгад Мөнхчулуун ахынхаа морийг унаж оролцон түрүүлсэн. Хурдан морины нуруун дээр гарч үзсэн анхны наадам маань тэр байлаа. Тэгэхээр би гэдэг хүн чинь 18 настайдаа л анх хурдны морь унаж эхэлсэн байна шүү дээ. Анхны наадам болоод ч тэрүү, их сайхан дурсамжтай байдаг юм.

-Чиний биеийн өндөр, жин яг хэд вэ, Морины нуруун дээр бол нэг их хүнддэхээргүй бололтой?
-Тиймээ. Би 1 метр 23 см өндөр, 27 кг жинтэй. Гутал бол 20-21 размерийг л өмсөнө шүү дээ.

-Насаар ахимаг хүн бага насны хүүхдүүдтэй уралдахад хүмүүс цааргалж байсан уу, Ер нь чамайг уралдаад явж байхад наадмын комисс, наадамчин олон хэр хүлээж авдаг вэ?
-Дажгүй шүү. Ямар ч асуудал гарч байгаагүй. Тэгээд ч наадмын дүрэмд нас заасан юм байхгүй, биеэр бол яг тохироод байгаа юм. Миний тухай манай сум төдийгүй хөрш зэргэлдээ Цагаан-Овоо, Норовлин сумынхан гээд бараг бүгд мэднэ дээ. Унаач хүүхдүүд ч гэсэн ихэнх нь мэддэг болсон. Ахаа ахаа л гэнэ шүү дээ. Харин мэддэггүй унаач хүүхдүүд хөөе чи гэснээ өөрөөс нь ах хүн болохыг мэдмэгцээ айж гайхах, сандрах зэрэг явдлууд бол гарч байсаан (инээв).  Нэг их тоодоггүй. Наадамчин олноо баясгаж, айраг түрүү аваад ирэхэд минь олон хүн уулзаж баяр хүргэдэг.

-Бусад унаачтай харьцуулахад насаар хол зөрүүтөй, юм үзэж нүд тайлсан том хүн гэдгээрээ арай илүү тактиктай уралдана биз?
-Илүүрхэх тал бол байнаа байна. (инээв)

-Унаач хүүхдүүдтэйгээ бас их найзлана биз?
-Найзланаа найзлана

-Хэн гэдэг уяачдын морийг голдуу унадаг вэ?
-Ер нь наадмаар морийг минь унаж өгөөч гэсэн хүсэлт энд тэндээс мэр сэр ирдэг. Миний найзууд Хөлөнбуйр сумын уяач Жаргалын Батсайхан, Сүхбаатарын Ганбат, Адъяагийн Одхүү гэж сайхан залуучууд бий. Тэднийхээ л уясан морьдыг унаж наадамд оролцдог доо.

-Хамгийн дурсамжтай сайхан уралдаанаа нэрлээч гэвэл…
-Мэдээж анхны уралдаанаа байнга дурсаж явдаг. Мөн өнгөрсөн хавар Дорнодын МСУХ-ны 15 жилийн ой гэж боллоо. Энэ ойн уралдаанд найз Ж.Батсайханыхаа хар алаг морийг унаж аман хүзүүдсэн. Энэ үед хурдан тууртын нуруун дээр салхи исгэрүүлэн давхиж явахын сайхныг жинхэнэ утгаар нь мэдэрсэн гэж болно доо. Үнэхээр огшмоор байсан шүү.

-Өөрөө морь унадаг хүн, цаашид уяач болох сон гэж боддог л байлгүй?
-Мэдээж. Эр хүн байна даа, өөрийн гэсэн морио уяад наадмаас айраг медаль хүртэхсэн гэж боддог оо. Цаашид уяач найзууд болон тэр чигээрээ бөөн туршлага болсон том өвгөчүүд буурлуудаасаа сурч мэдэх зүйл их бий.

-Найз бүсгүйтэй л биз дээ?
-Ёстой байхгүй ш дээ…

-Баярхүү цаашид морио унасаар байх уу, ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байна даа?
-Насаараа морь унана гэж юу байхав. Ямар ч байсан ойрын хоёр гурван жилдээ наадамд оролцсоор л байх болно. Ер нь мэргэжлээрээ дагнан ажиллах сонирхолтой. Дархан хүний бурхан ухааныг харуулсан сайхан бүтээл туурвия гэсэн бодол бий.

Ингээд бидний товчхон яриа өндөрлөсөн юм.  Биеэр жижиг ч “бэлчээр томтой” гэмээр энэ залуу яах аргагүй моринд хайртай Монгол эр хүн ажээ. Хурдан тууртын нуруун дээр жолоо залан давхиулж, ялалт амжилтын амтыг амсаж, омогшин яваа Д.Баярхүүг Монгол наадмын тэнгэр, хүлгийн заяа буян үргэлж ивээх болтугай.

Хөөрөлдсөн Г.Алтанхуяг Dnews.mn

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна