МУГТ, гарамгай мэргэн А.Цэвээн:”Зодог тайлъя” гэж хэлэх эрх надад байхгүй

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 25 -нд

-Сурын хөгжил таны харваж эхэлж байсан 70-аад оныхтой харьцуулахад хэр ялгаатай санагддаг вэ. Хөгжлийн хувьд арай дээрдэж чадсан болов уу?
-Өнөөгийн харвааны хөгжил 70-аад оныхоос илүү болж чадсан. Хана харвааны хэмжээ харьцангуй багассан ч харваачдын цэц мэрэг улам сайн болж байна. Өмнө нь хасаанд 20 онодог хүн байгаагүй бол одоо хасааг захын хүн л 20 онож байна. Бай жижгэрч, хараа нарийсах тусам цэц мэрэг сайжирч байх шиг. Миний үеийнхтэй харьцуулахад авдаг оноо ч өндөр болжээ. Энэ нь сурын хөгжил шат ахисныг харуулж байна гэж боддог. Харваанд оролцох хүмүүсийн хүрээлэл ч өргөн болж, залуу харваачид олноор нэмэгдсэн. Сайн харваачид олноор төрж байна. Жил бүр шинэ мэргэчүүл, мастерууд гарч байна. Ер нь сур харвадаг  ахмадууд цөөрч, залуу харваачид олноор нэмэгдэж, ялангуяа хүүхдүүд харвах сонирхолтой болчихсон байна. Жаахан шүүмжлэлтэй хандах юм талбайн асуудал л байна даа.
-Яавал сур харвааг илүү их хүмүүс үзэж сонирхдог, илүү олныг хамарсан спорт болгох вэ?
-Талбайг өвөл зунгүй ажиллагаатай байлгаж, харвааг тасралтгүй зохион байгуулах хэрэгтэй гэж боддог. Сурдаа зориулсан өвөл ашиглаж болох байр барьчихмаар санагддаг. Тэгвэл ямар ч улиралд сур харваж болохоос гадна байт харваагаа ч харваж болно. Манай Их сур, буриад сур, урианхай сур гээд гурван харваа гэж байна. Энэ харваануудыг өвөл ч харвах боломжтой. Харамсалтай нь ганцхан зун баяр наадмаар харваад хаячихдаг. Урианхай сурыг өвөл нэлээд эртнээс буюу цагаан сарын шинийн 3-наас эхэлж харвадаг өвлөөс эхлээд жилийн дөрвөн улирал бэлтгэлтэй байдаг болохоор Урианхай залуучуудын арга барил, харваа нь маш сайн байдаг. Наадам, тэмцээнүүдээр түрүү байруудыг нь Урианхай залуучууд авч байна. Энэ нь бэлтгэл сайных.
 -Таныг 84 настай гэхэд итгэмээргүй хөнгөн шингэн хөдөлгөөнтэй. 75 метрийн цаана байгаа хасааг харваж байна гэхээр таны хараа их сайн байна?
-Сурын ач гавьяаг хэлээд баршгүй. Энэ спортын буянаар надад ямар нэг хууч өвчин алга, хааяа л хамрын ханиад хүрнэ. Хөл гар сайн, нүд ч муугүй. Ямар ч байсан     сумаа хаана тусахыг мэддэг юм. Ер нь нас ахисан хүн хөдөлгөөнтэй л байхгүй бол улам доошоо яваад байна шүү дээ. Залуу байхад юу ч мэддэггуй байлаа. Нас яваад ирэхээр их мэдрэгдэх юм. Сур харвана гэдэг байнгын хөдөлгөөн. Өвөл гэртээ жаахан суучихаар бие чилээд, заавал хөдөл юм хиймээр санагдаад байдаг болчихсон байна лээ. Ер нь "Одоо больё доо, зодог тайлъя" гэж хэлэхээр болсон доо. Даанч манай харваачид “та харвалгүй яахав, нүд зүгээр, гар зүгээр байхад харвах хэрэгтэй” гэж хэлдэг. Тэгж хэлэхээр чинь сэтгэл санаа сайхан өөдрөг болоод, хөөрөөд тэгж хэлэх эрхгүй болчихож байгаа юм. Яагаад гэвэл хүмүүс надад тэгж их дэмжлэг үзүүлж байна шүү дээ.
-Энэ олон жил харвачихсан болохоор хаалтын харваагаар сэтгэл тавгүйтдэг байх даа. Хавар нээлтээр харваачидтайгаа уулзах гэж их яарна биз?
-Тэгэлгүй яахав. Зуны дэлгэр цагт явж харваж байсан хүн чинь өвөл болохоор зүгээр сууна гэдэг чинь хэцүү болж байгаа юм. Юм оролдож байвал бие зүгээр. Нэг өдөр юм хийлгүй амарч хэвтэхэд маргааш өглөө нь хөл гар хачин болно. Жаахан юм оролдож босож суугаад явахад маргааш нь зүгээр. Нээлтээр манай сурынхан бүгд л хамгийн түрүүн над дээр ирээд л, амар мэнд асуугаад хацараа өгч үнсүүлдэг юм. Тэр нь сайхан санагдаж, сэтгэл сэргээдэг юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна