Хатагинчууд наадав

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 17 -нд

Хатангин хошууны гурван сумынхан ээлжит наадмаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд энэ сарын 14-15 өдрүүдэд хийлээ. Анхны наадмаа 2009 онд Дорнод аймгийн Матад суманд хийж байсан хатагинчууд гурван жилд тутамд хуран цугларч овог аймаг, удам судраа мэдэж хойч үедээ таниулан хамтран наадаж байхаар тогтсон байна. Энэ удаагийн наадамд хатагины гурван сумаас гадна Дарьганга, Халзан сумын уяачид, нийслэл хотын нутаг нэгтнүүд цугларч хэдэн зууны турш үе дамжуулан хадгалж ирсэн хатагины хар сүлдээ цэнгүүлж, дуу хууртай сайхан наадлаа.  Мөн төрийн тамгатай 13 хутагтын нэг Егүзэр хутагт Ж.Галсандашийн нэрэмжит музейн нээлт энэ үеэр болсон юм. Музейд хутагтын эдэлж хэрэглэж байсан зүйлээс гадна Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрээс олдсон археологийн олдвор, эд өлгийн  зүйлийг тавьсан байна. Ийнхүү хутагтынхаа музейтэй болсон нутгийн иргэд ч өөрсдийн гар дээр хадгалагдаж байгаа түүхийн ховор үзмэрүүдээсээ  өгсөн байна. Хатагины хар сүлдийг музейн хойморноо залжээ.  Ийнхүү хатагинчууд дуутай хууртай сайхан наадацгаалаа. Тэд 2015 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд дараагийн наадмаа хийхээр  болжээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна