70 миллийн хурдтай “Дарваан хар” хэмээх цуут ороо хүлгийн түүхээс

2012 оны 12-р сарын 03 -нд

               Нэгдэл нийгмийн үед буюу малчин ардын мал хөрөнгийг  тодорхой заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хурааж авдаг байх үед малчид унах морь, саах үнээгээ авч үлдээд удам угшилтай гүү тэр байтугай азаргаа хүртэл нийгэмчилж байсан гэж өвгөчүүл ярьдаг юм. Тэр л нийгэмчилгээнд газар газрын олон хурдан угшлууд нийлж тодруулж хурдлуулаагүй өнгөрсөн олон сайхан хүлгүүд байсны нэг нь нутаг орондоо “Дарваан хар” хэмээн алдаршсан цуутай ороо морь юм.
             1969 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум нэгдлийн адууг миний аав Сүхбаатар сумын Алдарт уяач Ц.Жанцан, ах Тагарваагийн хамт хариулдаг байж. Тэр хавар шар Арслан гэдэг хүний нэгдэлд нийгэмчилсэн Баадуу алагийн угшилтай халтар гүүнээс “шилбэ” хэмээх Дамдинсүрэн өвгөний бойтог улааны төл эр хар унага гарч, дараа хавраас нь уургатай хүн туусан адуун дунд явдаггүй нүд нь бүлтэгнэж сүүлээ хатгасан айхтар сэргэлэн даага болсон байна. Миний аав дааганд нь уях гэж хоёр гурав барьж авсан боловч нэгдлийн олон адууны ажилтайн хажуугаар ороо даагатай ноцолдож байх зав ч олдоогүй сүүлдээ тавьсан гэдэг.
            Тэр цагаас хойш  хар үрээ уургатай хүний бараа үзэхээ байж,  дэл хөөврөө ч авахуулдаггүй эмнэг догшин адууг үзэж чаддаггүй нэгдлийн дарга нарт адлагдаж эхэлсэн байна. Жил бүрийн нэгдлийн адуу агталгаа, хөөврөлгөөний ажлаар хар үрээ баригдахгүй хулжаад явчихна. Морь мотоциклтой залуус хөөцөлдөөд барьж чаддаггүй. Арайхийн уургаллаа гэхэд тогтоож дийлдэггүй аавын хүүгийн шандсыг шалгасан адуу болжээ. Чухам тиймээс  хар үрээг барьж чадвал уяж үзэхсэн гэсэн нутгийн настай уяачид олон байж. Чих толгой цэвэрхэн боловч уруул ам нь их дарвагар, аман хүзүү нь лүхийсэн бүдүүн, дэл сүүл их сайхантай, уртраг бие бөөрөнхий сүврэгцтэй, адуундаа явж байхад нь шөрмөсөн сиймхий нь ялгарч харагддаг тийм хүлэг байж. Үнэхээр ч барьж номхроож уяж чадсан бол аргагүй хурдан морь байх байсан болов уу хэмээн нутаг орондоо “ногоон” хэмээн алдаршсан Зоригоо өвгөн ярьж байсан удаатай.
           1972 оны хавар Энгэр шандны барилга гэдэг газар нэгдэл адууны үрээ агталгаа, хөөвөрлөгөө хийгдэж тэр үед олон адуучин эрчүүд цуглаж дарваан харыг гэнэдүүлж барихаар шийджээ. Тэгээд хоёр планета-3 мотоцикльтой залуус Дарваан харыг хэдэн эмнэг үрээнүүдийн хамтаар сөхөө өгөлгүй элдсээр барилга руу хөөгөөд оруултал аман дээрээс нь буцаж шувт дайраад гарахаар завдаж. Энэ үед Шилбэ Өвгөний хүү сумын заан Баатар Загал хонгороо/нэгдлийн олон адуунаас уургачаараа алдартай загал хонгор морь байсан/ухасхийлгэн уургалж аваад  50-аад метр газар чирэгдэн уурга нь тагнаагаараа тас үсрэх мөчид олон залуус тусгайлан бэлдсэн шүхрийн цагаан мяндсаар бугуйлдан боож унаган байж арайхийн барьж агталжээ. Энэ тухай Д.Баатар ах миний аавтай хуучилж суухад нь асуулт тавьж зориуд тэмдэглэж авсан юм.
Д.Баатар ах “би загалтайгаа мордоход барихгүй чадахгүй эмнэг азарга, бүдүүн гүү байдаггүй сэн. Дарваан харыг уургалчихаад морьтойгоо чирэгдэж явахдаа төвөөс олон багш хүүхнүүд, сургуулийн ажилчид хөөврийн ажилд туслахаар ирчихсэн байсан болохоор алдчихгүйг үнэхээр хичээж билээ. Гэтэл аз болж уурганы тагнаа тасарч уургаа авч үлдсэн хэрнээ нүд харанхуйлаад байсан шүү. Аргагүй бухын хүзүүтэй адуу байж билээ” хэмээн ярьсан юм.
          Тэр цагаас хойш Дарваан харыг уургалах чадалтай аавын хүү ч байсангүй нэг ёсондоо Дарваан харын биед салхинаас өөр юм хүрээгүй гэнэлээ.
         1978 оны 7 сард Мааньт руу мах бэлтгэлийн адуу туух болж нэгдлийн дарга нар Дарваан харыг өгч явуулах үүрэг өгөв гэнэ. Нэгдлийн адуучид Дарваан харыг барьж чадахгүй ч гэсэн сэтгэлдээ хайрлаж, сэтэртэй юм шиг нандигнаж бодож явдаг байсан учраас их л дурамжхан болбол хулжаагаад гаргачихъя гэсэн бодолтой байцгааж. Тиймээс тухайн үед нэгдэл адуу хариулж байсан Дэлдэн Бямбаа адуун дундуураа зориуд уургатай давхиж ороод хар морийг хулжаачихаж л дээ. Дарга нар ч бууж өгсөнгүй. Нутгийн залуусыг цуглуулж хөөлгөсөн ч ороо харын урд орчих адуу байсангүй. Тэгмэгц  Очирхуягийг планета-3 мотоциклиороо хөө гэсэн тушаал өгч Буян-Овооны говиос Өвдөг хүртэл 40 км газар элдээд Уртын булаг хүргээд арайхийн буцаажээ. Энэ үед улсын анчин Гомбосүрэн гэдэг өвгөн Ирийн баруун дээрээс тосч аваад мотоциклио 70 милл хүртэл хаазлан элдсэн ч хар үрээний дэл нь намирч, шүлс нь гоожин, тоос нь эрчлээд улам бүр холдоод байсан гэдэг. Гомоо гуай /Гомбосүрэн/цааш нь ярихдаа “ээ Баянхундар минь. Ийм адуу бас байдгаа хэмээн хайр бахдал зэрэг төрж хөөхөө больсон ч Өлзийн дэл дээр гараад иртэл өөдөөс УАЗ-69 машинтай нэгдлийн дарга давхин ирж загнаад дахин хөөлгөсөн. Хөөсөөр Талын толгойн ар дээгүүр гаргаад иртэл уурга барьсан гурван морьтой залуу амдан авч дайраад ч 80 шахам км туугдсан моринд хүрч чадалгүй үлдсэн юмдаг” хэмээж билээ.
          Дарваан харыг тэр чигт нь элдсээр замдаа гараад явж байсан тууврын адуунд нийлүүлж, өдгөө нутагтаа ажиллаж амьдарч буй Балчин, Монхорцагаан нар тууж явжээ. Нутгийн хашир өвгөчүүл малины адуу явсан өдрөөс эхлэн “Дарваан хар ирнэ шүү. Онгоцондоо ус үлдээж болохгүй” хэмээн багачуулдаа захих болж. Нээрэн ч хэлсэн ёсоор Хэнтий аймгийн Бор-Өндөр орчмоос морио юүлэхээр ирсэн уургатай хүнээс үргэн дайжсан Дарваан хар тэр чигтээ гүйсээр 9-р сарын дундуур нутагтаа ирж. Харамсалтай нь Буян- Овооны баруунтаа Хадтын худгийн дэрсэн дунд онгоцны хажуугаар асгарсан шалбаагнаас уусан бололтой амьсгал хураачихсан байсан гэдэг. Ийнхүү 70 миллийн хурдтай Дарваан хар хэмээх нутаг усандаа зартай ороо морь, адуучин эрсийн эд хавийг сорьж, буурлуудын самсааг шархируулан домог мэт хурдалсаар олныхоо сэтгэлд мөнхөрчээ.
Өдгөө Сүхбаатар аймгийн  Сүхбаатар сумын өвгөчүүд ороо догшин адууны тухай  ярихдаа Дарваан харын тухай ёс мэт хүүрнэдэг билээ.

Ж.Цэнд-Очир

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна