“Дэлхийд дуурссан монгол бөх” ном хэвлэгдлээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 05 -нд

Өнгөрсөн оны есдүгээр сард Монголын үндэсний спортын түүхэнд нэгэн чухал үйл явдал тохиосон нь дээдлэн хүндэтгэдэг үндэсний бөхөө Гиннесийн номд бүртгүүлэх байв. Ингэхийн тулд 6000 гаруй бөхийг нэгэн дор цуглуулж барилдуулсан нь зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн нийтийн түүхэнд содон үйл явдал байсан юм. Монголоос өөр ямар ч улсад ийм олон бөх нэг дор барилдсан тохиолдол үгүй. Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхистоос нийслэлд цугласан бөхчүүд Гиннесийн номонд өөрсдийнхөө нэрийг мөнхөлсөн. Тэгвэл уг арга хэмжээний хоёр дахь шат нь барилдсан бөхчүүд болон дэмжигчдийг номонд мөнхлөх байсан юм. Дэмжигчид, дэг жаягийн багийнхан гэх мэт хүмүүсийг багтаасан эхний ном өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан. Харин хоёр дахь цуврал болох Гиннест бүртгүүлэх барилдаанд оролцсон 6000 гаруй бөхийг багтаасан “Дэлхийд дуурссан монгол бөх” нэртэй номын нээлт өчигдөр боллоо. Номын нээлтэд МҮБХ-ны удирдлагууд болон бөхийн хорхойтнууд оролцсон. 400 гаруй хуудастай, 150 гаруй зурагтай, 2.5 килограмм жинтэй уг номын анхны худалдан авагч МҮБХ-ны тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Р.Нямдорж өөрөө байлаа. Тэрбээр нээлтэд зориулж, үг хэлэнгүүтээ 30 мянган төгрөгөөр номоо худалдаж авсан юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна