Уяач Ч.Ганбаатар: Аав маань азарганы уяа сойлгыг гойд сайн тааруулдаг байлаа
Төв аймгийн Баян сумын удамт уяач Ч.Ганбаатарын яриаг хүргэж байна
Монголчууд анх танилцаж буй хүнийхээ нутаг ус, удам судрыг асуудаг сайхан уламжлалтай. Энэ ч утгаараа эхлээд таны аав Чагнаадоржийг уншигчдадаа танилцуулах нь зүйтэй болов уу?
Миний аав гурван эгчтэй, айлын отгон хүү байсан юм. Энэ баруун хойд талын Баян-Уул хайрханы ар талд төрсөн юм гэнэ лээ. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөгөөд мал маллаж, улмаар нэгдэлжих хөдөлгөөн өрнөхөд адуу авч хариулсан гэдэг. Тэгэхдээ морь уяж, уясан их насны морьд нь Баян сумандаа дээгүүр давхиад байхаар урам орсон байх л даа.
Нэгэн удаа Баянцагаан сумын Гомбодоржийн Даваа-Иш гэдэг хүнээс Аравгар хээр гэдэг хурдан азарга авсан. Тэр азарга нь Баян сумын наадамд олон жил дараалан айраг, түрүү хүртсэн гэдэг. Мэдээж намайг мэндлээгүй байхад л болсон явдал. Тэгээд тэр азаргаа Батнасан гэдэг хүнээр уяулж, улсын баяр наадамд оролцоод, ес, арав хавьцаа ирсэн гэдэг юм. Түүнээс хойш улсын баяр наадмыг зориогүй, сумандаа наадаж байсан.
Сумандаа айраг, түрүү алдахгүй биз?
Аварга хээр сумын наадмаас олон удаа айраг, түрүү авсан гэдэг юм. Миний мэдэхээс Мөлүү хонгор морь гэж уях бүрт л айрагддаг ажнай байлаа. Бас нэг бэлэвсэн хар азарга байсан юм. Мөлүү хонгор долоон настайдаа Баян сумын баяр наадамд түрүүлэхэд бэлэвсэн хар аман хүзүүдсэн юм. Дараа нь аав бэлэвсэн хар азаргаа Дашцэрэн гэдэг хүнд өгсөн. Тэр хүнийг бурхан болоход баруун хойшоо эрүү цагаан Гомбо-Очир гэдэг хүнд очсон. Дараа нь Энхболд даргын аав Миеэгомбо гуайн дүүд очсон гэдэг. Түүний төлүүд ч энд тэнд сайн давхиж байгаа.
Сумын баяр наадамд лав нэг түрүүлсэн юм байна. Хэдэн удаа айрагдсан юм бол?
Соёолонгоосоо билүү, хязаалангаасаа эхлээд хөгширтлөө тасралтгүй айрагдсан. Лав л таван айраг бий. Төл нь Чөтгөр хонгор гэж азарга гарсан юм. Чөтгөр хонгор соёолондоо Баян суманд аман хүзүүдсэнээс хойш хэсэг хугацаанд уягдахгүй байгаад наймтайдаа Хулгана шар гэж айхтар өвчин тусчихсан юм. Түүний төл зээрд азарга, халтар үрээ хоёр нэлээд сайн давхиж байгаа.
Аав тань ямар мориороо хамгийн их бахархдаг байсан бэ?
Хоёр улаан морь байсан гэж манай ажаа ярьдаг юм. Би хүүхэд байсан болохоор тийм ч сайн мэдэхгүй л дээ. Манай том ах Ганхуяг л үлгэр домог шиг зүйл ярьдагсан.
Үлгэр домог шиг гэдгээ тодруулаач?
Би тэр үед жаахан хүүхэд байсан болохоор сайн санадаггүй юм.
Дээр үед олон наадам болдоггүй байлаа шүү дээ. Тэр үед сунгаанд их сайн давхидаг байсан гэдэг. Даанч их залуугаараа хөл нь эвгүйтээд, түүнээс хойш уягдаагүй юм. Манайх тэр үед Цахилдагт нутагладаг байсан. Баянжаргалангийн наадамд явах гээд хөлийг нь бүсээр ороогоод Цахилдагт орхисон. Түүнээс хойш яасныг бүү мэд.
Мөлүү хонгор хаанахын угшилтай адуу вэ?
Манай ажаа “дулаан” Дамдинжав гэдэг хүний адууг хариулдаг байсан юм гэнэ лээ. Тэгээд тэр хүн хул, зэгэл хоёр даага ажаад зааж өгсөн гэдэг. Аав хулыг нь аваад үлдсэн юм гэнэ лээ. Гэтэл өвгөн “Чи гурван жил баярлаж, харин би насаараа баярлаж дээ” гэж хэлээд адуугаа аваад явсан гэдэг юм. Хул азарга соёолон хүртлээ Баян суманд айрагдсан гэдэг. Гэтэл нөгөө Дулааны бага зэгэл нь улсын баяр наадамд хавчиг азарга түрүүлээд эхэлсэн гэж байгаа. Аав маань “Тэр хүн үнэхээр сайн хоёр адуу зааж өгсөн. Би л заяагүйгээрээ мууг нь авч үлдэж дээ” гэдэг байсан юм. Гэхдээ угшил нь Дулааных уу, Арвайнх уу гэдгийг нь би тодорхой мэдэхгүй.
Арвай гэдэг нь...?
Баянцагаан сумын Гомбодоржийн Бавууш гэдэг хүний унаган адуу. Арвай хээр гэж хурдан азарга байсан юм.
Тэр хүн олон наадмын айраг, түрүү авч байсан уу?
Баянцагаандаа морьд нь дээгүүр давхидаг уяач байсан. Монголын нууц товчооны 750 жилийн ойн наадмаар соёолон морь нь аман хүзүүдэж, улсын баяр наадамд ч дээгүүр давхисан гэдэг. Одоо хүүхдүүд нь аавыгаа залгамжилж уяад, айраг, түрүү зөндөө л авч байна.
Аав тань тэднийхээс ямар адуу авсан юм бэ?
Аравгар хээр гэдэг бүдүүн азарга авсан юм гэнэ лээ.
Танайд ирэхээсээ өмнө уралдаж байсан юм болов уу?
Их сайн давхиж байсан гэсэн. Манай ажаа тэр азаргыг арван унагатай гүү, нэг сайхан гаансаараа сольж авсан юм гэнэ лээ. Тухайн үед гаансаар их гангардаг байлаа шүү дээ. Аав тэр хоёр их дотно нөхөрлөдөг байсан юм.
Аравгар хээр аавд тань ирээд хэрхэн давхисан бэ
-Олон удаа аман хүзүүдсэн дээ.
Яагаад түрүүлдэггүй байсан юм бол?
Мэдэхгүй, өтгөн уралддаг байсан юм болов уу даа. Их олон азарга эргэхэд манай Аравгар хээр бараг хоёр километрийн зайтай л гардаг. Тэгээд яагаад ч юм, аман хүзүүнд л ирдэг байсан гэдэг.
Харин манай Мөлүү хонгор бол жаахан хадуурдаг байсан юм. Сунгааны үеэр замаараа чигээрээ явна гэж үгүй. Харин сумын наадамд яг замаараа явсаар найдвартай айрагддаг байсан.
Би багадаа хүргэн ах “хар” Намхайнхаа морьдыг хэсэг унаад, дараа нь Мөлүү хонгороо хэдэн жил унасан юм. Хадуурчих вий гэж их айдаг байлаа. Тэгэхэд зүв зүгээр явсаар л ирдэг байсан даа.
Түүний төл хонгор азаргыг яагаад Чөтгөр гэж нэрлэсэн юм бол оо?
Мэдэхгүй, ажаа л тийм нэр өгчихсөн байсан. Уг нь эцгээсээ ч хурдан адуу байсан гэдэг. Даанч өвчин тусаад дахин уралдаж чадаагүй юм.
Чөтгөр хонгорын төлүүд хэр давхиж байна?
Ганхуягийн зээрд, миний Бүлтэн хонгор азарга гээд сайхан төлүүд гарсан. Сүүлд бас нэг хээр морь гарсан.
Хээр морь аль азарганы төл юм?
Мөлүү хонгорын төл улаан хээр морь байсан юм. Өндөртолгойн баяр наадамд нэг удаа түрүүлсэн. Баян сумандаа бол 10 дотор л ордог байсан. Уяа нь таардаггүй байсан юм болов уу даа.
Энд Зүлэгт нэг сонгууль болсон. Би тэгэхэд 30 настай байсан юм байна. Өглөө эрт яваад очтол ажаа маань морьдоо уячихсан, зүүн захад ганцаараа сууж байна. “Ажаа, яасан хол сууж байх юм бэ” гэсэн чинь “Өнөөдөр ажаагийнх нь хээр морийг гүйцэх морь байхгүй юм шиг байна аа” гэж байна. Тэгсэн Батнасан гуай ч хүрээд ирлээ. “Жаал ах, өнөөдөр ямар морь түрүүлэх вэ” гэтэл манай ажаа “Гэрчтэй баримттай юм, чиний саарал л түрүүлэх байлгүй дээ” гэж байна. Тэгтэл Батнасан гуай “Таны наад хээр морь чинь яахаар байна” гэхэд “Энэ юу л шалив гэж” гэсэн юм. Гэтэл үнэхээр манай хээр морь хол тасархай ирсэн дээ. Батнасан гуайн саарал ч тэр жилийн сумын баяр наадамд түрүүлсэн. Бас сумын 70 жилийн ойн наадамд ч түрүүлсэн. Манай ажаа, Батнасан гуай хоёр хоёулаа л айхтар хөгшчүүл байсан шүү.
Аав тань азарга голдуу уядаг байсан юмаа даа?
Ерөнхийдөө азарганы уяа сойлго сайн тааруулдаг хүн байсан юм. Мөн намайг хүүхэд байхад нутгийнхаа Шаравдорж гэдэг хүнээс их насны морь аваад, Баян сумын баяр наадамд зургаа, долоогоор дахиулж байсан. Бүх морь эргэсний дараа сүүлдэж гардаг морь байсан юм. Бас энэ хоёроос нэг их хэтэрдэггүй улаан хээр морь авсан.
Миний мэдэхийн Арвагар хээр, Мөлүү хонгор, Чөтгөр, хар гээд азаргаар л давамгайлдаг байсан даа.
Хар нь ямар азарганы төл юм?
Мөлүү хонгороос л лав ах гэдэг юм. Баян сумын баяр наадамд Мөлүү хонгор зургаатай түрүүлэхэд хар азарга аман хүзүүдсэн шиг санагдаж байна. Уг нь зургаан настай азаргыг дээр үед уядаггүй байлаа шүү дээ. Хүнээр бол засал хийлгэх ёстой жил гэх юм уу даа. Тэр жил ажаа маань харыгаа л түрүүлгэчих санаатай байсан юм. Гэвч болдог юм болдгоороо л болсон доо.
“Дулаан” Дамдинжав гуайгаас авч үлдсэн хул үрээний төлүүд хэр давхисан бэ?
Сайхан том, том хул гүү, хул морьд гарсан. Унахад их сайхан адуунууд.
Аав тань улс руу зорьж байгаагүй юм байна. Харин аймагтаа нааддаг байсан биз дээ?
Төв аймгийн 60 жилийн ойн наадамд л явсан санагдаж байна. Тэр үед манай сумынхан бүгдээрээ явсан юм. Хамгийн дээд тал нь манай сумын Рэгжав гуайн хонгор халзан л ес, арав хавьцаа давхисан. Рэгжавын хонгор халзан, Одон хонгор гэж хоёр сайхан хурдан адуу байлаа.
Намайг дөрөв, тавдугаар ангид байхад Баянцагаан суманд Ихэр төлийн баяр болсон юм. Манай сумынхан бүгд тэнд очиж морьдоо уралдуулахад Санаадагвын алаг морь түрүүлсэн. Мөн манай сумын дөрвөн даага дараалан ирж, Молз Жамъянжав гэдэг ламын хонгор халзан түрүүлж, Лувсанбалдангийн цавьдар аман хүзүүдээд, гуравт “хар” Монхоогийн цавьдар даагыг би унаж, гурваар давхиулж байлаа. Тэгээд дөрөвт Чунагийн даага, тавд манай даага орсон юм.
Зэргэлдээ сумдаараа хэр нааддаг байв?
Миний мэдэхээр Баянжаргаланд л голдуухан нааддаг байсан даа. Намайг том болсон хойно Голио хонгор гэж морь гарч ирсэн. Даагандаа болон шүдлэндээ Баян сумын баяр наадамд түрүүлсэн. Хоёр, гурван удаа ч айрагдсан. Ганц сайн морь гарч ирсэн нь тэр. Даанч наймтайд нь алдчихсан юм.
Сайн уяачид адуу малаа сайхан эдэлдэг хүмүүс байдаг. Таны аав адуу малаа эдлэх, эмнэг хангалаа сургахдаа хэр эрэмгий байсан бэ?
Эрэмгий гэхээсээ илүү эвийг нь сайн олдог л хүн байсан даа. Морийг хачин гоё унана. Байнга давхидаг хэрнээ морьдоо сайхан гамтай унадаг хүн байлаа. Морь шинжиж танихдаа ч бас зүгээргүй. Өглөө морьд мордох гэж байхад л айргийн тавыг таамаглачихсан сууж байдаг байсан.
Жишээлбэл?
-Манай Чөтгөр хонгорын удмын Бүлтэн хонгор гэж би дээр хальт дурдаад өнгөрсөн дөө. Тэр азаргыг би уяж, манай том ахын ууган хүү Далхаа унадаг байсан юм. Гурван сунгааны нэгд нь түрүүлж, нэг удаа айрагдчихсан байсан. Тэгээд Баян суманд очлоо. Наадмын өглөө аав маань хонгор азаргаа татаж үзсэнээ “Миний хүү, наад хонгор азарга чинь мултарчихаж” гэв. Би ч нэг их тоогоогүй. Тэгсэн хэрнээ бас ажаагийнхаа үгэнд орох маягтай, больдог ч юм билүү гэж бодогдоод байлаа. Гэтэл манай дүү “Уралдуулъя” гээд болдоггүй. Тэгэхээр нь явуулчихлаа.
Гэтэл ажаа Намсрайн шарга дээр очоод “Энэ ч өнөөдөр түрүүлэх нь ч түрүүлэх байх аа” гэж байна. Тэгснээ бас “Отгонбаярын хонгорыг л харах юмсан. Даанч хол юм даа, очиж чадахгүй нь” гээд байсан. Отгонбаяр гэдэг нь хурд сайтай, сайн адуучин л даа.
Би ч хонгор азаргаа явуулчихаад, хараад л байлаа. Байдаггүй шүү, тэгээд гэнэт ажаагийн хэлсэн үг толгойд харвасан юм. Нэлээд хойшоо явтал дүү маань хонгор азаргаа хөтөлчихсөн, голын наахна алхаж явна.
Тэгэхэд ажаагийн хэлснээр Намсрайн шарга түрүүлж, Отгонбаярын хонгор нь гурваар давхисан юм.
Хэдэн жил нэгдлийн адуу хариулсан юм бэ?
20-иод жил малласан байх. Мянгаас бууж байгаагүй л гэдэг юм. Аймгийн аварга, сумын аварга адуучин, V, VI жилийн гавшгайч. Сүүлдээ адуугаа өгөөд хонь, үхэр маллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа.
Чухам ямархан учрал тохиолоор морь уяж эхэлсэн тухайгаа танд ярьж байв уу?
“Манайх ядуу айл байсан юм. Би айлын ганц хүү байлаа. Дээр үед өртөөний улаач хийсэн айлуудад адуу өгдөг байлаа шүү дээ. Тэгээд өртөөнд улаачаар сар яваад нэг морьтой болсон” гэж ярьдаг байсан. Өвөл болсон нэг наадамд ганц морио уячихсан чинь нөгөөдөх нь аман хүзүүдсэн юм билээ. Тэгж л моринд орсон гэдэг. Бодвол, аав тэр үед 18, 19-тэй л байсан болов уу.
Ээжийнхээ талаар яриач?
Дамдинсүрэн гэдэг юм. Цагаандэлгэр сумын уугуул хүн. Дээхнэ үед сум аймгийн тэгшитгэл гэх юм уу даа, сум бригадын Боржигон нутгийн баг улсуудыг Нялга, Баянжаргалан, Модон дамжуулаад Элгэн, Наран баг гэж хуваарилаад наашаа орж ирсэн юм байна лээ.
Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
Бид гурвуулаа. Би гурван хүүгийн отгон нь. Манай том ах Ганхуяг бид хоёр л морь уядаг юм.
Аавын тань адууны удам та хоёрт хоёуланд нь бий юү?
Бий, бий.
Та хэдий үеэс бие даан морь уяж эхэлсэн бэ?
-Залуудаа ажаагаа дагаж уяж байгаад, саяхнаас л бие дааж уях болсон. Зургаа, долоон жил л болж байна уу даа. 2000 оны айхтар зуднаар адуу мал цөөрөөд, унах хүүхэд ч олдохгүй, хэсэгтээ завсарласан. Хүүхэд бага болохоор олон адуу ч уядаггүй юм.
Уясан морьд тань хэр давхиж байна?
Налайхын Батсүхийн алаг азаргыг уяж, өвлийн уралдаанд айрагдуулсан. Түүнээс бусад нь 10, 20 дотор л давхиж байна.
Хүүхдүүд тань удмаа дагаад моринд хорхойсч байна уу?
Манай том хүү моринд их дуртай. Дүү нь энэ жил хоёрдугаар анги. Өмнө нь унах хүүхэд олддоггүй байсан бол энэ жилээс бага хүү маань унадаг болоод урамшаад, соёолон, шүдлэн, даага нэг нэгийг уячих санаатай л яваа бололтой.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Удахгүй болох төрийн их баяр наадамдаа урамтай сайхан наадаарай.
ТОД МАГНАЙ сэтгүүл №95,96
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна