Монгол Улсын заан Ч.Батзориг: Ажилчдаа тойруулж суугаад цалинг нь тарааж өгөх дуртай

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 07 -нд

Баруун хязгаар Ховд аймгийн Чандмань суманд орших мөнх цаст Жаргалант хайрханы өврөөс багш, шавь хоёр заан төрсөн нь Ч.Бямбадорж, Ч.Батзориг нар юм. Монгол бөхийн барилдааныг сонирхолтой, үзүүштэй болгосон хэмээн үнэлэгддэг Гарьд И.Доржсамбуу, Заан О.Одгэрэл, Ц.Мягмарсүрэн нартай нэгэн үеийн бөх Ч.Батзориг заан тэр болгон хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй ч Монгол бөхийн ёс жаягаар аваргуудаас эхлэн бөхчүүдийг эрэмбээр нь уншигч олонтойгоо уулзуулдаг “Гарьд магнай” булангийн маань урилгаас татгалзаагүй юм.
-Бөхийн спортод хөл тавьж байсан тэр ?еийн түүхийг сөхөн яриагаа эхэлье. Таныг бөх болоход хэн, юу нөлөөлсөн бэ?
-Анх 1992 онд улсын заан Бямбадорж багш маань Мягмарсүрэн, Батзориг, Алтансүх, Балжинням, Намдаг гэсэн ийм таван хүүхдийг Улаанбаатар хотод авчирч, Хүч спорт хороон дээр өөрийнхөө удирдлага дор бэлтгэл сургуулилт хийлгэж эхэлсэн юм. Ингэж Бямбадорж зааны гар дээр ирж байсан таван хүүхэд бүгд улсын цолд хүрч, хоёр заан, нэг харцага, хоёр начин төрсөн дөө. Багш маань таван сайхан цолтой бөх төрүүлж, таван сайхан өрх гэрийг тусад нь гаргалаа.
-Бямбадорж зааны нүдэнд яаж туссан юм бэ? Магадгүй нэг нутгийн, хамаатан садан байв уу?
-Багш бид хоёр нэг нутгийн, нэг голын хоёр. Бид хоёрт цусан төрлийн холбоо байхгүй, харин нэг голын усаар ундаалсан усан төрлүүд. Намайг жаахан хүүхэд байхад манай Батзориг сайхан бөх болноо гэдэг байсан юм. Чандмань сум, Жаргалант хайрханаас төрсөн хоёр заан даа, бид хоёр. Багшийнхаа буянаар халхын бөхчүүдийн тоонд орж, өдий зэрэгтэй сайхан амьдарч явна.
-Багш чинь та нарыг чанга гараар барьж, өндөр шаардлага шахалтаар маш их бэлтгэл сургуулилт хийлгэдэг байсан тухай яриа байдаг юм билээ. Машинаар хөөж гүйлгэдэг байсан гээд л?
-Хүнийг хүн болгоно гэдэг их чухал шүү. Багш гэдэг их өгөөмөр хүн байдаг юм болов уу гэж би боддог. Би лав багш шигээ өөрийнхөө амьдралыг орхиод хүний төлөө, бөхийн төлөө зүрх сэтгэлээрээ явж байгаа хүнийг мэдэхгүй юм. Өглөө 8 цагт ирж бэлтгэл хийгээд өдөр 2 цаг амраад оройны бэлтгэлд гардаг. Хагас, бүтэн сайнд ирж очихын 16км газар гүйлгэдэг байсан. “Хүч” нийгэмлэгээс гүйгээд Дамбын эцэс хүртэл, тэндээсээ буцаад Хүч хүртэл гүйлгэнэ. Өөрөө машинтайгаа дагаад хар замаар хөөж элдэнэ. Хол гүйгээд цуцаад жаахан удаан гүйвэл машиных нь хамар бөгсөн дээр хүрч алдаад л, сигналдаад л… Биднийг үнэхээр яаж дайчин байх ёстойг сургасан. Нэг өдрийн бэлтгэл тасалбал гэрт орж ирээд хэмх зодоод гаргачихдаг. Зарим үед бэлтгэл хийж байгаад гар тулчихаад багшаа барилдаж чадахгүй нь гэвэл “Ямар чиний мөч салаад уначихсан биш,  ..барилд” гээд аюултай уурлана. Тохой мултарчихсан байхад хөлөөрөө өргө гээд мөрөн дээр штанк тавиад өгчихнө. Барилдаж байгаа хүнээсээ эмээгээд жаахан ухарч байгаад унах юм бол “Адилхан оюун ухаантай хүнтэй барилдаж байгаа болохоос адгуус малтай барилдаж байгаа биш. Үхсэнээс нь айдаг юм” гээд уурлана. Өөрийнх нь харектер тийм л дээ. Усны ундарга цэвэр байвал адаг нь цэвэр байдаг шиг хүнийг хүн болгож байгаа багш өөрөө ямар байхаас шавь нарынх нь хүмүүжил хамаарна. Буруу юм хийвэл миний багш шиг үнэн зөвөөр нь хэлж байсан хүн байхгүй, зөв юм хийвэл магтдаг хүн нь миний багш л байсан. Өнөөдөр бид тавуулаа улсын цолтой, сайхан амьдарч байгаа нь багшийн маань гавьяа. Хэн ч мэдэхгүй таван хүүхэд хотод орж ирж байхад сайхан бөх болно гэдгийг миний багш л мэдэж байсан. Ямар сайндаа Мөнх-Эрдэнэ арслан, Хишигдорж заан эд нар “Энэ Бямбадорж, хэдэн халтар юмыг хаана ч явсан салахгүй дагуулаад явж байх юм. Энэ хэд нь хэзээ ч бөх болж гийгүүлэх юм” гэж байсан гэдэг. Багшийнхаа хүмүүжлээр бид тав бие биеэрээ хань хийж, бие биеэрээ гоёж явсны хүчинд тавуулаа халхын сайхан бөх боллоо.
Сайн багшийн шавь сайхан бөх болдог. Тэгээд дээр нь хүнд хаяа хаялга гэж нэг юм байдаг. Сайхан сэтгэлтэй хүнийг дагаж яваа хүмүүс нь хүртэл сайхан явдаг гэдэг ш   үү дээ. Тэгэхээр бидний сайн сайхан яваа нь багшийн минь л ач
.-Тэр их хичээл зүтгэл, хөлс хүч гаргасныхаа үр дүнг улсын цол авсныхаа дараа харсан биз?
-Би анх хотод ирснээс хойш 16 жилийн наадамд гарч барилдлаа. 1993 онд цэргийн начин, 1994 онд цэргийн заан болсон. 1995 онд улсын баяр наадамд тавын даваанд улсын начин Баянмөнх бид хоёр тунаж үлдсэн юм. Тэгтэл бөхчүүд тунасан хоёр бөхийн барилдаан үзнэ гээд барилдахаа болиод хараад зогсчихлоо. Өмнө нь Баянмөнхийг ганц нэг удаа хаячихдаг байсан болохоор дайрч ороод ард нь гарсан хойноо уначихаж байж билээ. Гэхдээ тэр үед “За яахав энэ даваа дахиад надад ирэх л даваа” гэж бодоод харамсаж сүйд болоогүй. Дараа жил нь 1996 онд багшаараа тав даваад, зургаад Одгэрэл заантай тунаж барилдаад унаж байсан.
-Жаргалант хайрханы хүү улсын цолтон болчихоод хэр догдолж байсан бэ?
-Хүн бүр өөр өөрийн мөрөөдөлтэй. Хүссэн мэргэжлээ эзэмшинэ, тэр миний амьдрал гэж хүсэж мөрөөддөг шиг би сайхан монгол дээл өмсөөд, улсын начин гэсэн тэмдэг зүүгээд, залаатай малгай тавиад явахсан гэж боддог байлаа. Тэр мөрөөдөлдөө 1996 онд хүрсэн. Тэгээд начин болчихоод өглөө унтаж байгаад гэнэт “Би начин болчихсон билүү, худлаа юм биш байгаа даа. Арай зүүд биш биз дээ” гээд тэмдэг, малгайгаа барьж үзээд л./инээв/
-Тэгвэл заан цол авсан наадмаа дурсахгүй юу?
-Долоогийн даваанд Мөнх-Эрдэнэ арслангаар заан болж байсан. Ер нь заан төрдөг наадам тун ховор байдаг. Заан болчихоод надад заан болох хувь тавилан байж дээ гэж бодож, дотроо нутаг усандаа залбирч байлаа. Тэр үед миний аав амьд сэрүүн байсан, хүүгээ заан болохыг нь харна гэж байнга хэлдэг байж билээ. Аав ээж, нутгийн түмэн, уул усаа баясгаад нутагтаа том цол аваад очих зүйрлэшгүй сайхан л даа.
-Тэр цагт багш чинь таныг бөхийн замд оруулж байсан бол одоо таны багшлах цаг болсон байх. Шавьтай юу?
-Яахав бэлтгэл сургуулилтыг нь хийлгээд явж байгаа хүмүүс бий. Гэхдээ багшийнхаа хэмжээнд хүрч бэлтгэл сургуулилтыг нь хийлгэж, санаа тавьж чадахгүй байна л даа. Би Монгол улсын өсөх идэр начин Амартүвшин, Лхагвасүрэн нарыг начин болгож байлаа. Мягмарсүрэн бид хоёрын үүрэг бол нутгаасаа улсын цолтой сайхан бөх төрүүлэх юм даа.
-Нутаг усаа шүтдэггүй Монгол хүн ховор. Ялангуяа бөхчүүд цолоо дуудуулахдаа нутаг нугаараа дуудуулдаг. Жаргалант хайрхандаа жил бүр очиж, өвөрт нь хөлбөрч чаддаг уу?
-Хүн угаасаа байгалийн амьтан. Тиймээс байгаль дэлхийгээ хайрлаж, нутаг усаа шүтэж явах хэрэгтэй. Аливаа юмыг хайрлаж, итгэж, шүтэж явахгүй бол бүх юм утгаа алдана шүү дээ. Би маш их шүтлэгтэй, сайхан номын багштай. Харж залбирч явдаг нутгийн маань Жаргалант хайрхан бий. Жил болгон заавал нутагтаа очиж, долоо хоног амарна. Уул толгодоор явж, гол горхиныхоо уснаас амсаад, нутгийн хөгшчүүлийнхээрээ орж гараад амардаг. Долоо хоног ч уг нь багадаад байдаг л даа. Гэр бариад сар гаруй болохсон гэдэг санаа их байдаг. Даанч ажил  төрлийн зав зай болдоггүй.
-Бизнес гээд чөлөөт цаг бага гардаг байх. Хааяа ажлын зав зай гарвал юу хийх дуртай вэ. Таны хобби юу вэ?
-Эр хүн 34, 35 гараад ирэхээр ялангуяа мань мэт шиг борог хар ажилтай хүмүүс зав муутай болдог юм байна. Хобби гэвэл адуу л байх шив дээ. Адуунд дуртай. Чөлөө зав гарвал ухас хийгээд хөдөө хэдэн мал дээрээ очдог.
 -Хурд их цуглуулсан уу. Морьд чинь хэр хурдалж байгаа вэ?
-Нэг их олон адуу байхгүй.
 Шим группын захирал Цандэлэг миний хуурай ах. Намайг заан болоход нэг мундаг даага, хязаалан хоёр өгсөн юм. Хоёулаа хоёр гурав түрүүлсэн азарганы төл. Тэд нартаа хэдэн сайхан гүү олж тавьсан, гайгүй сайхан үр төл гарах болов уу гэж бодож байгаа. Улсын баяр наадамд морьд маань сайхан давхиж, би чадлынхаа хэмжээнд сайхан нааддаг. Тод манлай уяач Ононгийн дүү Ихбаяр гэж залуу миний морийг уядаг. Өнгөрсөн жил шүдлэн үрээ маань улсын баяр наадам, Хотгойдын хурд хоёрт долоогоор давхиж, уржнан жил даага 12-оор давхисан.
-Хүй долоон худагт морьд чинь давхиад, өөрөө цэнгэлдэхэд зодоглоод сэтгэл санаа хоёрдох үе гардаг уу?
-Аа, эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэдэг шиг юмыг яаж мэдэхэв айрагдчих ч юм билүү гээд уяач руугаа ярина/инээв/ Адуу чинь их хийморилог амьтан шүү дээ. Халхын нэртэй уяачдын мундаг хурдан адуунуудын тоосон дунд миний үрээ тоос босгоод явна гэдэг эр хүний хийморь л доо.
-Барилдахад ганц бяр чадал биш ухаан хэрэгтэй гэж ахмад бөхчүүд ярьдаг нь хоосон үг биш. Үнэхээр бөхчүүд бизнесийн салбар бүрт амжилттай явна. Та бизнесээ      хэрхэн эхэлж байсан бэ?
-Эхнэр авч гэр бүлтэй болчихоод амьдрахын тулд Төмөр замын ачаа буулгах хэсэг 44 дээр вагоны ачаа хүртэл буулгадаг байлаа ш дээ. Хүний сайхан охиныг болно, бүтнэ гэж авч суучихаад, хоёулаа үр хүүхэдтэй ч болчихлоо.
Тэгээд юмаар дутаахгүй, элбэг хангалуун амьдруулах юмсан гэж бодоод юм юм хийсэн. Тэр үе чинь1994 он юм байна. Миний цалин 8000 төгрөг байсан. Мөнгөний ханш гайгүй байсан ч хүний л амьдрал юм болохоор гэр бүлээ, үр хүүхдээ юмаар дутаахгүй байхсан гэж хичээдэг байлаа.
Бизнесийг бүр багаас нь эхэлсэн дээ.
Анх хиамны цехтэй, дэлгүүртэй байсан. Бэлтгэл сургуулилт гээд цаг зав гарахгүй болохоор нь цехээ ажиллуулахаа больсон. Хоёр жилийн өмнө барилгын бетон эдлэлийн үйлдвэрээ байгуулж, 50 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Манай үйлдвэр өвөл, зунгүй ажилладаг. Тоосго, лотки, суурийн блок, цоохор блок гэх мэт стандартын шаардлага хангасан барилгын материалуудыг үйлдвэрлэж байна. Мөн “Шим заан” компани маань сүүний чиглэлийн 100 гаруй үнээтэй, махны чиглэлийн 800 гаруй үхэртэй. Нийтдээ үхрийн маань тоо толгой мянга гарч байгаа байхаа. Ферм маань 11 өрх малчинтай.
-Эрүүл, байгалийн цэвэр бүтээгдэхүүн ховор болсон энэ үед таны сүү, махны чиглэлийн үхрийн ферм зөв бизнес шүү?
-Тэгэлгүй яахав. Би сүүгээ зарах гээд хүний бизнесийг муулж байгаа юм биш шүү. Ер нь сүү өөрөө амьд бүтээгдэхүүн. Гэтэл хаа байгаа Хятад, Оросоос оруулж ирсэн, эсвэл хуурай сүү авчраад найруулаад савлаад хямдхан зардаг. Хөдөөгийн малчдын ганц амьдралын тулгуур нь сүү, мах байдаг. Гэтэл импортын чанар муутай, хямдхан сүү оруулж ирээд дотоодынхоо сүүний ханшийг нь унагачихдаг. Малчдынхаа амьдрал ахуй, хүнсний чанар, аюулгүй байдлын алиныг нь ч бодсон гаднаас сүү, сүүн бүтээгдэхүүн оруулж ирэхийг зогсоох хэрэгтэй юм шиг санагддаг. Манайх бол сүүгээ МОНСҮҮ       ХХК-д гэрээгээр өгчихдөг.
-Бизнесменүүдийг хараад байхад зөвхөн ашиг олохоосоо гадна ажилчдынхаа цалин хангамж, цаашлаад амьдрал ахуй гээд санаа зовох зүйл ихтэй болчихдог юм билээ. Ер нь бизнес эрхлэхийн зовлон, жаргал юу вэ?
-Аж ахуй эрхэлж байгаа хүмүүст баярлах үе ч гарна, бачимдах үе ч гарна. Гэхдээ үүнээс шантралгүй хүн өөрийн гараар аль болох их зүйл бүтээх хэрэгтэй. Аль болох их хөдөлмөрлөж, тэр хөдөлмөрөөсөө таашаал авч байх хэрэгтэй.
Тэндээ олон хүнийг тэжээж, ажлын байртай болгох хэрэгтэй. Би бол ажилчдынхаа цалинг нь тавьж өгөх дуртай. Уг нь нягтлангийн ажил л даа. Гэхдээ цалинг нь ширээн дээрээ тавиад, ажилчдаа тойруулж суугаад цалинг нь тарааж өгөх дуртай. Манай ажилчдын дундаж цалин 500-600 мянган төгрөг, инженерүүд 700 мянган төгрөгний цалинтай байдаг юм. 
-Ажилчид чинь таныг захирлаа гэдэг үү, эсвэл Заанаа гэдэг үү?
-Заанаа л гэдэг.
-Захирлаа гэж дуудахад ямар санагддаг вэ?
-Хааяа зарим нэг нь захирлаа гэж байдаг. Захирлаа гэхээр шал хөндий хоосон сонсогддог. Заанаа гэсэн нь сайхан байдаг.
-Та хэр олон найзтай вэ?
-Хүн олон сайхан найз нөхөдтэй байх хэрэгтэй. Найз нөхөдтэйгээ буу халаад суухад сэтгэл санаа сэргээд сайхан байдаг шүү дээ. Зовлон, жаргал тохиосон аль ч үед хамт байдаг тулсан, дотнын найз нөхөд гэж байдаг. Анх хотод орж ирээд найз нөхөд болсон хүмүүс маань одоо бүгд үйлдвэрт маань ажиллаж, хамтдаа үйлдвэрээ хөл дээрээ босгосон. Сайхан найзууд бие биенийхээ амьдралд түшиг тулгуур болж явдаг л даа.
-Бөхчүүдээс хэн хэнтэй нөхөрлөж явдаг вэ?
-Бөхчүүдээс гэвэл Мягмарсүрэн заан, Алтансүх харцага, Хатансайхан начин, Балжинням начин гээд олон бий. Найз нөхөд гэдэг бие биендээ тусалж дэмжиж явах ёстой гэж би боддог. Алтансүх, Хатансайхан хоёрыг би бетонон эдлэлийн үйлдвэрлэлийн бизнест оруулсан. Өнгөрсөн жил би тэр хоёрт “Нэг нь улсын ажил хийгээд, нөгөө нь гааль дээр ачаа гаргах гээд дан ганц ажлаа хийгээд явна гэж байхгүй. Ажлаа хийдгээрээ хийгээд, өөрийн гэсэн үйлдвэр байгуул. Ажлын байр гаргаж хүн тэжээ” гэж хэлсэн. Тэгээд миний хоёр найз зоригтой алхам хийж, өөртөө байгаа дээрээ нэмж мөнгө зээлж, машинаа хүртэл зараад үйлдвэрээ байгуулсан. Одоо үйлдвэр нь сайн ажиллаж байгаа, энэ жил гэхэд 500-гаад сая төгрөгний борлуулалт хийсэн сурагтай байсан.
-Кёкүшюзан Батбаяр та хоёр үй зайгүй найзууд. Та хоёр хэдийнээс нөхөрлөсөн юм бэ?
-1990-ээд оны үед Кёкүшюзан бид хоёр хамт ноцолдож явсан, багын найзууд. Кёкүшюзан 1973 оных, надаас хоёр дүү. Нэг нутгийнх гээд Мягмарсүрэн заан бид гурав дотно нөхөрлөдөг юм. Японд байхдаа жил болгон Мягмарсүрэн бид хоёрыг 14 хоног амруулдаг байлаа.
Ирж очих зардлыг даагаад, башё үзүүлдэг. Би ч тэгээд долоогоос илүү хонож чаддаггүй, гэрээ санаад уйдчихдаг юм. Японы хамгийн үнэтэй газар орж хооллоод явдаг. Зарим үедээ санаа зовмоор шүү. Өөрийнхөө мөнгөөр хувцас хунар авъя гэхээр уурлана. Энд тэнд ресторанд ороод тооцоо ч хийлгэхгүй. Хамгийн үнэтэй ресторанд ороод ганцхан удаа хоол идээд гарахад 8000 доллар болох жишээтэй.
Сүүлдээ бид хоёр ичээд хажууд нь юм авна гэж хэлж чадахгүй, Буянт-Ухаад ирчихээд гэртээ юм авдаг байлаа ш дээ./инээв/
Нөхөрлөж явахад түшигтэй, нөмөртэй сайхан хүн л дээ миний найз. Харин “Кёкүшюзан хөгжил” сангийн захирал, нутгийн ах Батзоригтой 1993 онд танилцаж байсан.
-Батзориг гэдэг хүнийг нутгийн ах гэдгээс өөр өнцгөөр дүгнэвэл ямар хүн бэ?
-Манай Батзориг ах бол маш хөдөлмөрч хүн.
Би нутгийн ахынхаа энэ хөдөлмөрч зангаар нь бахархаж явдаг. Монголд зөндөө л олон бизнесмен байна. Гэхдээ гарт баригдаж нүдэнд үзэгдэхээр их ажил хийсэн хүн л дээ. Кёкүшюзан хөгжил сангийнхаа шугамаар 13-р хороолол,
 10-р хороололд хичнээн их орон сууц барив. Манай энэ гэр ч гэсэн Батзориг ахын барьсан хотхоных шүү дээ. Хичнээн их хүнийг ажлын байраар хангаж байна. Тэр том нүсэр компанийг удирдаад явна гэдэг ч хэцүү шүү дээ. Өглөө зургаа, долоон цаг гээд очиход барилга дээрээ оччихсон нэг гартаа хавтас барьчихсан, амандаа тамхи зуучихсан явж байдаг тийм л хөдөлмөрч хүн. Энэ хүнээс сурах юм их бий.
-Зааны гэр бүлийн хүн аль нутгийнх вэ?
-Миний ханийг Оюунаа гэдэг. Сүхбаатар аймгийн уугуул, Дарханд төрсөн. 1992 онд Гадаад хэлний дээд сургуулийг төгссөн. Бид хоёр 1994 онд танилцаж, одоо хоёр хүү, хоёр охинтой зургуулаа болчихоод байна. Бид бие биенээрээ дутуугаа нөхөж, дундуураа дүүргэж явна. Хүний хань гэдэг айл гэрийн багана, эр хүний түшиг тулгуур байдаг. Хөдөө гадаа яваад ядарч зүдрээд шөнө хэдэн цагт ирсэн ч хоол цайгаа халуунаар нь байлгаж байдаг. Яах аргагүй л ханиараа бахархаж явдаг даа. 
-Танай хүү аавыгаа дуурайсан биерхүү юм. Барилдах шинж ажиглагдах юмуу?
-Том хүү маань жудо бөхийн секцэнд явдаг. Одоо 13 настай. Хүн болгон бөх болоод байдаггүй.
Аав нь бөх болохоор бөхөөр амьсгалж байдаг юм шиг байна. Кёкүшю ах нь Японоос кимоно авчирч өгсөн юм. Тэгээд л жудогоор хичээллэсэн. Хааяа хүүдээ энэ барьцнаас ингэж барилдана гээд зааж өгнө. Гэхдээ би өглөө 8 гэж гараад шөнө 12 гэж ирэхээр тэр болгон хүүдээ заагаад байж чадахгүй юм даа.
-“Гарьд магнай” булангийн маань урилгыг хүлээн авч, илэн далангүй ярилцсан танд талархлаа илэрхийлье.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна