МУ-ын манлай хүлэгч Ш.Пүрэвхүү: Ноосон Жүүжээ эсгий болсон юм шүү

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 16 -нд

-Монгол улсын гурав дахь эмэгтэй Манлай хүлэгч гэсэн эрхэм цолны эзэн бол та. Эмэгтэй хүний хувьд морин спорт гэдэг хүнд юм шиг санагддаг. Ялангуяа эмнэг сургана  гэдэг?
- Хүн гэдэг чинь дуртай зүйлдээ шалтаг тоочиж хойш суудаггүй юм билээ. Эмэгтэй хүн эмнэг сургана гэдэг бас их хэцүү л дээ. Хүн надаас 100 гүү саах уу, зургаан ямаа саах уу гэж асуувал би 100-н гүүг нь сонгоно. Би олон төрсөн. Нялх хүүхдээ орхичихоод үүрийн таван цагт босоод адуугаа эрээд явчихдаг байлаа. Заримдаа хэдэн өдөр явна. Нэг удаа намайг үхчихэж гээд зөндөө эрэл сурал болсон байдаг юм. Нялх хүүхэдтэй болохоор хөх саамшраад явахад хэцүү болно. Тэгэхээр нь хагд ховхолж байгаад хөхөө саана. Би номхон морь унаж чаддаггүй. Аль болох догшин, эмнэг хангал морь л унана. Тэгэхээр эмнэг морь чинь адууныхаа араас дүүлээд, хөх саалгахгүй болохоор нь алчуураа өвөртөө хийж байгаад морин дээрээ саачихдаг. Эгч нь дуртай зүйлдээ тийм л их ач холбогдол өгсөөр ирсэн.
-Анх хэдэн насандаа эмнэг адууны нуруун дээр сууж байсан бэ? Тухайн үед аав ээж тань хориглоогүй юмуу?
-Би дээрээ нэг ахтай айлын ганц охин юм. Аавыгаа 43-н настай байхад гарсан хэнз хүүхэд л дээ. Багадаа аав ээжээсээ нуугдаад, аль хэдийн морь унаад сурчихсан байлаа. Манай нутгийнхан ингэж ярьдаг байсан гэдэг. “Яана даа, энэ Ш-ын ганц охин хэзээ нэг эмнэг моринд чирэгдэн үхэж, энэ хоёр яасан их зовлон үзэх бол” гэж халагладаг байсан. Ямар сайндаа л тэгээ аж дээ. Би зургаан удаа төрөхөд үр хүүхдүүд маань эрүүл саруул л гарсан. Морь дагалаа гээд надад муу юм болоогүй. Жирэмсэн байхдаа мориноос унаж, өшиглүүлж л байсан. Хүүхдүүдээ би зургаан өөр сургууль төгсгөлөө. ХААИС, МУБИС, ШУТИС, МУИС, АУИС гээд сайхан сайхан сургууль төгссөн. Толгой сайтай л байх шиг байдаг. Манай хүүхдүүд ээж шигээ моринд дуртай.  Би нэг юманд зүтгэвэл зүтгүү хүн л дээ.  Хүн яаж ч хорьсон зүтгэсэн л бол зүтгэчихдэг зантай. Гэхдээ би буруу юманд зүтгээгүй. Миний ээж аав, багш нар гээд намайг их дориун хүн болгосон юм болов уу гэж би одоо боддог юм.
-Та их завгүй хүн юм билээ. Таны хэвлүүлсэн дөрвөн сэтгүүлийг мэдэх юм байна?
-Өвөг дээдсийн минь бүтээж ирсэн морины түүх гэж аугаа том зүйл байна. Жил жилийн баяр наадам, хурдан сайхан хүлгэд бүгд түүх болон үлдэнэ. Энэ зүйлсийг бид умартаж болохгүй л дээ. Түүхийг үнэн зөвөөр нь авч явах хэрэгтэй. Хэн нэгэн хүн гажуудуулж, элдэв буруугаар завших вий гэдгээс би болгоомжилдог. Аймгийнхаа 35-н жилийн ойгоос хойш өдийг хүртэлх хурдан морины эхний зургаан морины цуваа, үндэсний бөх, сураар хийсэн судалгаа, архиваа ухаад “Хатан туурай”, “Цомбон туурай”, “Ган туурай”, “Ширмэн туурай” гэсэн дөрвөн сэтгүүл серээр гаргасан. Одоо “Туурайн төвөргөөн” нэртэй тав дахь сэтгүүлээ бичиж байна. Би мөнх биш шүү дээ. Миний араас энэ чиглэлээр юм хийх залуус олон гарч ирэх байх. Тэдгээр хүмүүс үнэн түүх дээрээ тулгуурлаад юм хийгээсэй гэж хүссэн нь миний зорилго юм л даа. Би морины талаар эрдэм шинжилгээний хуралд дөрвөн удаа илтгэл тавьж, гурван гарын авлага  гаргасан. Магистр хамгаалсан одоо доктрантурын ажил хийж байна.
-Юм хийж бүтээж байгаа хүнийг хэл ам тойрдоггүй шүү дээ. Ялангуяа эрчүүдийн салбарт хүч үзэхээр нэлээн л саад бэрхшээл байсан байх. Тэр бүхнийг хэрхэн даван туулж байсан юм бэ?
-Ямар ч хүн юм хийгээд явахад атаа, жөтөө тойрч байдаг юм. Тэр бүгдийг сэтгэлийн хатаар л даван туулах хэрэгтэй. Би 1979 онд хүүхэд залуучуудын гавшгайч гэдгийг байгуулсан. Тэгээд нэгдлийн олон гүүг барихад намайг басаж, тохуурхсан хүмүүс байсан л даа. “Энэ жил …-ын гол айргаар урсах гэнэ. Пүрэвхүү багш гүү барьж айраг хийх гэнэ лээ” гэж ярьсан байдаг юм. Тэгээд би баярт зориулж нэгдэлд 100 литр айраг өгсөн. Тэгэхэд нэгдлийн дарга Отръяад гуай надад хэлж байсан. “Манайх цөөхөн литр айргаар баярыг өнгөрүүлдэг байсан. энэ жил 100 литр айраг хүрэхгүй байна шүү” гээд инээж байж билээ. Зарим хүмүүс намайг адуунд явж байхад “Энэ Пүрэвхүү эрчүүд дагаад давхиж байдаг юм” гэх мэтчилэн ярьж л байсан. Би морь дагаснаас биш эр дагаагүй. Гүндүүгүй сайхан эрчүүдтэй хамт байснаас эр хөөцөлдөж яваагүй юм.
-Таныг олон мастер шавь төрүүлсэн гэдэг. Бас улсын Алдарт ч нэлээдгүй төрүүлсэн гэх юм билээ?
-Би спортын мастер 10 шавьтай. Тодорхойлолтыг нь бичиж, ажлыг нь судалж спортын мастер нэгийг, Улсын Алдарт уяач 8-ыг төрүүллээ. Улсын цоллооч хоёр, улсын морь бариач нэгийг төрүүлсэн. Аймгийн цол зэрэгтэй шавь нар олон бий.
-Та Манлай хүлэгч цолоо хэдэн онд авсан юм бэ? Та булган сүүлтэй байж Цогцолмаа гуай мөн Манлай хүлэгч боллоо?
-Би анх 1978 онд өвлийн бооцоот уралдааныг Хөвсгөл аймагтаа зохион байгуулж байсан. Зун нь отор сааль, хүүхэд залуучуудын гавшгайч бригад байгуулж, нэгдлийн эмнэг адуу, гүүг сааль, уналгаа эдэлгээнд сургаж 1992 оныг хүртэл ажилласан. 1985 онд спортын мастер цолоо авч байлаа. Энэ нь монгол улсын хэмжээнд эмнэг хангалаараа надаас өөр эмэгтэй хүн аваагүй шагнал байсан. Энэ жилийн цагаан сараар МУ-ын Манлай хүлэгч хэмээх ММСУХ-ны дээд шагналыг хүртсэн юм. Морины төлөө зүтгэж байгаа эмэгтэйчүүдийг төр, түмэн хоёр үнэлдэг юм байна. Гэтэл зарим газар эмэгтэй хүнийг адуу малд орууллаа гээд сэжиглэж, сэрэмжилдэг. Монгол хүн эмэгтэй, эрэгтэй, хүүхэд, залуу гэлтгүй ген нь морьтой холбоотой л юм чинь үүнд хүйс заагаад ялгаварлаад байх шаардлагагүй байгаа юм.
-Хөвсгөл аймаг мөсөн дээр морио уралдуулдаг гэсэн?
-Манай Хөвсгөл аймаг чинь аймаг аймгаас их онцлог учраас Цогзолмаадаа Хөвсгөл далайн эрэг дээрх үзүүлбэрийнхээ зургийг дурсгаж байна. Манайд чинь далайн эрэг дээрээ үзүүлбэрээ үзүүлнэ, морио уралдуулна. Далай дээрээ өвөл тахтай морин чарганы тэмцээн болдог юм. Тэр бол манай аймгийн брэнд юм л даа.
-“Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалт”-ын улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд боллоо. Хөвсгөл аймагт болсон уу?
-Энэ уран уургач бугуйлчын тэмцээний эрхийг Хөвсгөл аймаг 1996, 2008 онуудад хоёр удаа авч байсан юм. Шавь нартайгаа л зүтгэж байсан. Тахтай морин чарганы тэмцээнийг улам өргөн цар хүрээтэй болгохын тулд спортын зэрэг цолтой болгох талаар ярилцаж байгаа. Өвөл л болдог учир Хөвсгөлөөс өөр газар болох боломж тун бага. Тийм болохоор Хөвсгөлийн уяачид л оролцдог юм. Яваандаа энэ спорт хөгжөөд ирвэл улсын чанартай болж болох байх. Манай аймаг чинь морины тал дээр их рекорд тогтоодог аймаг шүү дээ. Улсын хэмжээнд хурдан морио онгоцоор ачаад явж байсан аймаг манайх л байсан. Мөн манай аймгийнхан эмэгтэй хүн гээд зайгаа аваад, муухай хардаггүй. Харин ч надаас өшөө илүү ихийг хүсдэг, их ч дэмждэг. Тийм ч учраас энэ жил би МУ-ын хамгийн анхны эмэгтэй эмнэг хангал сургалтын Спортын мастер, анхны эмэгтэй морь бариач боллоо. Эмэгтэй морь бариач гэж ажилладаггүй юм байна л даа. 34 жил морины тоосонд зогслоо, 30 жил өвлийн бооцоот уралдаанд зогслоо. Хөвсгөлөөс улс аймгийн цолтой 400 гаруй хүн төрүүлсэн байна. Сая улсын баяр наадмын үеэр улсын морь цоллооч гэдэг цолтой хүн төрүүлсэн. Хийж чадаж байгаа үедээ Хөвсгөлчүүддээ ихийг хийж бүтээх юмсан л гэж боддог. Ард түмэн надаас их ч юм хүсдэг.
-Энэ тэмцээн бол 22 жилийн түүхтэй. Тэгэхээр энэ жилийн тэмцээний онцлог нь юу байсан бол?
-Энэ тэмцээнд миний нэрэмжит шагнал бий болсон байдаг юм. Өмнөх жилүүдэд би өөрийнхөө сэтгүүл, цом, өргөмжлөл өгдөг байсан бол өнөө жил уурга өглөө. Надад нэг уургатай холбоотой түүх байдаг юм. Тэр жил Цагаанчулуутад эрдэм шинжилгээний хурлынхан нэг айлд цай ууж суухад гэрийн эзэн Сүхээ “Пүрэвхүү, чи уургаа урт болгосон уу” гэсэн. Намайг адуу малтай ноцолдоод явж байхад Сүхээ гуай их заавар зөвлөгөө өгдөг байсан юм. Тэгэхээр нь би гайхаад  “Юу билээ?” гэсэн чинь хэлж байна. Нэг удаа би адуу уургалах гээд алдчихаж, тэгэхэд би “Уурга минь урт байсан бол би энийг юу гэж алдхав” гээд уургаа шидэж байсан юм билээ. Тиймээс надаас “Уургаа урт болгосон уу” гэж асуусан юм билээ. Уургаа дагалдуулаад гарын бэлгэнд нь Хөвсгөлийнхөө зохиолчдын уран бүтээлийн дээжис, бренд бүтээгдэхүүнээсээ өгсөн. Мөн аймгийнхаа бэлгэдэл болсон цэнхэр уутанд хийсэн. Би бол Ш-ын Пүрэвхүү биш, Хөвсгөлийн Пүрэвхүү юм шүү дээ. Энэ жилийн хувьд би шүүгчээр ажилласан. Хамгийн гол онцлог нь нутгийн адууны хамтарсан шүүгчид их сайн байлаа. Зарим аймагт ганцаараа зүтгэх тохиолдол байсан. Тэмцээн болж байгаа газар нутаг их сайхан байна. Мөн аваргын нутаг гэдгээрээ мөн онцлог юм даа. Аварга өөрөө ирж бидэнтэй цуг тэмцээнээ үзэж, заавар зөвлөгөө өгч, ард түмэндээ ойрхон байдаг хүн гэдэг нь харагдаж байлаа.
-Таныг шатрын спортод элэгтэй хүн гэдгийг мэдэх юм байна? Сурын спортод ч таны оруулсан хувь нэмэр байдаг шүү?
- Би хүүхэд байхдаа спорт гэдэг энэ том армид анх шатраар орж байсан. Тавдугаар  ангиасаа  наймдугаар анги төгсөтлөө сургуулийн аварга болж байсан. Миний хүүхдүүд бүгд шатарчин болсон байна. Олон жил Хөвсгөлийн хүүхдүүдийг улсад авч явсан.  Медалгүй буцаж байгаагүй. Тэгээд би чинь шагайнд бас их санаа зовно. Суранд бол бүр их санаа зовж байгаа. Манай гэр бүлийн хүн сурын хүн л дээ. Лосол мэргэн гэдгийн удмын улсууд. Манай хүүхдүүд цөмөөрөө харвадаг. Би хүүхэд байхдаа нэг харваж байсан юм. Миний сурын багш Шарав гуай гэж их мундаг хүн байсан юм. Түүний охин Лхагвасүрэн бид хоёр их үерхдэг, их ойрхон байсан. Шарав гуай өөрөө арван сум тавьчихаад тэрийг нь би гүйж авчирна. Тэгээд надаар нэг сум тавиулдаг байсан. Гэхдээ сур луу би ороогүй. Би сурын төлөө бас багагүй зүйл хийсэн л дээ. Сумандаа Лосол мэргэний харваа гэж хийж байлаа. Мөн ногоон морины баяр, үндэсний олон төрөлтийн тэмцээн хийж байв. Адуучин гээд бүгд л суртай, бөх морь сур гурвыг ерөөсөө салгаж байгаагүй. Суранд санаа тавьдаг хүн болоод байгаа, хүүхдүүд маань өвөлж авах байх.
-Та морь уяж байсан болов уу?
-Миний аав уяач байсан. Би өөрөө бол ерөөсөө морь уяагүй. Гэхдээ би өөртөө хэрэгтэй морио хараад олоод авч чадна. Морь таньдаг хүний дэргэд бол өөрийгөө гадарлана гэж ярина. Таньдаггүй хүний дэргэд бол морь танина гэж хэлнэ. Аавыгаа морь бараг уяхаа больсон хойно гарсан болохоор сайн мэддэггүй юм. Аавын минь уяж байсан ногоон морины төл манайд байсан.
-Танайхан гэр бүлээрээ шатрын, сурын, адууны хүмүүс юм байна. Их ховорхон бас бахархууштай юмаа?
-Баярлалаа. Манайх чинь гэр бүлээрээ шатарчин, сурчин, тамирчин хүмүүс. Хүмүүс цагаан сар битүүн гэхээр нэг нэгнийдээ ороод ууж идээд явдаг бол манайхан тэгдэггүй. Аавын нэрэмжит шагнал гэж гаргаад тэгээд тойргоор шатарддаг. Өөрөө эхэлж санаачилсан юм болохоор эхний хэдэн жил би түрүүлсэн юм. Яваандаа хүүхдүүдээ хүчрэхгүй болсон. Одоо арав гаран ач зээтэй. Манай гэр бүлийн хүн сурын удамтай, харин би бөхийн удамтай. Манай аав чинь Баавгай Балжинням, Араг Лувсаншарав гэдэг хүмүүсийн удмийн хүн. Манай аавын ах дүү нар Пүрэвхүүгээс бөх төрнө гэдэг байсан юм. Бөх төрөөгүй ч тамирчид төрсөөн.  Миний ээж Ноосон Жүүжээ гэж ядуу хүний хүүхэд байсан. Тэр үед Жагар гэж нэг эрдэмтэй лам “Та нар ноосон Жүүжээ л гэх юм, ноосон Жүүжээ эсгий болох юм шүү гэж” хэлсэн гэдэг. Ээжийн минь ах мундаг лам надад “Ноосон Жүүжээ эсгий болно, тэр нь чи шүү” гэж байсан. Ээж минь ч бурхан болохдоо тэгж хэлж байлаа. Тэгээд бодохоор өвөг дээдсийнхээ захиасыг зах зухаас нь би биелүүлсэн юм болов уу даа.
-Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье!

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна