Төрөөс баялаг бүтээгчдэдээ итгэл хүлээлгэж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг бизнесийнхэн онцлов

А.Тэлмэн
2014 оны 6-р сарын 10 -нд

Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бизнесийн байгууллагуудын оруулсан хувь нэмрийг үнэлж, дүгнэдэг ТОП-150 аж ахуйн нэгжийн 2013 оны шалгаруулалт болж, шилдгүүдээ өргөмжиллөө. Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулдаг 13 дахь удаагийн шалгаруулалтыг Эрдэнэт үйлдвэр ХХК манлайлж, М-Си-Эс Групп, Петровис, Энержи Ресурс, Номин Холдинг компаниуд эхний таван байрт шалгарсан байна.

Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай ба чухал үүргийг хувийн хэвшил гүйцэтгэдэг. Энэ жил хувийн хэвшлийг М-Си-Эс Групп 9 дэх жилдээ тэргүүлсэн бол Энержи Ресурс, МАК, Петровис, Оюутолгой, АПУ, Номин Холдинг, Вагнер Ази групп ТОП-10-ын эрэмбээ урьдын адил хадгалж чаджээ. Түүнээс гадна ТОП-150 шалгаруулалтанд өмнөх жилүүдийнхээ амжилтыг ахиулсан, шинэ тутам орж ирсэн компаниуд ч олон байгааг жагсаалтаас харж болно.

ТОП-150 аж ахуйн нэгжийг шалгаруулахад тухайн жилд улсад төлсөн татвар шимтгэлийн дүн, борлуулалтын хэмжээ, нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажил, шинээр бий болгосон ажлын байрны тоо, санхүүгийн үзүүлэлт зэргийг үндсэн шалгуур болгон авч үздэг. Улсад төлсөн татвар шимтгэлийн шалгуураар ТОП-10-д тогтмол багтдаг компаниуд зөвхөн 2013 онд нийтдээ нэг их наяд давсан баялгийг улсын төсөвт хуримтлуулсан байх бөгөөд Эрдэнэт үйлдвэр 402 тэрбум, М-Си-Эс Групп 208 тэрбум, Оюу толгой 165 тэрбум, АПУ ХК 157 тэрбум, МАК 86 тэрбум төгрөгийг төлжээ. Эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэн ирэх онд татварын нийт дүн нэлээд буурах төлөв ажиглагдаж байгаа нь төсвийн орлогыг голлон бүрдүүлэгч компаниудын нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг улам бүр нэмэгдүүлж байна.

Татвар шимтгэл төлөлтөөр төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрээс гадна хувийн хэвшлээ байнга үлгэрлэдэг М-Си-Эс Групп сүүлийн гурван жил дараалан жил тутам 200 тэрбумаас дээш төгрөгийг улсын төсөвт хуримтлуулсан бол сүүлийн 5 жилийн татвар, шимтгэлийн нийт дүн нь 900 гаруй тэрбум төгрөгт хүрчээ. Сүүлийн 5 жилд төлсөн татвар, шимтгэлийг нь ийнхүү нэгтгэж үзвэл АПУ ХК 412 тэрбум, МАК ХХК 358 тэрбум, Мобиком 196 тэрбум төгрөг төсөвт хуримтлуулжээ. Энэ бол улс орны хөгжлийн болон нийгмийн томоохон зорилтуудыг шийдвэрлэх боломжтой ихээхэн хэмжээний баялгийг хувийн компаниуд төсөвт хуримтлуулж чадах түвшинд хүрснийг харуулж байна. ТОП-150 шалгаруулалтын бас нэг чухал зорилго нь баялаг бүтээгч ийм компаниудыг олноор нь бий болгоход оршиж байгаа билээ.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа тогтмол явуулдаг 80 орчим мянган аж ахуйн нэгжээс шилдгийг шалгаруулахын тулд зориуд ач холбогдол өгдөг шалгуур үзүүлэлтийн нэг нь компанийн нийгмийн хариуцлагын чиглэл юм. Зургаан шалгуур үзүүлэлт дундаас хамгийн өндөр хувийг эзэлдэг нийгмийн хариуцлагын төрөлд энэ жилээс ISO 26000 хэмээх дэлхийн стандартын шаардлага тавьж эхэлснээрээ  онцлог боллоо. Энэ стандартаар компани бүр хүний эрхийг хэрхэн дээдэлж ажилладаг, байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулдаг эсэх болон орон нутгийн хөгжил, соёл, боловсрол, спортын салбарыг дэмжсэн нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаагаа тайлагнасан юм. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн “Хүн-Эрдэнэ” хөтөлбөр, Бороо гоулд ХХК-ийн хөдөлмөрийн осол, эндэлгүйгээр 3 сая хүн-цаг ажилласан, 40 га талбайг нөхөн сэргээсэн үйл ажиллагаа, Энержи Ресурс компанийн Оюутны тэтгэлэг, малчдын тогтвортой амьжиргааг дэмжих, монгол Ганжуур, Данжуурыг хөрвүүлэх хөтөлбөр зэргийг дурдаж болно.

Түүнчлэн ТОП компаниуд тухайн жилийн нийгмийн бүтээн байгуулалтаа танилцуулсны дотор Оюу толгой компани олон улсын стандартад нийцэх “Ханбумбат” нисэх буудал ашиглалтанд оруулсан, нийслэлд Оюутны гудамжийг иж бүрэн тохижуулсан, Бороо гоулд ХХК Клиникийн нэгдүгээр амаржих эмнэлгийн 150 ортой өргөтгөлийн барилгыг хүлээлгэн өгсөн, Энержи Ресурс компани хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр, Олон улсын жишигт нийцсэн сургууль, цэцэрлэгийн “Мөрөөдөл” цогцолборыг ашиглалтанд оруулсан зэрэг томоохон хөрөнгө оруулалттай төслүүд багтжээ.

ТОП-150 шалгаруулалтын үеэр бизнесийнхэн ярихдаа, эдийн засаг хүндэрч, гадаадын хөрөнгө оруулагчид дайжсан, эрдэс баялгийн үнэ буурсан өнөө үед төр засгаас хувийн хэвшилдээ итгэж бодит дэмжлэг үзүүлэх, төр урагшлуулж чадаагүй томоохон төслүүдээ тэдний мэдлэг туршлага, менежмент, потенциалийг ашиглан эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар хүндрэлийг хамтдаа даван туулах зайлшгүй шаардлагатай байгааг онцолж байлаа.

М.Ананд

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна