Монголын гавьяатууд казакын түүхэн кинонд тоглов

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 22 -нд

“Казахфильм”-ийн шинэ бүтээл “Зоригт мянган дайчин” буюу "Жаужурек мын бала" хэмээх кино энэ өдрүүдэд Казахстанд төдийгүй Европт нээлтээ хийж байна. Кино шүүмжлэгчдийн үнэлж байгаагаар Казахстаны кино урлагийн төвшинг дэлхийд таниулсан бүтээл болжээ. “Казахстаны кино үйлдвэрлэлийг дээш нь чангаасан” (The Washington Times), “Казахстаны кино урлагийг дэлхийд зарласан бүтээл” (London Evening Standard), “Романтик казах туульс” (Reuters), “Дэлхийн кино ертөнцөд “Казахфильм” байр сууриа эзлэв бололтой” (Variety), “Гайхалтай тулааны тавилт” (The Independent), “Казах киноны байлдан дагуулалт” (BBC World News) гэх зэргээр дүгнэж байна. 10 сая доллараар боссон кино туульсад монгол жүжтигчдийн хувь нэмэр ч оржээ. Монгол улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Л.Баттулга болон Ц.Цэрэнболд, Г.Золбоот нарын жүжигчид Монголын талаас уригдан "Жаужурек мын бала"-д тоглосон байна.
   Казахын түүхчдийн Зүүнгарын түрэмгийлэгчдийн эсрэг  1723-1730 оны эх орны дайн гэж нэрлэдэг үйл явдал киноны үндсэн шугам.
"Казахфильм": Шинэ кино, хуучин суртал.    Үүнд  “Мянган дайчин” буюу казах партизануудад ялагдаж буй ойрад монголчуудын дүрийг Монгол улсын жүжигчид чадварлагаар амилуулжээ. Өөрөөр хэлбэл, өвөг дээдсийнхээ тухай тийм ч сайхнаар харуулаагүй дүрүүдэд тоглосон юм. Кино урлагийг түүхийн сурах бичгийн видео хувилбар, үзэл суртлын бодлогынхоо үргэлжлэл гэж ягштал хардагаа казахын төр засаг өмнө нь “Нүүдэлчин” хэмээх 30 сая долларын төсөвтэй түүхэн киногоор батлан харуулсан билээ. Ерөнхийлөгч Назарбаевын захиалгаар гэсэн бичгээр эхэлж, хэлсэн үгийг нь иш татаж төгсдөг “Нүүдэлчин”-д мөн л Зүүнгарынхан буюу ойрад монголчууд хэмээх зэрлэг балмад, атгаг муу “түрэмгийлэгчдийн” эсрэг казахуудын шантаршгүй ариун тэмцэл гардаг билээ.  "Жаужурек мын бала"-д ч төсөв мөнгө хайрлахгүй заржээ. Найруулагч Акан Сатаев “Анракайн тулалдааныг гэхэд л 6 камераар 9 өдөр авсан. Олны хэсэг, орлон тоглогчид нийлээд зургийн талбай дээрх хүний тоо мянга хүрч байлаа” гэж мэдэгджээ. Гэвч арилжааны тун амжилттай төсөл болж буй энэ кинонд Галданцэрэн хааны үеийн Зүүнгар буюу  1730-аад оны үеийг түүхийн ямар ч үндэслэлгүйгээр засварлан харуулсан тухай казахын үзэгчдийн дунд ч халуун маргаан өрнөөд байна. Орчин үеийн Казахстаны түүх бичлэг тусгаар тогтнолынх нь (хэрвээ XVIII зууны казахын түүхэнд ийм үг тохирдог бол) гол дайсан бол тухайн үеийн Зүүнгарын хаант улс байжээ гэдэг үндэслэл өмнөө тавьдаг. Шинэхэн тусгаар тогтносон улсын хувьд баатарлаг өнгөрсөн үеийн хэрэгцээ байдаг нь мэдээж. Өнөөдрийн нөхцөлд Орос, Хятадад хандан түүхэн гомдол гаргаад байх утгагүйтэйгээ адил ашиггүй. Ийм эмзэг бодлогынх нь үргэлжлэл, илрэл нь эдгээр кино бүтээгдхүүн болж байгаа билээ. Орос болон Манж Чин гүрэн байгаагүй, зөвхөн казахуудыг өөдийн нар үзүүлэхгүй хядаж байдаг, ядаж байхад баахан мулгуу монголчууд л энэ кинонуудын эсрэг дүр юм.

   Казахстаны хэвлэлүүдийн онцолж байгаагаар олны хэсэг дэхь монголчуудын дүрд  монголчууд тоглосон байна. Харин өвөг дээдсийнхээ “гашуун ялагдлыг” дүрсэлж, Казахстаны өсвөр үеийг эх оронч хүмүүжлээр бойжуулахад үнэтэй (хэдэн тэнгэ?) хувь нэмэр оруулсан Монгол улсын гавъяат жүжигчин Л.Баттулга буюу Аглуу:
    -Казахстан улсын 20 жилийн ойд зориулсан кино байгаа юм. Манайхаас долоон эрэгтэй жүжигчин тоглож байгаагийн нэг нь би. Ямар кино гэдгийг нь одоохондоо хэлмээргүй байна. Гарсны дараа хүмүүс үзээд мэдэх байлгүй дээ. Гэхдээ тийм айхавтар нууц кино биш л дээ. Зүгээр л Казахстан улсын түүхийг харуулсан кино гэж ойлгоорой гэж өнгөрсөн жил Казахстан руу нисэхдээ Монголын хэвлэлд мэдэгдэж байжээ. Л.Баттулгын Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртсэнийхээ дараа тоглосон анхны дүр нь энэ юм.
    Казахстаны шинэхэн блокбастерын тухай мэдээг Монголын сайтууд хүртэл “Зүүнгарын эзлэн түрэмгийлэгчид” гэдэг өгүүлбэрээр эхлүүлж байна. Манай гавьяатууд Казахстаны түүхийг бүтээлцэж байх энэ үед найруулагч Д.Золбаяр “Аравт” кинондоо мөнгө олох гэж Улаанбаатарын хаалга бүхнийг онголзуулж гүйцээд Хөх хотыг зорьж байлаа. Явуухулангийн асууж байсанчлан “Би хаана төрөө вэ?”

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна