Хунз Ганжуурын Хэнз хүрэн

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 06 -нд

Говь мэргэ вангийн нутагт хурдан морь таньдаг хунз Ганжуур гэдэг хүн байжээ. Гэртээ нилээд халамцуу сууж байтал нохой хуцаж морин төвөргөөн сонсогдож гэнэ. Ганжуур »хүүхдүүдээ дуудаж "Сайн морины дөрвөн туурай дуугарч байна, гарч  харцгаа" гэжээ. Олон адуу хөтөлсөн аяны хоёр хүн тэднийд ирэхэд Ганжуур гадаа гарч морьдыг харжээ. Түүний нүдэнд холбоотой хоёр адуу содон тусахад эргэн орж ирээд аянчинтай адууны наймаа хэлэлцэж "Хөт ганц унаганаас гурван сайхан морио өглөө дөө" гэхэд хүүхдүүд нь зэмлэнгүй янзтай "Та гүүний гэдсэнд унага байгааг яаж мэдэв" гэхэд Ганжуур,
"Сав нь сайн юм билээ. Унагалаагүй эрмэг гүү хээл авсан байна. Аз байвал ажнай хүлэг төрөх вий" гэжээ.
Нээрэн хойтон нь хэнз унага гарахад Ганжуур "Хэнз хүрэн" нэр хайрлажээ. Хүрэн үрээ даагандаа урдуураа юу ч  гаргасангүй.  Шүдлэн,  хязаалан, соёолондоо бүүр ч алдаршжээ. Хурдны их нь даага, соёолондоо  байсан ч хошуу нутагтаа олонтаа  түрүүлж айрагдан эзнээ баярлуулж байсан гэдэг.
Хожим хэнз хүрэн хөгшрөөд Баян айргийн нуруунд зогсоогоороо таалал төгссөнийг эзэн нь зөнөөд л уулын энгэрт ганцаар зогсож байна  хэмээн бодож хэсэгтээ мэдээгүй гэдэг. Тэгтэл үнэн хэрэгтээ хамраас нь гоожсон ус хамар хүртэл нь мөсдөж тогтоод, дөрвөн хөл нь хөшин босоогоороо хальсан байсан хэмээдэг билээ.

Л.Сандуй

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна