Баруун бүсийн даншиг наадмын сур харваа

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 17 -нд

“Их хурд-2012” баруун бүсийн даншиг наадмын сурын харваа 07-р сарын 28-29-ны өдрүүдэд болж өнгөрсөн бөгөөд үндэсний сурын харваа, урианхай сурын харваа, хүүхдийн сурын харваа гэсэн төрлүүдээр явагдсан юм. Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд  160 гаруй харваачид цэц мэргээ сорьж 40 сум тавьснаас МУ-ын мэргэн Б.Баярсайхан, Спортын мастер Х.Бямбажав нар  31 сумаар товх харван МУ-ын мэргэн Б.Баярсайхан түрүүлсэн билээ. Энэ жилийн улсын баяр наадмын урианхай сурын харваанд түрүүлсэн МУ-ын мэргэн М.Батгэрэл 30 сум онож гуравдугаар байранд шалгарсан бол 29 сумаар Спортын мастер Ч.Ганхүү  удаалсан. 28 сумаар спортын мастер Х.Алтансум айргийн тавд шалгарсан юм.
Үндэсний сурын эмэгтэй төрөлд 16 харваач эрхий мэргээ сорьсноос Ховд аймгийн залуу харваач Х.Номинчимэг түрүүлж, Говь-Алтай аймгийн харъяат С.Оюун-Эрдэнэ удаалж, гуравдугаар байрыг Говь-Алтай аймгийн харваач С.Мөнгөнчимэг авлаа. Удаах байруудад Баян-Өлгий аймгийн харваач С.Нансалмаа, Ховд аймгийн харваач Б.Уранчимэг нар орж баруун бүсийн даншиг наадмыг чимсэн юм.
Урианхай сурын харваанд 200 харваачид цэц мэргээ сорьж 30 сум тавьснаас Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат харваач Спортын мастер Х.Галхүү 25 онож түрүүлсэн билээ. Хоёрдугаар байранд Спортын мастер Х.Галхүүтэй 25 оноогоор товх харвасан Спортын мастер З.Нямсүрэн орсон юм. Залуу харваач н.Эрдэнэшиш, спортын дэд мастер Ж.Бямбадорж, залуу харваач Б.Цогбадрах нар 24 сумаар оноо тэнцэн товх харвасан нь урианхай сурын харваачид эн тэнцүүхэн хүчтэй, цэц мэргэн болохоо харууллаа.
Хүүхдийн харваа нь эр, эм гэсэн хоёр төрлөөр явагдсан бөгөөд эрэгтэй төрөлд 27 тамирчин ур чадвар, авъяас билгээ уралдуулан харвасан бол эмэгтэй төрөлд 18 тамирчин цэц мэргээ сорьлоо. Эрэгтэй хүүхдийн харваанд 32 сум тавьснаас Б.Тэнгисболд 26 онож түрүүлсэн юм. Н.Алтантулга 22 сум онож хоёрт орсон бол гуравдугаар байранд Ж.Энхсаруул 19 сум онож орсон билээ. Эмэгтэй хүүхдийн харваанд Баян-Өлгий аймгийн харъяат н.Болорчулуун түрүүлж, мөн аймгийн харъяат Д.Алтанцэцэг удаалж, гуравдугаар байранд Д.Нарангарав орсон юм.
                                                                                                                                                                Ш.Бадмаа
 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна