МУ-ын Манлай уяач Х.Сүрэнхор: Босоо хээр маань Хэрлэнгийн хөдөө аралд надад ерөөлөөр заяасан хүлэг

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 27 -нд

Дуудах нэрийг эцэг эх хайрлаж, дуурсах алдрыг хүмүүн өөрөө бий болгодог хэмээдэг. Морин эрдэнээ эрхэмлэгч эр хүн сайн хүлгээрээ овоглогдоно гэдэг чухам дээр өгүүлсэн өөрийн гараар бүтээсэн алдар нь ч байж болох юм.Эцгийн шивнэсэн нэрээс илүүтэй энэ биетэй таарч учирсан эрдэнэт хүлгээрээ  зард гарсан нэгэн эрхэм бол Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Хөхийн Сүрэнхор агсан юм. Хүлгийн хийморийг дээдлэгч хөх монгол түмэн түүнийг  Босоо хээр азаргаар нь  андахгүй билээ. Монголчууд эвлэлдэн нэгдэж, үндэс угсаа, хэл соёл, язгуураараа бахархсан XX зууны хамгийн анхны том наадам буюу Монголын нууц товчооны 750 жилийн ойд түрүүлэн түмний хайрыг булаасан хээр азарга дараа жил нь /1991 онд/ АХ-ын 70 жилийн ой, үндэсний их баяр наадмыг магнайдаа тоосгүй өнгөлж, ховорхон заяах хурдан хүлэг болохоо нотолсон байдаг. Хэдийгээр Босоо хээрийн гайхам түүх тэр наадмаар жаргаж, дууль болон мөнхөрсөн ч хүлэг морио дээдлэгч түмэн олон амнаас ам дамжин хүүрнэсээр зүрхэн чанададаа хурдлуулсаар байгаа билээ. Цуут хүлгийн эзнийг амьд сэрүүн ахуйд зохиолч, сэтгүүлч Ж.Саруулбуян уулзаж, сонирхолтой яриа өрнүүлснийг уншигч танаа толилуулж байна. 1991 оны улсын баяр наадмын дараах гунигт мэдээ Монгол даяар энэ шуугианыг мартахгүй байна. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нэрт уяач Хөхийн Сүрэнхорын домогт хээр азарга машинд дайруулан эрсэдсэн билээ. Энэ үед төвийн сонин хэвлэлүүд зайгүй шуугиж, нэгэн их хүмүүн тэнгэрт халисан адил харамсал, гуниг, үзэн ядалтаар дүүрч билээ. Яруу найрагч Зундуйн Доржийн хэлснээр адууны дүрээр төрөөд аавын хүүгийн ёсоор амь эрсэдсэн энэхүү домогт хээр азарганы тухай яруу найрагчид, шүлэгчид дууль бичиж, түүний оршуулгын тухай баримтат кино бүтээж, хөшөө босгохоор уралдаан зарлаж байлаа. Энэ хүндхэн цагт хайрт хүлгээсээ ёс бусаар салсан уяач Сүрэнхор ёстой эр хүн шиг үгээ хэлж, зүрхээ чангалж байсан юм. Сүрэнхорын хээр азарга чухам аль газрын удам угшилтай, ямархан ид шидтэй хүлэг байж вэ гэдгийг эзэн хүлэгчээс нь асууж лавласан нь энэ юм.

-Таны хээр азаргыг Хөдөө аралд улсын баяр наадмын довон дээр түрүүлэхийг харж явлаа. Удам угшлыг нь хүмүүс янз бүрээр нь ярилцах юм. Морь, бөх хоёр заавал удам дагадаг гэдэг дээ?
-Тийм шүү, миний хээр азарга Хэнтийн хоёр сайн хурдны дундаас төрсөн унага юм даа. Эцэг талыг нь хөөвөл Галшарын цагаан Наваандэндэвийн Очир зээрд гэдэг азарганы удам. Очир зээрд азарга Бөгөн хул азаргатай үзэж явсан юм гэнэ лээ. Хэнтий аймгийн 14 жилийн ойгоор тэр зээрд азарганы удам 30 гаруй азарга мордож байсан юм  гэсэн. Эх тал нь Орлой адууных. Энэ Сүхбаатар аймгийн Мөнххаан чиг болно. Очирд зээрд азарганы удам цавьдар азарга надад байсан юм. Өөрийн эцэг Хөхийн хурдан хээр адууны удамтай нийлүүлээд дундаас нь зээрд  азарга гарсан. Энэ зээрд азарга сумандаа 11 жил дараалан түрүүлсэн. Түүний төл зээрд азарга нь сумандаа дөрөв түрүүлж, нэг аман хүзүүдэж, нэг удаа гуравт орсон. Энэ бол миний хээр азарганы эцэг зээрд азарга. Эх тал нь Мөрөн сумын тууварчнаас жороо халиун гүү наймаалж авахаар очих замдаа гурван хөл нь чөдөрт тасарсан хээр байдастай таарсан юм. Түүнийг л авмаар санагдаад байсан. Тэгээд жороо халиун гүүн дээрээ гурав дахин үнэ нэмж байж хөл нь халцархай хээр байдсыг авлаа. Хээр байдсыг маань манай ах үзээд, гүүний чинь толгой нь арай том юм даа гэхэд нь би, гүүний тэргүүн нь том бол удам сайн гэдгийг та дуулаагүй юм уу гэж тоглоом болгож хэлж байсан. Тэр хязаалан хээр гүүний анхны төл нь миний хээр байсан юм. Ингээд миний цавьдар азарганы гурав дахь үе энэ хээр азарга гарсан юм даа. Хээр азарганы маань эцэг цавьдар азарга азаргатай уралдаад давхил ханадаггүй, их морьтой уралдаж байж давхил ханадаг азарга байсан юм.
-Та адууныхаа угшлыг нэлээн холоос хараад ийм гайхалтайадуу төрүүллээ гэж боддог уу. Эсвэл хувь заяа маань хүлэг авчирлаа гэж итгэдэг үү?
-Аль, аль нь бий биз дээ. Монгол адууг шинжлэх ухааны үндэслэлтэй угшилжуулаад, азарга гүүний тохироог зөв олвол үлгэр домгийн ажнайнууд эндээс гарч болох юм гэдгийг ойлгосон. Ингээд адуу малдаа шилэн сонголт хийе гэж шийдээд Хөдөө арал нийгэмлэгийг байгууллаа. Дэлгэрхааны үндсэн хурд Мөнгөний Лувсандоржийн адууны удмыг дахин тодруулах зорилт тавин ажиллаж байна. Энд их хугацаа шаардана даа. Мөнгөний Лувсандорж гуай бол Улс хувьсгалын 30 жилийн ойгоор хар морио түрүүлгэж, хул азаргаа тавлуулаад, Яармагийн ард өөрөө насан эцэслэсэн хүн. Манай нутагт хурдалж байгаа адууны 40-50 хувь нь тэдний адууны удамтай.
-Хээр азарганы үр төл хэр үлдсэн бэ. Та хээр азаргандаа олон гүү хураалгадаг байв уу?
-Би хээр азаргандаа соёолонд нь гүү хураалгаагүй ээ. Харин хавчигт нь хураалгасан. Морины шинжийн сударт 6-9 гүү болохгүй гэж бий. Анхандаа би хоёр гүү хураалгасан. Хоёр гүүнээс нь төл гарсан. 3-4 эр төл бий. Харин хээрийн эхээс гурван жил дараалан охин унага гарсан. Одоо эр хээр унага залгаж байгаа.
-Хээр азарганы энд хүрэх хурд гарна гэж боддог уу?
-Миний хээр азарга шиг хурдан адуу дахин төрнө гэж сэтгэлд буудаггүй шүү. Надад Хэрлэнгийн Хөдөө аралд ерөөлөөр заяасан хүлэг гэж боддог.
-Та өөрийн эцгээсээ морь уях эрдмийг өвлөсөн үү. Өөрийгөө хэр уяач болсон хэмээн дүгнэдэг вэ?
-Эцгийнхээ сэрүүн тунгалагт би 70 гаруй адуу айрагдуулсан. Эцгээсээ хойш толгой шийдээд 50 гаруй  айраг, түрүү авлаа. Түүнээс 46-г нь түрүүлгэсэн.
-Танай адууны зүс үндсэндээ хээр юмаа даа?
-Манай аав Харваачийнхан хурдан хээрийн удамтай байв. Нэг их хурдан хээр морь байлаа. Тэр хээр морийг Мөнгөний Лувсандорж гуайн улсад түрүүлдэг хар морь л хаадаг байсан. Хээр адуу л над хурдлаад байх шиг. Адууны зүсэнд бол хар, хээр гэдэг хүнд л дээ. Гэхдээ эрхэм зүс.
-Хээр азарганы давхил уяа засал ямархан байв. Одоо энэ домог болсон хойно нууц биш биз ээ?
-Давхилыг нь харвал Орлой адуу түшиглэсэн гэмээр, уяаг нь хэлбэл Галшар адуутай адилавтар. Миний хээр хөнгөвтөр уяатай, давхил бүртээ 60 миллээс дутахгүй  ирнэ. Дэлгэрхааныхан Хээр азарга тарган ч туранхай ч  давхина. Тэр зүгээр нэг энгийн адгуус байгаагүй юм ” гэлцдэг.
-Эгэлгүй хүлэг байсан хөөрхий. Энэ үед дахиад хэд ч төрөө билээ.Хээр азарга уяа заслынхаа үед ямар нэг элдэв нууц шинж тэмдэг, авир зан гаргадаг байв уу?
-Миний хээрийн уяаны үед  буруу талынх нь шонтгор өгзөг дээр тавтын шар мөнгөнөөс  том цагаан  мэнгэ гараад ирдэг байлаа. Сунгааны үест дэвтрийн цагаан цаас шиг болно. 4-6 шүдэнд нь хар хаг сууна. Хар хаг суудаг адуу маш ховор  гэж шинжийн сударт байдаг. Би тавь гаруй адуу айрагдуулахдаа шүд харладаг өөрийг үзээгүй. Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн их наадамд түрүүлэхдээ голын хоёр шүд нь дун хар болоод, захын хоёр нь шүд нь буйл махнаасаа цухуйгаад уралдсан. Наадмын дараа нөгөө мэнгэ нь алга болно.Мөн буруу талын хүзүүнийхээ бүдүүн уганд  далны хавсарга өөд гарсан эрхий орчих зайтай нүхтэй байв. Арьс нь битүү. Тэр учиртай нүх байсан байхаа гэж ярьцгаадаг. Ийм л онцлогтой адуу байсан даа.
-Ааш аяг. Онцгой хурдан адууны ааш нь өөр байдаг даа?
-Эхлээд их догшин байсан. Сүүлдээ номхорсон.Адуу тууж явахад  дунд нь юмуу сүүлдэнэ гэж хэзээ ч үгүй. Ямагт хоёр гурван адууны зайтай түрүүлэх юмуу, бүр 20-30 метрийн урд явна. Ямар сайндаа осолд  орох үед адуунаасаа тээр хол түрүүлээд явж байхав дээ. Адуун дунд ордоггүй зантай. Ийм адууг хууччуул манлайлагч гэдэг байсан. Тэр буян нь манайд төржээ. Манлайлагч адуу аман хүзүүлдэггүй гэдэг шүү.
-Уралдаад ирснийхээ хойно ямархуу байдаг байв.Амрах уу, зүдрэх үү?
-Уралдаж ирэнгүүтээ цаг илүү хэт сэргэлэн авирлана, тийчилнэ. Газар цавчилна, дайрна, хөлсөө хусуулахгүй өшиглөнө. Цуцаагүй адуу болохоороо явдал нь багадаад чангарсан булчин шөрмөсөө  амраах гэж  бие нь тэгж хямардаг болов уу гэж боддог.
-Таныг Галшарын өвгөн уяач Донойн Цэгмид гуайн үг сургаалийг дагадаг байсан гэлцэх юм билээ?
-Миний хамгийн их хайрладаг хүн. Би өвгөн уяачаас багагүй юм сурсан. Хээр азаргаа осолд оруулсны дараа би Цэгмид гуай дээр очсон “Залуу хүн зүрхээ үхүүлэх вий. Өөдрөг бай. Дайрсан муу үйлийг өөдрөг итгэлээр туулдаг юм” гэж хэлсэн. Тэр үг их хэрэг болсон. Өвгөний үг бүр нь алт шүү.

Ж.Саруулбуян /1997 он/

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна