Аймгийн Алдарт уяач Т.Ганзориг: Улсынхаа наадамд хоёр морьтой ирээд шүдлэнгээ айрагдууллаа

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 10 -нд

-Төрийнхөө наадамд шүдлэн айрагдуулсан танд баяр хүргэе? Баярынхаа сэтгэгдлээс бидэнтэй хуваалцаач?
-Баярлалаа. Баяр наадам сайхан болж байгаад сэтгэл өег байна шүү. Манай Өвөрхангайн  санаа нийлсэн залуу уяачид түрүү жил хоёр түрүү, таван айрагтай ганзага дүүрэн буцаж байлаа.  Энэ амжилтандаа урамшсан бид  түрүү жилийнхээ эрчээр ирсэн нь энэ.  Бидний хувьд анхныхаа айрагийг хүртсэндээ баяртай байна.
-Сүүлийн гурван жил дараалан улсын наадамд морь айрагдуулж шаггүй нэгэн болохоо харуулж амжсан?
-Тийм шүү. Олон түүхт ой давхацсан жилээр  төрийнхөө наадамд соёолон айрагдуулж байсан маань бяр амтагдсан сайхан өдрүүдийн нэг мөн билээ. Сүүлийн гурван жил дараалан морь айрагдууллаа.  Бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж суух шиг жаргал хаа байх билээ. Ийнхүү  амжилтынхаа цувааг үргэжлүүлэн өөрийнхөө унаган адуугаар айраг хүртсэндээ баяртай байна.
-Хар үрээгээ түрүүлнэ гэхэд итгэлтэй байв уу? Хар үрээ өмнө нь ямар амжилт гаргаж байв?
-Миний хар үрээ Говь шанхын наадамд долоолж байсан. Өнөө өглөө хар үрээгээ хараад сэтгэлд багтаад байсан юм. Таамаг маань алдаагүй байлаа.
-Хэдэн насны морьдтой ирсэн бэ?
-Төрийнхөө наадамд хязаалан, шүдлэн хоёртой ирээд шүдлэнгээ айрагдуулчихлаа. Хязаалан маань 16-аар ирсэн.
-Өвөрхангайгаас хэдүүлээ ирсэн бэ?
-Өвөрхангайн Арвайхээр, Уянга, Тарагт, Баянгол, Сант сумын арав гаруй уяач 40, 50 морьтой  улсынхаа наадамд оролцохоор ирсэн маань энэ. Өглөөд арваад хязаалангаа мордууллаа. Бүгд 10-20 дотор ирцгээсэн. Манай адуу хурдан байна. Уяачид маань ч өнгөтэй байгаад бид сэтгэл  өөдрөг байна.
-Сүүлийн асуултыг танд үлдээж байна?
-Уяачид бидэнтэй холбоотой байж амжилт бүтээлийг маань хуваалцаж байдаг “Тод магнай” сайтын хамт олондоо баярлалаа.  Монгол түмэн маань сайхан наадаарай.

П.Ундармаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна