Португаль коррида

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 07 -нд

Бухын тулаан буюу корридаг хамгийн зэрлэг бүдүүлэг наадам гэх хүн олон бий. Харин корридаг дээдлэгч нутгийн хүмүүсийн хувьд бол коррида нь нэгэн төрлийн урлаг гэж байгаа. Ер нь Пиренейн хойгийн үндэстнүүдийн соёлыг корридагүйгээр төсөөлөх аргагүй юм. Бухын тулаан буюу корридатай тулаанчид хүнээс дутахааргүй эр зориг, эв дүй, эвсэл харуулдаг тусгайлан сургасан морь салшгүй холбоотой билээ,  Ялангуяа Португаль маягийн бухын тулааны хувьд.
Зэрлэг бух агнадаг ав бий болсноор португаль маягийн морь коррида бий болсон билээ. 12-р зуунаас эхлээд язгууртан хүлэг баатруудын ур чадварыг тайван үед шалгах арга болгон бухтай хийх тулааныг тогтмол ашигладаг болжээ. Тулаан маш ихээр түгэн газар авч 18-р зуун гэхэд том хотууд, жижиг тосгод гэлтгүй бүгд бухын тулаан хийдэг талбартай болчихсон байлаа. Цаг үеийнхээ үзэл бодлыг дагаад бухын тулаанд орсон бухыг талбар дээр нь алахыг хориглосон хууль гарсныг эс тооцвол португалийн морин корридад бараг өөрчлөлт гарсангүй.
Испани корридад онцгой зориг, тэсвэр гаргасан бухыг нь өршөөж амьд үлдээдэг бол португаль корридад бух ямар ч байсан талбар дээрээс амьд буудаг. Ингэж өршөөгдсөн бухыг үржилд оруулдаг байна. Харин онцгой зориг гаргаагүйг нь талбар дээрээс амьд явуулдаг ч гарцаагүй нядалгаанд оруулдаг. Учир нэг удаа туршлага суусан бух дараагийн удаад хүнд ч, моринд ч аюул учруулдаг болдог ажээ.
Ер нь коррида нь анхандаа испани, эсвэл португаль гэж ялгалгүйгээр морьт байсан. Харин хувьдаа морь тэжээх чадваргүй явган, эгэл борчуул яваандаа явган тулалддаг хувилбарыг бий болгосон бол 18-р зууны үед язгууртнууд бухын тулаанд хэт ихээр амиа алдаж, гэмтэж байгаад санаа зовж, бухын тулааныг хорьжээ. Харин португалид морин корридагийн уламжлал ямар ч өөрчлөлтгүйгээр хадгалагдаж. Үүнийг дагаад тулаанд оролцдог морьдыг сургах өвөрмөц урлаг ч мартагдалгүй өнөөг хүрчээ.
Бухыг талбар дээр алахыг хориглосноос хойш хүмүүс тусгай сургуультай морь ба тулаанч хоёрын чадварыг голлон анхаарах болсон байна.
Португалийн морин коррида яаж явагддаг, морины сургууль, зориг, тулаанчийн мэдрэмж яагаад чухал үүрэгтэй байдаг талаар бага ч гэсэн төсөөлөл өгөхийн тулд дарааллыг нь товч өгүүлье.
Корридог пасео гэж нэрлэгддэг онцгой ёслолоор нээнэ. Морьтой тулаанч буюу кавалейрос, тэдний  туслах явган матадор, тулааны сүүлд бухыг нүцгэн гараар номхотгодог форкадос гээд бүх оролцогчид талбар дээр гарч үзэгчдэд хүндэтгэл үзүүлэн, өөрсдийгөө харуулна. Кавалейрос буюу морьтой тулаанчдын хувцас нь алтан утсаар чимсэн бол морьдын хазаар нь мөнгөн байна. Морины дэл сүүлийг тод өнгийн туузаар чимж, заримдаа дэлэнд нь тэмээн хяруулын өд өлгөн гоёно. Дээд зэргээр гангалан чимсэн уламжлалт португаль эмээл тохно. Эмээийн ард морины бөөрийг хамгаалдаг жижиг ширэн нэмнээ бэхэлсэн байдаг. Дөрвөлжин жааз, хайрцаг хэлбэртэй португаль дөрөө нь бухын эврээс хамгаалах бага ч гэсэн давхар хаалт болж байдаг.
Тулаан эхлэхэд эрчтэй байгаа бухыг ядраахын тулд онцгой хурдтай морь унан гарч ирснээр тулаан эхэлнэ. Дараа нь бух тамирдаж эхлэхэд илүү туршлагатай, шаламгай мориор унан гарч ирээд бухын сэрвээнд фарпас нэртэй жижиг жад зоох зайнд хүртэл ойртох хэрэгтэй болно. Кавалейрос нь бухын дайрах, сэжих  мөчийг маш нарийн мэдэрч, түүндээ тохируулан буханд ойртох аргаа боловсруулах хэрэгтэй болно. Шийдэмгий биш буханд зориг оруулах, залхууг нь хөөргөх хэрэг ч бас гарна.
Кавалейро нь нэг гартаа жолоогоо, нөгөө гартаа жижиг жад фарпасаа атгана. Сургуультай морь нь жолоог их сайн мэдэрдэг бөгөөд үл мэдэг хөдлөхөд л европын морин сургуулийн элементүүдийг хийж бухын анхаарлыг сарниулдаг. Морьтон тулаанч хэзээ ч бух руу түрүүлж дайрахгүй гэсэн дүрмийг португаль корридад ягштал баримталдаг. Бухыг дайрахад нь хэдий чинээ ойртуулж байгаад бултаад фарпасыг чадварлагаар зооно тэр тусам өндөр ур чадвартай гэж үзнэ.
Ингээд сэрвээ рүүгээ жад зоолгон цус алдаж тамирдсан бухыг эцэст нь номхотгохоор найман форкадос гарч ирнэ. Энэ найман хүн эгнээ болон жагсаад чанга орилон бухыг өдөж дайруулдаг. Ингээд эцсийн мөчид хамгийн урд зогсож байгаа хүн бухын эвэрнээс атган дух, хүзүүг тэгнэдэг. Бусад нь нэг нэгнээ түшин түрээд жингээрээ бухыг зогсооно. Дараа нь нэг нь бухыг сүүлдэж аваад бүр хөдөлгөөнгүй болгодог. Үүний дараа бухыг талбараас гаргадаг юм.
Морьтон морь хоёр нэг бодгаль шиг хөдлөхгүй л бол хэн хэн нь бухын эвэрт сүлбүүлэн амиа алдах аюултай. Юуны өмнө морийг дээд зэргээр сургасан байх шаардлагатай болдог. Тиймээс морийг гурваас таван жил тусгайлан сургасны дараа нь талбар дээр гарна. Гэхдээ шууд л улангассан бухтай тулгахгүй. Эхлээд дээр нь эвэр хатган бухын хөдөлгөөнийг дуурайлган хөдөлгөдөг тэрэгтэй тулгана. Үүний дараа нь рамльете гэж нэрлэдэг тусгайлан сургуулилсан бухтай тулган бултаж, жолоог мэдрэх, эргэх зэрэгт сургана. Үүний дараа зэрлэг үнээтэй тулалдуулж юу сурсныг нь шалгадаг. Энэ шалгалтыг амжилттай давбал талбар дээр жинхэнэ зэрлэг бухтай тулна.
Морин корридагийн морь нь суурин дээрээсээ огцом давхих, янз бүрийн эргэлт булталт хийх, харайх гээд маш олон зүйлийг төгс хийдэг байх ёстой. Гэхдээ төгс хийдэг байлаа ч хагас тонн жинтэй улангассан бухтай тулна гэдэг асар их зориг шаардсан юм байдаг болохоор сургуулилтыг давсан 100 гаруй мориноос тоотой хэд нь бүх шалгуурыг даван жинхэнэ корридагийн морь болж чаддаг.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна