Сумын Алдарт уяач А.Баярмагнай: Төрийн наадамд данстай адуу гэдэг их өөр байдаг юм билээ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 19 -нд

Хэнтий аймгийн Баянмөнх сумын уугуул, сумын Алдарт уяач А.Баярмагнайтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Тод магнай” сэтгүүлийн уншигчдад өөрийгөө танил­цуулна уу?
-За баярлалаа. Би Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул хүн. Гэхдээ Хэнтий аймгийн Баянмөнх суманд 1999 онд отроор нүүдэллэн ирж, улмаар гэр бүл зохион суурьших болоод 14 жил өнгөрчээ. Миний аав Дундговь аймгийн Алдарт уяач Арьяабазар гэж байлаа. Сонирхуулахад аав Чингис хааны унаган дэнж гэдэг газар төрсөн гэдэг. Дэрэнгээс хойш орших уг дэнж дээр адуу гишгээд үүссэн долоон хонхорхой газар байдаг болохоор ийн нэрийдсэн түүхтэй. Аав Дундговь аймагтаа азарга, их насаар их сайн нааддаг уяач явсан. Түүний амжилтуудаас дурдвал 1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойн анхны даншигт шүдлэн бор үрээ айрагдуулж явсан бахдам түүх бий. Өвөө маань ч уяа сойлго тааруулдаг нэгэн.Тэгэхээр би гурав дахь үеийн удам залгасан уяач болж байгаа юм. Би чинь Дэрэнд байхын л адуу малын хорхойтой нэгэн байлаа. 1990 онд зургаадугаар ангиа төгсөөд л сургуулиас гарч, аав, ээжийгээ дагаж мал маллаж, хожмоо сонирхолдоо хөтлөгдөөд хурдан морины уяа сойлго тааруулах болсон. Аав, ах нар бүгд морь уядаг улсууд. Тэдэн шиг л морь уяж, хөдөө гармаар санагдаад сургуулиас гарчихсан хүн л дээ. Мэдээж морины ажлаас эхэлж байлаа. Харин бие дааж уях болсон нь 2001 он. Чингис хааны төрсөн өлгий нутаг Хан Хэнтийд өвөг дээдсийнхээ үлдээсэн адуун сүргийг өсгөн үржүүлж, хийморь өөдөө яваадаа баярладаг. Ээлээ өгсөн сайхан газар байгаа юм. Эндээс би сумын Алдарт цолоо хүртэж, 2003 онд 10 түрүү, 15 айраг, 25 медалийн амжилтаараа сумынхаа оны шилдэг уяачаар шалгарч байлаа.
-Аав, өвөө нар тань хаанахын ямар адуугаар нааддаг улс байв?
-Би арван хүүхэдтэй айлын отгон нь. Ах, эгч нарын маань унадаг сайн сайн хул азарганууд, зээрд азарга, хоёр бор морь байсан гэдэг. Миний мэдэхээс зээрд морь, зээрд, хар азаргануудтай байлаа. Багадаа би чинь том биетэй хүүхэд байсан болохоор хоёр жил морь унаад яваад хасагдчихсан. Аавын хул азарга гэхэд өөрийнх нь унаган адуу. Манай адуунаас зарим нь Баянцагааны Өвгөн ламын Батбуян адууны цус мэр сэр орсон нь байхаа. Тэгж ярьдаг юм. Миний мэдэхээс Баянцагааны Луухуу гэдэг хүнээс Нууц товчооны 750-д айрагдсан бор адууг авсан нь манай адуунд цус нэлээн сайн сэлбэж өгсөн. Мөн Дундговийн Дэлгэрцогтын Дашийн Нямаагийн хурдан хар азарганы төл хар адуу их хурдалсан. Одоо ч хар адууны цустай адуу надад гурав, дөрөв дэх үедээ хурдалж байна. Дөрөв, тав дахь үедээ орсон адууг чинь өөрийн унаган адуу гэж ярина биз дээ. Үүнчлэн аавынхаа адууны цусыг сэлбэж, Сүхбаатарын Онгуу гуайн адуунаас гүү авчирсан.
-Хаана хаанаас цус сэлбээд байна бэ?
-Баянмөнх сумынхаа сайн уяачид, найз нөхдөөсөө адуу авч байна. Мөн Сүхбаатарын Мөнххаан, Уулбаян, Асгат, Сүхбаатар сумаас гурван жил дараалан дандаа гүү авчирсан. Сүхбаатарын Уулбаяны Дугар гэж найзаасаа ганцхан хамар цагаан хээр хязаалан авчирч, шүдлэнд нь Баянмөнх суманд түрүүлгэсэн. Тэрнээс дандаа охин адуугаар цусаа сэлбэж байна. Хуучны улсууд ярьдаг даа, “гүү байхад бух ч байсан гардаг нь гарна” гэж. Зүүн тийшээ адууны ханш өндөр л дөө. Хөдөөний малчин бид чинь ноолуурын хэдэн цаасаа аваад л хавар гарч байгаа юм. Тэгээд дундажлаад охин даага л худалдаж авдаг. Одоо түрүүчээсээ унагалаад сайхан сайхан гүүнүүд болсон байгаа.
-Азарга сайтай л юм байна даа, тийм ээ?
-Тийм шүү, азарга сайн. Манай унаган адууны нэг хар азарга, хул азарга, Дэлгэрэхийн хар Дамба гуайн адууны зээрд азарга, Дархан сумын дийлдэг Дамдингийн адууны угшилтай бор азарга гээд л. Мөн Сүхбаатарын Асгат чиглэлийн хар азарга бий. Эндээс Баянмөнхийн Олхоон гэж хүнээс авсан Бандгай Ганхуягийн адууны эрлийз халзан азарга ч байна.
-Шинэ цагийн адуу бас үржүүлж байна уу?
-Шинэ цагийн монгол адуутай болох санаатай л байна. Ирэх жилээс төл нь гарна даа.
-Бие дааж морь уяад гаргасан анхны амжилтыг хаанахын наадамд үзүүлж байв?
-Аав маань нутгийнхаа наадамд очиж, хуучны андуудтайгаа уулзах гэж мөн ч их яардагсан. Тийм болохоор эндээс 300 км зам туулан Дэрэнд очиж нааддаг байлаа. Наадам болохоос хэд хоногийн өмнөөс л замд гарах бэлтгэлээ хийж эхэлнэ шүү дээ. Нутагтаа очиж наадаад хар азарга, саарал морь, цавьдар зээрдээ олонтоо айраг түрүүнд хурдлуулсан даа. Ийнхүү нутгаар очиж наадаад буцахдаа замд наадам тааралдвал бас мордуулчихна. Аймгийнхаа наадамд ч оролцоно. Дундговь аймгийн 70 жилээр хоёр, гурван бага адуутай очоод, 10-20 хэдийн дотор давхиулж байлаа. Харин анхны түрүүг бие дааж морь уясан анхны жилээ хүртэж байсан юм. Нутагтаа очоод Дархан сумын Лхагвасүрэн найзаасаа авсан хонгор даагаа түрүүлгэж билээ.
-Яагаад өөрийн адуунаас уяагүй юм бэ?
-Тэгэхэд манай адуу шинэ газар нутагшихгүй, жоохон тамир муутай байсан жил л дээ. Гэхдээ өөрийн адуунаас нэг хусран даага мордуулсан юм.
-Баярмагнайгийн нэрийг цуурайтуулж байгаа ямар хурдан буянгууд байна?
-Говь-Алтайн Шаргын уугуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга Зулзүсэмийн хонгор үрээ чинь миний унаган адуу байгаа юм. Ноднин наадмын өмнөхөн надаас авч, шууд улсад очоод айрагдаж, төвийн бүс Төв аймгийн 90 жилийн ойд дөрөвлөн, энэ жил /2014 он/ улсад 17, 18-аар ороод, Баянхонгорын даншигт айргийн таваар хурдаллаа. Миний нэрийг гаргаж буй хурдан буянгуудын нэг дээ. Одоо намайг шүдлэнгээсээ баярлуулж буй нэг халтар морь, соёолон халтар хээр морь бий. Энэ хавьдаа олон айраг, түрүүтэй. Зургаан алтан медаль, гурван мөнгө, хоёр хүрэлтэй болоод байна уу даа. Одоо хавчиг цавьдар зээрд морь бас байна. Хоёр, гурван сумын наадмуудад нэлээн айрагдсан, зургаа, долоон медальтай. Мөн хязаалан үрээ хамар цагаан хээр, цоохор хээрийн нэг нь 11, нөгөө нь зургаан медальтай. Шүдлэн үрээ 11 уралдахад есөд нь айрагдаж байлаа шүү дээ. 2013 онд Дархан сумын 90 жилийн ойд аман хүзүүдэж, давхар уяагаар Иххэтийн сургуулийн ой, уурхайн ойн давхардсан наадамд тавлаж, шүдлэндээ Хэнтийн баруун бүсэд айрагдсан Цоохор хээрийг  манай энэ хавийхан андахгүй.
-Зулзүсэмийн хонгор үрээний эцэг, эх ямар угшилтай юм бэ?
-Эх  нь манай яг унаган адуу. Аавын маань үлдээсэн адууны цавьдар гүү байлаа. Харин эцэг хул азаргыг Дархан сумын Бүлтүүш Лхагважав гэдэг хүнээс “ГАЗ 24” машинаар авч байсан юм. Тухайн үедээ бас л ярианы сэдэв болсон наймаа болсон. Машинаар морь мал авсан хүн байхгүй байлаа шүү дээ. Ямар сайндаа Машин хул гэж ярьцгаана. Хул азаргыг эзэн нь даага, шүдлэн уяад тэгээд хязаалан болох жил нь би авсан юм. Ингээд соёолон азарга Дархан сумын унаган хүү Рэнчингийн Чойнямын 70 насны ой, сумын наадамтай хамт болоход 100 гаруй соёолонгоос  хол тасархай түрүүлж, мотоциклийн эзэн болсон юм. Тэр чинь 2006,2007 оны хавьцаа л юмдаг. Одоо 13-тай азарга надад бий. Хавчиг азарга уяад хөлийг нь болиулснаас хойш уяхаа больсон. Төлүүд нь ч их хурдан байгаа.
-Зулзүсэмийн хонгор үрээг та уяж байв уу?
-Би даага, шүдлэнд нь гар хүрээгүй. Хязаалан үрээ өвөл, намрын заагаар сургаж байгаад амыг нь хагалчихаад, өвөл нь шинэ жилийн үеэр тэжээлд оруулж, хавар гурав уралдахад хол тасархай түрүүлсэн. Гурвууланд нь урдаа юм гаргаагүй. Анх уяхад л өөр мэдрэмж төрүүлж байсан юм. Тарлахад ганцаараа яваад л өгдөг байсан. Төрийн наадамд данстай адуу гэдэг их өөр байдаг юм билээ.
-Эцэг нь 24 машины үнэтэй гэхээр, түүнээс давсан үнээр л наймаалцсан байх даа?
-Тиймээ, 50 саяар зарсан. Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэг шүү дээ. Эзнээ олж очоод, Арьяабазарын Баярмагнайгийн унаган адуу гэж зарлахыг нь сонсох үнэхээр сайхан юм билээ. Наадмаар зурагт үзээд сууж байтал цээжний хэдийн дунд Дамбын Хишигээгийн шаргатай гараад ирэхэд нь үнэхээр тогтож суумгүй санагдсан. Тэгээд айргийн гурваар ороод ирэхээр нь өөрийн эрхгүй л нулимс унагадаг юм билээ. Өөрөө уяж түрүүлгэсэн юм шиг л. Өөрийн унаган тамгатай адуу төрийн наадамд орно гэдэг бас л ховорхон тохиох аз болов уу. Давхар онгин тамгатай давхар дугуй адуу байгаа юм.
-Сүүлийн жилүүдэд нутагтаа очиж наадаж байна уу?
-2012 онд Дэрэндээ очсон. Хэд хэдэн бага адуутай очоод Баянмөнх сумандаа түрүүлсэн хээр халзан даагаа долоолуулсан. Харин энэ жил /2014 онд/ нутгийн 90 жилийн ойгоор очоод ирлээ. Нутгийнхаа ойд хүндэтгэл үзүүлж, хязаалан насны түрүүний байнд 2.0 сая төгрөгийг бэлэглэсэн. Бас өөрийн уясан цоохор хээр, загал халиун хоёр хязаалангаа мордуулж, нэг нь 20-н хэдээр, өнөөх нь 30-н хэдээр давхилаа. Баруун тийшээ жоохон гандуухан байсан болохоор морины хоол солигдоод, модтой сайхан л наадлаа. Ер нь хүүхэд, морь хоёр мэнд наадах чинь л уяач хүний баяр жаргал шүү дээ.
-Бүсийн наадмуудад очих төлөвлөгөө байгаа биз дээ?
-Сүүлийн үед энэ хавиараа л наадаж байна даа. 2013 онд Жаргалтхаанд болсон Хэнтийн баруун бүсийн хаврын уралдаанд хоёр шүдлэн үрээ айрагдууллаа. Харин дараа жил нь “Мөрөнгийн хурд”-д соёолон хээр морио хол түрүүлгэлээ. За мөн 2013 онд болсон Хэнтий аймгийн 90 жилийн ой, зүүн бүсийн наадамд таван насны адуутай очиж оролцлоо. Энд Дархан сумын 90 жилийн ойгоор зургаалж, Баянмөнх сумандаа айрагдсан соёолон цавьдар морь маань 16-гаар давхисан. Энэ бол чамлаж болохгүй амжилт. Мөн хоёр шүдлэн, хоёр даага, нэг хязаалан мордуулсан нь сайхан л давхилаа. Энэ жил /2014 онд/ улсын наадамд хоёр халтар хээр адуутай очоод шүдлэн хээр маань 27-д орсон. Уг нь Багахангайн дунд сунгаанд соёолон хээр их хол түрүүлсэн ч, дараагийн давхил долооны сунгаан дээр ханиагаад тав зургаагаар орж, улсад уралдаж чадалгүй Хүй долоон худагаас буцсан. Энэ жил чинь /2014 он/ хавар Дүнжингарав, Хангарьд нийслэлийн хурдад тус тус очлоо. Зулзүсэмийн хонгортой эцэг нэгтэй, эх Баянмөнх чигийн манай хадам талын адуу болох шүдлэн халтар үрээтэйгээ очсон юм. Тэр маань Хангарьд хурдад 27-д, соёолон хээр морь маань Дүнжингаравт 10 хэдээр явж байгаад сууж 32-т орсон.Би ч сүүлийн үед бага насны адуугаар дагнаад байгаа хүн дээ.
-Бага насны адууны уяанд гаршиж байгаа юмаа даа?
-Өөрийгөө бага насны адууны уяаг сайн тааруулдаг гэж боддог. Би чинь Баянмөнх сумандаа хамгийн анхны жүчээ барьсан хүн байгаа юм. Ардаа өвсний хашаатай, урд талаараа задгай, нарлах хашаатай 12 адуу орох жүчээ бий. Түүнээс хойш миний жишгээр олон хүн жүчээтэй болсон байна.
-Төрийн наадмын хүлэг таны адуунаас төрлөө. Магадгүй наймаа хийх хүсэлтэй уяачдын хөл тасрахгүй болоо байх даа?
-Тэгж болно шүү. Баруун хойноос мэр сэр хүмүүс ирж битүү үрээ авсан нь бий бий. Ноднин хаврын бүсийн уралдаан “Мөрөнгийн хурд”-д хээр морио түрүүлгэсний дараа Тод манлай Дагвадорж гуай авъя гэж их утасдсан л даа. Гэхдээ би өгөөгүй. Ямартаа ч манай адуунаас  төрийн наадамд нэр гаргаж байгаа болохоор өөртөө үлдээхээр шийдсэн хэрэг. Намайг баярлуулаад байж л байг. Үнэндээ бага хүүгээ төрөхөд зүсэлж өгсөн адуу байгаа юм. Миний хүү одоо гурван ойтой.
-Хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Манайх гурван хүүхэдтэй. Хоёр хүү, нэг охин. Том хүү маань моринд их дуртай. Хүү маань эгчийн хоёр хүүтэй миний арын албаны ажлыг нугалдаг юм.
-Бидний яриа өндөрлөж байна. Залуу уяачийг олон сайхан наадмын айраг түрүү хүлээж байгаа бизээ?
-Баярлалаа. Би ч бас тэгж бодож байна. Манай Баянмөнх сумын залуу уяачид морины төлөө үнэхээр сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж яваа улс шүү. Би нэгдүгээр багийн уяачдын холбооны тэргүүний хувьд моринд шинээр орж буй залуусаа дэмжиж ажиллахыг хүсдэг. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнхөд биднийг ивээж байх болтугай. Түүнчлэн “Тод магнай” сэтгүүлийн хамт олон та бүхэнд ажил амьдрал цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна