Сурын холбооны хүндэт ерөнхийлөгч С.Батхуяг: Залуучууд хүч түрсэн сайхан харваа боллоо

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 26 -нд

-Сайхан наадаж байна уу? Энэ жилийн үндэсний сурын харваа ямар онцлогтой болж байна вэ?
-Ардын хувьсгалын 91-н жилийн ойн их баяр наадмын үндэсний сурын харваа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн хувьд залуу хүмүүс их оролцож байгаа нь харагдаж байна. Залуучууд сайн ч харваж байна. Гурван төрлийн харваанд нийтдээ 500-аад тамирчид цэц мэргээ сорьлоо. Халх харвааны хувьд шинэ мэргэнүүд төрөх магадлал их өндөр байсан. Шинэлэг зүйл гэх юм бол хамгийн өндөр оноотой, түрүүлэх болон эхний тавд орох магадлалтай  найман харваачийг шигшээ болгон үлдээж, сүүлийн дөрвөн сумыг нь тавиуллаа.
-Шигшээ наймын хувьд сүүлийн дөрвөн сумыг тавих нь хамгийн чухал үе?
-Тиймээ. сүүлийн дөрвөн суманд дөрвөн сумны зөрүүтэй түрүүлж яваа хүнийг яг түрүүлнэ гэж хэлж болдоггүй. Өмнө нь Даваахүү мэргэн, Нямсүрэн мэргэн хоёр дөрвөн сумны зөрүүтэй явж байгаад Даваахүү мэргэн нэг оноод л түрүүлэх байсанд Нямсүрэн мэргэн гүйцэж түрүүлсэн тохиолдол бий. Нямсүрэн мэргэн гүйцэж түрүүлээд товх харваад, Даваахүү  мэргэн оноогүй түүх байдаг юм. Тиймээс сум илүү яваа хүнийг түрүүлнэ гэж хэлэхэд хэцүү л дээ. Дөрвөн сумнаас их юм харагдана.
-Сурын харваанд ямар нэгэн будлиан маргаан гарах нь ховор байдаг. Энэ жилийн хувьд?
-Ер нь асуудал гардаггүй л дээ. Бага сага оноо зөрсөн зүйл бол байдаг. Самбараа босгоод, үе эхэлчихээр аяндаа жмгдрээд явчихдаг. Ямар нэгэн будлиан маргаангүй сайхан наадам болж өнгөрлөө.
-Ярилцсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна