Аймгийн Алдарт уяач Ж.Баатарчулуун: 17 настай ингэж давхисан хүлгээрээ бахархахгүй байхын аргагүй

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 09 -нд

-Дээдсийнхээ буян  заяаг дээдлэн эр хүний хийморийг өргөж  явдаг морин эрдэнийг эрхэмлэж явдаг тантай уулзах сайхан байна?
-Хурдан морьтой холбогдон уяач хэмээх эрхэм алдраар дуудуулахад миний өвөг дээдсийн нөлөө маш их байсан. Тиймээс эхлээд өөрийнхөө тухай бус, тэднийхээ тухай ярих нь зүйтэй байх. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач  “Торгон” хэмээх Ц.Дашням бол миний өвөө юм.  Харин миний аав бол аймгийн Алдарт уяач Г.Жамбалдорж  гэж хүн бий.  Би өвөө, аав хоёрынхоо үүсгэн бий  болгосон Галсан банди, Дэндэв Тайж, Түдэвийн будангуудын угшилтай хурдан хүлгэдээр наадан өдий зэрэгт хүрсэн хүн дээ. Дэлгэрэхийн нэрт уяачдын нэг Түдэвийн гурав түрүүлсэн  бага будангийн  төл хоёр хүрэн азаргыг авсан юм. Тэд маань Салхин зээрд, Нямзавын хүрэн  /том хүү Нямзавдаа өгсөн/ гэсэн хоёр хурдан буян болж, үр төлүүд нь ч гэсэн хурдалсан.
-Таныг улс, бүсийн хэмжээний томоохон уралдаануудад эртнээс оролцсон гэх юм билээ?
-Аав маань төрийн алба хашдаг байсан болохоор тэр болгон хөдөө очоод морь уяад байх боломжгүй байсан. Тэр жил /2000 он/ аав бид хоёр “Бэлэвсэн” зээрд морио сумынхаа наадамд хол түрүүлгэчихээд зүүн бүсийн наадмыг нутгийн уяачдын хамт зорьсон юм. Засгийн газрын тогтоолт бүсийн наадам гэдэг их өндөр довны наадам шүү дээ.Тэр наадамд миний уясан аавын минь “Бэлэвсэн” зээрд 700 гаруй хүлгээс хүүхэдгүй  морьтой уралдаж байгаад гуравт хурдалсан  юм. Тэгэхэд аав, өвөө хоёр минь ёстой магнайгаа тэнийтэл баярласан даа. Тийм сайхан наадмыг одоо ч гэсэн дурсахад сайхан байдаг юм. Тэр үед би 22 настай байлаа. Өвөөгийнхөө зөвлөгөөгөөр аавынхаа морийг уяж, бүсийн наадамд айрагдуулсан нь миний хувьд ч гэсэн мартахын аргагүй дурсамж үлдээсэн. Таван настайгаасаа эхлээд өвөөгийнхөө уясан морийг унаж, хүнддээд өвөөгөө даган морь уясан нь их зүйлд сургасан байх. Ер нь манай өвөөгийн адуунаас сайн их морь төрдөг.  Их морины даллагатай хүн байсан.
-Баяр бахдал дүүрэн баяр наадмуудын нэг нь Ноён хутагтын мэндэлсний 210 жилийн ой болох байх? 
-Тэгэлгүй яахав. 2013 онд манай аймаг их хутагтынхаа 210 жилийн ойг тэмдэглэж энэ наадамд миний “Янзага” зээрд морь маань 17 насандаа түрүүлсэнд маш их баяртай байгаа.
-Уяачийн эрдэм ухааныг шалгадаг нь их насны морь гэдэг юм билээ?
-Би боддог юм. Ер нь хүнд их насны тийм сайн морьд заяадаггүй байх гэж. Харин надад хоёр сайн их морь заяасан. Данагар, Янзага хоёр маань эцэг нэгтэй нэг жилийн унаганууд юм. Эцэг нь өвөөгийн өгсөн “Элбэг” хул азарга.
-Таны Янзага зээрд ер нь ямархуу амжилт үзүүлсэн юм бэ?
-2009 онд аймгийн баяр наадамд түрүүлээд,  2010 онд шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанд 19-өөр давхисан. Тэгээд 2013 онд Говийн догшин ноён хутагт  Данзанравжаагийн  мэлмий гийсний 210 жилийн ойд  17 насандаа түрүүлсэн. Ер нь аймаг, сумын наадамд  25 удаа айрагдаж, түрүүлсэн хурдан ажнай даа.
-Тэгвэл Данагар зээрд тань?
-Данагар зээрд маань 2008 онд  болсон Говийн догшин ноён хутагт  Данзанравжаагийн  мэлмий гийсний 205 жилийн ойн баяр наадамд  аман хүзүүдээд,  2009 оны “Хутагтын хурд” хаврын бүсийн уралдаанд бас аман хүзүүдсэн. Тэр жилээ  /2009 он/ аймгийн наадамд  гурваар давхиж байлаа. Ер нь аймаг, сумын наадамд 26 удаа айрагдаж, түрүүлсэн адуу.
-Энэ хавьдаа дархан айраг, түрүүтэй юм. 2000 оны зүүн бүсийн наадмаас хойш дахиж улс, бүсийн наадамд явсан уу?
-За, ер нь цөөхөн гарч уралдсан даа. Улсын наадамд бол бүр очиж байсангүй. 2000 оны зүүн бүсийн наадамд их морь гурваар, 2001 оны ”Их хурд“-д их морь 60-даар давхиулсан. Мөн түрүүн хэлсэн 2010 оны “Их хурд”-д их морь 19-өөр давхиулсан. Улс, бүсийн хэмжээнд гарч уралдсан нь ердөө л энэ. Өнгөрсөн жил засмал зам тавигдчихлаа. Одоо явахад асуудалгүй болсон гэж бодож байгаа.
-Уяачийнхаа хувьд гаргасан амжилтаа багцалж үзсэн үү?
-Аавынхаа нэртэй морьдыг уяж 10 гаруй түрүү, 30 гаруй айраг авч өгсөн байдаг юм. Улсын чанартай бүсийн наадмаас нэг айраг, аймгийн баяр наадмын хоёр түрүү, хоёр аман хүзүү, зургаан айрагтай.
Сумдын наадмаас 100 гаруй айраг, түрүү авсан байна лээ.
-Хамгийн сэтгэлд хоногшсон наадмын дурсамжаа хуваалцаач?
-Сэтгэлд үлдсэн наадам гэвэл 2009 оны аймгийн баяр наадам юм даа. Тэр жил суманд их морь түрүүлгэж,  бас нэгийг гуравлуулаад, соёолон түрүүлгэчихсэн байсан юм. Тэгээд аймгийн наадамд ирж нэг их морь түрүүлгэж, нөгөөг нь гуравлуулаад, соёолон таваар давхиулж байлаа. Мөн өнгөрсөн жилийн Ноён хутагтын 210 жилийн ойн баяр наадам байна даа.  “Янзага” зээрд өвгөн болсон хойноо түрүүлсэн нь үнэхээрийн бахархалтай санагдсан. Өнгөрсөн жилийн хувьд өвгөн морио уяхгүй зодог тайлдаг юм уу, санаатай байсан юм. Гэтэл морьд барьх үеэр Янзага маань уяан дээр ирж зогсчихоод толгойгоо өгөөд хазаарлуулах гээд байхаар нь уячихсан. Ноднин долдугаар сард дүү бид хоёр аавынхаа дурсгалд зориулж, Ноён хутагтын долоо дахь дүр Агваанлувсандамбийжанцан ноён гэгээний тухай, Өргөн сумын уяачид, хурдан хүлэг морьдын талаар “Ноён гэгээний хурд” зурагт сэтгүүлийг гаргаж, сэтгүүлийн нээлтийг нутгийнхаа уяачидтайгаа хамтарч хийсэн юм. Тэр сэтгүүлдээ Янзага зээрдийнхээ тухай дууг оруулсан. Энэ дууны үгийг манай нутгийн залуу Ч.Ганбаатар, аяыг Сүхбаатар аймгийн хөгжмийн зохиолч  Ш.Батсайхан гуай зохиож өгсөн юм. Наадмын нээлтийн үеэр дууг нь дуулуулж  өвгөн морио айргаар мялаах үед тогтож чадахгүй байсан шүү. Ер нь Янзага зээрд маань их ухаантай адуу л даа. Янзага Хутагтын наадмаас өмнө Эрдэнэ суманд болсон хилийн цэргийн 80 жилийн ой, Иххэт сумын сургуулийн ой, Эрдэнэ сумын баяр наадамд бүгдэд нь гурваар давхисан. Тэгээд  хамгийн сүүлд Хутагтын ойд түрүүлсэн дээ. Бодоод үзсэн чинь дандаа 25 км-ээс уралдсан байна лээ. Тэжээлгүй, тэгээд 17 насандаа ингэж давхисан хүлгээрээ бахархахгүй байхын аргагүй юм даа.
-Хоёр зээрдээ ид үед нь Улсын наадамд мордуулсан бол гэх бодол төрдөг үү?
-Би хоёр зээрд морио бага наснаас өдий болтол нь уяж байна. Хааяа бас тэгж боддог л юм. Данагар зээрд маань 2008 онд  Хутагтын 205 жилийн ойгоор аман хүзүүдэхэд Хашбатын улсад түрүүлдэг хонгор морьтой ойрхон ирээд аман хүзүүдэж байлаа. Янзага зээрд 2010 онд Их хурдад очиж 19-т орсон. Ингээд бодохоор ид байх үед нь улсад явсан бол дээгүүр уралдах байсан ч юм билүү гэж бодогддог л юм.  Янзага зээрд ерөөсөө  тэжээл идэж байгаагүй яг өөрөөрөө уралддаг адуу.  Тиймдээ ч өдий 17 насандаа хөлөндөө  ямар ч сэв суугаагүй байх.
-Хоёр зээрдээс гадна таны нэрийг гаргасан ямар хурдан хүлгүүд байдаг вэ?
-За, ер нь олон адуу бий дээ. Будан азарга, халзан морь, цэгээн морь, Сувдан зээрд гээд бага насны олон хурдан буян бий. 
-Алдартын уяаны онцлог гэвэл?
-Манай адууны хувьд  нэлээд чанга уяатай. Тэгэхээр ер нь чанга талдаа уяа хийх болдог. Би болж өгвөл  морины хоол хасахгүйг боддог. Адууг анхнаас нь хоолтой давхиулж сургадаг. Хоолтой  сайхан хангаад уячихсан адуу гэдэг янз бүрийн эмгэг суудаггүй юм.
-Уяаны арга барилаасаа хуваалцсанд танд баярлалаа. Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна.
-Моринд дуртай түмний унших дуртай “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд ажлын амжилт хүсье.  Мөн Өргөн сум, Дэлгэрэх нутгийн иргэддээ  танай сэтгүүлээр дамжуулан баярлаж, талархаж  явдгаа илэрхийлье.

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна