Галшар нутгийн сүүлчийн их хүлэгч “огтор” Балжинням

Санжаадорж
2014 оны 5-р сарын 05 -нд

Уяач болгосон “алтан” багш
Их хурдны булаг  Галшарын хошуунд гурван удаа босоо улаан морь төрсөн түүхтэй. Тэр морьдын  сүүлчийн “босоо улаан” морийг 10 түрүүлгэж, гурав аман хүзүүдүүлж , гуравт нэг удаа хурдлуулж “босоо” цолыг хайрлуулсан “огтор”  хэмээх  Балжинням  “их хүлэгч”, өндөр эрэмбэтэй уяач гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгджээ.
Уяач болох хүнийг   шинжиж таних нь морь шинжихтэй адилгүй. Балжинням  нь залуудаа  морь сайхан унадаг, сайхан морины наймаа хийдэг, Халтар гуайгаас ч морь худалдаж авч байжээ. Майн нэгэн, намын баяраар унаж явсан  морио уралдаад л  заримдаа түрүүлнэ, эсвэл  тавд ордог. Энэ мэт байдлыг ажигласан их уяач  “монхор” Халтар гуай  “огтор”  Балжиннямыг уяач болох хүн гэж шинжсэн ч байж мэднэ. Ямар ч атугай  “монхор” Халтар, өндөр Гомбожав нартай залуу  Балжинням ойр дотно харьцаатай  байсан нь уяач болж алдаршихад гол түлхэц болсон байдаг.  
 1959 онд Балжиннямын дүү “Дэслэгч” төрж угаалга хийхэд  их уяач “монхор” Халтарын хүү Чулуун хязаалан бор үрээгээр мялаасан байна. Тэр намар бор үрээг сувай гүүтэй унаж яваад нийлүүлж  тавиад  явуулжээ. Тэгэхэд Буянт-оргил  нэгдэл байгуулагдаж, Балжинням  Жаргалант  бригадын дарга, уяач Ёндонжамц нэгдлийн адуучин  болсон байв. Энэ бригадад Балжинням олон бий. Эднээс “огтор” гэх хоч нэрээр ялган нийтээр нэрлэнэ. Хавар  болохоор адуу бригадлах кампанит ажил өрнөнө. Адуу бригадлах гэдэг нь дэл, сүүл, хөөврийг нь авах нийтийн  ажил юм. Уургачин, ноцоочин, хүлээчин, хяргаачин гээд эр  бяр, эрч хүч, авхаалж, хүч хөдөлмөр өрнөдөг бас ч сайхан ажил. Тэгтэл  намар тавиад орхисон Балжиннямын бор үрээ хар даагатай гүү нэмээд хураачихсан нэгдлийн адуун дотор   иржээ.  Их уяач монхор Халтар гуай Балжинням дээр ирээд "энэ хар даагатай хүрэн гүүг хэнээс ававэ гэж асууж, "минийх биш ээ,  хураагдаад л явж байгаа байх" гэхэд  Халтар  гуай, "хүү минь чи энэ гүүний эзнийг нь олчихоорой" гээд яваад өгчээ. 
 Бүр тавдугаар сар гарчихсан хойно бригадын дарга Балжинням   төлөвлөгөө биелүүлэх гэж хээлтэй гүүний гэдэс, дааганы зоо, хонины морь хяргуулсан хамгийн сүүлийн бригадлага хийж  байтал  Халтар гуай ирээд, "өнөөх гүү, хар дааганы эзнийг олоогүй юу, чи эзнийг нь ол, энэ даагыг авна шүү"  гэж шаардаад байжээ. Түүнийг нь адуучин Ёндонжамц, Базарсад гээд уяачид  сонсчихоод "Чамайг явуулж байгаа юм. Энэ хар даага ядуу даага байна" гээд тоож анхаарч байгаа хүн байсангүй. Балжинням хүрэн гүүг Аниагийнх гэж дуулаад  очиж уулзаад асуутал "өө, тэр чинь хадам ээж Баатар хөгшний гүү байгаа юм. Хөх Цэрэнгийн хүү хүрэн гүүг надаас унаж яваад авчирч өгөөгүй өдий хүрлээ. Нутаг уруугаа гүйж яваад л танай үрээнд  хураагдаад байсан  байлгүй" гэж. Балжинням, "хар даагыг чинь  авъя ямар үнэтэй юм бэ" гэхэд Аниа, "яахав чи тохирсон морь хазааранд нь өгөөд сувайүнээ 100 төгрөг өгөөд авбал ав. Баатар гуайн юм шүү" гэж хэлж.  Балжинням “дааганд яаж ийм үнэ хэлдэг байна аа” гэж бодоод за больё доо... гэж хэлэн алдаад л дуугүй өнгөрчээ. Энэ тухайгаа “монхор” Халтар гуайд очиж, "Халтар гуай минь, энэ дааганы эзэн нь Аниа юм байна. Би дийлэхээргүй өндөр үнэ хэлж байна. Сувай үнээ 100 төгрөг, сэтгэлд багтсан морь хазааранд нь өг гэж хэллээ гэтэл "хөөе зүгээр авчихсан байна. Сайн адуу зүгээр авчихаж. Чи өрний морь хоёр үхрээр авдаг юм билээ. Тэрийг бодвол зүгээр авчихсан байна.  Хэрэв чи өөрөө авч чадахгүй бол би авъя... насны бөгсөнд нэг сайн адуутай болъё" гэж хэлэхээр нь Балжинням ч  авахаар шийдсэн байна.  Ингээд  хазааранд нь Дүгэржавын хээр гэж алцан хээр морь, 100 төгрөг аваачиж өгөөд, сувай үнээгээ очоод аваарай гэж Аниад хэлээд даагаа суман дээр авчирч тамгалаад тавьчихжээ.
Морь уядаггүй ”огтор”  Балжинням энэ зунаас эхэлж  Халтар гуай дээр хар даагаа авчирч  сурган,  уяа  эхэлжээ.   Шинэ уяач Балжинням их уяач  Халтар гуайн хэлснийг л хийнэ.
Гүү татагч “ажаа” Найдан  нэг хонгор даагатай, түүнийгээ  хар даагатай цуг л ажил хийгээд байдаг байж. Хар даага  Найдангийн даагыг ардаас нь тавьсан ч л дайраад өнгөрдөг байв. Сумын наадам ч болж. Даагануудаа тавьж өгөхөөр хөтлөөд  Балжинням,  Жамбалжамц, Бух нар зэрэгцээд юм яриад түрүүлээд явж байтал ард явсан дааганууд эргэчихэж. Эргэх гэтэл гурвуулаа хоорондоо гөрөлдөөд,  мунгинасаар эргэтэл  хоёр хонгор даага давж байгаа харагдаж. Нэг нь уран Л.Лувсанданзан гуайн хонгор, Найдангийн хонгор хоёр байв. Балжинням даагаа хөтөлж араас нь дайруулсаар арваад дааганы ар дээр тавьсан боловч гуравт оржээ.
Ингэж  өөрийн хүү Чулууныг “уяач болохгүй хүн, та нар харж л байгаарай” гэж хэлдэг байсан  их уяач “монхор” Халтар “огтор”  Балжиннямд даага зааж өгч авахуулаад, яаж сургахыг нь хэлж, өөрөө уяж айрагдуулж өгч уяач болгон амлуулсан  алтан багш  нь ажээ.  Харин хар даага ердийн унаанд явдгүй хашин мөртлөө, уяхаа барьж аваад хүүхэд мордуулаад марзайлахаар зүгээр болчихдог онцлогтой,  аргагүй хурдан , төл сайтай эзнээ алдаршуулсан  азарга болсон юм.    Эрдэмт мэргэд өвлүүлэх шавиа өөрөө шинжиж, эрдмээ үлдээдэг нь уламжлалт соёл. Халтар гуай шавиа зөв сонгожээ.
Уяачийн авьяас  тодорсон нь 
 Шинэ уяач Балжинням өөрийн гэнэнгээс  хар даагаа түрүүлгэж чадаагүйдээ бүтэн жил сургамж авсаар  дараа жилийн зунтай золгов.  1961 оны зун өнөөгийн  Галшар сумын төвд  Балжинням,  Аниа,  Гомбо нарын залуучууд  тэрэг тэргэн дээр нэг, нэг үрээ уяцгааж  эхэлж. Энэ зуны наадамд “огтор”  Балжинням хар шүдлэнгээ сумандаа  түрүүлгэж, намар нь давхар уяагаар Их хэт суманд очиж түрүүлгэхэд   Түвшинширээ, Их хэт, Дэлгэрэх сумын  түрүү айргийн шүдлэнгүүд дараагаараа айрагт орсон байв.  Залуу уяач олон сумын наадамд шүдлэнгээ түрүүлгэснээр итгэл сэтгэл нь оргилж дараа дараагийн наадамд дандаа түрүүлгээд байж болох юм гэсэн бодол төрж  хойтон жилийн наадам хол байна даа гэж санааширч байсан ч байж мэдэх юм.
Гэтэл энэ өвөл золгүй  тохиол болж их уяач “монхор” Халтар  зуурдаар нас барж  хошуу нутгаараа эмэгнэн гашуудсан жил боллоо.   
1962 оны зун ч боллоо. Балжинням энэ жил анх удаа гаднаа уяа босгож, дөрвөн нас уяж өргөн уяа эхэлсэн жил байлаа. Өөрийн хурдан хар хязаалангаас гадна “өөдөө” Лувсанцэрэнгийн хурдан зээрд  морийг авчээ. Түүнээс гадна Өндөр Гомбожав өвгөний адуу Балжинням дээр байдаг байж.  Тэр  нь ороо дошгин, гэхдээ  булгихдаа чигээрээ булгина, хоргодоо ярдаг зан байхгүй, амархан номгордог сайхан сэтгэлтэй адуу байв. Тэндээс ороо азарга,  даагатай гүүг    мотоциклиор хамжин  барьж авчирч, уралдах  насаа  нэмэн  уяанд оруулсан байна.  
Ингэж анх бие даан уяа эхэлсэн жил  “огтор” Балжиннямын уясан болгон хурдалжээ. Балжиннямын  зээрд морь  дөрөвт, хурдан хар хязаалан нь хоёрт,  өндөр Гомбожав өвгөний уяулсан битүү бор  азарга дөрөвт, даага нь  түрүүлж  анх уяа босгосон жилээ ингэж нааджээ. Өндөр Гомбожав өвгөн түрүүлсэн даагаа Балжиннямд сайн уяач болохыг ерөөн бэлэглэсэн байна. Ингэж “огтор” Балжиннямын уяачийн авьяас тодорч олны итгэл , хүндэтгэл хүлээж эхэлжээ.  Сургамж авсан наадам
Дорноговийн  Дэлэгрэх сумын наадмын тов оройхон зарлагдсан байв.  Энэ  сумын наадамд зэрэгцээ сумын, нутаг ойрын уяачид очиж уралдах дуртай. Учир нь морь тавиулна, морь дагаж тосох гэж байхгүй сайхан нааддаг газар гэж уяачид ам сайтай. Залуу уяач “огтор” Балжинням  энэ наадмын дөрвөн түрүүг  авахаар зорьж очиж. Төвшинширээгийн Чалаагийн далиу, хавчиг Дугарын хүрэн гээд цуутай  хурдан азарганууд ирсэн гэж дуулдавч Балжинням  хар азаргатайгаа  уралдах азарга байхгүй гэдэгт итгэлтэй байв.
Дарцаг туг хийсгэсэн Дэлгэрэх сумын наадмын өглөө  эхэллээ. Азарга мордох болов. Балжинннямын сэтгэлд  “тавьж өгч байгаа хүүхэд маань  будилчих  ч юм шиг,  унаж байгаа хүүхэд  минь жижигдээд ч байгаа юм шиг”  элдэв бодол эргэлдэн  догдлоод байв. Нэгэнт угтаж тосуулахгүйгээс хойш  өөрөө азаргаа тавьж өгье гэж шийдээд азаргаа хөтлөөд гарав. Уралдааны зам нь машин замаар уралдаж байгаад замаасаа бүдэг замаар салж бариа уруу эргэж барианд ордог замтай. Зам салдгийн тэнд ороолтоо ураад харганад  уяад унаачдаа  “энд ирээд ийшээ салаарай” гэж захиад цааш мордов. Азарга ч гарааны газарт хүрээд  эргэлээ.  Төвшинширээгийн  хоёр азаргыг гаргаад л тавьж байна. Балжинням ч тэр хоёрын ар дээр хөтлөөтөй гараад л ирж. Араас азарганууд гүйцээд унаж яваа  морь нь ухарч эхлэхэд, азаргаа тавихдаа, "за миний хүү хамаагүй холоос ганцаараа  тасарч явж  болохгүй шүү"  гэж цээжээ ойртуулан  хашгирч хэлэхэд  хүүхэд нь толгой дохиж байна. Хөтөлгөөгөө ч тавилаа, хар азарганы сүүл нь сунаад л алга болох нь тэр. 
Хар азаргыг унаж яваа хүүг  Дэслэгч гэдэг. Долоон настай. Хоёр дахь жилдээ унаж байгаа болохоор туршлагатай, үг сайн авна. Тэгтэл хар азарга туулсаар дорхноо зайлаад л хязаалангийн тавил өнгөрөхөд ганцаараа тасарч эхлэв.  Дэслэгч хүү  “ганцаараа  тасарч явж  болохгүй шүү” гэсэн захиасыг санаж  буруу талын амыг татан тойруулж эргүүлээд   17 азарганы  араар оруулаад  замдаа орон  явуулахад урдах азаргануудаа туулсаар  ширээгийн  ар  өөд  дахиад л ганцаараа  тасраад гараад ирж.  Дэслэгч  хүү  дахин     дугуйруулж  найман азарганы араар оруулаад л замд нь оруулаад  дахин араас нь туулсаар   барианд орохдоо Дэлгэрэхийн Түдэвийн будан азарганы  буруу талаар зэрэгцэж ирээд  аман хүзүүнд бариулав. Ингэж түрүүлэх байсан хар азарга түрүүлж чадаагүй юм.      
Дараа нь  Балжиннямын соёолон  уралдаад  эхний соёолонтой   тасарч ирээд  гуравт оров.  Балжиннямын хязаалан, Галшарын хүрэн Жамсрангийн хурдан хүрэн хоёр тасарсаар Дэслэгч хүү ард нь дарж яваарай гэсэн захиасыг биелүүлж бариачин хүртэл  дараатай явсаар хоёрт орчихов. Балжиннямын алдарт “босоо” улааны  эцэг цавьдар азарга  шүдлэн   байв.  Мөн л ганцаараа тасарсаар  ирж яваад  замын хажууд  маахайлсан морин дээр налаад хорогодоход   дэрэгдүүр нь гурван шүдлэн өнгөрөв. Тэгтэл мотоцикльтой хүн ирж гаргаж өгөхөд   гурван шүдлэнгийхээ араас гүйцээд  барианд ордгийн даваан дээр нэг уяаны уяач Ёндонжамцгуайн хүү  шүдлэнгээ  хөтлөнгүүтээ түрүүлгээд Балжиннямын  шүдлэн бас л  хоёрт орчихов.   Ингээд дөрвөн түрүүгий нь авахаар ам гаран  ирсэн залуу уяач нэгч түрүүгүй буцжээ. 
Дэлгэрэх сум хүлээн авалтан дээрээ дөрвөн айраг авсан  залуу уяач Балжиннямыг урьж оруулахад  түүний дэргэд түрүүлсэн азарганы эзэн Түдэв хамт зэрэгцэн суусан  байна. Тэгтэл ахмад уяач Түдэв Балжиннямд хандан "би чамайг загнах гэж энд зориуд сууж байгаа юм шүү.  Чи яасан задарсан хүү вэ. Дөрвөн түрүү авна гэж ирсэн гэсэн. Төрийн наадам чиний санааных  байдаггүй юм. Чамд үүнийг хэлэх гэж энд суусан юм" гээд "Чи дөрвөн түрүү авах ч шийдсэн. Гэхдээ чиний санаагаар болохгүй байгаа биздээ гэхэд Балжиннямд хэлэх ч үг олдсонгүй их ч ичсэн гэдэг. Тэрээр одоогоор “дээр үеийн ахмад уяачид өөрийн хүнийх гэхгүй сайхан шүү. Би Түдэв гуайд загнуулж их сургамж авсан  хүн дээ. Төрийн наадам гэдэг чинь  дургүй байвал түрүү битгий хэл айраг ч хайралдаггүй л юм даа гэж билээ.  Уяач хүн дандаа сурч байдаг гэдэг. Энэ наадмаас  залуу уяач Балжинням  түрүү авсанаас илүү  үнэтэй сургамж авсанаа  дурсан ярих дуртай. 
Хүлэгч, уяач, хүлэг- эрдэнэ нэг саванд оршдог
Залуу уяач Балжиннямын  хурдан хар үрээ азарга болж  гүү хураалгах болоход   хурдан, сайн адуутай болох ухааныг хэрэгжүүлж  “онгон” Адилбишийн зул хонгорын гүү, “гожигодой” Лувсанцэндийн адууны гүү гэх мэт  таван  удмын  таван гүү хураалгажээ. Хар азарганы төлүүд олшрохын чацуу “огтор” Балжиннямын жилд авах  айраг түрүү нэмэгдсээр.  Сүүлдээ нас бүрийг хоёроор нь мордуулдаг. Мордуулснаа  дараагаар нь оруулдаг  болжээ. Хурдны өлгий Галшар нутагт  “Адуунаас чинь сайн морь гарсан цагт л адуугаа сайн болсон гэж бод” гэсэн дээдэс мэргэдийн сургаал бий.  Мөн “Хүлэгч” хүлэг эрдэнийг төрүүлдэг гэдэг.
Нэг үе “огтор” Балжиннямы уях их насны морь нь  олон болчихоод тэднээсээ зориуд нэг морио уяаны  ажилд урталдаг. Тэр мориороо их насны морь тавьж өгөхөд түрүүлсэн морьтойгоо цуг явсаар үзүүр дээрээ наймд явсан морио эргэж татаж гуравт оруулаад өөрөө зургаад орж байсан гэх мэтийн тохиолдол олон бий. Ингэж хосоор нь олон оруулсан байдаг.     
Нэг жил сумандаа  Балжиннямын уясан дөрвөн их насны морь дараагаараа орж өмнөх жил нь түрүүлсэн Аюурзанын буудай морь тавд орж байсныг тэр үеийнхэн гайхан ярьдаг байлаа. Өөрийн “босоо” улаан морийг дааганаас нь эхэлж доод дөрвөн насанд нь завсаргүй түрүүлгэж “босоо” нэрийг авснаас хойш  найман настай уяад  Буянт суманд есд,  давхар уяагаар Дэлгэрэх суманд  зургаад оруулаад нэг жил тавгүй хоёр уралдсан байна. Дэлгэрэхт очиход нь 80 хүрсэн өвгөн  “богино” Аюуш гуай харчихаад "энэ хүү улаан морио  аригдуулж дээ..." гэж байсан гэдэг. Балжинням “босоо”-г  хавчиг долоотойд нь  эдлэхгүй түүхийрүүлснээс боллоо гэсэн онош тавиад алдаагаа засч хойтон жилээс нь эхэлж  19 нас хүртэл тасралтгүй айрагдуулж,  түрүүлгэн  “босоо” нэрийг хамгаалж чадсан  хоншоортой  эр хүн, хүлэг эрдэнэ  хоёр явсан нь түүх болон үлджээ.  
Нэгэнт нэр нь тодорсон  уяач Ц.Балжиннямаас  нутаг ойролцоо  Дорноговийн  сумдын морь уядаг болгон нь адуу авсан байдаг.
Анх Алтанширээгийн Дэнзэн тайжийн Дашравдан  гүү, үрээ хоёр авч байснаас эхлээд уяач Чойдор,  Довдондорж, аварга Гомбосүрэн, бужаа Бадарчин, Наваанжамба, Төрмөнх , Дэлгэрхийн “толой” Ухна,  Навантая  Их хэтийн    уяач Нарангэрэл  гээд олон уяачийн “огтор” Балжиннямаас аваачсан үрээ морьд болгон хурдалж,  адуу нь цус сэлбэн сайжирчээ.  
Залуу уяач Ц.Балжинням дээр Алтанширээгийн уяач Чойдор зорьж ирээд,   -Надад хүн хурдан сайн гэж адуу өгч л байлаа.  Гэмгүй сайхан хүнээс хурдан сайн гээд ч авч л байлаа.  Би арвын дотор морь оруулж үзсэнгүй. Чи надад нэг үрээ аль. Надад чамд өгөөд байх их юм байхгүй. Гэхдээ зүгээр авахгүй шүү.  Надад авгайн хоёр цэн алтан бөгж байна, түүнийг өгнө, хоёр метр орос хивс, дээр нь хазааранд нь морь өгье гэж  эр хүний сэтгэлээ хэлжээ. “Огтор” Балжинням өөрийн хурдан харын анхны төл, соёолонд нь гарсан ганц эр хээр унагаа хязаалан үрээ болох жил нь гар таталгүй өгөөд явуулжээ. Чойдор авч очоод сумандаа түрүүлгээд   аварга Гомбосүрэнд  арилжсан байдаг.  Шинэ эзэндээ очоод түрүү, айргаас  салалгүй байсаар  аварга Гомбосүрэнгийн “хурдан хээр” гэж  алдаршжээ.  Мөн  Алтанширээгийн  “бужаа” Бадарчин  түрүү авчихаад “огтор” Балжиннямын адууны удам гэж ярилцлага өгч байв.     Дэлгэрхийн ам Гомоо гэхч  хоёр адуу аваад нэгий нь  түрүүлгээд баярлан хөлсийг нь  хусч байхдаа   "балжинням , балжинням “ ... гэж үглэж  байсан гэсэн инээдэм одоо ч яригдсаар байдаг юм.    Хэнтийн Дархан сумын уяач улсын сайн малчин Донойдоо, ММСУХ-ны ерөнхийлөгч асан  У.Буяндэлгэр, уяач Наваанлувсан, түүний хүү Бадрах гээд  энэ буянт сүргээс  аваачсан  хүн бүрийн адуу хурдалж эзэн хүнээ баясгасан байдаг. Түүнээс гадна ММСУХолбооны анхны ерөнхийлөгч агсан Г.Пунцагбалжир сайн адуутай болно гэээд  аргагүй удамтай хоёр хүрэн зээрд байдас аваачсан.    Сүүлд  “Максын”  Ганбаатар ирж  бор морь аваачсан  нь  Гүр-Аранзын “манлай” бор гэдэг алдарт хурдан морь болсон гэдэг. 2005 онд Дорнод  аймагт болсон зүүн бүсийн уралдаан Монгол ТВ-ээр орон даяар гарч  аймгийн засаг дарга Жанлавын хар хязаалан түрүүлэхэд тайлбарлагч “Галшарын “огтор” Балжиннямын адууны удамтай” гэж байсан. Тэр бүгд  үнэн  юм.
Энэ бүхэн нь  Хардэл жанжин бэйсийн буянт сүргийн үргэлжлэл, Хардэлийн хошууны  буурал дээдсийнхээ үе дамжсан өв их соёлыг тээгч  сүүлчийн “их хүлэгч" Ц.Балжиннямын  авьяас, өв соёлоо дээдлэн хүндлэгч, сэтгэл , зүтгэлийн  буяны  үр   билээ.    
Хамгийн эрхэм  нь  Балжинням  уяач өндөр ёс дэгийг сахина. Тэрээр наадмын талбайд азаргаа мордуулахдаа эхэлж заавал очино. Дараа нь  морио цоллуулахдаа дахин нэг очино. Өөр очоод байх  хэрэг байхгүй гэж ярьдаг. Морь ирэхийг уяан дээрээсээ л дурандана. Дагаж, тосдоггүй. Тэрээр “уралдаж яваа хүүхэд хэзээ хэлэх бол гээд уралдаж сурдаггүй, морио явуулж чададгүй , муу зан сурчихдаг ,ер нь морь,  машинаар   дагаж  тоссон морь ганцаараа уралдаж   чадахгүй болдог. Холио, хортоогүй л уралдаж байвал хойно урдаа орох нь хамаагүй  л дээ” ... гэж уяачийн ёс дэгийг  оюун сэтгэлдээ чандлан  явдагт  түүний олон жил морь хурдлуулсан эрч   хүч нь байсныг  тэр бүр мэдэхгүй.  Уяач Балжинням хэмээн  хүндлэгдсэн  40 гаруй жилийн хугацаанд сум, аймаг, бүсийн  наадамд  хүний өөрийн ялгалгүй уяж хурдлуулсан  түрүү, айргийн тоо   200 хүрчээ. 
Зөвхөн 1971 онд гэхэд л  Буянт сумын   наадмын  4 түрүү,  8 айраг авчээ.  Энэ 12 адууны найм нь түүний хурдан хар азарганы  төлүүд байсан байдаг.  Энэ үед Дэслэгч түүний  дүү шүүгч асан Түдэв нар унаж хурдлуулж байв
Энэ л адуунаас алдарт  “Босоо” улаан морь, “Идэр” хээр азарга төрсөн юм.     Ийм  адууг бүрэлдүүлж чадсан болохоор сайн адуутай гэхээс аргагүй.   “Хүлэгч” хүлэг эрдэнийг төрүүлдэг гэдэг үгийг санагдуулна.
Тэр дундаа их насны морьд нь 10 жил дараалан түрүү, аман хүзүү алдаагүйн дээр   хэд хэдээр нь  айрагдуулсаар ирсэн уяач “огтор” Балжинням  энд тэндэхийн өндөр цол хэргэмтэй  хэний ч дэргэд  өндөр эрэмбэтэй уяач гэдгээрээ хүндтэй байрыг эзэлнэ.  Хүлэгч, уяач, хүлэг эрдэнэ нэг саванд оршдог ажээ.    

“Энэ хүүхдэд индрээ сайн заагаад өгөөрөй”
1983 онд Хэнтий аймгийн 60 жилийн ой сүр дуулиантай болсоны нэг нь “босоо” улаан түрүүлсэн  явдал юм.   Галшараас  уяач Балжинням “Идэр" хээр азарга, “босоо улаан” морьтойгоо ирсэн нь  олны  анхаарлыг татаж байв. “Идэр хээр” бол 1973 онд  аймгийн 50 жилээр ирж  шүдлэндээ аман хүзүүдэсэн, нийтдээ 9 түрүүлж, 7 аман хүзүүдсэн  босоо адуу юм.   Аймгаас баруун талаасаа уралдах уралдааны замд тэр үеийн шигшмэл хурдууд  уралдсан онцгой тохиолдол болсон юм. Уламжлал ёсоор сүргийн манлай азарганы уралдаанаар наадам эхэллээ.  Азарганы түрүүч гарч ирэхэд ганц бараан адуу   Балжиннямын  “идэр хээр”  тугтай машины араас даган ганцаараа тасарсаар үзэгчдийн урд талын  индэрийн дэргэдүүр  оржээ.   Гэтэл “идэр хээр” айргийн тавд ч оролгүй хасагдсан байна. Тугтай машинтай явсан комисс нь  НАХХэлтсийн дарга Гомбосүрэн байсан гэдэг. Уяач Балжинням  морины комиссын  дарга Нямаатай уулзан учрыг лавлатал --- танай азарга буруу индэр дээр очсон учраас хасагдсан гэж хэлэхээр нь "өө, тэр тугтай машиндаа индрээ  зааж өгөөгүй юм уу.  Манай энэ хүүхдэд индрээ сайн заагаад өгөөрөй..." гэхийг олон наадамчин сонсчээ. Тэр үг гэрлийн хурдаар наадамчдын чихэнд хүрэх нь тэр.   Улсын 60 жилийн ойд гуравт хурдалсан Дэлгэрхаан сумын Чунагийн хүрэн мориноос эхлээд зүүн гурван аймгийн өндөр чансаатай 10 жилийн унага нэг зэрэг уралдаж  байгаа гэдгээрээ  их насны морины уралдаан бусад наснаас онцлогтой.   Их насны морьд эргээд цувж эхэлхэд “босоо” улаан эхний бөөн дотор л яваад байж.  Удалгүй  эхний 10-аад морь тасархад” босоо улаан”  дунд нь  цогоод л байгаа юм шиг харагдаад,  бусды нь харахаар язганатал тарлаад байгаа юм шиг харагдаад байж.   Морьдууд цувж үлдсээр таван морь үлдэхэд “босоо улаан” Чунагийн хүрэн морь хоёр холбоотой   өнгөнд явсаар, барианы газар ойртох тусам “босоо улаан”-ны хурд нэмэгдсээр барианы индэр харагдахад ганцаараа сул тарлан сугарч, чихээ босгон индэр нь хаана байна гэсэн шиг үзэгч олны  өмнүүр тоос татуулан магнайлав.   Индэрээ зөв заасан бол ч  энэ том наадмын азарга, их насны  насны хоёр түрүүг  “огтор” Балжинням авах  байсан гэсэн олны яриа наадмын эцсийн тайлал  болж үлдсэн юм.    1994 онд Хардэл жанжин бэйс, өвгөн ноён М.Пүрэвжавын мэндэлсний 150 жилийн ойн наадмаар  “ маргааш миний цавьдар хязаалан түрүүлнэ” гэж хэлж байгаад л түрүүлгэж байсан хүн.   Уясан хүлэг, унаач хүүхэд,  уяач эзэн гурвын  далд холбоо, хөг нийлсэн увидас ийнхүү цэнгэлийн манлайг эдлүүлдэг учиртай.
Эдүгээ Хэнтий нутагтаа энх тунх амьдарч буй  өндөр настан Цэнд-Аюушын Балжинням гуай Хардэлийн хошууны их хүлэгчдийн том соёл,  нандин эрдэм, эрдэнэт хүлгийн уяа хөгий нь тааруулах далд увидас, мэдлэг, мэдрэмжийг    өөртөө шингээн, хэрэгжүүлж түмэн олноо баясгасан “их хүлэгч” болохыг   түүний туулж  өнгөрүүлсэн  түүх   өгүүлнэ.   
Ийнхүү их хурдны өлгий Галшар нутгийн  ХХ зууны сүүлчийн “их хүлэгч” –ийн залгамж хойчийг XXI зуун хүлээсээр   бөлгөө.   
Н.Санжаадорж
 

 

 

 

 

 

 

 


 
    

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна