Наадмын чимээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 04 -нд

Бөхийн галын сурвалжлага... Үүнийг хэвлэлийнхэн бид жилийн жилд заавал хийх ажлынхаа нэгд багтаадаг. Наадам хаяанд ирснийг эндээс л мэдэрч, галд нэгдсэн бөхчүүдийн бяр хэрхэн тэгширснээр баяр цэнгэлийнхээ өнгийг шинжих гэж телевиз, сониныхон яардаг нь бараг уламжлал юм. Наадамчид ч тэр мэдээнээс улсын баярын уур амьсгалыг мэдэрч, “Наадам хурдан болоосой” гэсэн сэтгэлийн цэнгэлд хөтлөгддөг.

...”Шинэ аварга С.Мөнхбат ч дээгүүр барилдах нь гарцаагүй. Увсын Ө.Бат-Орших харцага  өнгөтэй харагдсан. Бэлтгэлээ ч яс хийдэг юм байна”. Ч.Санжаадамба заан сайн үзэх байлгүй” гэхчлэн хаа л бол хаа бөхийн тухай яриагаар гэр дүүрч байна. Гэхдээ сонгууль гэдэг том ажил энэ жил бөхчүүдийн бэлтгэл сургуулилтад их, бага хэмжээгээ нөлөөлжээ. “Алдар”, “Сүлд”, “Хүч” гээд томоохон спорт хороод болон зарим нэг олон бөхтэй аймаг эрт галд нэгдсэнийг эс тооцвол ихэнх нь нутаг орноос өгөх зардлаа хүлээх, эсвэл зарим нэг нь нутгийн ах нараа дэмжин, сонгуульдсан байх тул бэлтгэлд гарах ёстой бөхчүүд хэд хоногийн өмнөөс бүрэн бүтнээрээ цуглаж байх шиг байна.

Бидний уулзсан эхний бөхчүүд “Сүлд” спорт хорооныхон байлаа. “Сүлд”-ийнхэн дээр бүтэн сайн өдрийн үдээс өмнө очихоор тооцоолсон нь зөв байж. Тэдний галынхан олимпод оролцох тамирчдаа үдэхээр бэсрэг наадам хийж байв. “Сүлд”-ийн тамирчдаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар /жүдо/, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба /бокс/  бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Ж.Чулуунбат, жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг нар Лондонгийн олимпод “Сүлд”-ээ төлөөлөн өрсөлдөнө. Тиймээс дэлхийд барилдаж, дэлхийн энтэй тулалдах тамирчдаа үдэж мордуулах нь энэ галынхны хувьд зүй ёсны хэрэг биз ээ. “Сүлд” бол  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт харьяалагддаг спорт хороо. Тэр утгаараа тус байгууллагын нийт алба хаагчид олимпод оролцож байгаа дөрвөн тамирчдадаа нэг өдрийн цалингаа хандивлажээ. Хамт олных нь сэтгэл шингэсэн дөчин сая төгрөгийг тамирчдадаа тэнцүү хуваан гардуулав. “Алдар”, “Хүч”, “Сүлд” гээд спорт хороодын хэрэгжүүлж байгаа энэ санааг уг нь зөв юм. Эх орныхоо нэр хүндийг үүрч, олимпод өрсөлдөх гэж байгаа тамирчдаа үдэж мордуулахдаа ингэж шагнах нь нэг талаас урам, нөгөө талаас үүрэг хариуцлага бий шүү гэдгийг ойртуулж байгаа хэлбэр юм.

Олимпийн аваргуудаар чимсэн бэсрэг наадамтай энэ галыг “Сүлд” спорт хорооны дарга, улсын заан Ц.Баярсайхан ерөнхийд нь удирдаж байгаа ажээ. ШШГЕГ-ын Төр хурахын амралт тохитой ч юм. Ус агаар, байгалийн сайхан хосолсон, дээрээс нь тав тухтай ийм орчныг бүх л галын бөхчүүдэд бүрдүүлээд өгчихдөг бол гэж бодогдмоор. Бөхчүүд жилийн дөрвөн улиралд тогтмол заалны барилдаанд зодоглож, байнгын бэлтгэл сургуулилттай байдаг болсон өнөө цагт баяр наадмын өмнөх бэлтгэлийг тэгтлээ хүчээр зодоод байдаггүй болжээ. Гол нь цөөн хоногт амралт, ачааллаа жигд хуваарилах нь наадмын бэлтгэлийн онцлог байдаг гэж бөхчүүд ярих юм билээ.

“Сүлд”-ийн галд  улсын арслан Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр, улсын харцага Л.Пүрэвжав тэргүүтэй 30 гаруй бөхчүүд гарчээ. Улсын арслан Г.Эрхэмбаяр ярихдаа “Манай бөхчүүд зургадугаар сарын 22-нд улсын баяр наадмын бэлтгэлдээ гарлаа. Цаг агаар тогтвортой байх нь наадмын бэлтгэлд их нөлөөтэй байдаг. Энэ жил цаг агаарын хувьд их таатай зун болж байна. Өнгөрсөн жил “Сүлд” спорт хорооны бөхчүүд улсын наадам болоод аймгуудын баяр наадамд өнгөтэй, сайхан наадсан. Тэр амжилтаа энэ жил бататгахын төлөө хичээж байна” гэв. Өнгөрсөн жилийн баяр наадмын өнгө чимэг нь байсан энэ залуу өнөө жил АРСЛАН хэмээх шинэ цолоороо дуудуулан, төрийн наадамдаа зодоглоно. Аварга болж, наадамд түрүүлэхийг үгүй гэх газаргүй. “Арслан цолондоо эзэн болж барилдах том үүрэг хүлээсэн хүн шүү дээ” хэмээн өөрийнхөө зорилгыг даруухнаар тодорхойлсон тэрбээр “Сүлд” спорт хорооны галаас “Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Б.Пүрэвсайхан, Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн заан Б.Сугаржаргал, Төв аймгийн харьяат, хурц арслан Ч.Батчулуун нарыг улсын начин цолонд ойрхон бөхчүүд” гэж үнэлнэ лээ.

Ингээд бид “Сүлд” спорт хорооны дарга, улсын заан Ц.Баярсайхантай уулзаж, бөхчүүдийн бэлтгэл сургуулилтын талаар ийн хөөрөлдлөө.

 -Танай галын бөхчүүд бэлтгэлдээ хэзээ гарав?

-Манай бөхчүүд жаахан хожуу нэгдсэн бэлтгэлдээ гарлаа. Учир нь “Сүлд” спорт хорооны бөхчүүд үндсэндээ бүтэн жилийн бэлтгэлтэй байдаг учраас наадмын өмнөх бэлтгэлийг эрт эхлэх шаардлагагүй юм байна гэж үзсэн. Ер нь бол манай бөхчүүд өнгөрсөн жилийн наадмын дараагаас эхлээд долоо хоног бүр тогтсон хуваарийн дагуу байнгын бэлтгэлд хамрагдаж ирсэн байгаа. Сүүлийн жилүүдийн наадмыг харж байхад “Сүлд”-ийн бөхчүүд наадмын өнгийг тодорхойлдог болсон байна. Тийм учраас бид нарийвчилж гаргасан төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ үргэлжлүүлж байна даа.

-“Сүлд” спорт хороо байгуулагдаад хэдэн жил болж байгаа билээ?

-Таван жил болж байна. 2007 онд байгуулагдаж байсан юм. Анх боксын тамирчид дээрээ суурилан байгуулж байсан бол одоо спортын олон төрлийн тамирчдыг хамруулсан томоохон спорт хороо болж өргөжөөд байгаа. Тэдний нэг гол хэсэг нь яах аргагүй үндэсний бөхчүүд, улсын цолтнууд болдог юм.

-Төр хурахын аманд хэдийнээс бэлтгэлд гардаг болов?

-Өнгөрсөн жил анх удаа гарсан. Энэ сайхан нутаг ус ээлээ өгч, өнгөрсөн жил манай галаас улсын арслан нэг, улсын начин дөрөв төрсөн байгаа. Баянхонгорын Ж.Чулуунбат арслангаа бид тухайн үед начингаас ч дээгүүр цолонд хүрэх байх гэж бодож байсан шүү. Гэхдээ чамлалтгүй. Нодлингийн наадмаар улсын начин цол хүртсэн Ж.Чулуунбат өнөөдөр олимпийн наадамд оролцох гээд бэлтгэлээ базааж байна. Ганц улсын наадам гэлтгүй, аймгуудын наадамд ч манай залуус маш сайн барилддаг. Өнгөрсөн жил гэхэд “Сүлд” спорт хорооны бөхчүүд 21 аймгийн наадмын 11-д нь үзүүр, түрүү булаалдаж, долоон аймгийн наадамд бөхөө түрүүлгэсэн байна. Энэ жил ч бас цолоо ахиулах олон сайхан залуус галд маань байна аа.

-Өмнө нь бол бөхчүүд яг энэ өдрүүдэд л, наадмын өмнөх цугларалтаар гол бэлтгэлээ базаадаг байсан бол одоо цаг өөр болж. Нэг ёсондоо бөхчүүд жилийн дөрвөн улиралд бэлтгэлтэй байж чадаж байна гэж ойлгож байгаа. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Тэгэлгүй яахав. Хэн бүтэн жилийн турш хөдөлмөр хийж байна, хэн бөхдөө цаг хугацаа, сэтгэл гаргаж байна тэр хүн байнгын бяр тэгш, сэтгэл санаа тогтуун байж чадаж байна. Манай ард түмэн чинь бөхөө таньдаг төрөлхийн нүдтэй хүмүүс шүү дээ. Одоо бол хэн энэ жил сайн байсан, хэн энэ жил бэлтгэл их хийснийг барилдаан бүр дээрээс харж мэдээд, наадмын өнгийг дор дороо бодож л суугаа. Түүнээс гадна бөхийн барилдаан олон болдог болсон өнөө цаг үед бөхчүүд аяндаа сэтгэлзүйн хувьд чөлөөтэй, баригдмал биш болж байна. Том, жижиг цолтой бөхийн ялгаа гэж бараг алга байна. Залуу бөхчүүд, аймгийн цолтнууд “Би яаж энэ том цолтой бөхтэй барилдах вэ?” гэж айж бэргэх зүйлгүй болж. Энэ нь үндэсний бөхийн одоо үеийн барилдааны маш том давуу тал юм. Бидний үед бол цаг өөр байсан. Ямар сайндаа Б.Ганбат арсланг аймгийн арслан цолтой байхдаа цагаан сарын барилдаанд үзүүрлэхэд бид чинь эвэртэй туулай харсан юм шиг л гайхаж байлаа шүү дээ. Гэтэл одоо бол ямар ч залуу бөх наадамд дээгүүр барилдахыг үгүйсгэх аргагүй болсон байна. Ч.Санжаадамба цэргийн арслан цолтой байхдаа 2010 оны цагаан сарын барилдаанд түрүүлж байлаа. Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар дараа жилийнх нь сар шинээр бас түрүүлж л байлаа. Үндэсний бөхийг үзүүштэй болгож байгаа ийм сайхан залуу хүчтэнүүд шил шилээ даран төрж байгаа нь наадмын өнгийг яахын аргагүй чимж байгаа зүйл юм.

-Х.Мөнхбаатар арслан дасгалжуулагч болсон сураг байх юм?

-Тийм ээ. Арслан “Сүлд” спорт хорооны үндэсний бөхийн дасгалжуулагч болсон. Өөрөө дэвжээнд барилдаж байгаа хүн хамт байгаа бөхчүүдээ дасгалжуулна гэдэг их том давуу тал юм. Арслангийн дасгалжуулсан бөхчүүдээ энэ жилийн наадамд өнгөтэй барилдана гэдэгт итгэлтэй байна.

“Сүлд”-ийн бөхчүүдийн бэлтгэлтэй танилцаж, бэсрэг наадамд хэсэг саатсаны дараа бид БХЯ-ны харьяа “Найман шарга” амралт, сувиллын газрыг зорилоо. Энд “Алдар” спорт хорооны голдуу бөхчүүдээс гадна Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дундговь аймгийнхан наадмын бэлтгэлдээ гарчээ.

“Алдар” спорт хорооны дарга, даян аварга Г.Өсөхбаярын гэрийг сурагласаар нэг сэтгүүлч маань очив. Аварга гэрийнхээ хаалгаар ч оруулалгүй шахам “Арын гэрт Ганбаатар гэж хүн байгаа. Тэр хүнтэй уулз” гэв. Улсын арслан Б.Ганбаатарыг хэлж байгаа хэрэг л дээ. Б.Ганбаатар арслан энэ хавьд төвхнөсөн галуудыг нэгтгэн удирдаж байгаа ч “Алдар” гэж том хороог удирдаж байгаа аварга хүнээс “Бэлтгэл сайхан байна. Манай галд тэдэн хүн бэлтгэлд гарчээ” гэх хэдхэн үгийг наадамчдад зориулаад хэлчих болов уу гэж “горьдох” нь ямар ч сэтгүүлчийн ажил.

Наадмын сурвалжлагаар цөөнгүй галд очиж, олон бөхчүүдтэй ярилцаж байлаа. Наадам дөхөхөөр бөхчүүд ёсоо дээдэлдэг шиг наадмын гал сурвалжилж байгаа бидэнд ч жаяг байдаг юм. Үнэндээ бол тэдний хэлэх хариулт товын тодорхой байдаг ч “Бэлтгэл сайн уу” гэдгээс эхэлдэг бэлтгээд тавьчихсан хэдэн асуултынхаа хариуг хэвлэлийнхэн наадамчдад л зориулах гэж бөхчүүдэд тавьдаг. Зурагтаар гарч, сонинд мэдээ нь гарахыг бөхийн цээрт оруулдаг болчихсон юм бол үндэсний бөхийг дахиж үзээд ч яах юм билээ. За энэ ч яахав. Сэтгэхүй нь өөрчлөгдөж, одоо хүртэл алга болохгүй байгаа болохоос биш бөхийн галаар тойрч явахад гардаг л асуудлын нэг.

Ингээд бид Өсөхөө аваргын зөвлөснөөр улсын арслан Б.Ганбаатартай уулзаж, галынх нь тухай яриулж, мэдээлэл авлаа. Арслан өгөх ёстой мэдээллээ өгөөд, “Бөхчүүд одоо амарч байгаа учраас бүгдийг нь гаргаж, зураг хөрөг авхуулах боломжгүй л байна даа. Уг нь өглөөний бэлтгэл дээр ирсэн бол таарах байж. Зөвөөр ойлгоорой” гэсэн тайлбар хийв. Арсланд талархав. Энэ нь л ёс горимоо сахиж байгаа, нөгөөтэйгүүр хэвлэлийнхний ажлыг хүндэлж байгаа хэлбэр юм.

Гавьяат дасгалжуулагч, улсын арслан Б.Ганбаатар өөрийн ахалж буй галынхаа талаар ийн ярив.

-БХЯ-ны харьяа “Найман шарга” амралт, сувиллын газарт БХЯ-ны “Алдар” нийгэмлэгийн бөхчүүд, Өвөрхангайн “Их Монголын хүчтэн” дэвжээний зарим бөхчүүд, Архангайн “Бөх билэгт”, Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний бөхчүүд баяр наадмын бэлтгэлээ базааж байна. “Алдар” спорт хороо болон энэ галынхаа бусад бөхчүүдийг даян аварга Г.Өсөхбаяр бид хоёр ерөнхийд нь хариуцаад бэлтгэлээ базааж байна. Бөхчүүд маань өнгөтэй сайхан байна.

-Өвөрхангайн бөхчүүдийн зарим нь Бугын САА-д бэлтгэлд гарсан байсан. Энд байгаа бөхчүүд нь “Алдар”-ынхан гэж ойлгож болох уу?

-Өвөрхангай аймгийн бөхчүүдээс “Алдар” спорт хороонд харьяалагддаг 12 бөх байдаг юм. Тэр бөхчүүд маань бүгд энд гарсан. Түүн дээр улсын начин Б.Сангисүрэн тэргүүтэй аймаг, цэргийн цолтой хэд хэдэн бөх байна. Манай Өвөрхангайн бөхчүүдийн хувьд “Хилчин”-д харьяалагддаг хэсэг бөхчүүд маань Бугын САА-д гарсан байгаа. Мөн Д.Цэрэнтогтох аваргын ахалсан галд улсын заан Б.Сайнбаяр нарын бөхчүүд байна. Тус тусынх нь бэлтгэл өдийд жигдэрч, бөхчүүд маань наадмын өнгөө нэмж байна даа.

-Арслан та олон жил нутгийнхаа бөхчүүдийн бэлтгэлийг удирдлаа. Заал, танхимын барилдаанаас харахад энэ жил танай аймгийн залуучууд нэлээд сайн байгаа санагдсан?

-Сүүлийн хэдэн жил Өвөрхангайн бөхчүүдийнхээ бэлтгэлийг дасгалжуулж, нутгийн бөхчүүддээ тус дэм болох гэж хичээж л явна. Бөхчүүдээ ахалж байх хугацаанд Д.Сумъяабазар маань аварга боллоо. Д.Ганхуяг маань улсын наадамд түрүүлж, арслан боллоо. Ер нь жилийн жилд Өвөрхангайгаас шинэ цолтон төрж байна. Тэр бүхэнд баярлаж явдаг даа. Энэ жилийн нэг онцлог нь барилдаан олонтой жил байлаа. Тэргүүн дэвжээ шалгаруулах “Нутгаа дуурсгана” барилдаанд манай аймгийн бөхчүүд хоёрдугаар байр эзэлсэн. Тэр барилдаанд залуучууд голдуу бөхөө барилдуулсан. Тэгэхээр шинэ залуу хүчтэнүүддээ ихээхэн найдлага тавьж байгаа.

Арслан ийн хөөрөлдөөд, бөхчүүд рүү гээ явж, харин бид Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний бөхчүүдтэй яриагаа үргэлжлүүллээ.

Тэд бол Луу жилийн тэргүүн дэвжээнийхэн. 2006 онд УИХ-ын гишүүн асан Р.Содхүүгийн санаачилгаар байгуулагдаж байсан энэ дэвжээ бөхчүүдийнхээ санаачилга, хүчээр жилээс жилд хүрээгээ тэлж чадаж байгаа хамт олон юм. Сэлэнгийн галд ихэвчлэн нэг үеийн залуус байдаг. Тийм ч болохоороо энэ галынхан илүү эв нэгдэл, зохион байгуулалттай, нэгнийхээ үгийг сонсч, хамтын хүчээр зүтгэж байгаа харагддаг. Улсын цолтнуудаар баян, хүчирхэг, бөхийн унаган удамтай аймгуудыг ялж, энэ жилийн “Тэргүүн дэвжээ”-гээр шалгарсан нь Сэлэнгийн бөхчүүд хэрхэн нэгдэж чадсаны, хичээж байсны үр дүн юм.

Бэлтгэл, сургуулилтын зардлын асуудлаас болоод нэлээд хожуу бэлтгэлд гарсан Сэлэнгийнхэн арав гаруйлаа “Алдар”-ын галд нэгджээ. Уг нь “Таван хан” дэвжээнийхэн сүүлийн хэдэн жил сум сумын залуусаа нэгтгэн, гуч дөчүүлээ цугларалтад гардаг болоод бараг хэвшиж байсан юм. “Таван хан” дэвжээний бөхчүүдийн энэ жилийн амжилтаас харвал хэн нь ч ямар ч цолонд хүрч болохоор жигд сайн барилдаж байгаа. Бөхчүүдийг улсын начин М.Зоригт дасгалжуулан, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй галаа ахлан, удирдаж байгаа ажээ. Наадмын сонин хачин хуучилж, илэн далангүй яриа өрнүүлсэн Сэлэнгийн бөхчүүд,

Өргөн сэлэнгэ минь холын замдаа
Ой дундуур шуугин урсана аа
гэсэн нутгийн дуугаараа сурвалжлагыг маань чимэв.

Монгол хүн бүхэнд омогшил төрүүлдэг бөхийн ертөнц наадмаа хүлээн, дэнсэлж байна. Өглөөний кросс, үдийн бэлтгэл, оройн тоо... Нар салхинд борлосон хөрслөг эрчүүд наадмын өглөөг сэтгэл дотроо өөрсдийнхөө зурж байгаа биз ээ. Монгол наадам хаяанд ирж, Монгол хүний л мэдэрч чадах тэр чимээ сонстож эхэллээ. Тэр өглөө цол нэмэх хүчтэнүүд, энэ наадмаар цахиур хагалах эрчүүд хүч бяр тэгш дүүрэн байна. Наадам сайхан болж, үнэн хүчээр өрсөлдөн цэнгэх болтугай.

Б.БАЯСАХ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна