Монгол үрээгээ хасуулсан уяачид гомдолтой байна

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 20 -нд

АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд 233 шүдлэн бүртгүүлснээс 142 нь хасагдан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Дээрх үрээнүүдийг хассан шалтгаанаа хурдан морины салбар комисс “хүүхдийн хамгаалалтын хувцас дутуу”, “шүд зөрсөн” “сэрвээний өндөр илүү гарсан”, “үүлдэрлэг байдал тэнцээгүй” гэсэн хэд хэдэн шалтгааны улмаас хэмээн тайлбарлаж байсан ч хасуулсан морьдын эзэд өөр мэдээллийг өгсөн юм. Өөрөөр хэлбэл тэд “ямар нэг байдлаар үзлэг хяналт хийгээгүй, зүгээр л тийшээ очоод уячих гэж хэлээд аваад үлдсэн. Бидний үрээ цэвэр монгол адуу. Сэрвээний өндөр журамд заасан хэмжээнээс бага, үүлдэрлэг байдлын тухайд авч үзвэл хэн ч харсан монгол адуу гэдэг нь илт” хэмээн  ярьж байлаа. Тиймдээ ч хурдан салбар комиссыг хэвлэл мэдээллийнхний өмнө хассан шалтгаанаа тайлбарлаж, сэрвээний хэмжилт хийн, үүлдэрлэг байдалд дахин хяналт  тавихыг шаардаж байсан юм.
ММСУХ-ноос тавьсан хүсэлтийн дагуу эрлийз монгол адууг хоёр үндсэн үзүүлэлтээр ялгах тухай  болсныг дуулаад дээрх уяачид орон нутгаас зорьж ирсэн гэдгээ ярьж, “цаашид ийнхүү хэн нэг хүний өнгө үзэмжээр асуудлыг шийдвэрлэн, уяачийн бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлээд байвал төрийн наадмын зорин ирэх  хэрэг алга” хэмээж байсан. Эрлийз монгол адууг ялгах шийдвэр гараад нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа ч жилийн жилд маргаан дагуулсаар байгаа нь арга барил нь буруу гэдгийг илэрхийлж байгаа юм. Байдал энэ чигээрээ үргэлжилбэл дэлхийд ганцхан гэгддэг монгол наадмын нэр хүнд унаж, төрийн наадмаа зорин ирэгсэд улам бүр цөөрөх бизээ. Бид үрээ нь хасагдсан зарим нэг уяачаас тайлбар авснаа хүргэе.

Аймгийн Алдарт уяач Н.Энхзул: Миний хоёр үрээг хэмжиж ч үзээгүй 
-Хасагдсан үрээнийхээ  удам угшлыг танилцуулаач?
-Дундговь аймгийн Адаацаг сумын адуу. Эцэг нь Дундговь харьяат, аймгийн Алдарт уяач Даваацэрэн гэж хүний унаган азарганы төл. Харин эх нь миний өөрийн унаган гүү. Би Дундговь аймгийн Сайнцагаан сумаас төрийн наадмыг зорьж ирсэн юм.
-Ямар шалтгаанаар хасагдсанаа мэдсэн үү?
- Үгүй ээ. Үүнийг л харин мэдмээр байна. Хавар “Хангарьд” уралдаанд сэрвээний өндрөө хэмжүүлээд зүгээр  л уралдсан.Түүнээс хойш огцом өсчихдөггүй л байлтай. Хасагдсан шалтгааныг тодруулах гэхээр үүлдвэрлэг байдлыг тогтоох комисс руу ойртуулахгүй байна.
-Зарим шүдлэнг хэмжээгүй шууд хассан гэж байна. Таны үрээг хэмжсэн үү?
-Хэмжээгүй. Би өөрөө цагдаа нарын хажууд дурандаад зогсож байсан юм. Тэгсэн манай хоёр үрээний хүүхдийг нь буулгаад хэмжилгүй шууд хөтлөөд явчихсан. Тэгээд л би гомдолтой байгаа юм. Үнэхээр тэнцэхгүй байгаа бол энэ олон түмний нүдэн дээр гарч ирээд “энэ үрээ тийм байдлаараа хасагдсан” гээд хэлээд өг л дөө. Миний энэ үрээ өнгөрсөн жил Дундговь аймгийн тэгш ойтой хоёр сумын наадамд аман хүзүүдэж, Дундговь аймгийн баруун бүсийн наадамд бас  хоёроор давхисан. Энэ жил Хангарьдын хурдад арав гаргаж давхиад сая нэг бэсрэг наадамд түрүүлээд ирсэн юм.
-Танайх эрлийз адуу бий юу?
-Байхгүй ээ. Дундговь аймгийн уяачдын холбооны урилгаар Тод манлай Дуламсүрэн тэргүүтэй уяачид ирээд “эрлийз адуу хэрэггүй” гэсэн ухуулга, сануулга хийсэн. Тийм болохоор би Монгол адуугаараа л нааддаг. Гэтэл сая Монгол үрээгээ хасуулчихлаа. Ийм байж болох уу. Энэ янзаараа монгол адуугаараа уралдаж болохгүй юм бол төрийн наадам хийгээд яахав. Хөдөөгийн бид ч хөрөнгө, мөнгө, цаг заваа гарздан ирэхийн хэрэг алга.
Аймгийн Алдарт уяач Ж.Монголбат: Эрлийз монголоо сайн нягталж үзээд хасах хэрэгтэй
-Үрээнийхээ удам угшлыг танилцуулаач?
-Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жамбалсүрэн гэж хуурай ахын маань адуу. Тэр ах маань Хандгай хүрэн, Сүлд хүрэн гээд сайхан азаргатай. Миний үрээ Сүлд хүрэнгийн төл. Эх нь болохоор Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат Дархан Найдан гэж хүний Бөгтөр хүрэн гүү байгаа юм. Энэ хоёрын дундаас гарсан хэнз унага. Сэрвээний өндөр нь дөнгөж нэг метр 30 см.
-Яагаад хасагдсан талаар нь тайлбар авав уу?
-Харин тэрийг нь л мэдэх гээд зогсож байна. Өөрсдийнх нь буруу болохоор гарч ирээд тайлбараа өгч чадахгүй байна. Улсын баяр наадмыг иймэрхүү маягаар хэдхэн хүний өнгө, үзэмжээр хийдэг болсон юм бол хөдөөний бид ирж ажил алдахын хэрэг алга. Ган гачигтай, хүн болгон л завгүй байхад төрийн наадмаа гээд хаа байсан 300 километрийн цаанаас зорьж ирсэн шүү дээ. Манай найз бол бүр 500 километрийн  цаанаас ирсэн. Гаргасан шийдвэртээ эзэн болж  чадахгүй хүмүүс зохион байгуулдаг ийм наадамд зорьж ирсэн гэхээр үнэхээр харамсалтай байна. Буруу зүйл хийсэн бол ядаж хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Тэгсэн хэр нь биднийг ирлээ гээд тусгайгийнхныг дуудаад авчруулчихлаа.Та бүхэн харж байгаа биз дээ. /Энэ үед арав гаруй тусгайгийн ажилтнууд ирж хамгаалалтаа зузаатгав./
-Зарим морийг хэмжсэн, заримыг нь хэмжээгүй гэнэ. Таны морийг хэмжиж үү?
-Миний морийг хэмжээгүй. Хэмжилгүйгээр шууд аваад явахаар нь хүүхэд нь “Ахаа хэмжихгүй юм уу” гэсэн чинь “за яахав эхлээд уячихъя” гэж хэлээд хүүхдийг нь буулгасан байгаа юм. Тэгээд бүгдийг нь буцаачихсан. Хассаныг буруу гэж байгаа юм биш, хасах хэрэгтэй. Гэхдээ олон хүний хөдөлмөр учраас эрлийз монголоо сайн нягталж үзээд хасах хэрэгтэй. 50 эрлийз хаслаа дотор нь 10 монгол үрээ явчихжж гэж бодъё, тэгэхээр 10 монгол адуутай хүн хэлмэгдэнэ. 10 монгол үрээ хасагдана гэдэг халхын 10 сумаас ирсэн хүн байж таарна. Одоо хар л даа дандаа 300,400 км-ийн цаанаас ирсэн гурав, дөрөвхөн хүн ингээд зогсож байна. Дээр үеийнх шиг хонио эргүүлээд л ганц морио авчирч байгаа биш. Олон хүний бүтэн жилийн хөдөлмөр, зарим нь хоёр жилийн хөдөлмөр байдаг. Нэг жил морио бэлтгэнэ. Дараа жил нь хурдлуулна ингэж л амжилт гаргадаг. Энийг нь мал мэдэхгүй, ухвар мөчид улсаар баллуулж байна. Малаа таньдаг мэддэг Монгол аавын хүүхдүүд зөндөө байгаа. Тэднийг л комисст оруулах хэрэгтэй байна. Тэрнээс биш зоотехникч, малын эмч чинь малын эрхтэнг мэдэхээс малын үүлдэрлэг байдлыг мэдэхгүй байна.
-Таны шүдлэн өмнө нь давхиж байсан уу, ямар амжилт үзүүлж байв?
-Өмнө нь сумын ой энэ тэрд түрүүлсэн сайн давхидаг үрээ.
Аймгийн Алдарт уяач Н.Алдаржаргал: Наадам нэгээр дуусах биш, яагаад хасагдсанаа мэдмээр байна 
-Шүдлэн яагаад хасагдав?

-Сэрвээний өндрийг хэмжиж үзэлгүй, тэгс ингэсхийгээд л аваад үлдсэн гэнэ. Миний хоёр үрээ бол ямар ч цус ороогүй цэвэр монгол адуу. Өмнөговь аймагтаа олон уралдсан. Түмэн мэднэ дээ. Монгол түмнийхээ их баяр наадамд тоосыг нь өргөхөөр 560 км-ын холоос зорьж авчирсан.
-Сэрвээний өндөр хэд байсан бэ?
-Үзсэн. Нэг үрээ 128-тай, нөгөө нь  132-той байгаа. Комиссын хэмждэг метр ондоо байдаг юм уу, ямар учраас хассанаа хэлэх хэрэгтэй. Хол газраас ирсэн хүмүүс тэрийг нь үзэж сонсчихоод, хариу дүгнэлтийг аваад явмаар байна. Наадам ямар ганцаар дуусах биш хойтон жилийн наадамд  ирэхдээ ямар нь хасагддаг болохыг мэдмээр байна.
-Өмнө нь ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Нэг үрээ нь энэ жил гурав уралдаж, гурав айрагдсан. Нөгөөдөх нь битүү үрээ. Улсын наадамд уралдуулах гэж зорьсон юм. Төрийнхөө наадамд л тавина гэж хадгалсан бүхэл бүтэн жилийн хөдөлмөр минь талаар өнгөрлөө, үнэхээр харамсалтай байна. Нэгэнт шийдвэрээ гаргаад хасаж чадсан юм чинь одоо гарч ирээд “Чиний үрээ ийм шалтгаанаар хасагдсан” гэдгээ хэлэх хэрэгтэй байна. Бид түүнийг нь сонсох гэж энд зогсож байна шүү дээ.
-Та төрийнхөө наадамд хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Азарга, хязаалан, хоёр шүдлэн, нэг даагатай ирсэн. Тэгээд хоёр шүдлэнгээ хасуулчихлаа. Хязаалан үрээ маань сайхан уралдлаа. Хязаалан дээр бол хасаагүй ш дээ. Эрлийз үрээнүүдтэй уралдаж байгаад миний үрээ суугаад орсон. Тэр яахав уралдаж ирээд хойгуур орох нь хамаагүй, ямар байгаагаа шалгаж байна. Хэдий айрагдаж түрүүлээгүй ч наадмаа чимээд сайхан уралдаад ирэх нь уяач бидэнд сайхан  байдаг. Түүний төлөө л бид тэр холоос зорьж ирж байгаа юм шүү дээ.

Үрээгээ хасуулсан уяачид ийн ярьж байна.Нэгэнт тогтоол шийдвэр нь гарчихсан учраас морьдыг ялгах нь зөв. Үүнтэй хэн ч маргаагүй. Гагцхүү үнэн зөвөөр ялгах хэрэгтэй. Жилийн хөдөлмөрөө үнэгүйдүүлж, салхинд хийсгэсэн уяачид ингэж л хүсэж байна. Туурга тусгаар улсын минь бэлгэдэл  болсон төрийн наадмаа хэл ам, хэрүүл шуугиангүй хийчихдэг болох юмсан...
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна