Ерөнхийлөгч сурын талбайд зочиллоо

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 11 -нд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын дараа Ерөнхий сайд С.Батболд болон бусад зочид, төлөөлөгчдийн хамт сурын талбайд зочлов. Ирсэн зочдод Монголын уламжлалт морин харвааг сонирхуулж, морьтон залуус морин дээрээс дуут сум тавин, байт харваачид цэц үзүүллээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч уламжлал ёсоор сум тавив. Ерөнхийлөгч гурван сум тавьснаас нэг нь байгаа онолоо. Түүний хамт төрийн өндөрлөгүүд болон УИХ-ын зарим гишүүд сум тавьсан юм.

Энэ жилийн сурын наадам уламжлал ёсоор долдугаар сарын 7-нд урианхай сурын харваагаар эхэлж, 8-нд буриад сурын харваа болсон юм. Харин 9-нд хүүхдийн сурын харваа болсон бол өчигдөр халх харваа буюу Үндэсний сурын харваа нээлтээ хийж, нийт харваачид 16 сум тавьжээ. Өнөөдөр халх харваа үргэлжилж байгаа ба сүүлийн дөрвөн сумыг тавих юм байна. Энэ жилйин баяр наадамд хүүхэд болон насанд хшүргэчид гээд нийт 360 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байгаа аж.

Насанд хүрэгчдийн харваанд Улсын мэргэн 29, Спортын мастер 120, 100 гаруй залуу харваач өрсөлдөж байна. Өнөө жилийн баяр наадмын сур харваанд хамгийн бялчир нь таван настай хүү, хамгийн ахмад 90 нас зооглож буй Гарамгай мэргэн А.Цэвээн гуай байлаа.

Г.ДАША

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна