Монгол улсын гарьд Д.Рагчаа: Амжилт маань чансаатай урагшилж байгаад баяртай байгаа

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 16 -нд

Төрийнхөө их баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд  үзүүрт түрүүнд үлдэж уран мэхийг уралдуулан үзүүрлэсэн Улсын гарьд Д.Рагчаад  Архангай аймгийн нутгийн зөвлөлийнхөн уяачдын наадмаар баяр хүргэж, бэлэг болгон Ланд 200 машин бэлэглэлээ.  Шинэхэн машиныхаа түлхүүрийг гардан авсан гарьд Хүй долоон худагт цугласан наадамчин олонтой мэндчилсэн юм. Энэ үеэр бид түүний баярын сэтгэгдлээс хуваалцлаа.
Энд  сонирхуулахад  улсын таван цолыг алгасан арслан цолонд хүрсэн П.Бүрэнтөгсөд Увс нутгийн зөвлөлийнхөн нь лексус-570 машин  бэлэглэж арслан цолыг нь мялаасан юм. Харин UFC групп шинэ арсланд гурван өрөө байр бэлэглээд байна.
-Монгол улсын гарьд болсон танд баяр хүргэе?
-Баярлалаа.  Бөхөд хорхойтой монгол түмний баяр хүргэсэн мэндчилгээ 12-ны оройноос хойш тасралтгүй ирж байна. Нутгийн зон олон, Архангай нутгийн зөвлөлийнхөн болон Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ганболд  захиралдаа баярлалаа. Миний бүтэн жилийн хөдөлмөрийг маань үнэлэн, хурдан хөлөгөөр мялаасанд баяртай байна.
-Хэд дэх жилдээ үндэсний бөхөөр барилдаж байна вэ?
-1993 оноос хойш 19 дэх жилдээ Үндэсний бөхөөр хичээллэн барилдаж байна. Анх “Их шавь”-ийн дээд сургуульд оюутан болж орсноор  бөхийн гараагаа эхэлж байснаас хойш хэдийнэ  хорин жил болох гэж байна. Энэ хугацаанд улсын цолыг начин, харцага, заан, гарьд гэсэн дарааллаар авч байна. Амжилт маань чансаатай урагшилж байгаад би их баяртай байгаа. Цаашид илүү хичээн барилдах болно гэж амлая. Цол дагаж бяр гэдэг дээ.
-Үзүүр түрүүнд барилдаж байхад эмнэлгийн анхны тусламж хэд хэдэн удаа авсан. Яг юу болсон юм бэ? 
 -Тамирчин хүний бэлтгэл сургуулилтаас шалтгаалаад шөрмөс татах явдал их гардаг шүү. Үнэндээ бас л ширүүн тэмцэл болсон л доо.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна