Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Энэ бол ард түмэн, төрөөс тамирчиддаа өгч буй урам, хайр хүндэтгэл юм шүү”

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 17 -нд

Хүн төрөлхтөний эв нэгдлийн илэрхийлэл болсон Лондоны зуны олимпийн XXX наадамд оролцсон Монголын баг тамирчдыг хүлээн авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар болон Олимпт оролцсон баг тамирчид, дасгалжуулагчид, үе үеийн спортын алдартнууд, албаны бусад хүмүүс оролцлоо.
Ёслолын ажиллагааны эхэнд Олимпийн баг тамирчдын ахлагч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Лондоны олимпийн наадамд мандуулсан Төрийн далбааг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулан өгч олимпийн амжилтын талаар илтгэв.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулав. Засгийн газарт чиглэл өгсөн уг зарлигт Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн, хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн урамшууллыг тус тус сар бүр олгох тухай, мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн, хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшууллыг сар бүр олгож байхаар заасан байна. Энэхүү мөнгөн урамшууллыг ирэх 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн олгож эхлэхээр болсон бөгөөд олимп, дэлхийн аваргаас авсан медаль бүрийн тоогоор тамирчид маань урамшууллаа авах боллоо.
Ийнхүү зарлиг сонордуулсны дараа Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн Монголын үе үеийн шилдэг тамирчдын төлөөлөл болж Бээжингийн Олимпийн алт, Лондоны Олимпийн мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Н.Түвшинбаяр, Мехикогийн Олимпийн мөнгөн медальт Дэлхийн аваргын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавъяат тамирчин Ж.Мөнхбат, Мюнхений Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын алт, хошой мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Х.Баянмөнх, Мехикогийн Олимпийн хүрэл медальт, Ардын багш, Гавъяат тамирчин Ч.Дамдиншарав, Лондоны Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг нар сэтгэгдлээ хэлж Монголын спортын хөгжил, тамирчдын амжилт, тэдний нийгмийн асуудлыг дорвитой шийдэж буй төр засгийн шийдвэрт сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм. 
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үе үеийн олимп, дэлхийн аваргын дэвжээнээ эх орныхоо нэрийг өндөрт өргөж алтан соёмбот далбаагаа мандуулсан нийт тамирчиддаа хандаж амжилт хүсч үг хэлсэн юм. 
Ерөнхийлөгч үгэндээ “Монгол Улс олимпод оролцсон тэр цаг үеэс хойш хамгийн олон медалийг Лондон 2012 зуны XXX дугаар олимпоос авлаа.  Энэ буян хишиг бол зөвхөн энэ олимпоос медаль авсан тамирчид төдийгүй нийт үе үеийн тамирчдад очиж байгаагаараа үнэхээр гайхамшигтай юм.
Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод анх удаа тамирчидтайгаа уулзаж байсан.  Та бүхэн санаж байгаа байх.  Тэгэхэд манай ахмад тамирчид энэ тухай хэлж ярьж байсан юм. Тэгээд энэ талаар олон удаа бодож, олон тамирчидтай уулзаж ярилцаж байсан.  Бас олон орны туршилгыг харж судалсан.  Тэгээд энэ бүхнээс үүдээд  шинээр томилогдсон Ерөнхий сайдтайгаа зөвлөөд энэ зарлигийг гаргаж байгаа юм. Олимпын бамбар жаргадаг, тэмцээн уралдаан өндөрлөдөг, уухайлж дэмжиж байсан дуу хоолой,  тэр хүмүүсийн магтаал сайшаал алсран оддог юм. Одоо энэ үйл явц одоо явагдаж байна.
Тамирчдын араас шинэ үе гарч ирдэг, өнөөдөр амжилт гаргаад гялалзаж байгаа тамирчдын маань араас шинэ үе нь гарч ирнэ, шинэ өрсөлдөгч гарч ирнэ.  Тамирчин хүний амжилт гаргах боломж, цаг үе нь асар богинохон байдаг. Гэхдээ тэдний амьдрал цааш үргэлжилдэг, тэгэхээр энэ зарлигийн утга агуулга бол сая миний хэлсэн зүйлтэй холбогдож гарч ирж байгаа юм.
 Энэ гарч буй зарлиг бол Монголын төрөөс, Монголын ард түмнээс тамирчиддаа өгч байгаа урам юм. Энэ зарлиг дээр урамшуулал гэж заасан байгаа. Энэ мөнгө бол тэтгэлэг ч биш, цалин ч биш, энэ бол урамшуулал юм. Урамшуулал гэдэг үгийн үндэс бол урам. Үнэхээр Монголын ард түмнээс биднийг баярлуулсаны чинь төлөө, Монголын төрөөс Монголын сайн нэрийг дэлхийд гаргасны чинь төлөө өгч байгаа ийм урам, өгч байгаа хайр, хүндэтгэл юм. Ард түмний чинь хайр хүндэтгэлийг  төлөөлж  энэ шийдвэрийг төр засаг гаргаж байгаа юм.
Тэгээд энэ урамшууллын хамгийн гол зарчим бол сар бүр өгөгдөх юм. Тамирчин хүнд насан туршид нь олгогдож байгаа юм. Үүгээрээ л онцлог. Яг амжилт гаргаж байх үед нь тойрсон олон найзууд, амжилт гаргаж байх үед нь уухайлсан олон хөгжөөн дэмжигчид, магтан сайшааж байсан олон хүмүүс байсан. Харин амжилт гаргахаа болиод ирэхээр гэртээ ойр дотнойхонтойгоо л үлддэг шүү дээ. Тэгэхээр та нарыг ганцааранг чинь ингэж орхихгүй ээ.  Монголын ард түмэн та бүхэнд өгч байсан тэр урмыг байнга хадгалж явах болно гэдгийг үүгээрээ харуулж байгаа юм.
Олимп, дэлхийн аваргын тэмцээнээс медаль авсан тамирчдаа төрөөс урамшуулж байгаа нь анхных биш юм. Сая Олимпийн хорооны дарга хэллээ. 1998 онд би Ерөнхий сайдаар томилогдоод, Засгийн газрын хуралдаанаас бидний гаргаж байсан анхны шийдвэр олимп, тив дэлхийн тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн тамирчиддаа мөнгөн урамшуулал олгох тухай ийм шийдвэр байсан. Ийм шийдвэр бол олон түмэнд хүрдэг юм байна, олон түмэн  дэмждэг юм байна, манай тамирчид ойлгодог юм байна, тэдэнд урам болдог юм байна гэдгийг би харсан мэдэрсэн учраас ийнхүү шийдэж байгаа юм. Ард түмнээ төлөөлдөг Ерөнхийлөгчийн хувьд, ард түмнийхээ баяр баясал, уйтгар гунигийг төлөөлж байдгийн хувьд  энэ шийдвэрийг Засгийн газартайгаа хамтраад гаргаж байна.
Өнөөдрийн энэ урамшуулал зөвхөн өнөөдрийн тамирчдад бус өмнөх үеийн тамирчдад маань мөн хамаатай. Мөн зөвхөн өнөөдөр, өмнөх үеийн биш бас ирээдүйн тамирчдад мөн хамаатай. Үүнийг манай гайхамшигтай тамирчид бас хэлж байна. Хэрвээ тамирчин чадвартай бол, хэрвээ тэр авьяастай бол, хариуцлагатай, өндөр ёсзүйтэй, бас хөдөлмөрч байх юм бол насан туршдаа баталгаатай амьдрах боломж байна аа. Үүнийг төр хэлж байгаа юм. Манай ард иргэд, аав ээжүүд дэмжээсэй, залуучууд  спортоор хичээллэж, спорт уруу ороосой гэж урамшуулж зоригжуулж байгаа юм. Төр үүн дээр манлайлал үзүүлж байгаа юм.
Төрийн,  монголын ард түмний өгч байгаа байнгын урам, хайр хүндэтгэлийг манай үе үеийн тамирчид дааж явах ёстой. Үүнийг ч манай ахмад тамирчид өнөөдөр хэлж байна. Манай ахмад тамирчид одоо гэртээ суудаг биш харин мэддэг чаддаг зүйлээ залуу үедээ сургах ёстой. Энэ бол та бүхний байнга хийх ёстой зүтгэл шүү. Үүнийг төр хэлж байгаа юм шүү.
Олимп гэдэг хүн төрөлхтөнийг нэгтгэдэг, урам итгэл найдвар төрүүлдэг, бахархал төрүүлдэг гайхамшигтай зүйл юм. Тийм учраас олимпийн нэр төрөл, жин, зай  гэж давхар оруулж өгч байгаа юм.
Ингээд та бүхэн монголын ард түмний хайр хишиг, энэ урмыг дааж яваарай гэж хүсэн ерөөе” хэмээв.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна