Ч.Санжаадамба Сүхбаатар аймгийн наадамд түрүүлжээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 30 -нд

Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, "Зүүн бүсийн хурд-2012" наадам  Баруун-Урт хотод  долдугаар сарын 28-29-ний өдрүүдэд  боллоо. Сүхбаатарын 70 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр, Д.Азжаргал, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Бумбаяр, Ч.Батзориг, Ч.Санжаадамба нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглож, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Хангарьд” спорт хороо, "Ажнай" групп, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын заан Ч.Санжаадамба ес даван түрүүлжээ.

Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн арслан Ба.Батжаргал аймгийнхаа баяр наадамд үзүүрлэж, хурц чимэг хүртсэн бол шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Сүлд” спорт хороо,  "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Х.Мөнхбаатар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, "Таванхан" дэвжээний бөх, улсын арслан Г.Эрхэмбаяр нар үлджээ.

 Харин шөвгийн наймд Говь-Алтай аймгийн харьяат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Б.Отгонбаатар, Сүхбаатар аймгийн  Дарьганга сумын харьяат, аймгийн начин Гансүх, Онгон сумын харьяат, сумын заан Номиндалай нар үлдэж, аймгийн начин Гансүх, сумын заан Номиндалай нар аймгийн харцага цол хүртсэн байна. Түүнчлэн шөвгийн 16-д үлдсэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, сумын заан Баасанбат, Батболд, Сэлэнгэ аймгийн харьяат, сумын заан Болдбаатар нар аймгийн начин цол хүртсэн байна. Ийнхүү Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2012 наадмаас хурц арслан нэг, аймгийн харцага хоёр, аймгийн начин цолтон гурав, нийтзургаан  шинэ цолтон төрсөн байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна