Урианхай сурын улсын аваргууд тодорлоо

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 26 -нд

Монголын Урианхай сурын холбоо, Ховд аймгийн БТСТ, Ховд аймгийн Урианхай сурын зөвлөлөөс хамтран зохион байгуулж буй “Урианхай сурын улсын аварга шалгаруулах” тэмцээн 2012 оны 7-р  сарын 24-өөс 25-ны өдрүүдэд Ховд аймагт амжилттай сайхан зохиогдож өнгөрлөө. Тус тэмцээн нь 22 жилийн түүхтэй бөгөөд багийн болон цуваа харваа гэсэн хоёр төрлөөр зохиогдсон юм. Багийн харваанд нийт 10 баг өрсөлдөж, 100 гаруй харваач цэц мэргээ сорьсон уг наадмын шагналын  сан 6 сая 500 мянга байлаа. Урианхай сурын улсын аварга шалгаруулах багийн харваанд Урианхай сурын эрхий мэргэн Ч.Жамбал ахлагчтай Баян-Өлгий аймаг түрүүлж, сая 800 мянган төгрөгний шагналыг хүртлээ. Хоёрдугаар байранд Спортын мастер Г.Лхагвасүрэн ахлагчтай Ховд аймгийн 1-р баг орж, сая 200 мянган төгрөгөөр шагнуулсан. Урианхай сурын улсын Мэргэн Ч.Одонгэрэл ахлагчтай Улаанбаатар  хотын баг гуравдугаар байранд орж 600 мянган төгрөгөөр байлууллаа. Насанд хүрэгчдийн цуваа харваанд мөн л 100 гаруй харваач сум тавьснаас Урианхай сурын улсын Мэргэн О.Эрдэнэбилэг 30 сумнаас 25 онож хараа хурц, онч мэргэн түрүүллээ. Удаах байранд улсын баяр наадмын хүүхдийн харваанд түрүүлсэн Спортын мастер Б.Тэнгисболд 24 сум онож орлоо. Гуравдугаар байрыг Спортын мастер З.Нямсүрэн 23 сумаар эзэллээ. Спортын мастер Г.Лхагвасүрэн, Спортын мастер П.Галхүү нар 22 оноогоор тэнцэж 4-р байрын төлөө товх харвалаа. Товхонд Спортын мастер П.Галхүү оносон юм. Уг наадмаас Спортын мастер цолоор зургаан хүн, спортын дэд мастер цолоор нэг хүн шагнадсан билээ. Ийнхүү жил бүр уламжлал болон явагддаг урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн цэц мэргэн харваачдын онч мэргэн харваагаар дүүрэн сонирхолтой болж өнгөрлөө.

Ш.Бадмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна