Урианхай сураар эхэлсэн улсын наадам

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 16 -нд

Нар нь  тэнгэртээгээ сүлэлдэж, намираа хураар газар дэлхий ундаалсан наадмын хэдэн өдрүүд монгол түмний сэтгэлийн хойморт эргэн, эргэн дурсагдахаар энгүй өргөн дэлгэр, сайхан болж өнгөрлөө. Олон зууны тэртээх омголон монголчууд дэлхийн дайдыг тахир нумаараа хэмжин, дээдсийн сүлдэн доороо хүн төрөлтнийг нэгтгэсэн билээ. 800 жилийн тэртээ Хавт Хасарын дүү, Чингис хааны ач хүү Есүнгэ мэргэн 335 алд /502метр/ газраас харваж байгаа онож түүхэнд бичигдэн үлдсэн байдаг. Тэрхүү дээд амжилтыг хөшөө чулуунд сийрүүлсэн нь өнөө Чингисийн чулууны бичиг хэмээн алдаршсан ажуу. Ийн эртнээсээ уламжлалтай нум сум  харвааг эрийн гурван наадмын нэг хэмээдэг нь ч учиртай. Төв ази, түүний дотор Монголын өргөн уудам нутагт оршин амьдарч байсан хүмүүс нум сумыг амьдрал ахуйдаа олон мянган жилийн тэртээгээс эхлэн хэрэглэж иржээ. Нум сумыг амьдрал ахуйдаа, дайн тулалдаанд ч монгол эр хүн, тэр ч байтугай бүсгүй хүн чадамгай эзэмшдэг байсан гэдэг. Өөрөөр хэлбэл нум сумыг ан агнуур, цэрэг дайны, зэвсэгийн зориулалтаас гадна хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх, цэрэг эрсийн харваж намнах ур чадварыг хөгжүүлэх, шалгаруулах зорилготойгоор бай харваж наадах, тэмцэх үйл ажиллагаанд хэрэглэж ирсэн түүхтэй. Морьтон монголчууд нумаа үүрээд мордоход хэнд ч дийлдэдгүй байсан учраас манжийн үеэс нум сум харвахыг хатуу хориглосон гэдэг. Харин өнөө бид дайн тулаангүй, амар амгалан аж төрөх болсон тул нум сумаараа цэц мэргээ үзэж, ард олноо цэнгүүлэн спорт болгон хөгжүүлэх талдаа орж байгаа юм. Их монгол улс байгуулагдсаны түүхт 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадмын салхийг хагалж урианхай сурын харваа болсон. Энэхүү харваанд  эр хүний наадам гэдэг утгаараа дан эрчүүд харвадаг билээ. Таван зурхайг дүүргэсэн 100 гаруй харваачид цэц мэргэ, ур ухаанаа сорьсон бөгөөд гучин сум тавьснаас 28 сумыг онож, Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат улсын Хошой мэргэн М.Батгэрэл түрүүлэн урианхай сурын Дархан мэргэн цолыг хүртсэн юм. Тэрээр урианхай сурын дээд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоож байгаа ясны харваач аж. Энэ жилийн урианхай харваа нь харваачдын оролцоо их, харваачдын оноо өндөр байсан гэх мэт онцлогтой болж өнгөрчээ. Уг тэмцээнээс долоон дэд мастер, таван мастер, нэг дархан мэргэн төрсөн билээ.

Будар будар салхитай “Буриад сур”-ын харваа
Цэц мэргэн харваачдын уухайн түрлэг үргэлжилж, цэнгэл баярын дээдийг үзэгч олондоо хүргэсэн наадмын хоёр дахь өдөр буриад сурын харваагаар үргэлжилж, эрхий мэргэчүүд эр бяр, ур ухаанаараа өрсөлдсөн билээ. Буриад сурын харваанд 140 –н харваач сум тавьснаас 120 нь эрэгтэй харваачид байсан юм. Эртнээсээ нааш уламжлалтай энэхүү харваанд урианхай, халх сурыг бодвол хамаагүй олон буюу 64 сум тавьдгаараа онцлогтой билээ. Хувьтай хүн хур борооноор гэдэг шиг энэ жилийн наадмаар тэнгэр бурхан түмэн олныхоо их наадмыг ивээж бороо хураа харамгүй хайрлаж байсан бөгөөд долоон өдөр үргэлжилсэн сур харвааны тэмцээн бүр тэнгэрт тэтгэгдэж байсан билээ. Буриад сурын харваа эхлэхэд л бороо дусагнаж, будар будар салхи сэвшиж, булган сүүлтэй мэргэчүүдийнхээ шийрийг хатаах олон харваачид одтой сайхан наадсан. Энэ удаагийн буриад сурын харваанд эрэгтэй харваачдаас Дорнод аймгийн Баяндун сумын харъяат Баян- Уул аймгийн суугуул ”АШ-Авгат” компанийн харваач, улсын мэргэн О.Сүхбаатарын сум оночтой, хараа цэцэн байж 64 сумнаас 59-г онож урамтай сайхан түрүүллээ. Удаах байранд уухайн түрлэг хүлгэлж Баян-Өлгий аймгийн Бугат сумын харъяат Д.Нямсүрэн 56 онож, буриад сурын харвааны дэд мастер цолоо давтсан амжилтыг үзүүлсэн билээ. Алдар хороо, Жем-Интернэшнел компанийн харваач Б.Батбаатар 53 онож мөн л дэд мастер цолоо баталж, дэлгэр сайхан наадмыг чимлээ. Эр зоригийн энэхүү наадамд уяхан гар, турьхан биетэй ч  эрчүүдээс дуталгүй харваж, уран ухаан, хурц хараа, онч мэргэнээ харуулсан харваа бол яах аргагүй буриад сурын эмэгтэй харваачдын гаргасан амжилт байлаа. Улсын Мэргэн С.Энхтунгалаг 64 сумнаас 53-г оносон нь эрмэг гоо бүсгүйчүүдийн эрхий мэргэний баталгаа боллоо. Хоёрдугаар байранд спортын дэд мастер Ч.Гандаваа мөн 53 оносон ч чанараараа удаалсан байна. Гуравдугаар байранд улсын Мэргэн  Б.Бүтваа 52 сум онож цэц мэргэн бүсгүйчүүдийн чансааг тодорхойлсон юм.
Гурван настнаас Гарамгай мэргэн өвөөг хүртэлх “Халх харваа”
Их монгол улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ой, үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа мөн л үзэгч олон түмнийхээ уухайн түрлэгээр эхэлсэн билээ. Их баяр наадмын нээлтийн ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд С.Батболд болон бусад зочид, төлөөлөгчдийн хамт сурын талбайд зочлосон. Ирсэн зочдод Монголын уламжлалт морин харвааг сонирхуулж, морьтон залуус морин дээрээс дуут сум тавин, байт харваачид цэц үзүүллээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч уламжлал ёсоор дөрвөн сум тавьж нэг нь байг оносон бэлэгшээлтэй үйл болсон билээ. Түүний хамт төрийн өндөрлөгүүд болон УИХ-ын зарим гишүүд сум тавьж харагдана лээ. Энэ жилийн үндэсний сурын харвааг сонирхох үзэгчдийн суудал битүү байж, үзүүштэй сайхан харвааг эрхий мэргэн харваачид маань үлгэр жишээ харуулсан юм. Наадмын өнгийг тодорхойлсон настан буурлууд залуу үеэсээ алхам ч хоцролгүй зурхайн эхээр эгнэж, сурын спортоор хичээллэсний сайн сайхан давуу чанаруудыг өөрсдийн эр чадал, цэц мэргэн хараа, тэнхлүүн нас биеэрээ үлгэрлэн зогсох шиг санагдсан. Гурван настай Ц.Сансармаа охиноос авахуулаад ерэн насны босгон дээр яваа гарамгай мэргэн А.Цэвээн нарын 300 гаруй харваачид эрхий мэргээ сорьсон билээ. Үндэсний сурд 40 сум тавьдаг бөгөөд харваачид  36-г нь тавьж, түүн дотроосоо хамгийн өндөр оноотой найман харваачийг шигшиж үлдээсэн билээ.  Үлдсэн дөрвөн сумаараа  шигшээ найман харваач нь цэц мэргээ сорьсон. Шилдэг найман харваачид  37 оноогоор Гоц мэргэн Ц.Хүдэрчулуун, спортын мастер Н.Өлзийбилэг, улсын мэргэн Л.Отгонбаяр, 35 оноогоор спортын дэд мастер Б.Амарсайхан, спортын мастер О.Сүхбаатар, 34 оноогоор Ч.Одонгэрэл, спортын дэд мастер Ж.Мягмар, улсын Мэргэн З.Сүлдболд нар тунаж үлдэнэ билээ. Эрэгтэй 190 гаруй харваач оролцсоноос Гоц мэргэн А.Хүдэрчулуун, спортын мастер Н.Өлзийбилэг, улсын Мэргэн Л.Отгонбаяр нар 37 оноогоор товх харваж, Гарамгай мэргэн А.Цэвээний хүү Хүдэрчулуун энэ жилийн харваанд түрүүлэн, аавынхаа шийрийг хатааж Гарамгай мэргэн цолыг хүртлээ. Хоёрдугаар байрын төлөө спортын мастер Н.Өлзийбилэг, улсын Мэргэн  Л.Отгонбаяр нар товх харваж, спортын мастер  Н.Өлзийбилэг амжилттай харвасан юм. Ийнхүү улсын мэргэн Л.Отгонбаяр гурвалж, дөрөвдүгээр байрын төлөө үлдсэн таван харваач ур мэргээ сорилоо. Спортын дэд мастер Ж.Мягмар дөрөвдүгээр байранд орон, мастер цолны болзол хангаж, улсын Мэргэн О.Сүхбаатар тавдугаар байранд орлоо. Харин эмэгтэй харваанд 80-н харваач цэцээ сорьж, улсын Мэргэн Х.Оюунчимэг, спортын мастер Н.Өлзийханд, спортын мастер М.Цэцэгмаа нар 36 оноогоор тэнцэж, товх харван улсын Мэргэн Х.Оюунчимэг түрүүлэн, Хошой мэргэн цолыг хүртлээ. Хоёрдугаар байрыг спортын мастер Н.Өлзийханд хүртсэн бол гуравдугаар байранд  спортын мастер М.Цэцэгмаа орсон. Дөрөвдүгээр байранд улсын мэргэн С.Баярмаа, тавдугаар байранд спортын дэд мастер Ч.Гандаваа нар орсон билээ. Ийнхүү сумнаасаа гал бадартал харвах, эрхий мэргэчүүдийн нэгэн наадам дуулгах сонинтой, дундаршгүй олон харваачидтайгаар сайхан болж өнгөрлөө.
Хамгийн бяцхан харваач гурван настай

Үндэсний сурын харвааны нэгэн сонирхолтой хэсэг бол яах аргагүй 3-8 насны хүүхдийн харваа байсан. Найман настнаас наян настан хүртэл гэж монголчууд ярилцдаг. Гэтэл сурын спортод насны хязгаар гэж байдаггүйн амьд жишээ бол гуравхан настай Ц.Сансармаа охин, 89 настай гарамгай мэргэн А.Цэвээн өвөө нар юм. Арван бяцхан харваач нас насандаа зориулсан зайнаас найман сум тавьж цэц мэргээ сорьсон билээ. Найман настай хүү Ц.Тэмүжин шав хийтэл нумаа татаж, тас хийтэл сумаа тавьж онилсон газраа одтой гэгч нь харваж дөрвөн сумаар түрүүлсэн. Түүний араас хамгийн бяцхан хэрнээ ганцаархнаа эмэгтэй харваач нь байсан Ц.Сансармаа охин гурван сумаар удаалсан. Гуравдугаар байранд дөрвөн настай Б.Билэгт, дөрөвдүгээр байранд долоон настай О.Тамир нар бяцхан нумаа эвшээлгэж, билгүүн сумаа тавьсан юм. Харин айргийн тавд найман настай З.Очирбилэгт орж цэц мэргээ үзэгч олонд гайхуулсан. Бяцхан харваачдын цэцийг үзсэн хүмүүс өхөөрдөн дуу алдацгааж, ирээдүйн их мэргэн харваачдаараа бахархаж, баярлаж байсан билээ.

Зэрэгцэн харвалдах зэвт харваа
…Монгол улсыг Манжаас тусгаарлах хүртэл  Монголчууд нум сумаа зэвсгийн шинж чанартай хэмээн хориулж, хэрэглэхийг больсон байсныг эрдэмтэн зохиолч О.Намнандорж "Манж улсад дагаар орсноос хойш үндэсний биеийн тамирын чухал сурлага бүрэн унтрав" гэж тэмдэглэсэн байдаг. “Монгол хүнийг морь, нум сум хоёртой нь хамт байлгавал хүн төрөлхтөн тэдний эрхшээлд орно, тиймээс нум сумыг хорьсугай” хэмээсэн манжийн хааны нууц зарлиг түүхнээ байх. Гэхдээ тэр үед зөвхөн баяд, ноёдын найр наадам, овоо тахилгад сур харвахыг зөвшөөрч, манжийн сүүлчийн хааны буюу Бадаргуултын II онд сурын харвааны дүрэм гарч, харваачдад "Галт мэргэн", "Тод мэргэн" зэрэг цол олгож байсан тэмдэглэл бий ажээ. Морин дээрээс дуут сумаар харвадаг байсан нум сум өнөө спортын шинж чанартай болон хөгжиж байгаа бөгөөд зэвт харвааг жилдээ нэг уламжлан зохион байгуулдаг болсон билээ. “Цагаан шонхор” холдингийн захирал Ч.Энхтайвны санаачлагаар таван жилийн өмнөөс харваачдын баяраар зохиогдох болсон бөмбөг намнах буюу зэвт харвааны тэмцээн  энэ жил ч мөн амжилттай сайхан зохиогдсон юм. Харваачдын хэллэгээр “бөмбөг намнах” хэмээдэг уг тэмцээнд 100 гаруй харваачид эрхий мэргээ шалгасан. Газраас 1.5 метрийн өндөрт байрлах 30 диаметрийн хэмжээтэй элсээр дүүргэсэн арьсан бөмбөгийг 50 метрийн зайнаас зэвт сумаар харвасан юм. Уг харвааны дүрэм нь сум бөмбөгөнд зоогдож үлдэх ёстой бөгөөд шүргэсэн, нэвт сүлбэж гарсан тохиолдлыг оноогүйд тооцдог ажээ. Уг тэмцээний зорилго нь харваачдыг өндөр үнэлэмжинд хүргэх, тэдний хөлс хөдөлмөрийг үнэлэх болон монголынхоо гайхамшигт уламжлалт өв соёлыг хадгалан өвлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор явуулдаг билээ. Энэхүү наадмыг “Харваачдын баяр” хэмээн нэрлэдэг боловч энд наргиж цэнгэх биш цор ганц шилдгийн шилдэг харваачийг тодруулах, хөхүүлэн дэмжиж, алдаршуулах үйл юм. Тиймдээ ч түрүүлсэн нэг л хүнийг “хоншоортой” гэгч нь шагнадаг уламжлалтай. Өмнөх жилүүдэд ганцхан нэгдүгээр байрыг 20 саяар байлж, 2-р байрыг нэг сая, 3-р байрыг таван зуун мянгаар байлж байсан тэр үед гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун түрүүлж байжээ. Зэвт сумаар бөмбөгийг харвадаг учраас зэвсгийн шинж чанартай хэмээн олны хөлөөс зайдуухан газар зохион байгуулдаг учиртай юм. Энэ удаагийн “Бөмбөх намнах” харваанд харваач тус бүр арван сум тавьснаас Хэнтий аймгийн уугуул спортын мастер Р.Амарболд 9-н сумаар түрүүлж 10 сая төгрөгний эзэн боллоо. Хоёрдугаар байрын төлөө энэ жилийн үндэсний сурын эмэгтэй харваанд түрүүлж улсын Хошой мэргэн цол хүртсэн  Х.Оюунчимэг, спортын мастер Б.Хатансайхан нар 8-н оноогоор тэнцэж товх харвасан. Товхонд улсын Хошой мэргэн Х.Оюунчимэг урамтай сайхан харваж, хоёрдугаар байрны эзэн болсон бөгөөд  хоёр сая төгрөгөөр шагнуулсан юм. Гуравдугаар байранд орсон спортын мастер Б.Хатансайхан сая таван зуун мянгаар, дөрөвт орсон спортын мастер Б.Сугир сая төгрөгөөр, тавдугаар байранд орсон урианхай сурын улсын мэргэн Ж.Мягмар таван зуун мянган төгрөгөөр тус тус шагнууллаа. Мөн оносон сум бүрийг нэгийг нь л хорин мянгаар үнэлсэн бөгөөд олон харваачид онооныхоо шагналыг хүртсэн. Монголын үндэсний сурын спорт холбооны ерөнхийлөгч Ч.Энхтайван, дэд тэргүүн Б.Батням, “Бурхан халдун” группын ерөнхийлөгч Н.Мөнхдаш нар уламжлал ёсоор ивээн тэтгэж, шагналыг гардуулсан юм. Тэмцээний дараагаар сурын холбооны ерөнхийлөгч дэд тэргүүнтэйгээ бооцоотой харваж, Ч.Энхтайван бөмбөгийг онож бооцоогоо авсан. Бооцооны мөнгө болох 120.000  төгрөгийг   “хүүхдийн харваанд түрүүлсэн хоёр харваачид хувааж өгөөрэй” хэмээн МҮСХ-ны нарийн бичгийн дарга Ж.Нямдаваад гардуулсан юм. Ийнхүү Их монгол улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнүүд амжилттай сайхан зохион байгуулагдаж өнгөрсөн билээ. Монгол соёл, түүхийн их өв болсон нум сумаараа бид дэлхийг талыг эзэлж явснаа өнөөгийн монгол түмэн мартах учиргүй. Монгол сурын харвааг түгээн дэлгэрүүлж, хөгжин бадруулах их үйлийг үүрч яваа МҮСХолбоо  болон нийт харваачдаараа бид бахархаж, тэднээсээ суралцах нь бидний эрхэм нандин үүрэг билээ.

Ш.Бадмаа

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна