Ах дүү Тод Манлайн “төрсөн өдөр”

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 07 -нд

Энэ сард “Макс” групп 20 насны төрсөн өдрөө тэмдэглэж байгаа билээ.  Энэ сарын 3-нд Соёлын Төв Өргөөнд Максийнхан халуун бүлээрээ цуглан өнгөрсөн 20 жилд хийж бүтээсэн амжилт бүтээлээ дүгнэн хэлэлцжээ.
Анх хоёр  гишүүнтэй байгуулагдаж байсан “Дөргөн” ХЭАА нь өнөөдөр 2000 гаруй ажиллагсадтай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, барилга,  уул уурхай, газар тариалангийн 10 гаруй салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын нэр хүнд бүхий групп болсныг хурсан олон санал нэгтэйгээр ярьцгааж байлаа. Ийнхүү баяр талархлын үгсээр бялхсан төрсөн өдрөөр тус хамт олны дундаас “Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан”, “Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”, “Тэргүүний барилгачин”, “Санхүү банкны тэргүүний ажилтан”, Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, “Хөдөлмөрийн алдар” медаль,  “Тэргүүний тариаланч залуу” медаль, “Тэргүүний малчин залуу” зэрэг медалиудаар 114 хүн шагнагджээ.
Мөн “Макс” Группт 10 ба түүнээс дээш жил тогтвортой ажиллаж байгаа 45 ажилтнаа  бүгдийг нь “Гадаадад аялах эрхийн бичиг”-ээр шагнаж, хоёр ажилтанд орон сууц бэлэглэж, 18 ажилтанд орон сууц худалдан авахад нь 10-25 сая төгрөгийн хөнгөлөлт, 17 ажилтанд хашаа байшин худалдан авахад нь зориулан 5-6 сая төгрөгийн хөнгөлөлт, 4 ажилтанд Монгол гэр өгч нийт 50 шахам ажилтныхаа ахуй амьдралд дэмжлэг үзүүлэхээр шагнаж урамшуулав. Ийнхүү нижгэр эхэлсэн төрсөн өдрийн ёслолын ажиллагаа энэ хагас сайнд буюу наймдугаар сарын 11-нд Хүй долоон худагт  үргэлжлэх ажээ. Монгол ёс заншлаа эрхэмлэдэг Тод манлай нар энэ удаад эрийн гурван наадам зохион байгуулж байгаа юм.  Юутай ч морьтой, суртай, бөхтэй Максийн  наадам   сонин сайхан дүүрэн байх бизээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна