Багшийн эрдэм шавиас

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 09 -нд

Урианхай сурын харвааны үзүүр түрүүг булаалдсан хоёр бол багш шавь нар байсан юм. Аргагүй л багшийн эрдэм шавиасаа гэж. Адилхан 28 онож, товх харван  эр ухаан, цэц мэргээ гайхуулсан улсын Мэргэн М.Батгэрэл, Урианхай сурын улсын мэргэн Ж.Мягмар нартай уулзаж баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Улсын хошой мэргэн, урианхай сурын дархан мэргэн, буриад сурын  хошой мэргэн

М.Батгэрэл: Өмнөх амжилтаа эвдэж чадлаа
-Урианхай сурын харваанд түрүүллээ. Сэтгэгдлийг тань сонсъё?
- Түрүүлсэндээ баяртай байна. Энэ жил урианхай харваанд гуравдахаа түрүүлж дархан мэргэн боллоо.
-Таныг урианхай сурын харвааны рекордыг шинэчлэн тогтоогч гэдэг юм билээ. Өнөөдөр бас рекорд тогтоочих шиг болсон?
-Тиймээ. Би 2007 онд 27 онож түрүүлсэн юм. Тухайн үед дээд тал нь 26 оносон байсныг эвдсэн л дээ. Өнөөдөр 29 болгоё гэж зорисон ч  чадсангүй. Гэхдээ 27-гоо 28 болгоод шинэчлэн түрүүлчихлээ.
-Анх хэзээнээс харваж эхэлсэн бэ? Урианхай сурыг хамгийн хүнд нь гэж байсан?
-1993 оноос хойш хичээллэсэн. Ер нь манай урианхайчуудын нэг онцлог бий. Хүүхэд байхаасаа авахуулаад сур харваж эхэлдэг. Уламжлал болгон цагаан сарын шинийн 3-аас эхэлж харваж эхэлдэг  юм. Гурван наснаас нь хойш хавчаахай нум хийж өгөөд харвуулаад сургачихдаг. Урианхай хүмүүс дотор харвадаггүй хүн гэж байхгүй л дээ. Миний хувьд оюутан,  цэрэг гэж яваад дунд нь завсардсан үе бий. Урианхай сурыг харвахын тулд мэдээж хүчтэй байх хэрэгтэй. Хүнд сум, хатуу нумаар харвана. Тэнд байгаа 400гр-мын сурыг харвахын тулд хатуу нумаар хүнд сум хэрэгтэй. Дээр нь сэтгэл зүйн бэлэн байдал их чухал.
-Урианхай хүмүүс бүгд харвадаг гэж байна. Мэдээж таны удамд харваач байсан байх?
-Тэгэлгүй яахав. Манай өвөөгийн хамгийн ойрхон хамаатан МУ-ын Гоц мэргэн Лонжид гэж хүн байсан. Тэр хүн улсад 3 түрүүлсэн. Хамгийн сүүлд түрүүлснээс нь хойш 27 жилийн дараа би түрүүлсэн. Тэгээд урианхай сурын хоёр дахь мэргэн болж байлаа. Надаас хойш олон мэргэчүүл төрсөн дөө. Буянт сумынхаа ард түмэнд их баярлаж явдаг юм.
-Таныг бас буриад сурын Хошой мэргэн гэж байсан?
-Тиймээ. Би буриад харваанд хоёр удаа түрүүлж байсан. Мөн  халх харваанд түрүүлсэн улсын Хошой мэргэн шүү дээ. Урианхай харваанд гуравдахаа түрүүлж байна даа.
-Ярилцсанд баярлалаа.

Урианхай сурын улсын мэргэн Ж.Мягмар: Багштайгаа тунаж үлдсэн

-Үзүүр түрүүнд үлдэж сайхан наадлаа. Сүүлийн сумыг яагаад алдчихваа?
-Тиймээ. Өнөөдрийн наадам сайхан болж өнгөрлөө. Сүүлийн сумыг тавихдаа жаахан сандарчихлаа.
-Хичнээн жил харваж байна вэ?
-Манай урианхайчууд бүгд л хүүхэд байхаасаа хавчаахай нумаар харваж эхэлдэг. Би тэр жишгээр л хүүхэд байхаасаа харваж сурсан. Улсын баяр наадамд 2006 оноос эхэлж оролцсон доо. Өнгөрсөн жил түрүүлж,  урианхай сурын улсын мэргэн болсон юм. Халх сурын хувьд дэд мастер цолтой байна.
-Харваачид удам дагадаг?
-Тиймээ.  Миний аав урианхай сурын хүндэт мэргэн Жагдаг гэж хүн байгаа. Сая түрүүлсэн Батгэрэл мэргэн бол миний багш л даа. Багштайгаа тунаж үлдээд багш маань түрүүлж дархан мэргэн боллоо.
-Ярилцсанд баярлалаа.

Ш.Бадмаа

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна