“Рок, поп оддын их хуралдай” болно

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 14 -нд

120 хөгжимчний бүрэлдэхүүнтэй “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал” байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2005 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр гарч, тус найралыг Монгол Улсын ҮДБЭЧуулгын “Үндэсний хөгжмийн их найрал”-д тулгуурлан байгуулжээ. Дээрх зарлигтай холбогдуулан Үндэсний их баяр наадам, нийтээр тэмдэглэх баярын төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, төрийн үндэсний дипломат ёслолын үеэр эгшиглүүлж хэвшүүлэн олон зууны тэртээгээс хадгалж ирсэн үндэсний соёл, төрт ёсны түүхэн уламжлалаа сэргээн тогтоож хэвшсэн юм. Тиймээс, 1962 онд бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулан Үндэсний найрал хөгжмийн концертыг бүтээсэн хугацаанаас  чуулгын Үндэсний хөгжмийн их найрал түүхийн хуудсыг тоолох болжээ. Ийнхүү өдгөө үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойтойгоо золгож байгаа энэ өдрүүдэд Үндэсний хөгжмийн их найрал рок, поп дуучидтай хамтран Соёлын төв өргөөнд наймдугаар сарын 25-нд 19.00 цагаас “Рок, поп оддын их хуралдай” тоглолтыг хийх гэж байна. Уг тоглолтод “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп хатагтай Т.Ариунаа, “Никитон” хамтлагийн ахлагч Ц.Батчулуун, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, хөгжмийн зохиолч А.Чинбат, хийлч Ч.Дэлгэрцэцэг нарын уран бүтээлчид оролцох ажээ.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна