Сумын Алдарт уяач Л.Мөнхбат: Морины хорхойтнууд “Мөнхбатын зээрд бол тодорхой л доо” гэдэг байлаа

Сэтгүүлч
2020 оны 9-р сарын 13 -нд

Уянгын хийморилогийн уяачдын нэг, сумын Алдарт уяач Лхагвасүрэнгийн Мөнхбаттай ярилцсанаа хуваалцаж байна. Тэрээр 1978 онд  Ямаатын байшинтын Өтөг хэмээх газар айлын дөрөв дэх хүү болон мэндэлж байжээ. Үүнээс цаашхийг бидний ярилцлагаас хүлээн авна уу. 

- Залуу илгээлтийн эзний ажил амьдралын гараа хаанаас эхэлж байв?

- Би чинь 1992 онд наймдугаар ангиа төгсөөд 16-тай хүү илгээлтийн эзэн болж хөдөө гарсан юм. Ингээд тэр ондоо нэг хангал зээрд шүдлэн үрээ сургаж, сумандаа уралдуулсан чинь түрүүлчихлээ. Урам орсон ч гэж жигтэйхэн.

-Нэгдлийн адуу  юм уу?

-Хувьчлалаар авсан миний адуу л даа. Манай Жаргалантын унаган адуу байгаа юм. Ингэж нутаг адуугаар уяаны ажлаа эхлүүлж байсан юм.

-Дараа нь зээрд үрээгээ яаж давхиулсан бэ?

-Сумандаа түрүүлчихээд, дараа жил нь буюу 1993 онд хязаалан үрээ аймагт түрүүлгэсэн. Харин 1994 онд Нарийнтээлийн наадамд дөрөвлүүлж, 1995 онд соёолон үрээ дахиад аймагт тавлуулсан. Ингээд аймгаас нэг түрүү, нэг айраг авчихаж байгаа юм. Харин хавчиг морь уяагүй хоёр жил өнжөөгөөд, наймтайгаас сумандаа байр алдаж үзээгүй ээ. Нарийнтээл, Хайрхандулаан, Баянхонгорын Өлзийт, Шаргалжуутаар ч сайн давхисан. Тэр үед морь мал ачих биш. Хөтлөөд л очно. Манай эндээс Уянга руу 60 км, Хайрхандулаан 45, Нарийнтээл 45, Шаргалжуут Өлзийт 40 хэд, 40 хэдэн км шүү дээ. Манайхан чинь Мөнхбаяр, Мөнхбат, Мөнхжаргал гээд их олон Мөнхтэй айл л даа. Тэгсэн бидний нэрийг хольж солиод аймгийн амжилт маань Мөнхжаргал нэрээр бичигдчихсэн. Тэр үед би ч бага байлаа.Томчууд “За аль нь билээ” гэснээ л бүртгэчихдэг. Би ч нягталж байсангүй. Уг нь би аймагтаа хоёр орж, суманд олон удаа оруулсан, зайлуул. 

-Адуу удам дагадаг гэдэг дээ. Аль талаасаа хурдтай адуу юм бэ?

-Миний буурал эцэг Хангинаа Готов гэж хүн байсан. Ээжийн маань аав л дөө. Өвөөгийн хар шаазгай азарганы төл байгаа юм. Энэ азарганы удам угшлаас Даваадоржийн хээр, Сүхбаатарын хээр сайн давхиж байсан. Хоёулаа л сумын Алдарт уяач болсон байна шүү дээ.

-Шаазгай азаргыг уяж байсан юм уу?

-Уягдаж байгаагүй ээ. Манай аав чинь улсын сайн малчин хүн. Аймгийн аварга, сумын аварга малчнаар тодорхойлогдож л байсан. Миний муу аав чинь ажил үйлсээрээ тэргүүлж анхны Иж планет 3 гэж мотоциклоор шагнуулж, Москвад амарч явлаа. Юүдэн малгайгаа өмсчихсөн Москвагийн цагны урд авахуулсан зураг нь бий. Аав бол морь мал уяхгүй л дээ. Манай дүү нар ч уяхгүй. Гэр бүлээсээ би л сонирхлын дагуу морь уясан хүн байгаа юм. Анх морь уяж эхлэхэд аав “Чи морь сүйдэллээ. Амьтан зовоолоо” гэж загнуулж л явлаа. Тэгээд болоогүй миний уяж байсан морьдыг тавьчихдаг хүн байлаа шүү дээ.

-Таныг аймагт морь түрүүлгэж, айрагдуулаад ирэхэд юу гэж байх юм?

-Маш их баярласан. Үр хүүхдээ дийлдэг эцэг эх  гэж хаа ч байх вэ. Сүүлдээ их дэмждэг болсон л доо. Анх намайг суманд морь түрүүлгэхэд надаас илүүгүй хөөрсөн. Тэгэхэд чинь би тусдаа гараагүй байсан үе шүү дээ. Аавынхаа адуунаас барьж авч, өөрөө сургаад, морины хүүхэд олдохгүй өөрөө үсэргээнд уначихна. Биеэр ч жижиг байлаа. Ингэж өөрөө унаж хөлсөлж байгаад Уянга руу авч яваад хүүхэд гуйгаад тавьсан. Ёстой ганцаараа зурайгаад ороод ирсэн. Гэтэл булхайцаад 13-нд дахиад давхиулаад, ганцаараа л ирсэн, зайлуул. Туулай шиг л дэгдчихнэ. Дараанаас нь намайг Хайрхандулаан, Нарийнтээлийн наадмаар очиход “За Мөнхбатын зээрд тодорхой доо” л гэдэг байлаа шүү дээ. Сумандаа шүдлэн түрүүлгээд л ахиж наадаагүй.


-Өөр ямар адуугаар наадаж байв?

-Сартай зээрд морьтой байлаа. Хүнээс авсан адуу л даа. Тухайн үедээ шинэ Иж планет мотоциклоор сартай хавчиг зээрд морь авсан. Хурдан ч хөл нь эвгүй болчихсон байсан учраас жил тойрон эмчилгээ хийлгэсэн. Даанч амжилт гаргаагүй л дээ, хөөрхий. Би болохоор болчихон гэж бодоод л унаж явсан мотоциклио өгөөд хөтөлж ирсэн. Муу аав минь амьд сэрүүн байсан үе. Тэгсэн “Чи моринд донтоно донтоно гэхэд ийм хөл гартай юм авчирлаа” гэж аашлуулсан л даа. Гэхдээ өөрийн бодол өөртөө зөв гэдэг дээ. Зүтгээд байсан хоёр жилийн дараанаас давхиад эхэлдэг юм.

-Айрагдуулж чадсан уу?

-Нэг жил сумандаа нэг, уяачдын наадамд нэг тус, тус түрүүлсэн. Хархоринд “Их хурд” болох жил гэхээр 2004 он юм уу даа. Бас Бат-Өлзий сумын 80 жил шиг санагдана. Тэнд гуравласан. Улсын томчууд ирсэн тэр наадмаар би уралдаанч хүүхдэдээ “Мундаг морьдтой уралдаж байгаа шүү. Ээ, дээ болгоомжтой уралдаарай” гэж захиж байлаа. Удсан ч үгүй уралдаад ирсэн. Тэгсэн хүүхэд маань жолооноос зүүгдэж уйлаад “Түрүүлэх байсан морийг та түрүүлүүлсэнгүй” гэж аашлуулаад авч билээ. /сурв. инээв/  Ингэж 2004 онд наадчихаад, 2005 онд Хайрхандулаанд наадаад бас айргийн таваар давхиулсан. Харин 2006 онд Нарийнтээлийн наадамд очиж ахиад тавлуулсан сард зээрд маань ч нас 18 хүрсэн. Тэрнээс хойш ах нь их морь уясангүй. 2007 оноос хойш гэхээр 12,13 жил болчихож байгаа юм уу.

-Олон жил өнгөрчихөж. Морь уямаар санагдахгүй байна уу?

-Сэтгэл догдолж байгаа гэж жигтэйхэн. Тэвчиж суухад бэрх л байна. Гэхдээ хүний амьдрал гэдэг санаснаар болох биш дээ. Хоёр оюутантай болчихоод жоохон хэмнэхээс өөр арга алга. Хуучин бол байгалийн өвсөөрөө л болгочихдог байлаа. Одоо бол өөр болсон байна. Тэжээлээс өгсүүлээд алхам тутамд л мөнгө хэрэгтэй байна шүү дээ. Ядаж байхад 2009 оны зуднаар хэдэн малаа жоохон эвгүйтүүлчихсэн. Гэхдээ хоёр оюутнаа төгсгөчихвөл морио уяна даа. Би ч нэг хэсэг нь адуугаар “өвчилсөн” л дөө. 1999 онд айлын адуунд явж байсан хөөрхөн хээр даагыг харсан. Авмаар санагдаад болдоггүй ээ. Намайг сонирхоод байгаа эзэн ч хэдийнэ мэдчихэж. Тэгээд ”Та хүнээс мотоциклиор адуу авдаг гэсэн. Эхтэй нь мотоциклиор авахгүй юу даа”  л гэнэ. Би ч  унаж явсан мотоциклио өгчихөөд хусран гүү, даагаа хөтлөөд харилаа. Аав харснаа “Үгүй мөн өвчтэй хүн шүү” гээд толгой сэгсэрч билээ. Өнөөхөө уялаа. Манай энэ хөндийд чинь уралдаан болохгүй. Нарийнтээл, Жаргант, Хайрхандулааныхан нийлж нэг том сунгаан хийнэ. Энд нь хойд Өлзийт сум, Нарийн гол, Шаргалжуут, Баянхонгороос хүртэл улсууд ирж морьдоо уралдуулна. Тэр жил тэр сунгаанаар даага байлах хүн олддоггүй. Тэгсэн “Бүгдээрээ хамаа хийе. 10,10 мянган төгрөгөөр нийлье” л гэж байна. Ингээд хоорондоо уралдаж үзээгүй дааганууд уралдуулсан. Миний хээр даага ганцаараа түрүүлж ирсэн.

-Хэдэн төгрөг хамах уу?

-20-иод даага явсн. Тэгээд 200 гаруй төгрөг цугласан юм уу. Өнөө мөнгөө айргийн тавдаа хуваагаад 100 мянган төгрөгийг нь авахаар болсон. Тэгсэн өнөө хэд чинь “Ерөөсөө түрүүлсэн даагандаа л хамаагаа хийчихье” гэхээр нь анхны наадамд хүн гомдоогоод яах вэ. Хуваахаар болоод би 100 мянгыг нь авсан. Дараа нь Хайрхандулааны наадамд очиж зээрд морь аман хүзүүдэж, хээр даага түрүүлсэн. Энэ чинь 2001, 2002 оны л үе байх.

-Сүүлийн зээрд морь уу?

-Тийм ээ, сүүлийн зээрд маань байгаа юм. Тэгээд Тарагтын наадамд Гончигоо бид хоёр явлаа. Очоод хоёулаа бөх үзээд ирэхэд морьд явж таарах байх гэсэн хожигдчихдог байгаа. Их нас нь явчихаж. Гончигоогийн аав биднийг аашилж байна аа. Хоёулаа нэг сайн загнуулж аваад араас нь мордуулаад тавьсан. Байдаггүй шүү. Эрээнээ ахын морь арван хэд дээр, минийх долоо дээр ирсэн. Тэр үед бид ч бага байж дээ. Харин хээр даага маань Тарагтад аман хүзүүдсэн. Дараа нь суманд ирж наадуулаад миний хээр аман хүзүүдэж, Дашренчин гуайн сартай зээрд түрүүлсэн.

-Хээр даага чинь дараа нь яаж давхисан бэ?

-Шүдлэнд нь өвөл хангай чирчихсэн. Манай энд боохой элбэг байсан юм. Гарсан болгоныг түүчихдэг, амаргүй үе байлаа.

-16-тайгаасаа л амжилтыг амтыг мэдрээд эхэлсэн байх нь ээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хамгийн сайхан наадам хэзээ байсан бэ?

-2004 онд эхнэр маань хөл хүнд байсан юм. Тэр жил сартай зээрд морь маань ганцаараа түрүүлээд орж ирсэн. 1992 оноос хойш 12 жилийн дараа их насны түрүү авч байгаа нь тэр. Баярласандаа нулимс урсаад л байсан. Нүдээ нэг арччихаад л мориныхоо араас гүйж яваад нэг харсан хөл хүнд эхнэр маань хүртэл гүйж байдаг байгаа. “Чи чинь ийм том гэдэстэй байж яахаараа гүйгээд мориноос зүүгдчихдэг байна аа” гэсэн чинь “12 жилийн дараа чи сумандаа дахиад морь түрүүлгэлээ” шүү дээ инээж байна. Хань маань их хөөрсөн. Миний зээрд морь хязаалангуудыг гүйцээд ороод ирж байгаа юм. Гэтэл бас будилаан орж байгаа юм л даа. Тэгсэн Лха-Очир яг гарсан цагаас нь хийсэн бичлэгээ харуулаад “Ялаатын араас тасарчихсан” гэдэг юм. Ямар ч маапаангүй болдог юм байгаа биз дээ. Тэр жилээ бас Бат-Өлзийд сарт морио гуравлуулсан. Тэгэхэд Шунхлайн Батхүү агсны хонгор морь түрүүлж, Архангайн Цэнхэрийн нэг хээр морь аман хүзүүдсэн. Тэр ч бас сайхан наадмуудын нэг дээ.  Болоогүй 2004 онд Бат-Өлзийн наадмаас ирсэн хүү Майдараа маань төрж билээ. Болоогүй өөрийнхөө төрсөн өдрөөр хүүтэй болж байгаа юм. Тун ч одтой байсан даа.

-Хүү нь моринд сонирхолтой юу?

-Сонирхолтой байна аа. Багадаа “болохгүй ээ” гээд байхад морин дээр мордоод савж ойчоод гараа гэмтээчихэж билээ. Одоо зүрх жоохон харьчихсан. Багадаа уначихсан болохоор халшраад байдаг юм байна лээ.

-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. 

-Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Удахгүй хүүхдүүд нь сургууль соёлоо төгсөөд аавыгаа морь уях эрх чөлөөнд хүргэх байх аа.

-Ямар ч байсан гурав, дөрвөн жилийн дараагаар морьтойгоо эргээд холбогдоно доо. Та бүгдэдээ баярлалаа. Ажлын өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.   

Д.Энхтуяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна