Нар, сар давхацсан үзэгдэл өнөөдөр илүү тод харагдана

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 15 -нд

Өчигдөр 12.30-13.30 цагийн үед гудамжаар явж буй иргэд тэнгэр рүү ширтээд “Хавирган сарыг харж байна уу. Сарыг тойроод од харагдаж байна” хэмээн ярьцгааж байв. Энэ үзэгдлийн талаар Одон орон, геофизикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Тунгалагаас тодрууллаа.
-Өнөөдөр (өчигдөр) Сугар гариг нарны дэргэдүүр өнгөрч байгаа учраас тэнгэрт нар, сар зэрэг харагдсан байх. Сугар гариг нартай ойр мэт бидэнд харагдсан ч үнэн хэрэгтээ нарнаас хамгийн холдож байсан үе. Харин сар үүрээр Сугар гаригийн урдуур өнгөрч байгаа. Ер нь наймдугаар сарын дунд үе буюу 10-15-нд иймэрхүү үзэгдэл ажиглагддаг. Гэхдээ энэ жилийн хувьд харьцангуй тод харагдсан юм шиг байна.
-Дахин ийм үзэгдэл давтагдах уу?
-Маргааш (өнөөдөр) үүрийн 03- 04 цагийн үед илүү тод харагдаж магадгүй. Байрлал нь тэгж таарч байгаа. Гэхдээ энэ үед сар Сугар гаригаас холдсон байна. Өнөөдөр (өчигдөр) Сугар гариг нарны баруун талд гарсан учраас бараг харагдахгүй байна. Иймэрхүү үзэгдлийг манайхан сайн, муу янз бүрээр хэлдэг юм билээ. Ингэх шаардлагагүй. Энэ бол жам ёсны тохиолддог л үзэгдэл хэмээв. Мөн энэ талаар тус төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Д.Батмөнхөөс тодруулахад “Бид гадаадын стан цуудаас авсан зургийг харахад гойд сонин зүйл ажиглагдсангүй. Энэ нь агаар мандалтай холбоотой үзэгдэл байх. Наран дээр болдог зүйл хүний нүдэнд төдийлэн харагддаггүй” гэлээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна