Дэндэв тайж хурдтай болсон нь

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 06 -нд

Дэндэв тайжийнх Дэлгэрэх сумын баруун хойд зүүн хойд тал хээр хосолсон нутгийн айл байжээ. Тайж нэгэн хүүгээ аймгийн баруун өмнө Хатан, Сулинхээрийн хязгаар руу эртний нэгэн хамаатан руугаа айлчлуулахаар гүү морь хэд хэдийг хөтлүүлэн явуулж. Хүү их говьд зам зуураа нэгэн өвгөнтэй танилцаж хоноглох болоход өвгөн хэлжээ.
-Манай нутагт хулан гэж сүрхий адуу байдаг. Хүү, гүү морьдоо сайн хамгаалж хонохгүй бол алдаж мэднэ гэж сургахад хүү ч үгэнд нь орж манаж хонох юм болжээ. Гэвч хүү ядарсандаа болоод унтаж орхиж. Шөнө дөлөөр гүүг нь хулангийн азарга хураагаад өглөө алга болсон байв гэнэ. Өвгөн өглөө үүнийг мэдээд,
-Эс хэлэв үү, одоо миний морь муу, чиний морь гүйцэхгүй, гүүгээ авч дөнгөхгүй боллоо. Хулангийн тоосонд орсон амьтан гүйцэгдэх гэж байхгүй, одоо барьж дөнгөхгүй боллоо гэжээ.
Тэр хүү мориороо хамаатандаа очоод буцах замдаа нөгөө өвгөнийдөө буувал тэр:
-Гүү тань хуланд хураагдсан байна билээ. Чамд барих санаа байвал хавар унагалах үед нь сайн морьтой ирвэл  магадгүй гэж  гэнэ. Хүү ч хойтон хавар нь өвгөний хэлснээр ирж хулангийн отоонд суужээ. Өндөр дээрээс дурандаж байвал өөрийн нь гүү хулангийн нялх унага дагуулаад булагт ус уухаар ирж харагджээ. Хүү өвгөний хэлсэн нууц газар отож байгаад уургынхаа мориор гэнэт дайран унагыг нь уургалахад эх нь эргэж, хулангийн азарганууд үргэж одсон байна. Тэгээд унагатай гүүгээ хөтлөөд нутагтаа буцжээ. Сэргэлэн цовоо тэр унага номгорох нь их хэцүү байжээ. Азарга тавьсан хэдий ч сайн номгороогүй тул хурдалж сүйд болсонгүй. Харин тэр азарганы төл гүүнээс хурдан үрээ, байдас гараад Дэлгэрэхийн хойд талаар Тайж адуу гэж хурдан угшил үүссэн нэгэн домгийн хувилбар бийг одоо ч ярьдаг бөгөөд үнэнд тун ойр юм.

Л.Сандуй

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна