Адуучин Н.Гүнсмаа: Би адуучин аавын адуучин охин
Хэнтий аймгийн Дадал сумын адуучин эмэгтэй Н.Гүнсмаагийн ярилцлагыг хүргэе. Таалан болгооно уу.
-Хэзээнээс эхлэн адуучин гэж дуудуулах болсон юм бэ. Үнэндээ эмэгтэй хүн “эрчүүдийн ажил” хийнэ гэдэг амаргүй санагдаж байна шүү?
-Би чинь удам залгасан адуучин хүн. Миний аав Дадал сумын анхны адуучдын нэг. 1954-55 оны үед 2000 гаруй адуу маллаж, урагшаа Сүхбаатар аймаг, Баян-Овоо руу өвлийн оторт явдаг байлаа. Тэр үед чинь адуугаа дөрвөн хүн хоёр ээлжээр манана. Нэг удаад адууны эмгэгт сайн Сүхбаатар аймгийн Дайхарын рашаан руу манаатай байхад нь Сандаг нягтлан өвлийн тоогоор очиж л дээ. Тэгээд “хөгшин нь нэг шөнө адууг нь манаад хоноё” гээд дах дэгтийг нь аваад гарч. Өглөө нь өдөр шөнө үргэлжилчихсэн юм уу гэсээр дуу алдан орж ирсэн гэдэг. Хөөрхий даараа биз дээ. Өвлийн шөнө урт, өдөр болж өгөхгүй хэцүү л дээ. Ийм л жишгээр миний аав чинь 30 гаруй жил адуу дагаж, 1970 онд өгсөн байхаа.
Харин миний хувьд хүүхэд байхын л адуу малны хоббитой нэгэн явлаа. Ямар сайндаа л манай сургуулийн хичээлийн эрхлэгч Дашням багш “эмэгтэй хүүхэд сургууль соёлын мөр хөөсөн нь дээр” гэж загнах зөвлөхийн завсар хэлж байхав. Гэхдээ хүний хувь тавилан, зурсан зураг гэж бий. Тэр дагуу гэх үү, 1971 онд МХЗЭ-ийн илгээлтээр адуучин болж гарч байлаа. Одоо бодоход адуу дагаад муудсан юм гэж байсангүй. Хүний дайтай сайн сайхан л амьдарч байна.
Манай аав бас хурдтай байлаа. Нэгдэл нийгмийн үед чинь наадам тоотой. Ажлаа зохицуулж чадвал жилдээ л нэг нааддаг байлаа шүү дээ. Тийм болохоор уяачийн ажлын хатуу хөтүүг багаасаа л мэдэрч өссөн. Хожмоо айлын эхнэр болоход нөхөр маань бас морь уядаг. Эзэгтэй бидний ажил мундахгүй шүү дээ. Яваандаа муухан уяачаас дээр болдог юм уу.
-Залуу илгээлтийн эзний ажлын гараа хэрхэн эхлэж байв?
-1971 оны наймдугаар сарын 5-нд тушаалаа гаргуулж, ажилдаа орж байлаа. Тэгэхэд манай аав, нөхөр, бид гурав 2000 гаруй адуугаа хувааж, нэг хүн 700-гаад адууны толгой эргүүлдэг байлаа. Тэр их адуу чинь өөр өөрийнхөө зоргоор явчихна. Алдвал өр төлбөрт орно гээд бэрхшээл ихээ. Гэхдээ шантарч байсангүй. Нөхөр бид хоёр залуу ч байж. Өвлийн хүйтэн цагт дулаацах гэж бүдүүн эмнэг азаргыг ноцолдож баридаг байлаа шүү дээ. Би морин дээрээс нэг их барьж чадахгүй. Бууж байгаад л үзнэ. Гурван бүдүүн азарга,хоёр бүдүүн морь нийлж барьчихаад сайхан дулаацлаа гэж ярьцгаана. Ер нь хүүхдийн сонирхлыг хорих шаардлагагүй гэдгийг би биеэрээ ойлгосон хүн. Өөрөө дуртай юм болохоор өөрийн эрхгүй л зүтгэдэг, сонин юм шүү. Магадгүй байгалиас надад заяасан өгөгдөл байх л даа. Одоо нас 60 гарсан ч адуун дээр очоод дэрийтэл хөөж эргүүлэх ямар сайхан гээч. Манайхан нас ахисан гээд хөдлөх дургүй. Хүн чинь байгальтайгаа зохицож төрдөг юм. Тийм болохоор өөрийгөө дайчилдаг байх хэрэгтэй. Миний хувьд хонь, үхэр, адуундаа явна гээд малчин хүний ажил мундахгүй шүү дээ.
-Нэгдлийн адуу маллаж байхдаа эмнэг сургаж байв уу?
-Би чинь бүүр зургаа, долдугаар ангийн сурагч байхдаа сургуулийн эмнэг сургалтын аварга болж байлаа. Хожмоо илгээлт авсны дараахан буюу 1972 онд Доод булан гэдэг газар эмнэг сургах юм боллоо. Манай нөхрийг Зинамидар гэдэг. Тэгсэн “Зинамидарын авгайг” нь харна гээд бүүр гадны сумын залуус хүртэл ирчихсэн байж билээ. Дээр дооргүй л их бужигнаанаар тэр бүр анзаарагдаагүй юм шиг байгаа юм. Сүүлд танилцаад ярьж суутал “дандаа эмнэг уначихсан хормой хотоо шуучихсан улс харагдлаа. Буугаад бие засахад нь л мэдлээ” гэж инээлдэж байхав. Ер нь манай ийшээ хүүхнүүд адуунд сайн л даа. Сайн сайн морь малтай, дээр үеэсээ уламжлагдаж ирсэн хурдтай улс олон бий.
-Та нэгдлийн адуу маллаж байхдаа сүү сааль, дэл сүүл, хөөврийн нормтой байв уу?
-Тэгэлгүй яахав. Дэл гэхэд 350 грамм, хөөвөр 250 граммын төлөвлөгөөтэй. Тэр төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө Чингэлэг, Шанаган ферм, Дадал, Сэлбийн төв гэсэн дөрвөн газар адуугаа хувааж өгдөг байлаа. Сааль ч төлөвлөгөө өгнө. Бүх хүн хаврын ажилд, улсын төлөвлөгөө биелүүлэхийн төлөө ажилладаг байсан. Нэг адуунаас хэдэн грамм хөөвөр авах байна уу, яг тэрийг нь л авна. Дутаавал улсын төлөвлөгөө биелэхгүй. Тэр болгонд өөрөө л явна. Тухайн үед хүмүүс ч их айхтар шургуу ажилладаг байлаа. Шөнийн 12-той уралдаад л нэг амарна. Нэг удаа адуугаа аятайхан газар тавьчихаад айлд хоол унд идчихээд, явдалдаа ядарсан биз дээ, унтчихлаа. Уг нь унтахаар хэвтэхдээ хувцсаа тайлсан байтал өглөө өмсчихөн сэрдэг байгаа. Тэгсэн өглөө эрт босно, адуу маань аль хүртэл явчихсан байх бол гэж бодоод хоносон зүүдлээд хувцаслачихсан байсан. Энэ мэт хөгтэй ч юмуу, сонин сонин тохиолдлууд байдаг олон бий.
Хожмоо хүүгээ дээлээ хөөргөж байгаад өвөртлөөд, ардаа гутал, суурь өмдийг нь баадагначихаад л давхичихдаг байлаа. Харин одоо нас ахиад бодогддог юм, үгүй яаж болдог байсан байна аа гэж. Мориндоо л эрддэг байсан байх даа. Би монгол хүнд шаардлага хэрэгтэй гэж боддог
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би хоёр хүүтэй. Одоо том хүү Батзориг маань айл болж тусдаа гарсан. Бага хүү Батмагнай сумынхаа мянгат малчин. Хөвгүүд маань хоёулаа багадаа барилддаг байлаа. Одоо ач, бэр гээд өнөр болж байна. Манай том ач охин Байгаль моринд их айхтар, бас эршүүд. 11 дүгээр ангид сурдаг юм. Ноднин аравдугаар анги төгсөж ирээд гурван даага сургаад явсан. Надад харагдахгүй, айлын хашаа руу оруулчихаад бариад байгаа юм шүү дээ. Өөрөө сургасан даагаа уяад, их сайхан номхон болгочихсон байна лээ. Заримдаа ач охиноосоо өөрийнхөө залуу цагийг харах шиг болоод байгаа шүү.
-Хөвгүүд тань морин дэл дээр л хүн болсон улс байх нь дээ, тийм үү?
-Том нь бол бараг л тийм. Манай сумынхан ч мэднэ дээ. Сумын наадмын азарга, бүдүүн морь, соёолон гээд бүх морийг би гаргадаг байлаа. Хүүхдээ тэврээд морь гаргачихаад л хүрч ирнэ. Нөхөр наадмаас хоёр гурав хоногийн өмнө морьдоо аваад явчихна. Тэгэхэд нь “би яаж явах билээ” гэж бодохгүй ш дээ. Өөрөөс гарсан болохоор өөрөө л аваад явна гэдэг ойлголттой байсан юм болов уу. Адуутай байхдаа манайх Журамтын гүүрний хойшоо зусдаг байсан юм. Тэгээд наадмын өмнөх шөнө гурав гэж үнээ малаа саачихаад, Дадалын төв хүртэл 70-аад км байна уу даа хүүхэдтэйгээ мордоод шуугичихад азарга гараагүй байхад очно. Үүнээс жоохон хойно сөөсөг, сөөсөг гээд хүүхэд унахааргүй болоход араар нь резин хийгээд шогшуулчихна. Бие доргиод байна аа гэвэл морин дээрээ өөр лүүгээ харуулчихаад хүзүүгээр сайн тэврээрэй гээд бүсийг нь сайн бариад, өөрөө хойд бүүргэн дээрээ суугаад эмээлийнхээ хоёр хөлийг нь гишгүүлээд л давхина шүү дээ. Одоо бодоход хэрэглэж явсан олом жирэм бас л их бөх байж. Магадгүй хүн үнэмшмээргүй байж мэднэ. Гэхдээ энэ бол миний амьдрал.
-Бага хүүгээ төрүүлэхэд адуугаа өгчихсөн байсан уу?
-Тийм ээ өгчихсөн. Гэхдээ нэгдлийн улсын бэлтгэлийн 1500 хоньтой Батноров руу оторт явлаа. Тэгсэн Батноров, Норовлингийн нутаг Улзад үхэр тугал нийлчих гээд байхаар нь мордоод давхисан үлийд бүдрээд баларсан. Тогоон чинээ гэдэстэй байгаа ш дээ. Холоос харсан улс тэр дороо л цуглаж, хөгшид “яасан бэ моньд чинь” гээд халаглаад л... Ёстой л санаа зөв бол заяа зөв гэж тэр байхдаа, гайгүй өнгөрсөн. Дараа нь хадлангийн цаг болчихоод төрөх дөхсөн болохоор нутаг руугаа орж ирээд хадланд гарлаа. Тэр үед чинь намын гишүүн хүн төв орон руу орж сууж болохгүй гэсэн тушаалтай. Өглөө эрт хоёулаа гарлаа. Нөхөр маань хадаад, тармаад, балл татаад, би бухал хийж явсаар цаг үд болчихож. Тэгсэн нөхөр “хүү ирээд хүлээж байгаа байх. Одоо морд. Би үүнийг хийгээд дуусгачихъя” гэнэ. Тэгэхээр буцахаар давхиж явтал бүх бие сулраад болохоо болилоо. Үгүй мөн хөгжилтэй юм надаас гарна шүү. Айхтар аманцар морь чинь даймчаад л, бие маань долгисоод болохоо байсан юм. Тэгээд морьтойгоо ярилаа даа. “Чи бид хоёр хоёулхнаа халуун ам явж байна” гээд л. Замд ганц хүн ч таарсангүй. Яваандаа морь маань гайгүй болчих шиг. Ингээд Дадалд хөгшин ээжийндээ очлоо. Хөлөө даахгүй, дөрвөн мөч сув сул болчихож. Хүний бараа ч алга. Оройн сааль болоод сүүгээ машиндаж байх шиг байна. Морь маань ашгүй хөдлөхгүй болохоор нь арайхийж бүүргэн дээгүүрээ хөлөө давуулаад гэдсээ нидрэхгүйхэн шиг гулдраад буулаа. Яваад ортол 80 гарсан хөгшин эжий маань”толгой сэгсрээд, төрөх нь байна шүү” гэж байна. Удсан ч ус нь гараад хоёр яс салж байлаа. Дараа нь хөгшин маань “гэдэс чинь шөвийгөөд байсан” гэж хэлсэн. Би тэрийг нь ч мэдэхгүй л ажиллаад байсан байгаа юм.
-Та амаржталаа морь уначихдаг байсан уу?
-Харин тиймээ. Миний хажууд манай хүн их гярхай байгаа биз. Нөхөр маань буц гээгүй бол яах байсан юм бол бүү мэд. Манай хүн чинь бас их хөдөлмөрч. Морь сайн уяна. 1983 онд түрүү, аман хүзүү, гурав, дөрөв гээд дөрвөн бүдүүн морь дараагаар нь оруулж байлаа. Адууг хараад л давхина, давхихгүй гэдгийг мэдэрнэ. Их мэдрэмжтэй хүн байсан байгаа юм. 1963 онд цэрэгт яваад, түүнээс хойш л дан нэгдлийн адуу, ямаа гээд бараг таван хошуу малыг нь малласан. Би сайхан ханиараа үнэхээр их бахархдаг.
-Танай нөхөр хаанахын хүн бэ?
-Бадамдоржийн Зинамидар гэж эндхийн унаган хүн. Эхээсээ арвуулаа. Долоон хүү, гурван охинтой айлын зургаа дахь байлаа. Олон жил уяа эвлүүлсэн сумын Алдарт уяач байгаа юм. Нэгдэл нийгмийн үед цол энэ тэр байхгүй. Аягүйдвэл морь уялаа гэж захиргааны арга хэмжээн авахуулж мэднэ. Тийм болохоор би өөд болсон хойно нь хүсэлтээ тавьж, сумын Алдартыг нэхэн олгосон юм. Уг нь болзлоо хангачихсан байсан л даа.
-Та одоо хэдтэй билээ?
-1954 оных. 60 настай.
-Гялалзаж байна шүү. Таны насныхантай харьцуулахад?
-Хүн чинь сэтгэлийн амьтан ш дээ. Худлаа гэхэд ч хаашаа юм. Би наргиа болгоод, “та хэдтэй вэ” гэхээр нь “хэн мэдэх вэ, хөдөлмөр бодсоор яваад мартчихсан байна “ гэж хүмүүсийг инээлгэдэг юм. Үнэндээ нас бодох шаардлагагүй, цаасан дээрээ л байж байг. Гол нь өөртөө зүгээр суух цаг битгий гарга. Одоо намайг хүмүүс төв руу орооч л гэх юм. Би дургүйцдэг. Тэрний оронд уудам сайхан энэ талдаа ухаан, хараагаа тэлж явахыг илүү үздэг. Хүн өөрөө өөрийгөө л дайчилж явахгүй бол хүн дотогш нь хүнийг хумина шүү дээ. Төр засаг ч хумих гээд байна. Хэзээ л бидэнд өндөр настны баяр гэж байлаа. Байх нь байсан, гэхдээ хурал нь их байдаг байлаа. Лекц, дугуйлан гээд. Шаардлага өндөр байлаа. Би монгол хүнд шаардлага хэрэгтэй гэж боддог. Хүүхдүүддээ ч тэгж хэлдэг юм. Тэгэхээр заримдаа “таны захиргаадалт өнгөрсөн шүү дээ, ээж ээ” гэнэ. Тэгэхээр нь мөчөөгөө өгөхгүй хариуг нь барина л даа. Залуу улс хөдлөх л хэрэгтэй. Ажлыг голж болохгүй. Цэвэрлэгчийн ажлыг үнэн сэтгэлээсээ хийхэд ороод гарсан олон эдний цэвэрлэгч үнэн сайн ажилладаг гэж мэддэг болно шүү дээ. Үүнээс үүдээд хүний чадварыг үнэлж дүгнэдэг чадвартай байх хэрэгтэй.
-Мориор дамжсан үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваа танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна