Ц.Батсайхан: Их морь эр хүнд өм авчирдаг гэдэгт итгэдэг

Тэлмэн
2014 оны 5-р сарын 02 -нд

Зочны хойморт тухлан хууч дэлгэсэн энэ эрхмийг зөвхөн мориныхон бус, урлаг соёл, спорт, улс төр, бизнесийнхэн андахгүй. Сонирхсон салбар бүртээ амжилт гарган, алдраа дуудуулсан энэ эрхэм бол авто спортын мастер, “Айзам” хамтлагийн дуучин, “Симба” группын захирал, ММСУХ-ны тэргүүлэгч, Тод манлай уяач Цогтын Батсайхан юм. Төв аймгийн Баянцогт сумаар овоглодог Тод манлай уяачтай гуравдугаар сарын 22-нд болсон “Хусуур сойзгүй” уулзалтын үеэр ийнхүү ярилцлаа.

ХАРИН Ч ЭСРЭГЭЭРЭЭ ЭНЭ ХҮМҮҮСТ БАЯРЛАЖ ЯВАХ ХЭРЭГТЭЙ
ММСУХ-ны удирдлага, тэргүүлэгчид хэвлэлийнхэнтэй “болзсон нь” цагаа олсон алхам байлаа. Тэргүүлэгчийн хувьд өнөөдрийн уулзалтаас юу хүлээж байгаа вэ?
-Монголын морин спорт, морин уралдааныг тойрсон буруу ташаа ойлголтуудыг засч залруулах, хэвлэл мэдээллийнхэнд үнэн зөв мэдээллийг өгөхөд өнөөдрийн уулзалтын гол зорилго оршиж байгаа. Уяач гэхээр л хөрөнгө мөнгө нь багтаж шингэхээ байсан хүмүүс байдаг юм шигээр ойлгох болж. Гэтэл яг үнэндээ эцэг өвгөдөөс өвлөгдөж ирсэн өв соёлоо дээдэлсэн жирийн нэгэн монгол эрчүүд л морь уяж байна шүү дээ. Тэр бүү хэл, зарим нь хоногийн хоолоо хасаад мориндоо илүүчилж байна. Ийм байхад бодит нөхцөл байдлыг тооцохгүйгээр хэтэрхий нэг талыг барьсан мэдээллийг нийгэмд өгч болохгүй л дээ.
-Монголд 60 мянган уяач бий гэдэг. Бизнесмен уяачид тэдний 10 хувийг эзэлж чадаж байгаа болов уу?
-Харин л дээ. Адуунд дуртай, хөрөнгө мөнгө, цаг заваа моринд зориулаад явж байгаа бизнесменүүдийг яагаад тэгтлээ адлаад байдгийг би ойлгодоггүй юм. Харин ч эсрэгээрээ энэ хүмүүст баярлаж явах хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Яагаад гэхээр энэ хүмүүс монгол адууны үнийг өсгөж, монгол дархны ур хийцийг үнэлж, монгол соёлоо дээдэлж байна шүү дээ. Энэ хүмүүс морь уядаг боллоо гээд ямар муу зүйл хийсэн юм. Малчдыг мөнгөтэй, бас ажлын байртай болгож байна. Хүүхдүүдэд дуртай спортоороо хичээллээд хөдөлмөрөө үнэлүүлэх боломж олгож байна. Бүр цаашлаад тэр хүүхдийг амьдрал ахуйтай болгож байна. Энэ мэтчилэн яриад байвал адлагдаад байгаа бизнесменүүд Монголын хурдан морины хөгжилд үлэмж хувь нэмрээ оруулж байгаа. Энэ хүмүүсийг орж ирэхээс өмнө уяачдын хөдөлмөрийг үнэлдэггүй, уралдаан гэж Улсын наадмаас өөр болдоггүй тийм л байсан шүү дээ. Бизнесменүүд илүүдээ гарсан мөнгөтэйдөө, цаг заваа барж ядсандаа морь сонирхдоггүй. Монгол хүний генд байдаг тэр төрөлх чанараараа үндэсний соёл, уламжлалаа л дээдэлж яваа л хүмүүс. Эрийн гурван наадам тусгаар тогтнолын баталгаа гэдэг. Тэгж үзвэл бид тусгаар тогтнолынхоо хамгаалж байгаа хүмүүс.
-Мориныхоо зүсийг ч мэдэхгүй цагаан захтнууд уяачийн цол хэргэм авч байна гэдэг шүүмжлэл байнга гардаг. Жишээлбэл, “Симба” группын захирал, “Айзам” хамтлагийн дуучин, авто спортын мастер танд Тод манлай уяач гэдэг цол үнэ цэнэтэй юу?
- Хуульд заасан болзол нь биелчихсэн байхад би яагаад хийсэн хөдөлмөрөө үнэлүүлж, авах ёстой цолоо авч болохгүй гэж. Манай уяач морьдоо голчилж уядаг. Гэхдээ би ч бас уяаны ажилд оролцож уядаг. Би уяачдаа зөвлөгөө өгнө. Уяачаасаа зөвлөгөө авна. Морь уяж түрүүлгэж, айрагдуулна гэдэг бүтэн жилээ даасан асар их хөдөлмөр. Үүн дээр яагаад хамтарч болохгүй гэж. Хэн хэн нь хөдөлмөр зүтгэл гаргаж байгаа учраас миний хувьд уяач, эзэн хоёр хэн хэн нь цол авах ёстой гэж боддог. Ер нь тэгээд морь уяна гэдэг багахан хэмжээний компани удирдана гэсэн үг. Уяач, унаач, туслах уяач, адуучин, жолооч гээд арваад хүнийг байнгын ажлын байр, цалин мөнгөөр хангах болдог юм шүү дээ.
-Бизнесмен уяачид гэдгээс илүүтэй нийгэм хурдан морь унаач хүүхдийн амь нас аюулгүй байдалд санаа зовниж эмзэглэж байна. Өнөөдөр уулзалтаар сэтгүүлчдийн асуултын дийлэнхийг энэ төрлийн асуулт эзэлж байгаа нь мөн анзаарагдсан байх?
-Хүүхдийн асуудал хамгийн эмзэг сэдэв. Уяачид гэхээр хүүхдэд хайргүй, хүйтэн сэтгэлтэй юм шигээр ойлгож, ойлгуулж болохгүй. Бид унаач хүүхдээ өөрийнхөө хүүхдээс ялгаагүй үздэг. Үгүй ер нь тийм биз дээ. Хэн морийг нь бэртээсэй гэж бодох юм бэ. Монгол наадам, морин уралдаан бол олон зуун жилийн туршид хүүхэд унаж, уралдсаар ирсэн онцлогтой. Монгол хүн хүүхэд байхаасаа морио унаж өсдөг. Энэ уламжлалаа л дагаж байна. Гэхдээ мэдээж нийгэм цаг үеийнхээ шаардлагыг дагах учиртай. Бид аль болох нийгэм, цаг үетэйгээ зохицон унаач хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч, авч болох арга хэмжээнүүдийг авдаг.

-Өөрийнхөө хүүхдээр морио унуул гэсэн асуудал яригддаг. Таны хүү морь унадаг уу?
-Унана аа. Гэхдээ уралдааны морь бол унадаггүй. Хотын хүүхдүүдэд морь унаж сурах, ялангуяа уралдааны морь унах хэмжээнд хүртлээ чадваржихад орчин дутагдалтай байна. Хөдөөгийн хүүхдүүд гаран орон, босон суун морьдоо унадаг бол хотын хүүхдүүдэд тийм боломж байдаггүй. Энэ нь бас нөлөөлдөг байх. Би өөрийнхөө хүүхдээр унуулахыг хичээдэг. Морь унаж сураасай, морьтойгоо харьцаж байгаасай гэж хүсдэг. Бидний ирээдүй даяаршиж буй нийгмээ дагаад бааранд сууж архи, пиво уудаг биш, хар тамхи татаж мансуурдаг биш, адуун дээрээ очоод морио унадаг. Уяан дээрээ очоод морьдоо уядаг болмоор байна. Үүний тулд л өнөөдөр энэ олон уяач сайн муугаар хэлүүлээд морь уяж байгаа юм шүү дээ.
-Одоо таны морьдыг ямар хүүхэд унаж байгаа вэ?
-Манай Батсүмбэрийн Намхайнямбуу гэдэг хүүхэд унаж байгаа. Санаж байгаа бол өнгөрсөн жилийн шилдэг унаач хүүхэд болсон доо.
-Нээрэн тийм байх шүү?
-Түүний өмнө унаж байсан Мягмарсүрэн гэдэг хүүхэд гэхэд Монголын анхны спортын мастер болж байсан. Ер нь манай унаач хүүхдүүд их мундаг. Баянжаргал маань одоо моринд томдчихоод туслах уяачаар ажиллаж байна. Нэгэн цагт миний морийг унаж хурдлуулж байсан түүнд азарга адуу тасалж өгсөн. Ер нь уяачид цөм л мориныхоо хүүхдийг амьдрал ахуйд хүргэчих юмсан, тусалчих юмсан л гэж бодож явдаг улс. Одоо морь уяад ид амжилт гаргаж байгаа залуус нэгэн үе унаач, туслах адуучин байсан хүмүүс шүү дээ.
-Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад нэн тэргүүнд тавигддаг шаардлагуудын нэг нь даатгалд хамрагдах явдал. Одоо хүүхдээ даатгуулдаггүй уяач, даатгалгүй мордож байгаа хүүхэд ч байхгүй болсон. Товчхондоо 100 хувь даатгалд хамрагдаж байгаа. Харин нөхөн олговор авах асуудал амаргүй юм шиг ярих юм билээ?
-Миний хувьд даатгалын байгууллагад хандаж байсангүй. Ер нь бол даатгалын байгууллага нөхөн олговор өгөх ёстой. Өгдөг ч байх.
-Хөдөө орон нутагт явж байхад уяачид даатгалаас нөхөн олговор авахад нэлээд бэрхшээлтэй байдаг юм билээ гэлцдэг?
-ММСУХ даатгалын байгууллагуудтай гэрээ байгуулах нөхцлөө илүү нарийвчилъя гэсэн бодолтой байгаа. Хамгийн наад зах нь даатгалын босгыг өндөрсгөх. Урьд нь 5-20 мянган төгрөгөөр унаач хүүхдээ даатгадаг байсан бол одоо доод тал нь 100 мянгаар даатгуулж байя гэдэг ч юм уу. Ер нь бид хоёр талд гараад бие биенийгээ муулаад байх биш, хаа хаанаа харилцан ойлголцож ажиллах учиртай.
-Хурдан морь унаач хүүхдийг хөгжүүлэх сантай байвал яасан юм бэ гэсэн бодол төрдөг. Унаж бэртэхээс эхлээд, сурч боловсруулахад тэрхүү сангийн хөрөнгөөс зарцуулдаг байхаар?
-Бид бас ярилцаж байгаа. Болохгүй юм байхгүй. Би хувь хүнийхээ хувьд байгуулах нь зүйтэй гэсэн бодолтой явдаг. ММСУХ хурдан морь унаач хүүхдүүдийнхээ асуудалд нэлээд анхаарч байгаа. Энэ жил л гэхэд Японд хоёр хүүхэд сургахаар болсон. Нөгөө талаас англи хэлний мэдлэгтэй байх ёстой гэсэн шалгуур тавьж байгаа учраас тэрхүү шаардлагад нийцэх хүүхдүүдийг бид судалж байна.
КАЗИНОГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БИД БАТЛАХ ЁСТОЙ
-Уралдааны өөр төрлүүдийг бий болгох талаар сая сэтгүүлчдэд мөн ярина билээ. Өмнө нь ч П.Сэргэлэн дарга ярьж байсан. Энэ яриа хэзээ биеллээ олох боломжтой вэ?
-Цаг нь болсон. Ойрын зайн буюу тойруулгын уралдааныг зохион байгуулах боломж нөхцөл бол хангалттай байна. Гагцхүү хууль эрх зүйн орчин нь бүрдэж өгөхгүй байна шүү дээ. Америк, Япон зэрэг орноос морин тойруулга барихад хамтран ажиллая гэсэн санал ирүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө, мөнгөний тухайд санаа зовох зүйлгүй гэсэн үг. Уралдах морьд, унах боловсон хүчний тухайд ч гэсэн бидэнд бэрхшээл байхгүй шүү дээ.
-Хэд хэдэн удаа буцсан Казиногийн тухай хууль батлагдаж, эрх зүйн орчинг нь бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа хэрэг үү?
-Тиймээ. Казиногийн тухай хуулийг бид батлах ёстой. Тэр хуулийг баталснаар манайх шиг хөгжиж буй орны эдийн засагт маш их дэмжлэг үзүүлнэ. Монгол хүн ордоггүй, гадныхан ирж тоглодог байхаар л хуульчилчихад болно шүү дээ.
-2013 оны уяачдын ёс зүйн жил байсан. 2014 онд ямар зорилт дэвшүүлж байгаа вэ?
-“Морьтой монгол наадам” гэсэн уриалга гаргаад байгаа. Яагаад ийм уриалга гаргах болов гэхээр та бүхэн ч гэсэн мэдэж байгаа.Сүүлийн үед хөдөө, гадаагүй морь унадаг хүн байхаа больсон. Найр наадам болсон ч, малаа хариулсан ч мотоцикльтой л явдаг болж. Гэтэл бид чинь мориороо дэлхийн талыг эзэлж явсан, адууныхаа тоо толгойгоор дэлхийд тэргүүлдэг ард түмэн шүү дээ. Морьтон монгол гэдэг зүгээр ч нэг хэлсэн үг биш. Эдгээрийг бодолцон 2015 онд “Морьтой монгол наадам” гэсэн гэсэн томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа.
-Өнгөрсөн жил зохион байгуулсан “Монгол морь-3000” хөтөлбөр нэлээд урам нэмжээ дээ?
-Тэгэлгүй яахав. Морьтон монголыг тунхагласан маш том арга хэмжээ болсон. Ний нуугүй хэлэхэд яг үүн дээр ММСУХ-ны тэргүүлэгчид бид жаахан гомдолтой байгаа.
-Санасан хэрэг сэтгэлчлэн бүтсэн байхад юунд гомдолтой байхав?
-Энэ бол ойрын 50-100 жилд дахин давтагдахгүй нүсэр арга хэмжээ болсон. Монгол морины гайхамшиг, хүний бахархлыг дэлхий нийтэд зарлан тунхаглаж чадсан. Нэг дор хоёр төрлөөр дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд бичигдсэн. Гиннесийн амжилтыг бүртгэхээр ирсэн итали эмэгтэй хүртэл толгой сэгсрээд “Монголчууд үнэхээр гайхалтай ард түмэн юмаа” гээд гайхаж байсан. Ийм том арга хэмжээг зохион байгуулж, дэлхий нийт шагшиж байхад манай төр засгийн зүгээс ганц ч урмын үг байхгүй. Шагнаж урамшуулдаггүй юмаа гэхэд баяр талархлын үг хэлж болно шүү дээ. Хүн чинь урмаар тэтгэгдэж амьдардаг амьтан. Би тэр утгаар нь л хэлж байна.
-“Их хурд-6” уралдааны комиссын даргаас эхлээд нийслэлийн Морин спорт уяачдын холбоог төвхнүүлэх зэргээр зохион байгуулалтын албанд нэлээд томилогдох болжээ. Хэзээнээс холбооны тэргүүлэгчээр ажиллаж байгаа билээ?
-2009 онд “Дүнжингарав”-ын комиссын даргаар анх томилогдож байлаа. Түүнээс хойш холбооны нэрийн өмнөөс нэлээд хэдэн уралдаан, арга хэмжээнд зохион байгуулагчаар оролцсон. Хүмүүс надад итгэл хүлээлгэж байхад түүнийг нь даахыг эрмэлздэг. Уралдаан хийнэ гэдэг хамгийн гол нь зохион байгуулалт сайтай байх ёстой. Үүнийг мэргэшсэн баг хийж байх хэрэгтэй. Зовлон жаргалыг нь хамгийн ойроос мэдэх мэргэшсэн хүмүүс л ямар зам дээр уралдуулвал хүүхэд, мориндоо гэм халгүй, үзэгчдэд тав тухтай байхав зэргийг мэднэ шүү дээ.
ХҮН ОЛНЫ ЭРХ АШГИЙГ ХАРЖ АМЬДРАХ ЁСТОЙ
-Та авто спортын мастер, “Айзам” хамтлагийн дуучин. Бас ан авд дуртай гэгддэг. Морь уях, дуулах, машин унах, ан агнах зэргийн алинаас нь илүүтэй кайф авдаг вэ?
-Би Монгол гэдэг энэ сайхан улсын иргэн болж төрсөндөө цаг ямагт бахархдаг. Гадны ямар ч хөгжилтэй улсад очсон долоогоос илүү хонож чаддаггүй. Монголдоо ирээд адуун дээр очиж, морьдоо харах, басхүү хааяа хийморио сэргээн ангийн хишиг хүртэх, машинаа унаад хөдөөгүүр салхи татуулан давхиж явах зэрэг нь миний хамгийн аз жаргалтай мөчүүд байдаг. Нүцгэн ирээд, нүцгэн буцдаг хорвоод хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийж, аль болох аз жаргалтай сэтгэл хангалуун байх ёстой. Би ингэж боддог. Харин сүүлийн үед нас жаахан ахиад тэгж байгаа юм уу, мориндоо илүү дур сонирхолтой болж байна. Адуун дээрээ очоод тургихыг нь сонсоод, үнэрийг нь үнэртэж суухад түүнээс илүү жаргал үгүй санагддаг болж. Маргааш морио мордуулна гээд уяан дээрээ адуугаа хараад сууж байх уяач хүний хамгийн баяр жаргалтай мөч байдаг байх.
-Ингэхэд Тод манлай одоогийн байдлаар улс, бүс, Их хурд наадмуудаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Би 2011 онд 11 дэх Тод манлай уяач болж байсан юм. Тэгэхэд 23-24 айраг, түрүүтэй байсан. Одоо 36 айраг, түрүү болсон байна лээ.
-Голдуу дээд нас байх шүү?
-Тийм. Би ер нь дээд насны морь голдуу уядаг. Их морь эр хүнд өм авчирдаг гэж манай өвөг дээдэс ярьдаг шүү дээ. Түүнтэй ч холбоотой байх. Нийт айраг түрүүний бараг 60 хувь нь их насны морь байх шүү. Тэгээд ч сайн моринд гар татаж байгаагүй.
-Шинэ цагийн монгол адуугаар амжилттай наадаж буй хүмүүсийн нэг нь та. Ялгах тухай шийдвэрийг сонсоод урам тань хугарсан уу?
-Үгүй шүү. Энэ бол зөв шийдвэр байсан гэж би боддог.
-Тийм үү. Танаас өөр хариулт хүлээж байлаа?
-Ер нь хүн олны эрх ашгийг харж амьдрах ёстой гэж би боддог. Хэдийгээр миний эрх зөрчигдөж байгаа ч тэр нь нийтийн эрх ашгийн төлөө бол дагах л учиртай. Би дээрх шийдвэрийг тэгж л хүлээж авсан.
-Уяачдын дээд цолыг Дархан манлай болгоё гэсэн санал явдаг. Дээд цолд хэдийнэ хүрч, ханасан уяачийн хувьд энэ талаар ямар бодолтой явдгийг сонсмоор байна?
-Би үүнтэй санал нийлдэггүй. Надад одоогийн Тод манлай уяач цол маань хангалттай санагддаг.
-Морьтой холбогдсон арав гаруй жилийн хугацаанд хамгийн ихээр догдлуулсан сайхан наадам нь хэзээ байсан бэ?
-2004 онд миний хээр морь Улсын наадамд айргийн таваар давхисан тэр мөч л байх даа. Төрийн наадмын анхны айргийг их насны мориор авах үгээр хэлшгүй сайхан байж билээ. Тэр бол өвөг дээдсийн маань мөрөөдөл, миний хүүхэд насны мөрөөдөл биелсэн өдөр байсан.
-Уяач болох багын мөрөөдөл байсан хэрэг үү?
-Би хүүхэд байхдаа бусдын адил зундаа өвөө, эмээ дээрээ очиж хонь мал хариулж, чөдрийн ганцыг нь ноолдог тийм л нэгэн байлаа. Тэгэхдээ олон сайхан адуутай болох юмсан, морь уяж үзэх юмсан гэж битүүхэн мөрөөддөг байсан. Тэр маань 2004 оны наадмаар биелсэн дээ. Тэгэхдээ бүр хээр морь маань түрүүлж яваад үзүүр дээрээ сууж тавласан юм. Морио суухыг хараад зургаад орчих вий гэж байтал айрагт багтаж, ёстой нөгөө магнай хагартал баярласан даа.
-Тэгвэл арван жилийн дараа буюу одоо морь айрагдаж, түрүүлэхэд ямар мэдрэмж төрдөг вэ?
–Морь, хүүхэд мэнд сайхан ирээсэй гэдэг хүсэл нэн тэргүүнд төрдөг болчихдог юм байна. Түүний дараа айрагдаж, түрүүлэх тухай боддог. Хүн морь уяад хөх тэнгэртээ тоосыг нь өргөж байгаа нь том буян гэсэн сайхан үг байдаг юм билээ. Энэ үг надад их сайхан санагддаг. Би өнөөгийн хийж байгаа үйлээ ийн бодож их бэлгэшээдэг.
-Санал нэг байна. Бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд танд баярлалаа. Монгол түмний буян заяа өөдөө морин эрдэнэ нь түмэн үеэрээ хурдлах болтугай.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ажлын амжилт хүсье.

АМЖИЛТЫН ЦУВАА:

2004 онд - АХ-ын 83 жилийн ойд Барга хээр морь айргийн тав
2005 онд -“Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд Барга хээр айргийн тав
2006 онд -Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд хар шүдлэн айргийн дөрөв
2006 онд -Эрдэнэт хотын 30 жилийн ойд Сүлд хүрэн /даагандаа/ түрүү
2006 онд -“Тамирын хурд” төвийн бүсийн уралдаан Сүлд хүрэн аман хүзүү
2006 онд -Хэрлэнгийн Хөдөө аралын наадамд Сүлд хүрэн айргийн гурав
2007 онд -АХ-ын 86 жилийн ойд Сүлд хүрэн айргийн дөрөв
2007 онд - АХ-ын 86 жилийн ойд сартай хүрэн морь айргийн гурав
2007  онд  -“Хотгойдын хурд-1” төвийн бүсийн уралдаанд Сүлд хүрэн /шүдлэндээ/айргийн гурав
2007  онд  -“Хотгойдын хурд-1” төвийн бүсийн уралдаанд сартай хүрэн морь түрүү
2007  онд  -“Хотгойдын хурд-1” төвийн бүсийн уралдаанд хээр азарга айргийн дөрөв
2007 онд -“Говьшанхын хурд-3” говийн бүсийн уралдаанд хар хязаалан айргийн гурав
2008  онд  -Заамарын бүсийн уралдаанд өсгий цагаан хонгор  даага түрүү
2009 онд  -“Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд бор морь айргийн тав
2009 онд  -"Сэлэнгэ-2009" бүсийн уралдаанд бор  морь түрүү
2009  онд  -Ламын гэгээн Лувсанданзанжанцаны 370 жилийн ойд бор аман хүзүү
2009  онд -Ламын гэгээн Лувсанданзанжанцаны 370 жилийн ойд өсгий цагаан хонгор  шүдлэн түрүү
2010  онд  -“Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд бор морь айргийн дөрөв
2010  онд  -АХ-ын 89 жилийн ойд өсгий цагаан хонгор хязаалан аман хүзүү
2010  онд  -Эрдэнэт хотод болсон төвийн бүсийн уралдаанд өсгий цагаан хонгор  хязаалан аман хүзүү
2010 онд -“Хотгойдын хурд-2” хангайн бүсийн уралдаанд халиун  шүдлэн айргийн дөрөв
2011 онд -“Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд өсгий цагаан хонгор соёолон түрүү
2011 онд  -“Булганхангай” хаврын бүсийн уралдаанд өсгий цагаан хонгор түрүү
2011 онд -АХ-ын 90 жилийн ойд өсгий цагаан хонгор түрүү
2012 онд -“Өмнөговь 2012” хаврын бүсийн уралдаанд бор морь айргийн тав
2012 онд -Да лам Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд сартай зээрд хязаалан аман хүзүү
2012 онд -Да лам Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд хар азарга айргийн тав
2013 онд -Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн наадмын эрлийз дээд насанд Өсгий цагаан хонгор түрүү
2013 онд -Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн наадамд сартай зээрд соёолон айргийн гурав
Дэлхийн адууны баяр, Гиннесийн дээд амжилтанд бүртгүүлэх уралдааны төвийн бүсэд сартай зээрд соёолон аман хүзүү

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна